Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/02109

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/02089 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М ХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 7,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б нь Тоёота камри /Toyota camry/ маркийн 00-00 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулахаар 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр М ХК-тай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Тэрээр 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Мөрөнгийн голыг гатлах үед автомашины моторт нь ус орж ажиллагаагүй болсон. Нэхэмжлэгч нь Өмнөдэлгэр сумаас Жаргалтхаан сум руу явах үед голын тус гармыг гаталж явахаас өөр аргагүй, ойр орчимд өөр гарам байгаагүй. Тус голоор зайлшгүй гарах болсон ба тухайн үед маш их бороотой, Мөрөнгийн гол үерийн түвшинд хүрэх нөхцөл байдал үүссэн байсан.

Даатгалын гэрээнд заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр М ХК-ийн шуурхай албанд бүртгүүлж мэдэгдсэн. Автомашиныг өөрийн зардлаар хотруу ачуулан авчирч Б ХХК-аар оношилгоо хийлгэхэд моторт ус орж шатун гулзайсан солих шаардлагатай гэж тодорхойлсон. Т ХХК-аар үнэлгээ хийлгэхэд засварын зардал 520,000 төгрөг, мотор солиход 7,000,000 төгрөг, нийт 7,520,000 төгрөг болохыг үнэлсэн ба моторыг солиулсан. Энэ тухай М ХК-д мэдэгдэж, нөхөн төлбөр авах хүсэлт гаргасан боловч 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/859 тоот албан бичгээр осол, хохирлын талаарх баримтууд дутуу гэж, шаардсан баримтуудыг бүрдүүлэн дахин хүсэлт гаргахад 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөн л бичиг баримтын бүрдүүлэлт дутуу гэж татгалзсан. Нэхэмжлэгч нь даатгалын хураамжаа төлсөн, даатгалын тохиолдол үүссэн даруй даатгалын байгууллагад шуурхай мэдээлсэн. Даатгалын нөхөн төлбөр авах эрх үүссэн тул тээврийн хэрэгслийн засварт зарцуулсан 7,520,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 90С21100001249 тоот авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан. Даатгуулагч нь даатгалын зүйл болох Тоёота камри /Toyota camry/ маркийн 00-00 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт гол гатлах үед тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэх дуудлагыг 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай шуурхай албанд бүртгүүлсэн. М ХК нөхөн төлбөрийн материалыг шалгаад даатгалын гэрээний 12.6.1.7.1-д зааснаар ослын зураглал, фото зураг, видео бичлэг, 12.6.1.7.2-т заасан хохирлын шалтгааныг тодорхойлсон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, акт шаардлагатай талаар даатгуулагчид мэдэгдсэн боловч баримтуудыг бүрдүүлж өгөөгүй. Даатгуулагчаас гаргаж өгсөн баримтуудыг хянаж үзэхэд даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй байсан. Тухайлбал, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Э.Төмөр-Очир, О.Атарбаян нарын тодорхойлолт нь даатгалын гэрээний 12.6.1.7.2-т заасан хохирлын шалтгааныг тодорхойлсон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, актад хамаарахгүй, хавсаргасан зураг нь хэзээ, хаана авсан нь тодорхойгүй буюу даатгалын тохиолдлыг нотлох боломжгүй. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/198 тоот албан бичиг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан бүрэн эрхэд хамаарахгүй худал тодорхойлолт гаргаж өгсөн. Энэ шийдвэрээ засаг дарга өөрөө хүчингүй болгосон.

Цаг уур орчны шинжилгээний газрын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн албан бичигт дурдсанаар даатгуулагчийн зорчиж байсан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумдын нутгаар 2021 оны 07 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд их хэмжээний бороо орсны улмаас Хэнтий аймгийн Мөрөнгийн гол үерийн түвшинд хүрсэн болохыг тодорхойлсон. Нэхэмжлэгч нь гол үертэй, усны түвшин хэт ихэссэнийг мэдсээр байж гол гаталсны улмаас даатгалын зүйлд хохирол учирсан. Даатгагч нь Даатгалын тухай хуулийн 8.5.1, гэрээний 12.7.4-т зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй ба Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 9/4042 тоот албан бичгээр даатгагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч М ХК-аас 7,520,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,270 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М ХК-аас 135,270 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б ид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

4.1. Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд

Даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгалын тохиолдол үүссэнийг даатгуулагч нотлох үүрэгтэй. Гэвч даатгалын тохиолдол болсон гэх үйл баримт нь нотлогдоогүй байхад шүүхээс даатгалын тохиолдол болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Т ХХК-ийн гаргасан 2021 оны үнэлгээний тайланд моторт ус орж шатун гулзайсан байдалтай байлаа гэсэн нь даатгалын тохиолдлыг нотлохгүй, харин хохирлыг тодорхойлох баримт юм. Тухайн үед хамт байсан Э.Төмөр-Очир, О.Атарбаян нар нь нэхэмжлэгчтэй хамаарал бүхий байхад тэдний тодорхойлолт, Э.Төмөр-Очирын гэрчийн мэдүүлгээр даатгалын тохиолдол болсон гэж үзсэн нь учир дутагдалтай, хэт нэг талыг барьж шүүх дүгнэсэн. Мөн гэрэл зураг нь үйл явдал хэзээ, хаана болсныг шууд нотлоогүй. Цаг уур, орчны шинжилгээний газрын тодорхойлолтоор Хэнтий аймгийн Мөрөнгийн гол үерийн түвшинд хүрэх нөхцөл бүрдсэн гэснийг үндэслэн байгалийн эрсдэл үүссэн гэж дүгнэсэн нь буруу. Шүүх нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, зөвхөн нэхэмжлэгчид ашигтай байдлаар дүгнэж, нотлогдоогүй үйл баримтыг нотлогдсон гэж үндэслэлгүйгээр дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

4.2.Шүүхийн шийдвэр талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд нийцээгүй тухайд

Нэхэмжлэгч даатгалын гэрээ байгуулахдаа хөдөлгөөний үеийн осол, байгалийн эрсдэлүүд, жолоо шилжүүлэх эрсдэл, хөдөлгөөний бус үеийн ослыг даатгалын эрсдэл байхаар сонгосон. Гэтэл шүүх даатгалын гэрээний эрсдэл, нөхцөлийг буруугаар тайлбарлан нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн моторт ус орсон нь гол гатлах явцдаа буюу байгалийн эрсдэл болох үерийн улмаас эрсдэл учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгчийг үертэй гол руу орсны улмаас даатгалын зүйлд хохирол учирсан нь нотлогдсон гэж үзсэн нь даатгалын эрсдэлд хамаарахгүй. Нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр, эрсдэлээ хүлээж гол уруу орсон нь гэрээний үерийн эрсдэлд хамаарахгүй. Энэ нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д хамаарах юм.

4.3. Шүүх эрх зүйн үр дагаваргүй нотлох баримтыг үндэслэл болгож шийдвэр гаргасан тухайд

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/198 тоот тодорхойлолтод 2021 оны 07 сарын 13-ны өдөр зорчиж явсан 00-00 УБВ дугаартай тээврийн хэрэгсэл нь зорчин өнгөрөх зам дагуу зөвшөөрөгдсөн дунд гармаар гол гатлахад автомашины моторт ус даван орсон" болохыг дурдсан. Уг албан бичиг нь хуульд нийцээгүй учир засаг дарга 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/164 тоотоор өмнөх 1/198 тоот тодорхойлолтыг хүчингүй болгосон. Шүүх эрхзүйн үйлчлэлгүй баримтыг үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой, дээрх нөхцөлийг үл харгалзан нэхэмжлэгчид давуу байдал үүсгэж байгааг зөвшөөрөхгүй. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хууль, гэрээний нөхцөлийг буруу тайлбарласан нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Даатгалын баталгаанд зааснаар Т ХХК-иар тайлан гаргуулсан. Тайланд моторт ус орж, шатун гулзайснаас тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан гэж дүгнэлт гаргасан, болсон явдал нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Хуульд зааснаар тухайн үед нэхэмжлэгчтэй хамт явж байсан хүмүүс бодит байдлыг гэрчилсэн. Нэхэмжлэгч гэрээний дагуу хариуцагчид бүх байдлыг мэдэгдсэн. Гэтэл хариуцагч тодорхойгүй байдлаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Нэхэмжлэгчийн даатгуулсан ган жолоо багцад байгалийн эрсдэлүүд болох цас, шороон шуурга, аадар бороо, мөндөр, үер, газар хөдлөлт зэрэг орно. Тухайн үед үерийн усны түвшин нэмэгдсэн, тухайн гармаас өөр гарах гарц байхгүй гэдгийг засаг дарга тодорхойлж өгсөн. Гэтэл хүмүүсийг үерийн түвшин арилтал голыг гатлахгүй хүлээж байх хэрэгтэй гэх тайлбар хэлсэн нь үндэслэлгүй. Засаг дарга захирамжаа хүчингүй болгохоос тодорхойлолтыг хүчингүй болгохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Б , хариуцагч М ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 7,520,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4.Талууд даатгалын гэрээний тохиолдол бүрдсэн эсэх, нөхөн төлбөр олгох үндэслэлтэй эсэх талаар маргасан. Анхан шатны шүүх эрх зүйн харилцааг зөв тогтоож, даатгалын тохиолдол бүрдсэнийг үндэслэл бүхий дүгнэсэн ч даатгалын эрсдлийг хуваарилах гэрээний зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу байх тул давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

5.Б нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр М ХК-тай Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, 00-00 УБВ улсын дугаартай Тоёота камри /Toyota camry/ маркийн тээврийн хэрэгслийг Ган жолоо багцад даатгуулжээ. Даатгалын тус багцад 1. хөдөлгөөний үеийн осол, 2. байгалийн эрсдэлүүд, 3. жолоо шилжүүлэх эрсдэл, 4. хөдөлгөөний бус үеийн осол зэрэг эрсдэлүүд багтжээ. Даатгагч нь даатгалын тохиолдол бүрдсэн нөхцөлд хохирлыг нөхөн төлөх, даатгуулагч хураамж төлөх үүргийг харилцан хүлээсэн нь зохигчдын хооронд Иргэний 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна. /хх 5, 67/

6.Нэхэмжлэгч 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Мөрөнгийн голын дунд гармаар тус тээврийн хэрэгслийг жолоодож гол гатлах үед тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт ус орж, тээврийн хэрэгсэлд хохирол учирчээ.

6.1.Даатгалын гэрээний 12.6.1-д заасан үндсэн баримт бичигт хамаарах Т ХХК-ийн үнэлгээний тайлан, Б ХХК-ийн даатгалын оношилгооны баримт, мөн гэрээний 12.6.1.7-д зааснаар нэмэлт баримт бичигт хамаарах гэрэл зураг, хамт зорчиж явсан хүмүүсийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын болон Цаг уур орчны шинжилгээний газрын тодорхойлолтыг тус тус нэхэмжлэгч бүрдүүлэн хариуцагчид гарган өгчээ. /хх 7-13, 15-16, 132/

6.2.Эдгээр баримтууд нь даатгалын зүйл болох 00-00 УБВ улсын дугаартай Тоёота камри /Toyota camry/ маркийн тээврийн хэрэгслээр гол гатлах үед тухайн гол үертэй байсны улмаас даатгалын тохиолдол бүрдсэн үйл явдлыг нотолжээ. Мөн үерийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт ус орж гэмтсэн, хөдөлгүүрийг солих шаардлагатай болон хохирлын хэмжээг тодорхойлсон байна. Нэхэмжлэгчийн сонгосон Ган жолоо багцад ... үер ...-ийг даатгалын тохиолдлын байгалийн эрсдэлд тооцохоор тохиролцсоныг гэрээний 12.1.13, 12.2-т зааснаар даатгалын бүтээгдэхүүн, даатгалаар хамгаалагдах эрсдэлд хамааруулжээ. Даатгалын тохиолдол бүрдсэнийг нотолсон баримтаа нэхэмжлэгч шүүхэд гаргасныг хариуцагч нотлох баримтаар үгүйсгээгүй тул даатгалын тохиолдол бий болсон нь нотлогдоогүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

7.Нэхэмжлэгч гэрээний дагуу даатгалын тохиолдол бүрдсэн даруй хариуцагчид мэдэгдсэн, улмаар нөхөн төлбөр олгохыг хүсч зохих баримтыг бүрдүүлэн өргөдлөө гаргаж Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1, гэрээний 7.1-д заасан үүргээ биелүүлжээ. Нэхэмжлэгч ийнхүү гэрээний үүргээ биелүүлсэн байхад хариуцагч 2021 оны 07, 09 дүгээр саруудад 001/859, 01/1041 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос хоёр удаа татгалзсан нь гэрээ болон хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бүрдсэн, нэхэмжлэгч нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв. /хх 14, 17/

8.Харин шүүх даатгалын тохиолдлоос үүсэх эрсдэлийг талуудад хариуцуулахдаа даатгалын тохиолдол бүрдэхэд нэхэмжлэгчийн зан үйл нөлөөлсөн эсэхийг анхаарч эрсдлийг хуваарилах гэрээний зохицуулалтыг хэрэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзнэ.

8.1.Нэхэмжлэгч 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Мөрөнгийн голыг гатлах үедээ гол үерлэснийг харсан, мэдэж байсан нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Цаг уур орчны шинжилгээний газрын 2021 оны 04/580 тоотод Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумдын нутгаар 2021.07.11-нд 2.0-3.0 мм бороо, 12-нд 0.0-2.0 мм дуу цахилгаантай аадар бороо, 13-нд 0.1-7.0 мм дуу цахилгаантай аадар бороо, 13-аас 14-нд шилжих шөнийн 23-02 цагийн хооронд 4.0 мм дуу цахилгаантай аадар бороо орж 3-4 хоногийн орсон борооны улмаас Хэнтий аймгийн Мөрөнгийн гол үерийн түвшинд хүрэх нөхцөл бүрдсэн гэх, мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2021 оны 1/198 тоотод 2021.07.13-ны өдөр их хэмжээний устай аадар бороо орсны улмаас тус гармын усны түвшин нэмэгдсэн тухай тодорхойлолт, бусад нотлох баримтаар тогтоогдож байна. /хх 1-3, 7-8/

8.2.Нэхэмжлэгч мөрөнгийн гол үерийн түвшинд хүрснийг нэхэмжлэгч ухамсарласан ч даатгалын зүйл болох 00-00 УБВ улсын дугаартай Тоёота камри /Toyota camry/ маркийн тээврийн хэрэгслээр гол гатлахдаа, тус тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтод зааснаар 2493В ангиллын хөдөлгүүртэй, 1825 кг жин бүхий, суудлын төрөлд хамаарах жижиг тээврийн хэрэгслээр гол гаталсны улмаас даатгалын тохиолдол бүрдсэн нь гэнэтийн буюу нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар үүссэн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн зан үйлтэй холбоотой байна. Энэ нөхцөлд даатгалын эрсдлийг хариуцагч дангаар хариуцахгүй бөгөөд даатгалын баталгаа, гэрээнд зааснаар талууд эрсдлийг тэнцүү хариуцах үүрэгтэй. /хх 96/

9.Дээрх үндэслэлээр даатгалын баталгааны 12.2, гэрээний 12.6.12-т зааснаар даатгалын нөхөн төлбөрийн эрсдэлийг 50 хувиар бууруулан хуваарилах зарчмыг тохиролцсоны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3,760,000 төгрөгт холбогдох хэсгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 3,760,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

10.Даатгалын гэрээний 12.6-д даатгалын нөхөн төлбөр олгохтой холбоотой бүрдүүлэх материалыг зааснаар нэхэмжлэгч шаардлагатай байж болох бичгийн баримтуудыг хариуцагчид гарган өгснийг буруутгахгүй. Дурдсан баримтууд нь даатгалын тохиолдол бүрдсэнийг шууд нотлохгүй, ач холбогдолгүй гэж хариуцагч татгалзжээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын болон Цаг уур орчны шинжилгээний газрын тодорхойлолтууд нь зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамаарах үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, хэрэгт хамааралтай нотлох баримт гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

11.Хариуцагчийн шүүх даатгалын гэрээний эрсдэл, нөхцөлүүдийг буруугаар тайлбарлаж нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн моторт ус орсон нь гол гатлах явцдаа буюу байгалийн эрсдэл болох үерийн улмаас эрсдэл учирсан гэж дүгнэсэн гэх гомдол үндэслэлгүй. Гэрээний 12.1.4-т даатгалын эрсдэл гэж даатгалд хамрагдсан зүйлд хохирол учруулж болох гэрээнд заасан орчин нөхцөлийг, харин 12.1.5-д даатгалын тохиолдол гэж даатгалын зүйлд гэрээнд заасан эрсдэлийн улмаас хохирол учрах болзол бүрдэхийг заасан учир хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/02089 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХК-аас 3,760,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,760,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,270 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М ХК-аас 75,110 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Э.ЭНЭБИШ