Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 524

 

Ц.Г, Д.О, Ж.Ө нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогч Б.Бямба, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Д.Энхцэцэг, нарийн бичгийн дарга М.Билгүүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 425 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 786 дугаар магадлалтай, Ц.Г, Д.О, Ж.Ө нарт холбогдох 21040691 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулааны засварчин мэргэжилтэй, хэрэг хариуцах чадвартай, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 124 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3-т зааснаар 250,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Аргалан овогт Ц-ийн Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилж, онц их хэмжээний хохирол учруулах”, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан “Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Д-ын О,

3. Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Ванжилынхан овогт Ж-ын Ө нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилж, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О, Ж.Ө нарт холбогдох хэргийг, мөн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г-д холбогдох хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Ө, Д.О нарыг цагаатгаж, прокуророос шүүгдэгч Ц.Г-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Х.О, Б.Б. Ё.Э нарыг хуурч мэхлэх аргаар залилсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Ц.Г-ыг П.И-г хүурч 20,000,000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 2, 3-т зааснаар шүүгдэгч Ц.Г-ын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заахгүйгээр өөр өөр дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүхийн өмнөх магадлалын заалт биелэгдээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Г- гаргасан гомдолдоо “Хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Харин иргэн П.И-г хуурч 20,000,000 төгрөг залилан авсан гэм буруутайд тооцож, давхар 20,000,000 төгрөг П.И-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр үндэслэлгүй байна. Учир нь “М И” ХХК, П.И нар өөр өөрийн тендерийн ажилд санхүүжилт олох зорилгоор харилцан тохирч, хамтран Капитал банктай 466 дугаартай зээлийн гэрээ байгуулан 120,000,000 төгрөгийн зээл авч, 100,000,000 төгрөгийг П.И, 20,000,000 төгрөгийг “М И” ХХК авч зориулалтын дагуу ОБЕГ-т “малын тэжээл нийлүүлэх” тендерт зарцуулсан. Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль зөрчиж, нийт 69,644,758 төгрөг зувчуулж, завшсан Худалдаа хөгжлийн банк, Капитал банк хоёрын буруугаас “М И” ХХК зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон. 466 дугаартай зээлийн гэрээний төлбөрт “М И” ХХК-иас зээл, зээлийн хүү, алданги 89,178,431 төгрөг гаргуулж, Капитал банкинд олгох, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 912 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 104 дугаартай тогтоол, 466 дугаартай зээлийн гэрээний төлбөрөөс “М И” ХХК нь 64,887,245 төгрөг төлж барагдуулсан. Хамтран зээлдэгч П.И-гийн авсан зээл 100,000,000 төгрөг хүү, алдангийн хамт бүрэн төлөгдсөн эсэх нь хэрэгт баримтаар тогтоогдоогүй байгаа зэрэг хэрэгт онц чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлж, дүгнэлгүй намайг яллаж, давхар П.И-д 20,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иргэн П.И, Х.О, Б.Б нарыг залилсан гэх үйлдэл хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан П.И-гийн “М И” ХХК-д олгосон 2 итгэмжлэл, “М И” ХХК, П.И нар хамтарч Капитал банктай 2008 онд байгуулсан, 466 тоот “Зээлийн болон Барьцааны” гэрээ, 100,000,000 төгрөг П.И- авсан баримт, “Хамтран ажиллах” ХА/08/03 гэрээ, Х.Оюунчимэгээс “М И” ХХК-д олгосон итгэмжлэл, “М И” ХХК, Х.Оюунчимэг нар хамтарч, Капитал банктай байгуулсан 495 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, Б.Бямбаагаас “М И” ХХК-д олгосон итгэмжлэл, хэлцлийн дагуу “Цорлон зэт зэт” ББСБ-ын зээл 28,000,000 төгрөгөөс Б.Бямбаа 2,800,000 төгрөг авсан баримт, нотариатч Д.Оюунбилэгийн мэдүүлэг, Б.Бямбаа, Д.О- нарын 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан баталгааны гэрээ, “Цорлон зэт зэт” ББСБ-ын зээл 28,000,000 төгрөгийг зээлийн батлан даагч Д.О- 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бүрэн хүлээж авсан гарын үсэг бүхий баримт зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар няцаагдана. Капитал банкны зээл 34,915,682 төгрөг бусдад шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны хууль зөрчсөн үйлдлийг шүүх тогтоосон. Мөн 466 дугаартай зээлийн гэрээний төлбөр 30,965,217 төгрөг зувчуулж завшин, “М И” ХХК-иас үндэслэлгүй их хэмжээний зээл, зээлийн хүү, алданги нэхэмжилж шүүхээр шийдвэр гаргуулсан Капитал банкны хууль зөрчсөн үйлдлийг шүүх тогтоосон. 466 дугаартай зээлийн гэрээний төлбөрт “М И” ХХК-иас зээл, зээлийн хүү, алданги 89,178,431 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэрийн дагуу 466 дугаартай зээлийн гэрээний төлбөрөөс 64,887,245 төгрөгийг төлж барагдуулсан. П.И-гоос 20,000,000 төгрөг огт аваагүй. Хамтран зээлдэгч П.И-гийн авсан 100,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүү, алданги бүрэн төлсөн эсэх нь хэрэгт тогтоогдоогүй байгаагаас 466 дугаартай зээлийн гэрээний барьцааг чөлөөлөөгүй байна. Мөн ОБЕГ-ын тендерээс ашиг олох зорилгоор “М И” ХХК-тай хамтарч ажилласан Х.Оюунчимэг, Б.Бямбаа нарын үйлдэл, өөрийн тендерийн ажилд санхүүжилт олохоор “М И” ХХК-тай харилцан тохирч, 466 дугаартай зээлийн гэрээтэй, 120,000,0000 төгрөгийн зээлээс 100,000,000 төгрөг авч өөрийн тендерийн ажилд зарцуулсан П.И-гийн үйлдэл хоорондоо эрс тэс ялгаатай байхад ташаа дүгнэлт хийж, хэргийн оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, нотлох баримтыг тал бүрээс нь нягталж, өөрсдийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт  чиглэл өгч, Х.Оюунчимэг, Б.Бямбаа нарыг залилсан гэх огт үндэслэлгүй гэмт хэрэгт намайг яллах санаа, зорилго агуулж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтуудыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ц.Г-ын өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.2-т зааснаар тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэхэд тал бүрээс нь дүгнэлт хийж, Ц.Г-д холбогдох хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн болно. Анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ Ц.Г нь Х.О-тэй 2008 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тендерт хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Х.О нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Орчлонгийн 46-4-31 тоот 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20-111 тоот 1 өрөө орон сууцыг тус тус банкны барьцаанд тавьж, “М И” ХХК-ийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж, оруулсан хөрөнгийн 10 хувьтай тэнцэх ногдол ашиг авч ажиллахаар харилцан тохиролцсон нь тэдний хүсэл зоригийн дагуу хийгдсэн, иргэд хоорондын гэрээний харилцаа үүссэн байна. Уг гэрээг үндэслэн Х.О-ийн дээрх орон сууцнуудыг Ц.Г нь Капитал банкны барьцаанд тавьж 87,000 ам.долларын зээл авч тендертээ зарцуулсан байх бөгөөд бараа материалын үнийн өсөлт зэрэг бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр тус гэрээ нь тодорхой эрсдэлд орсон иргэний хэрэг маргаан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Ё.Э-ны нэр дээр байдаг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Дамдинсүрэнгийн гудамж , 25 дугаар байрны 28 тоот, 79.25 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Капитал банкинд барьцаалж, улмаар барьцаанаас чөлөөлж өгөлгүй 29,627,517 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэх үйлдлийг хохирогч Ё.Э хүлээн зөвшөөрөхгүй. Бусдад залилуулаагүй болохоо мөрдөн байцаалтын шатанд болон урьд хэлэлцэгдсэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байсан зэрэг нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа болох нь нотлогдож байна. Мөн Ц.Г нь О-тай бүлэглэн Б.Б-д итгэл үнэмшил төрүүлж, түүний гэр бүлийн өмчлөлийн “Говь-44” байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавиулж мөнгийг тендерийн ажилд зарцуулна гэж 2008 оны 09 дүгээр сарын 25-нд өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авсан атлаа уг орон сууцыг “Цорлон зет зет” Барьцаалан зээлдүүлэх газарт 28,000,000 төгрөгийн барьцаанд тавьж орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөлгүй, Д.О- нь өөрийн хувийн “Бөмбөлөг” нэртэй цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулсан ба Б.Бямбаа нь байраа суллаж авахын тулд 32,509,200 төгрөг төлж, онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэх үйлдлийг нотариатч Оюунгэрэл, гэрчүүдийн мэдүүлэг болон дээр дурдсан иргэний хүчин төгөлдөр гэрээнүүд байгааг үндэслэн Х.О, Ё.Э, Б.Б нарыг залилсан гэдэг үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болохыг анхан шатны шүүх тогтоолдоо маш тодорхой зааснаар улсын яллагчийн ялласан факт, баримт няцаагдана. Харин Ц.Г П.И-г залилсан гэдэг үйлдэл нь Х.О, Ё.Э, Б.Б нарынхаас эрс ялгаатай байхад давж заалдах шатны шүүх “Ц.Г-ын үйлдлүүд нь санаа зорилгын хувьд ижил, аргын хувьд төсөөтэй байхад шүүх тэдгээр үйлдлүүдэд эрс өөр дүгнэлт хийсэн нь эргэлзээтэй бөгөөд үндэслэл муутай болжээ” гэж ташаа дүгнэлт хийж байгааг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь П.И “М И” ХХК-ийн Малын тэжээл нийлүүлэх тендерийн гэрээнд оролцоогүй гагцхүү өөрөө БСШУЯ-ны тендерт оролцохын тулд банкнаас 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах хүсэл зорилгоо Ц.Г-од танилцуулж тэд хоорондоо П.И 100,000,000 төгрөг, Ц.Г- 20,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөгийн зээл авч, авсан зээлээ хүү алданги торгуулийн хамт тус тусдаа хариуцахаар тохиролцож, улмаар Капитал банктай барьцааны гэрээ байгуулж Капитал банкнаас 120,000,000 төгрөгийн зээл авч урьдчилан тохиролцсоныхоо дагуу П.И- 100,000,000 төгрөг, “М И” ХХК буюу захирал Ц.Г 20,000,000 төгрөгийг авсан нь тогтоогдсон байхад Ц.Г-ыг П.И-г залилсан гэж ял халдаасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал П.И- нь зээл болон хүү алдангиа бүрэн төлөөгүй, “М И” ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогссон ба Ц.Г Эрүүгийн хэрэгт яллагдагчаар тогтоогдож, ажил төрөл эрхлээгүйгээс авсан зээлээ төлөх боломжгүй болж Капитал банк иргэний шүүхэд хандсанаар шүүх П.И-с биш “М И” ХХК-иас 89,178,431 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор 2012 онд шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр нь хүчин төгөлдөр байна. Энэхүү шийдвэрийн дагуу “М И” ХХК нь зээлээ төлж дуусгаж байхад үүнийг гэмт хэрэгт тооцож ял халдаасныг хууль ёсны ба үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх шалтгаанаас болж П.И-гийн байр удаан хугацаагаар банкны барьцаанаас чөлөөлөгдөж чадалгүй цаг хугацаа алдагдсан нь “М И” ХХК-ийн үйл ажиллагаа зогссоноос гадна Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4, 446 дугаар зүйлийн 446.1.3, 446.1.6, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсгийг ноцтой зөрчиж, Худалдаа хөгжлийн банк 34,915,682 төгрөг, Капитал банк 31,429,076 төгрөг бүгд 69,344,758 төгрөгийг “М И” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн буюу өөр зүйлд шилжүүлж зувчуулсан нь иргэний гурван шатны шүүхийн шийдвэрээр нотлогдоно. Энэ байдлаас болж Малын тэжээл нийлүүлэх тендерийн хөрөнгийн эх үүсвэр алдагдаж банкинд төлөх зээл дутагдсанаас П.И-ийн байр удаан хугацаагаар барьцаанаас чөлөөлөгдөөгүй ба эдгээрээс болж Ц.Г эрүүгийн хэрэгт холбогдож хохирсон юм.

Иргэний шүүх Капитал банкинд төлөх 89,178,431 төгрөгийг “М И” ХХК-иас гаргуулахаар шийдсэн байхад эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Г-оос 20,000,000 төгрөг гаргуулж, “П.И”-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт П.И-г 20,000,000 төгрөгөөр хохироосон ямар ч баримт нотолгоо байхгүй болно. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн байна. Учир нь давж заалдах шатны шүүх урьд нь хэргийг хянаж анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заахгүйгээр эрс өөр өөр дүгнэлт хийж шүүгдэгч Ц.Г-ын холбогдсон зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй талаар дүгнэж, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 177 дугаар магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан заалтыг хангаагүй гэсэн дүгнэлт хийжээ. Тэгвэл анхан шатны шүүх бүрэлдэхүүн бүх оролцогчдын тайлбар мэдүүлгийг сонсож хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог тал бүрээс нь хянаж, өөрсдийнхөө дотоод итгэлээр дүгнэлт хийж уг хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Г-ыг заавал яллах гэсэн далд санаа зорилго байж болохоор ойлголт төрүүлж байгаад харамсаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн заалтад харшилж байна гэж миний хувьд үзэж байна. Анхан шатны шүүхийн 2 удаагийн хууль ёсны ба үндэслэлтэй тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж байгаа нь хэр зэрэг зохимжтойг хяналтын шүүх анхаараасай. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 7 дугаар заалтуудыг хүчингүй болгож Ц.Г-ыг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч Д.Энхцэцэг “Тусгайлан гаргах санал байхгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Г бус “М И” ХХК-ийн захирал Ц.Г гэгч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гомдол гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч биш этгээд хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг шүүх хэлэлцэх шаардлагагүй, харин түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлтэй. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримталж шүүх шийдвэр гаргах ёстой байтал уг заалтыг удирдлага болгоогүй байна. Ц.Г-д холбогдох Х.О, Б.Б, Ё.Э нарыг залилсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгосон гэжээ. “Үйлдэл” нь хууль зүйн факт юм. Гэтэл хууль зүйн фактыг хэрэгсэхгүй болгож байгаагаараа шүүхийн шийдвэр ойлгомжтой байх шаардлагад нийцээгүй. Нөгөө талаас хэрэгсэхгүй болгосон хуулийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2, 3 дахь хэсэг байна. Хэрэглэсэн хуулийн заалт болон шүүгдэгчийг цагаатгаагүй нөхцөл байдлаас нь харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал бий болсон гэсэн шалтгаанаар үйл баримтыг авч үзсэн мэт харагдаж байна. Гэвч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэ талаар ямар ч хууль зүйн дүгнэлт байхгүй. Энэ нь шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт байгаа үг, өгүүлбэрийг унших явцад ингэж ойлгогдож байгааг хэлэх хэрэгтэй. Энэ чанараараа шүүхийн шийдвэр ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцэхгүй байгаагийн бас нэгэн шинж болно. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, шийдвэр гаргах үөд, одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн зүйлчлэлээр ч, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан хуулийн зүйлчлэлээр ч авч үзсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал бий болчихоод байгаа. Энэ ухагдахуунаар авч үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх боломжгүй буюу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохооргүй болсон учраас магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд дурдсан өөрчлөлтүүдийг оруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломж байна. Гэвч шүүгдэгч Ц.Г нь өөрийн гэм буруутай эсэх асуудлаар маргаж байгаа тул энэ нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулахаас өөр хууль зүйн боломжгүй болж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Г, Д.О, Ж.Ө нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ц.Г-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Д.О, Ж.Ө нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт авагдсан үйл баримтад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шүүгдэгч нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Шүүгдэгчээс адил арга, сэдэлт, санаа зорилготой хэрэгжүүлж бусдад хор хохирол учруулсан хэд хэдэн үйл ажиллагааг хооронд нь ялгаж дүгнэсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл, агуулга ойлгомжгүй болжээ.

Тухайлбал, шүүгдэгч Ц.Г нь өөрийн аж ахуйн нэгжийг тендерт оролцож байгаа, санхүүгийн чадавхтай гэж иргэдэд ойлгуулж Х.О, Б.Б, Ё.Э, П.И нартай хамтран ажиллах тухай гэрээ байгуулан, тэдний өмчлөлийн байрыг Капитал, Худалдаа хөгжлийн банк болон барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиулж, санхүүгийн эх үүсвэргүйн улмаас чөлөөлж өгөлгүйгээр 4 удаагийн үйлдлээр бусдад 166,872,717 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд эдгээрийн заримыг эрүүгийн гэмт хэрэг бусдыг иргэний эрх зүйн шинжтэй маргаан гэж зааглан дүгнэхдээ баримталсан шалгуур шинж нь хэргийн бодит байдалд тулгуурлаагүй, зөрүүтэй байна.

Шүүгдэгч Ц.Г нь бусдын байрыг барьцаанд тавиулан зээлж авсан мөнгөн хөрөнгөөр тендерийн ажил гүйцэтгэх явцад учирч болох эрсдэл, түүнийг даван туулах өөрийн нөөц хөрөнгө, санхүүгийн болон техник, технологийн чадавхын талаар мэдэж буй атлаа удаа дараа энэ үйл ажиллагаандаа бусдыг татан оролцуулж  хохироож байгаа байдал, түүний давтамж нь тооцооллын алдаанаас гардаг тохиолдлын шинжтэй бизнесийн эрсдэлтэй дүйх эсэх талаар үндэслэл бүхий тайлбар дүгнэлт хийх шаардлагатай. Хохирогч нар хялбар аргаар ашиг хонжоо олохыг хүссэн, байрыг нь барьцаалсан зээл ямар зорилгод ашиглагдах талаар мэдээлэлтэй байсан байж болох боловч шүүгдэгч Ц.Г-ын эзэмшдэг “М И” ХХК-ийн төлбөр гүйцэтгэх чадвар, өмчлөх хөрөнгө, бизнесийн туршлагын талаар бүрэн мэдээлэл авч чадсан эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэв. 

Дээрх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцэн тодруулж хэргийн нөхцөл байдалд нийцсэн нотлох баримтад тулгуурласан үндэслэл бүхий дүгнэлт хийлгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарчээ.

Иймд давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 786 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН