Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2022/02089

 

 

 

 

 

       2022       09        22 

     181/ШШ2022/02089

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Ц нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: МД ХК-д холбогдох

 

даатгалын нөхөн төлбөрт 7,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, А.А, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч МД ХХК -нд холбогдуулж даатгалын нөхөн төлбөр авах эрх үүссэн үндэслэлээр тээврийн хэрэгслийн засварт зарцуулсан 7,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... өөрийн Toyota camry маркийн УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021.05.11-ний өдөр МД ХХК -тай Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулан тээврийн хэрэгслийг эрсдлээс хамгаалах зорилгоор даатгуулсан. Ингээд миний бие уг тээврийн хэрэгслээрээ 2021.07.13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас Жаргалтхаан сумруу явах үедээ зайлшгүй шаардлагын улмаас гол гатлах үед машины моторт ус орж ажилгаагүй болсон. Намайг хөдөө явж байх үед маш их бороотой, Хэнтий аймгийн Мөрөнгийн гол үерийн түвшинд хүрэх нөхцөл байдал үүссэн. Мөн Өмнөдэлгэр сумаас Жаргалтхаан сумруу зайлшгүй дунд гармыг гатлан явахаас өөр аргагүй, өөр зам байхгүй байсан тул түүгээр зорчсон. Гэвч усны түвшин хэт ихэссэнээс болж автомашины моторт ус даван орсон. Даатгалын гэрээнд заасны дагуу миний бие энэ талаар 2021.07.15-ны  өдөр МД ХХК -ийн шуурхай албанд бүртгүүлж мэдэгдсэн. Машины моторт ус орсоны улмаас миний бие өөрийн зардлаар хотруу ачуулан авчирч БО ХХК-аар оношлогоо хийлгэхэд моторт ус орж шатун гулзайсан солих шаардлагатай гэсэн тодорхойлолтыг хийж өгсөн. Түүнчлэн “Виннер Веи” ХХК үнэлгээ хийж, засварлах зардал 520,000 төгрөг, мотор солиход 7,000,000 төгрөг, нийт 7.520,000 төгрөг байхаар үнэлсэн бөгөөд миний бие дээрх төлбөрийг өөрөөсөө гаргаж мотороо солиулсан. Энэ нөхцөл байдлаа МД ХХК -нд мэдэгдэж, даатгалаас нөхөн төлбөр гаргуулах хүсэлт гаргасан боловч 2021.07.29-ний өдрийн 01/859 тоот албан бичгээр осол, хохирлын талаарх зураг видео мөн хохирлын шалтгааныг тодорхойлсон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт дутуу гэсэн үндэслэлээр миний хүсэлтийг хангаагүй ...  баримтуудыг бүрдүүлж хүсэлтээ өгсөн боловч 2021.09.20-ны өдрийн 01/1041 тоотоор МД ХХК нь мөн л бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, мөн Засаг даргын тодорхойлолт нь хүчин төгөлдөр бус гэсэн шалтгаанаар нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан ... хариуцагч ойлгохыг хүсэхгүй, ялих ялихгүй шалтгаанаар нөхөн төлбөр өгөхөөс татгалзаж байна. Миний бие даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын хураамжаа төлсөн, мөн даатгалын нөхцөл үүссэн даруйд даатгалын байгууллагад шуурхай мэдээлж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн ... нэгэнт даатгалын  нөхөн төлбөр авах нөхцөл байдал үүссэн тул тээврийн хэрэгслийн засварт зарцуулсан 7,520,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч МД ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч Б.Ц нь 2021.05.11-ны өдөр 000 тоот “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г нэг жилийн хугацаатайгаар манай компанитай байгуулсан. Тус даатгалын гэрээний даатгалын зүйл болох Toyota camry маркийн УБВ бүхий улсын дугаартай тээврийн хэрэгслийн даатгуулагч нь 2021.07.13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас Жаргалтхаан явах замд гол гатлах үед тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэх дуудлагын 2021.07.15-ны өдөр МД ХХК -ийн шуурхай албанд бүртгүүлсэн. Манай байгууллагын зүгээс нөхөн төлбөрийн материалыг шалгаж үзээд даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд даатгалын гэрээний 12.6.1.7.1 дэх хэсэгт заасан “ослын зураглал, фото зураг, видео бичлэг”, 12.6.1.7.2-т заасан “хохирлын шалтгааныг тодорхойлсон бусад мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, акт” шаардлагатай талаар мэдэгдсэн боловч баримтуудыг бүрдүүлж өгөөгүй. Даатгуулагчаас гаргаж өгсөн баримтуудыг хянаж үзэхэд даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй байсан. Тодруулбал:

  1. 2021 оны 8 сарын 9-ний өдрийн Э.Т болон О.А нарын тодорхойлолт нь Даатгалын гэрээний 12.6.1.7.2-т заасан “хохирлын шалтгааныг тодорхойлсон бусад мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, акт ”-д хамаарахгүй,
  2. Хавсаргасан зураг нь хэзээ хаана дарсан нь тодорхойгүй байх бөгөөд даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй,
  3. Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатарын 2021.07.19-ны өдрийн 1/198 тоот албан бичгээр тодорхойлолт гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59-р зүйлийн 59.1-т заасан Сумын засаг даргын бүрэн эрхэд хамаарахгүй бөгөөд өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудлаар, дус мэдэн худал тодорхойлолт гаргаж өгсөн. Энэ шийдвэрээ засаг дарга өөрөө хүчингүй болгосон.

Цаг уур орчны шинжилгээний газрын 2021.08.05-ны өдрийн албан бичигт дурьдсанаар даатгуулагчийн зорчиж байсан газар буюу Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумдын нутгаар 2021.07.11-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэл их хэмжээний бороо орсны улмаас Хэнтий аймгийн Мөрөнгийн гол үерийн түвшинд хүрсэн болохыг тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч тухайн үед гол гатлахдаа гол үертэй, усны түвшин хэт ихэссэн байсныг мэдсээр байж гол гаталсны улмаас даатгалын зүйлд хохирол учирсан. Ийнхүү даатгагч нь Даатгалын тухай хуулийн 8.5.1-т “даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол даатгалын нөхөн төлбөрийг бүрэн бюу түүний зарим хэсгийг олгохоос даатгагч татгалзаж болно”, даатгалын гэрээний 12 зүйлийн 12.7.4-д “Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол” нөхөн төлбөр олгохгүй гэж тус тус заасны дагуу нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос хянаж үзээд 2021.11.19-ний өдрийн 9/4042 тоот албан бичгээр даатгагчийн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн болно. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний үүрэгт 7,520,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, баталгаа, иргэний үнэмлэхний хуулбар, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын 2021.08.05-ны өдрийн №04/580 дугаар албан бичиг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын засаг даргын 2021.07.19-ний өдрийн №1/198 тоот тодорхойлолт, тээврийн хэрэгслийн оношилгооны хуудас, БО ХХК-ийн 2021.07.23-ны өдрийн №436 тоот тодорхойлолт, “Виннер Вей” ХХК-ийн 2021.07.23-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үйлчилгээний тайлангийн хавсралт, МД ХХК -аас 2021.07.29-ний №01/859, 2021.09.20-ны өдрийн №01/1041 тоот албан бичгүүд, тухайн үед хамт байсан гэх гэрчүүдийн тодорхойлолт, хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Санхүүгийн зохицуулах хорооны өргөдлийн хариу, камри центрийн засварын зардлын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны дансны хуулга.

 

4. Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын засаг даргын 20222.05.19-ний өдрийн №1/164 дугаар албан бичиг, хариуцагч байгууллагаас Хэнтий аймгийн Засаг даргад гаргасан гомдол, Монгол улсын Зам тээврийн сайдын 2016.04.12-ны өдрийн №90 дугаар тушаал, хавсралт.

 

5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.Б, Э.Т нарын мэдүүлэг.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч МД ХХК -нд холбогдуулж даатгалын нөхөн төлбөрт 7,520,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч МД ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч  даатгалын тохиолдол үүссэн болохыг нотлоогүй гэсэн тайлбар гаргаж маргажээ.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

4. Зохигчдын хооронд 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, баталгаа” гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Toyotacamry маркийн УБВ улсын дугаартай автомашиныг хөдөлгөөний үеийн осол, байгалийн, хөдөлгөөний бус үеийн осол зэрэг нэрлэсэн эрсдэлүүдээс даатгаж, даатгалын тохиолдол бий болоход учирсан хохирол буюу нөхөн төлбөрийг олгохоор, нэхэмжлэгч нь даатгалын үнэлгээний 1,2 хувиар тооцож хураамж төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

                       

5. Гэрээний агуулга, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хороонд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1. дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүсчээ.

 

6. Талууд гэрээг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан байх ба гэрээ байгуулагдсан үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэн аль нь маргаагүй.

 

7. Харин нэхэмжлэгч “2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас Жаргалтхаан сум руу зорчих явцад зайлшгүй шаардлагын улмаас гол гатлах үед моторт ус орж ажиллагаагүй болсон“ гэсэн үндэслэлээр автомашины мотор солиход гарсан зардлыг нэхэмжилсэн бол хариуцагч “даатгалын тохиолдол бий болсныг нотлох боломжгүй“ гэсэн гэрээний заалтыг үндэслэн нэхэмжлэлийг татгалзжээ. Өөрөөр хэлбэл даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр төлөх тохиолдол үүссэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

8. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг гэж заасан.

 

9. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Б.Ц өөрийн эзэмшлийн Toyotacamry маркийн УБВ улсын дугаартай автомашинаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас Жаргалтхаан сум руу зорчин явах замд үргэлжилсэн борооны голын ус үертэй байсан ба гол гатлах үед түүний автомашины моторт ус орж эвдрэл гэмтэл үүссэн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “Виннер вей” ХХК-ийн гаргасан 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээний тайланд “моторт ус орж шатуун гулзайсан байдалтай байлаа”, тухайн үед хамт явсан Э.Т, О.А нарын “ ... 7.13-д буцах замдаа Өмнөдэлгэрээс Жаргалтхаан луу усан гармаар гатлахад Б.Цийн машины мотор руу ус орж мотор нь ажиллагаагүй болсон ... “ гэх тодорхойлолт, гэрч Э.Тын “ ... Цн машин гуравт нь явж байсан, голоор гарах үед ус цалигуулж моторт ус орсон ... “, гэрч Б.Бийн “ ... дуудлагыг 15-ны өдөр бүртгүүлсэн бөгөөд 13-ны өдөр гол туулж байгаад мотор зогссон гэсэн ... “ гэх мэдүүлэг болон үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

10. Цаг уур, орчны шинжилгээний газар болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын засаг даргын тамгын газрын гаргасан тодорхойлолт, лавлагаа нь тухайн бүс нутагт 3-4 хоног орсон борооны улмаас гол мөрөн үерийн түвшинд хүрсэн, автомашин нэвтрэх гарамын усны түвшин нэмэгдсэн байсныг нотолж байх ба ийнхүү голын ус үерийн түвшинд байсан нь автомашины моторт ус орж хохирол учрах шалтгаан нөхцөл болсон, гэрээнд заасан “байгалийн эрсдэл ... үер”-ийн үеийн эрсдэл үүссэн гэж үзэхээр байна.

Тодруулбал нэхэмжлэгчийн автомашины моторт ус орж хохирол учирсан нь даатгалын гэрээнд заасан үерийн улмаас үүссэн үүссэн байх бөгөөд гэрээний 14.4-т заасан “даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй” тохиолдол үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

11. Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 “Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй”, мөн хуулийн 439.2 “Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдол буюу нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй”, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2-т “Даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан бол уг хугацааг сунгаж болно” гэжээ.

Даатгуулагч Б.Цийн хувьд даатгалын тохиолдол бий болсон талаар даатгагчид 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн болох нь facebook chat-д хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. Даатгуулагчаас даатгалын тохиолдол бий болсон талаар мэдэгдэх үед даатгагч байгууллагаас “ ... гатласан голын харьяа аймаг, сумын засаг даргаас зөвшөөрөгдсөн усан гарам эсэх лавлагаа, албан бичиг авчирна шүү, машинаа хот оруулж ирээд оношилгоонд оруулахдаа манайх руу залгаад дуудаарай очиж үзнэ ... “ гэсэн мэдээлэл бүхий хариу мессеж илгээж байжээ.

Үүний дагуу нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын засаг даргын 2021.07.19-ний өдрийн №1/198 тоот албан бичиг, автомашины орон нутгаас Улаанбаатар хотод тээвэрлэх үеийн гэрэл зургийг нөхөн төлбөрийн материалын хамт гаргасан. Мөн тухайн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод тээвэрлэж ирүүлсэний дараа хариуцагч байгууллагын ажилтан очиж шалгасан ба автомашины моторт ус орсон байдалтай байсныг хариуцагч тал үгүйсгээгүй.

 

12. Хариуцагч тухайн нөхцөлд даатгалын тохиолдол бий болсныг баримтжуулан авах шаардлагатай байсан гэх нөхцөлийг нэхэмжлэгчид тавьж, энэ үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь даатгалын тохиолдол тэр дундаа байгалийн буюу үерийн үеийн даатгалын эрсдлийг тухайн цаг хугацаанд бүрэн бэхжүүлж авах үүргийг даатгуулагчид хүлээлгэх боломжгүй. Харин даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон талаар мэдэгдэх, даатгагчаас шаардсан аливаа мэдээг гаргаж өгөх үүрэгтэй ба энэ үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Нөгөө талаар хариуцагч тал автомашины моторт ус орж, эвдрэл үүссэн бодит нөхцөл байдлыг өөрийн ажилтнаар шалгуулж, энэ үйл баримтын талаар маргаагүй боловч ийнхүү моторт ус орж даатгалын зүйлд эрсдэл учирсан шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагаа хийгээгүй, өөрийн татгалзал, тайлбарыг бүрэн нотолж чадаагүй байна. 

 

13. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүргийг даатгагч хүлээх, гэрээний 7-д “Хөдөлгөөний үеийн осол, хөдөлгөөний бус үеийн осол, байгалийн ... эрсдэлүүдийн улмаас даатгалын зүйл хэсэгчлэн сүйрсэн бол сүйрсэн хэсгийг сэргээн засварлах эсхүл шинэ сэлбэгээр солих зардлуудын аль багаар нь олгохоор тооцсон нөхөн төлбөрийг олгоно” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ц нь даатгалын тохиолдлын улмаас шинэ мотор 7,000,000 төгрөг худалдан авч, засварын зардалд 520,000 төгрөг нийт 7,520,000 төгрөгийн зардал гаргасан болох нь “Виннер вэй” ХХК-ийн 2021.07.23-ны өдрийн үнэлгээний тайлан, төлбөр төлөх тухай зарлагын баримт, моторын үнийг шилжүүлсэн талаар Хаан банк дахь Б.Цийн  тоот, В.Ан  тоот дансны хуулга, Камри центрийн шүүхэд гаргасан тодорхойлолт, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

14. Иймд Иргэний хуулийн 431.1, 439.4 дэх хэсэгт зааснаар даатгагчаас төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээ нь 7,520,000 төгрөг байх тул энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

15. Хэрэгт нотлох баримтаар авагдсан “ЖЭБК” ХХК болон нэхэмжлэгч Б.Ц нарын хооронд 2021.05.11-ний өдөр байгуулагдсан №З дугаар “Зээлийн гэрээ“, №ЗБ дугаар “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашины өмчлөх эрхийг түр хугацаанд зээлдэгчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Тиймээс тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Toyotacamry маркийн УБВ автомашины эзэмшигчээр “ЖЭБК” ХХК бүртгэлтэй байгаа нь нэхэмжлэгчийг автомашины жинхэнэ эзэмшигч биш гэж үзэх, цаашлаад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэл болохгүй.

 

16. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, хуулийн 66.3 “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэжээ.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2021.07.19-ний өдрийн №1/198 тоот албан бичиг нь засаг дарга бүрэн эрхийн хүрээнд гаргасан захирамжилсан шийдвэрт хамаарахгүй ба Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар засаг дарга өөрөө хүчингүй болгох захирамжид хамаарахгүй. Тиймээс шүүх хэргийн оролцогчоос гаргасан тухайн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 44.1-д зааснаар бичмэл нотлох баримтын хүрээнд үнэлэх нь хууль зөрчихгүй юм.         

 

17. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжил төлсөн 135,270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Монгол даатгал” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 135,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.    

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МД ХХК -иас 7,520,000 /долоон сая таван зуун хорин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Цид олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХХК -иас 135,270 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цид олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.ЛХАГВАСҮРЭН