Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2022/01063

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2021/00299/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... тоотод оршин суух ... овогт Л.Э /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... тоотод оршин суух ... овогт Б.Х /РД:..../-д холбогдох,

 

Нийт 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч Л.Э нь талийгаач Г.Б-тай 2012 оны 4 сарын 16-ны өдөр ... аймгийн ... сумын ... баг, ... хороололд баригдаж буй М.т-ийн барилгын газарт байрлах ... тоот, 18 мкв талбай бүхий автомашины гражийг худалдаж авахаар тохиролцож бичгээр хэлцэл хийсэн байдаг. Тухайн үед гражийн үнэ 4.000.000 төгрөгийг Бт бэлнээр хүлээлгэн өгч, барилга болон гражийг улсын комисс хүлээн аваагүй байсан учраас улсын комисс хүлээн авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан даруйд Л.Эийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр гэрээ байгуулж гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Энэ гэрээг шүүхэд эх хувиар өгсөн. Худалдах, худалдан авах хэлцэл хийх үед гражийн барилга нь баригдсан боловч бүрэн баригдаагүй Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй байсан тул энэ хоёр хүн болзол тавьж гэрээ хийсэн. Талийгаач Б 2011 онд өөрийн өмчлөлд бүртгүүлсэн. Энэ гражийг улсын комисс хүлээн аваад Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэсний дараа өмчлөх эрхийг Э-д шилжүүлэх болзол биелэгдсэн эсэхийг Эд мэдэгдээгүй. Э гадаад улс руу явсан байсан. Хааяа нэг утсаар холбоо барьдаг байсан. Үүрэг хүлээсэн этгээд болох Б нь үүрэг биелсэн эсэх талаар Эд мэдэгдээгүй. Б нь Э-д мэдэгдэлгүй тус гражийг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээд Х.бны барьцаанд тавиад зээл авсан баримт гарч ирсэн. Эдгээр хүмүүсийн хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 44.1-д заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Болзол биелэгдсэн эсэхийг мэдэгдээгүй. Ингээд Б 2019 оны 10 сарын 19-ний өдөр нас барсан талаар сүүлд надад итгэмжлэл өгөхдөө мэдэж би шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Миний бие итгэмжлэлийн дагуу нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ болзол тавьж хийсэн хэлцэл биелэгдээгүй, хэлцэл хийгч нас барсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу түүний хууль ёсны өв залгамжлагч Б.Хг хариуцагчаар татсан. Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нас барсан тул Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар түүний эхнэр Хишгээг хариуцагчаар татсан. Иргэний хуулийн 535.1, 536.1-д зааснаар өвлөгчийн үүргийг өвлөж авсан этгээд хариуцна гэсний дагуу нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 44.1-д заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзээд болзол биелэгдсэн эсэх талаараа худалдагч нь худалдан авагчид мэдэгдээгүй. Улсын бүртгэлээс материал татаж авсны дагуу гражийг бүртгэгдсэнийг мэдсэн үеэс шаардах эрх үүссэн.

... аймгийн ... сумын баригдаж буй М.т-ийн барилгын газарт ... тоот, 18 м.кв талбай бүхий автомашины гражыг худалдах-худалдан авах тухай хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр худалдагчид төлсөн 4 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсний улмаас нэхэмжлэгч нь одоо дээрх гражийг худалдан авах үнэ нэмэгдэж 6 сая төгрөгийн үнэтэй болсноос нэхэмжлэгчид учирсан хохирол 2 сая төгрөг гаргуулах, нийт 6 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний нөхөр талийгаач Г.Б 2019 оны 10 сарын 19-ний өдөр нас барсан. Талийгаач амьд сэрүүндээ Э-тэй гэрээ байгуулсан болохыг сүүлд мэдсэн. Албан ёсны гэр бүл ч гэсэн бид эдийн засгийн хувьд тусдаа санхүүгээ зохицуулдаг байсан. Би гражийг өвлөж аваагүй. Би энэ хүнтэй гэрээ хэлцэл хийж мөнгө төгрөг аваагүй. Миний дансанд орсон мөнгө төгрөг байхгүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байгаа. Хэлцэл хийгдсэн гээд байгаа боловч гарын үсгийг л нотариат баталсан байсан. Ямар хэлцэл хийсэн болохыг мэдэхгүй. Энэ барилга нь бүхэлдээ Х.бны барьцаанд байгаа. Шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар болсон. Л.Э-тэй мөнгө хүлээн авсан тухай баримт үйлдсэн, нотариатаар гарын үсгийн баталгаа гаргуулсан хүн би биш, Л.Э-ийн өмнө болзол тавьж үүрэг хүлээн эрх зүйн харилцаанд орсон этгээд биш, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж хуульчилсан энэ заалтаас үзвэл мөнгө хүлээлцсэн тухай баримтыг талуудын бие биенийхээ өмнө хүлээсэн үүрэг гэж үзвэл хууль зүйн тодорхой үр дагаврыг өөрсдөө л хариуцна, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д гэрээгээр ямар нэгэн үйлдэл хийх, үүргээ гүйцэтгэхийг талууд бие биенээсээ шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болно. Иргэний хуулийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгч мөн боловч өвлөх эрхийн гэрчилгээний дагуу эд хөрөнгө миний өмчлөлд шилжин ирээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э-тэй мөнгө хүлээн авсан тухай баримт үйлдсэн, нотариатаар гарын үсгийн баталгаа гаргуулсан хүн Б.Х биш, Л.Э-ийн өмнө болзол тавьж үүрэг хүлээх эрх зүйн харилцаанд орсон этгээд биш юм. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгч мөн боловч өвлөх эрхийн гэрчилгээний дагуу эд хөрөнгө Б.Х-гийн өмчлөлд шилжин ирээгүй, одоо Х.бны барьцаанд байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Б.Х-д холбогдуулан ... аймгийн ...сумын баригдаж буй М.т-ийн барилгын газарт ... тоот, 18 м.кв талбай бүхий автомашины гражыг худалдах-худалдан авах тухай хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр худалдагчид төлсөн 4 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсний улмаас нэхэмжлэгч нь одоо дээрх гражийг худалдан авах үнэ нэмэгдэж 6 сая төгрөгийн үнэтэй болсноос нэхэмжлэгчид учирсан хохирол 2 сая төгрөг гаргуулах, нийт 6 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г Л.Э-тэй мөнгө хүлээн авсан тухай баримт үйлдсэн, нотариатаар гарын үсгийн баталгаа гаргуулсан хүн Б.Х биш, Л.Э-ийн өмнө болзол тавьж үүрэг хүлээн эрх зүйн харилцаанд орсон этгээд биш юм. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгч мөн боловч өвлөх эрхийн гэрчилгээний дагуу эд хөрөнгө Б.Х-гийн өмчлөлд шилжин ирээгүй, одоо Х.бны барьцаанд байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарладаг болно.

 

Хэрэгт 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Л.Э, Г.Б нарын байгуулсан мөнгө өгсөн баримт авагдсан байгаа бөгөөд тус баримтаар Г.Б-ийн барьж буй .. аймгийн ... сумын М.т-ийн барилгын газарт ... тоот, ... м.кв хэмжээтэй авто машины гражыг 4,000,000 төгрөгөөр бодож худалдан авахаар тохирч, Г.Б-т төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан гэсэн агуулга бүхий хэлцлийг талууд бичгээр хийсэн байна.

Энэхүү гэрээний агуулгаас үзэхэд Л.Э нь Г.Б-аас автомашины гражыг худалдан авахаар тохирч, үнийг бүрэн төлж, тус гражыг улсын комисс хүлээж аваад, улсын бүртгэлийн гэрчилгээ гарахад шилжүүлж өгөхөөр тохиролцсон болох нь дээрх хэлцэл, төлбөр төлсөн баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй боловч Г.Б нь автомашины гражийг Л.Эийн өмчлөлд шилжүүлэн өгөөгүй болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл энэхүү гэрчилгээгээр ... аймгийн ... сумын... баг, ... дүгээр хороолол, ... тоот, автомашины гражын хууль ёсны өмчлөгч нь Г.Б байна.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заажээ.

Гэтэл Л.Э, Г.Б нарын хооронд байгуулагдсан гэх хэлцэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул дээрх хуульд зааснаар Л.Эд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүсээгүй байна.

 

Г.Б нь автомашины гражийг улсын комисс хүлээн авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан даруй гэрээгээр Л.Э-д шууд шилжүүлэхээр хэлцэл хийсэн боловч тухайн үед тус автомашины гражын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан болохыг Г.Б нь мэдэж байсан гэдэг нь хэрэгт авагдсан ... дугаарт бүртгэж, 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон .... тоот гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Мөн хэрэгт авагдсан Х.б-ны 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний хуулбараас үзэхэд маргаан бүхий автомашины граж барьцааны зүйл болсон гэдэг нь тогтоогдож байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.б-ны зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгө хураагдсан, энэ үндэслэлээр өв хүлээн авах боломжгүй гэж маргаж байгаа боловч Монголын Нотариатчдын танхимын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 366 дугаартай албан бичигт ..., .... дугаартай ... аймаг ... сум ... баг ... хороолол ... тоот 18 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Б.Х /.../ өв хүлээн авах хүсэлт гаргасныг Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Д.Гантулга 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гарын үсгийн 255 дугаарт бүртгэж гэрчилсэн байна... гэх лавлагаагаар хариуцагч өв хүлээн авах тухай хүсэлтээ гаргасан нь нотлогдон тогтоогджээ.

 

Г.Б нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нас барсан, түүний хууль ёсны өв залгамжлагч нь эхнэр Б.Х болох нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдон тогтоогдож байна. Хэдий хариуцагч Б.Х хууль ёсны өв залгамжлагч мөн боловч маргаан бүхий автомашины гражийн өмчлөх эрх Г.Б-т байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зааснаар хариуцагч болох Г.Б нас барсан бөгөөд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагч Б.Х-д шилжсэн нь Монголын Нотариатчдын танхимын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 366 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан бүртгэлийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар заасан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан байх тул энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ хэмээн тайлбарлаж байгаа боловч зохигчдын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа арван жил гэж зааснаар тоолох тул хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байна. Дээрх хуульд заасны дагуу хохиролд 2 сая төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилж байгаа бөгөөд энэ нь хэлцлийг анхлан сэдэж хийсний бус харин буруутай үйлдлээр гэм хор учруулсны хариуцлагын асуудал юм. Иймд хохирол гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр ... аймгийн ... сумын баригдаж буй М.т-ийн барилгын газарт ... тоот, 18 м.кв талбай бүхий автомашины гражыг худалдах-худалдан авах тухай хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр худалдагчид төлсөн 4 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсний улмаас нэхэмжлэгч нь одоо дээрх гражийг худалдан авах үнэ нэмэгдэж 6 сая төгрөгийн үнэтэй болсноос нэхэмжлэгчид учирсан хохирол 2 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6-д тус тус заасныг баримтлан хариуцагчБ.Хгээс 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Эд олгож, хохирол 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.950 төгрөгөөс 110.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1.000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.Х-гээс улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС