Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар  181/ШШ2022/01928

 

 

 

 

 

 

 

 

      2022       09        01  

    181/ШШ2022/01928

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ВХ ХХК нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ЧХ ХХК холбогдох

 

14,379,204,222.7 төгрөг гаргуулах, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, Ц.А, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ВХ ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... “ВХ ХХК нь 2008 оноос хойш өнөөг хүртэл барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай, Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг компани. Өнгөрсөн хугацаанд баруун бүсийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, хоногт 1000 тонн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадал бүхий ХЭЦтөслийг хэрэгжүүлэхээр зорьж Монгол улсын Засгийн газрын 2015 оны 335 дугаар тогтоолоор дэмжигдэн, төслийн нийт санхүүжилтийн өөрийн болон Монгол улсын хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдэн үйл ажиллагаа эхлүүлсэн. Бид үндэсний хэмжээний томоохон төсөл хэрэгжүүлэгчийн хувьд банк санхүүгийн үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн явуулдаг ба ЧХ ам долларын 000 тоот данс болон төгрөгийн 00 тоот дансуудыг тус тус эзэмшдэг. “ВХ ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр МУ-ын Хөгжлийн банктай ЗГ-ВХ-З 2018-197 тоот зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээний хүрээнд 28.2 сая ам долларыг жилийн 9,26 хувийн хүүтэйгээр манай хэрэгжүүлж буй төсөлд хэсэгчлэн олгож, зээлийн хүүг улирал тутам төлөх, зээлийн эргэн төлөлтийг зээлийг хүлээн авсан өдрөөс хойш 19 сарын дараа графиклан төлөх үүргийг тус тус хүлээсэн. Уг зээлийн гэрээний хүрээнд манай компанийн ЧХ эзэмшиж буй ам долларын дансанд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10,076,790.9 ам долларын зээлийн урьдчилгаа орж ирсэн ба төслийн үйл ажиллагааны дагуу төслийн тоног төхөөрөмж үйлдвэрлэн нийлүүлэгч БНХАУ-ын В компанид 10,076,790.9 ам долларыг шилжүүлэх гүйлгээг хийсэн. Гэтэл уг гүйлгээг “ЧХ” банк зохих ёсоор гүйцэтгээгүй ба харилцагчийн анхны шаардлагаар төлбөрийг буцаан гүйцэтгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, манай компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Үүний улмаас МУ-ын Хөгжлийн банкинд ашиглаагүй зээлийн хүү төлж, БНХАУ-ын В компанид алдангид төлөх нөхцөл үүсгэж онц их хэмжээний хохирол үүсгээд байна. Түүнчлэн төслийн хамтран ажиллагч ХӨ ХХК-ийн дотоод дахь Хас банкны данс руу 2020 оны 2-р сарын 5-ны өдөр 500,693 ам долларын гүйлгээ болон 40,596,000 төгрөгийн гүйлгээ гүйцэтгэсэн боловч мөн өнөөдрийг хүртэл төлбөрийг зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Үүссэн нөхцөл байдлын талаар ЧХ банктай удаа дараа уулзалт хийж төлбөрөө буцаан шаардсаны дүнд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2,950,000 ам доллар, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 440,000 ам доллар, 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 2,000,000 ам доллар, 2020 оны 2 сарын 11-ний өдөр 400,000 ам доллар, 2020 оны  2-р сарын 14-ний өдөр 50,000 ам доллар, 2020 оны 2 сарын 21-ний өдөр 300,000 ам долларын гүйлгээ буюу нийт 6,140,000 ам долларыг БНХАУ-ын В компани руу шилжүүлсэн байдаг. Ингээд БНХАУ-ын В компанитай байгуулсан гэрээний төлбөрөө зохих ёсоор гүйцэтгээгүй учраас төслийн төлөвлөгөөт үйл ажиллагаа алдагдаж, гэрээнийхээ дагуу алданги төлөх нөхцөл бүрдэж, түүнчлэн Хөгжлийн банкнаас ЧХ банкны дансаар авсан ашиглаж чадахгүй байгаа зээлийн хүүг төлж байна. Түүнчлэн 2020 оны 2 сарын 5-ны өдөр ХӨ ХХК-руу шилжүүлсэн гэрээний 500,693 ам долларын гүйлгээ болон 40,596,000 төгрөгийг төлбөрийг өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүйн улмаас ХӨ ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн хүрээнд алданги хүлээгээд байгаа ...

 

            ... Нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтдээ: ... хариуцагч ЧХ банкны зүгээс “Төлбөр тооцооны үүрэгт тооцуулж актив шилжүүлэх тухай” гэрээг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулж 7,000,000,000 төгрөгийг “ВХ ХХК -нд гэрээнд заасан нөхцөлөөр 2020 оны 10-р сарын 14-ний өдөр шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагад зохих ёсоор өөрчлөлт оруулж, гүйцэтгээгүй төлбөрт нэхэмжилсэн 5,040,239 ам долларын нэхэмжлэлийн дүнг 2,453,704 ам доллараар бууруулж нэхэмжлэлийн нийт дүнг 2,586,625 ам доллар буюу 7,379,204,222 төгрөгөөр бууруулж байна ...

           

... Нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтдээ: ... “ХӨ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ЧХ банкаар дамжуулан гүйцэтгэсэн 500,693 ам доллараас 400,693 ам долларыг зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас гэрээний дагуу ХӨ ХХК-ийн өмнө хүлээсэн 104,144 ам долларын буюу 296,810,400 төгрөг, “ХӨ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн 40,596,000 төгрөгийн гүйлгээ саатсаны улмаас хүлээсэн алданги 6,500,000 төгрөг тус тус гаргуулах, талуудын хооронд байгуулсан 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №ВХ-ЧХБ-2021-01 ГЗ/2021/0219 дугаар гэрээний үүргийг нэн даруй гүйцэтгэхийг даалгах ...

           

... Нэхэмжлэгчээс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтдээ: ... хариуцагчийн зүгээс 13,423,900,000 төгрөгийн төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж ... 2020 оны 2 сарын 5-ны өдрийн “ВХ ХХК -ийн ЧХ банкны дансаар дамжуулан ХӨ ХХК-нд барилга угсралтын гэрээний төлбөр 500,693 ам долларын гүйлгээнээс 400,693 ам долларыг зохих ёсоор гүйцэтгэлгүй саатуулснаас ХӨ ХХК-ийн өмнө хүлээсэн алдангийн төлбөр 104,144 ам доллар буюу 296,810,400 төгрөг, мөн өдөр “ХӨ” ХХК-ийн барилга угсралтын гэрээний төлбөр 40,596,000 төгрөгийг зохих ёсоор гүйцэтгээгүй саатуулснаас ХӨ ХХК-ийн өмнө хүлээсэн алдангийн төлбөр 6,500,000 төгрөг нийт 303,310,400 төгрөгийг гаргуулах, талуудын хооронд байгуулсан 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №ВХ-ЧХБ-2021-01 ГЗ/2021/0219 дугаар гэрээний үүргийг нэн даруй гүйцэтгэхийг даалгах ...

           

... Шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж .... талуудын хооронд байгуулсан 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №ВХ-ЧХБ-2021-01 ГЗ/2021/0219 дугаар гэрээний үүргийг нэн даруй гүйцэтгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагчийн зүгээс уг гэрээнд заасан зөвхөн “ВХ ХХК -нд холбогдох 915,000 ам долларын 800,000 ам долларыг гүйцэтгэсэн гэдгээ илэрхийлсэн. 1,338,458.78 ам долларын төлбөр гүйцэтгэхийг шаардах эрх нь АТ ХХК болон АЗ ХК нарт байгаа тул. Гэрээнээс буюу аккредитив гүйцэтгээгүйгээс үүссэн хохирлыг тусад нь нэхэмжлэх боломжтой тул татгалзаж байна ... гэв.     

             

   2. Хариуцагч “ЧХ банк” ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагад дараах 4 үндэслэлээр тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа маш тодорхойгүй ойлгомжгүй хэлж байна. Нэхэмжлэгч компани 2019 оны 12 сарын 26-ны өдөр ЧХ банкаар дамжуулж Хятад ард улсын компанид 10.076.790 ам долларыг шилжүүлэх төлбөрийн үүрэгтэй байсан ... нэхэмжлэгч компани болон ХӨ компани хоорондоо ашиг сонирхол нэгтэй этгээдүүд байгаа. Өөрөөр хэлбэл хавтас хэргийн 13-р хуудсанд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа гэрээний зүйлээ хавсаргаж байгаа. Нэг талаас ВХ компанийг төлөөлж Д оролцож байгаа. ХӨ ХХК-г төлөөлж Т.М оролцож байгаа юм. Гэтэл Т.М нь өнөөдөр “ВХ ХХК -г  төлөөлж ирж байгаа боловч энэ гэрээг харахад ХӨ ХХК-ийн ерөнхий менежер байгаа юм. Энэ хүн ХӨг төлөөлж явж байдаг. Энэ 2 компани нэг төсөл дээр хамтран ажиллаж байгаа. Барилгын ажил гүйцэтгэх нэг зүйлийн төлөө явж байгаа. ВХ ХХК ХӨ ХХК-руу төлбөр төлөөд шилжүүлж чадаагүй учраас ХӨ ХХК-д учирсан алдангийг нэхэмжилж байгаа. Ингэхдээ шилжүүлэх болсон баримт нь маш ойлгомжгүй байгаа. 2020 оны 02 сарын 05-ны өдөр 2 удаагийн гүйлгээ хийж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь 2019 оны 9 сарын 24-ны өдөр анх удаа Хөгжлийн банкнаас яг энэ ажлыг хийнэ гэж хэлээд 1.400.000 ам.долларын урьдчилгаа авсан. Тэрнээс хойш дараа нь 10 сая долларын урьчилгаа авсан. Ингээд 2019 оны 9 сарын 26-ны өдөр 10.076.790.90 ам.долларыг шилжүүлж чадаагүй юм байна. Тэрнээс хойш нэхэмжлэлийн шаардлага дээр бичсэн байгаа. Бид нар 2020 оны 1 сарын 22-ны өдөр 2.950.000 ам.долларыг төлж чадахгүй болсон учраас бэлнээр, 1 сарын 31-ны 441.000 ам.долларыг бэлнээр, 2020 оны 2 сарын 4-ны өдөр 2 сая ам.долларыг бэлнээр, 2 сарын 11-ны өдөр 400.000 ам.доллар, 2020 оны 2 сарын 15-ны өдөр 50.000 ам.доллар, 2020 оны 02 сарын 21-ны өдөр 300.000 ам.долларыг арга ядаж авсан гэж байгаа. ЧХ банк 10.000.000 ам.долларыг шилжүүлж чадахгүй үйл явдал нь тогтоогдож байхад ямар санаа зорилготойгоор 2 сарын дараа ХӨ гэдэг компани руу 500.000 ам.долларыг зориуд шилжүүлээд байгаа юм. Банкыг алданги хүлээлгэж байгаа юм шиг ХӨ ХХК руу зориуд гүйлгээ шилжүүлсэн юм шиг үйл явдал хийгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл ЧХ банк төлбөрөө төлөх чадваргүй байгааг мэдсээр байж хэзээ нэг өдөр ирээдүйд энэ гүйлгээг хийж чадахгүй учраас учирсан хохирлыг шаардах гэж ийм гүйлгээ хийснийг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгч өнөөдөр нэхэмжилж байгаа 303 сая төгрөгийг шаардлага юу вэ гэхээр ХӨ компанитай байгуулсан гэрээний дагуу алдангийг шилжүүлсэн учраас тэр алдангийн төлбөрийг биднээс шаардаж байгаа. Тэгвэл энэ гэрээний 14-р хуудсын ар талд гэрээний 3.6-д гүйцэтгэгч ХӨ энэхүү гэрээнд заасан хугацаанд төслийн ажлыг хийгээгүй бол гэрээний хугацааг захиалагчтай сунгаж болох бөгөөд сунгасан хугацаанд захиалагч алдангиас чөлөөлөгдөнө гэж заасан. Энэ гэрээний хугацаанд хэрэв барилгын ажлыг гүйцэтгэж дуусаагүй бол гэрээг үргэлжлүүлж байгуулна, ингэхдээ алдангиас чөлөөлөгдөх гэрээний заалт байгаа. Энэ гэрээний хугацаанд алдангиас чөлөөлөгдөх байгаа. Энэ гэрээний хугацаа 2018 оны 4 сарын 01-ны өдрөөс 2019 оны 12 сарын 30-ны өдөр дууссан. Өөрөөр хэлбэл ингэж дуусаад гэрээ нэмэлтээр сунгагдсан эсэх нь мэдэгдэхгүй байгаа. Нэмэлтээр сунгагдсан гэрээ байхгүй байхад ямар гэрээний заалтын дагуу 104.014 ам.долларын алданги төлж шилжүүлж байгаа нь ойлгомжгүй. Гэрээний хугацаа дууссан. Гэрээний дагуу төлбөрийг шилжүүлж төлөх үүрэг байхгүй байхад нэхэмжлэгч сайн дураараа алданги төлсөн байх нь ЧХ хамааралгүй. Манайх хамгийн сүүлд нэхэмжлэгчийн шаардлагыг маш сайн ойлгож 7 тэрбум төгрөгт тооцож 10 тэрбумын активыг шилжүүлж өгсөн. Ирээдүйд 10 тэрбум болох активыг “ВХ ХХК -д өгсөн. Хангалтай хэмжээнд хохирол учруулж төлбөрийг шилжүүлж байгаа. Гэхдээ 7 тэрбумдаа тооцож хассан. Нэхэмжлэгч ингэж хасахдаа ямар ямар төлбөрт зориулж хасаж байгаа талаар гэрээг байгуулсан. 2021 оны 2 сарын 18-ны өдөр 19-р хуудсанд төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ гэж байгаа. 14 тэрбум 370 сая аас 7.370 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэтэл тэрнээс хойш дахин гэрээ байгуулж 2021 оны 2 сарын 18-ны өдөр гэрээ байгуулж энэ хуралдаан болж байхад төлбөрийн үүргийг гүйцэтгэж байсан. Зөвхөн 7 тэрбумаар хязгаарлаагүй, бага багаар төлж байсан. 19-р хуудсанд төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ гэж талууд хоорондоо сууж байгаад төлбөр дээрээ тохиролцсон. Гэрээний 1.2-т заасан байгаа. Банк төлбөр тооцооны доголдлоос хамаарч 2021 оны 2 сарын 18-ны өдрийн байдлаар 8.767.865 ам.долларыг гүйцэтгэсэн бөгөөд үлдэгдэл төлбөр 1.809.618,73 ам.долларын үүрэг, 40.569.000 төгрөгийн үндсэн үүргийг харилцагчид гүйцэтгэхээр байна гээд гарын үсэг зурцгаасан. Энэ гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

... гэрээний 1.3-т ЧХ банкнаас харилцагчийн төлбөрийн үүргийг гүйцэтгэж чадаагүй нөхцөл байдлаас хамаарч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, цагдаагийн газарт үндсэн болон түүнээс учирсан гэм хор, бусад этгээдтэй байгуулсан хэлцлээс үүссэн хүү алдангийг нэхэмжилсэн бөгөөд 1.2-т заасан үлдэгдэл үүрэгт холбогдуулж хүүнд тус бүрийн үнийн дүнгийн хэмжээнд тооцож, 429.297.19 ам.долларын хүү, 3.903.377.69 ам.долларын хүү, алданги 313.609 ам.доллар, 15.385.884 төгрөгийг нэхэмжилсэн гэж байгаа. Энэ шүүх хуралдаанд мэдэгдээгүй ч гэсэн эцсийн тооцоо ийм байна гээд тохиролцсон. 1.4-д гол зүйлээ тохиролцож банк харилцагчид гэрээний 1.2-т үндсэн үүрэг болон үндсэн үүргийн хүү гүйцэтгэх буюу харилцагч өөрийн банкны нэрийн өмнөөс 915.000 активын баталгаа гаргуулах, түүнчлэн нэрлэн заасан хуулийн этгээдийн дансанд шилжүүлэг хийлгүүлж 1.3-т заасан алдангиас татгалзаж төлбөр тооцоог дуусгавар болохтой холбоотой үүссэн харилцааг гэрээний зорилго оршино гэж байгаа. Энэ гэрээг байгуулсанаар 1.3-т заасан 313.609.98 ам.долларын алдангиас нэхэмжлэгч татгалзана гэж тохиролцсон. Гэрээний зүйл нь юу вэ гэхээр 1.4-т заасан байгаа. 2.253.498.78 ам.долларыг 1.338.458.78 ам.долларыг бэлнээр ЧХ банкны дансанд шилжүүлэх, 915.000 ам.долларын аккредитивын баталгааг гаргаж өгөх. За харилцагч энэ гэрээний үүргийг гүйцэтгэснээр өөрөөр хэлбэл алдангиас татгалзаж төлбөр тооцоог дуусгавар болгох гэрээг байгуулсан. Үүнээс хойш төлбөрийг бид нар дансанд шилжүүлсэн. 915.000 ам.долларын баталгааг гаргаж хятадын банкруу шилжүүлж тэрний дагуу бид нар авто тээврийн үндэсний төв дээрээс аваач гээд нэхэмжлэгч машин, техникээ авсан. Одоо бид нар алдангиа нэхэмжилж байгаа гэдэг. Тэгэхээр энэ төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч үүргээ гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч гэрээний дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эсэх нь түүний эрхийн асуудал, шүүх үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү. Бид нар 7 тэрбум төгрөг өгсөн. Тэрнээс хойш 4 сар өнгөрөхөд төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн. Үлдэгдэлийг төлөхийн тулд гэрээ байгуулж татгалзана гээд гэрээг байгуулж байхад нэхэмжлэгч өнөөдөр яагаад ХӨ ХХК-д үйлчлэл нь дууссан гэрээний дагуу төлбөр шилжүүлснийг манайхаас шаардаж байгаа нь ойлгомжгүй байгаа. 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээрээ талууд энэ асуудлаар тохиролцоод, хариуцагч үүргээ гүйцэтгэчихсэн ...

... 915.000 ам.доллараас ихэнх хэсгийг гүйцэтгэсэн. Үлдэгдэл дээр нь Монгол банкнаас шилжүүлэг хийхгүй үлдсэн. Хар жагсаалтад орсоноос болж бизнесийн хохирол учирсан бол нэхэмжлэгч баталгаат аккредитивын үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй учраас ийм хохирол учирсан гээд хохирлыг нэхэмжлэх болохоос биш цааш нь шилжүүлэхтэй холбоотой эрхийг шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй. Хятадын банк манайхаас шаардах эрхтэй. Хятадын банкнаас нөгөө хятад компанид төлбөрийг гаргаад өгсөн байгаа. Шаардаж байгаа нь хууль бус үйл ажиллагаа. Хохирол шаардах эрх байгаа боловч төлбөрийг төлөх үүргийг даалгах эрх нь хятадын банканд очсон байгаа ... иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

3. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “ВХ ХХК болон “ХӨ” ХХК нарын хооронд байгуулагдсан №ХӨ/2018-02 дугаар “Барилгын ажил гүйцэтгэх хамтын ажиллагааны гэрээ”, гэрээний хавсралт 1, 2, 3, Монгол Улсын Хөгжлийн банк болон “ВХ ХХК нарын хооронд байгуулагдсан 2018.11.28-ны өдрийн Дугаар ЗГ-ВХ-3 2018-197 Зээлийн гэрээ, “ВХ ХХК -ийн ЧХ банк дахь дансны хуулга, 2020.10.13-ны өдрийн №ВХ-ЧХБ-202020 дугаар “Төлбөр тооцооны үүрэгт тооцуулж актив шилжүүлэх тухай гэрээ”, гэрээний хавсралт №1, Чингисхаан банкны 2020.08.26-ны өдрийн №ГЗ/760 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, “Чингисхаан” банкны зарлагын баримт, мөнгөн шилжүүлгийн баримт, “ВХ ХХК -ийн 2020.10.13-ны өдрийн №20/15, №20/16 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, албан бичгийн хавсралт №1, “ВХ ХХК -ийн 2021.02.18-ны өдрийн №08/21-67 тоот “Эх үүсвэртэй аккредитив гаргуулах тухай” албан бичиг, “ВХ ХХК болон “Чингисхаан” банк нарын хооронд байгуулагдсан 2020.02.19-ний өдрийн №ILC/21/191001-2 дугаар “Эх үүсвэртэй аккредитивын гэрээ”, 2021.03.26, 2021.04.26-ны өдрийн Импортын аккредитивын баримт хүлээлгэн өгөх хуудас, мемориалын баримт №813390002136, №813390002156, №81159001615, №811590001618, Хөгжлийн банк дахь харилцагчийн дансны хуулга, 2021.02.18-ны өдрийн №ВХ-ЧХБ-2021-01 ГЗ/2021/0219 тоот “Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ”, Импортын аккредитив нээлгэх хүсэлт, Grand mining equipment компаний 2022.04.16-ны өдрийн №220418 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай, №220417 дугаар гэрээний үүрэг хангуулах тухай мэдэгдэл, “АТ” ХХК-ийн 2021.02.18-ны өдрийн №21-20 тоот “Эх үүсвэртэй аккредитив гаргуулах тухай” албан бичиг, 2021.03.26-ны өдрийн Импортын аккредитивын баримт хүлээлгэн өгөх хуудас, 2021.02.19-ний өдрийн Импортын аккредитив нээлгэх хүсэлт, “Чингисхаан” банк болон “АТ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021.02.19-ний өдрийн “Эх үүсвэртэй аккредитивын гэрээ”, “АЗ” ХХК-ийн 2021.02.18-ны өдрийн №04/21-36 тоот “Эх үүсвэртэй аккредитив гаргуулах тухай”, 2021.04.26-ны өдрийн Импортын аккредитивын баримт хүлээлгэн өгөх хуудас, 2020.10.13-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгааг гаргасан.  

 

4. Хариуцагч тал нотлох баримтаар: улсын бүртгэлийн гэрчилгээ, ЧХ ХХК-ийн Депозит бүтээгдэхүүн, үйлчилгээний журам, Үйлчилгээний хураамж, хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл, 2020 оны 11 сарын 03-ны өдрийн харилцагчийн дансны хуулга, 2020 оны 10 сарын 13-ны өдрийн Төлбөр тооцооны үүрэгт тооцуулж актив шилжүүлэх тухай гэрээ, хавсралт, автомашины гэрчилгээний хуулбар, харилцагчийн дансны хуулга, зарлагын баримтууд, ВХ ХХК-ийн хүсэлт, 2021 оны 02 сарын 18-ны өдрийн 08/21-67 тоот албан бичиг, 2020 оны 2 сарын 14-ний өдрийн Эх үүсвэртэй аккредитивын гэрээ, ЧХ банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, мемориалын баримтуудыг гаргасан.

 

5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн 2020 оны 5 сарын 11-ний өдрийн 200901382 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Авто тээврийн үндэсний төвийн автомашины бүртгэлийн лавлагаа, Авлигатай тэмцэх газрын 2022.05.06-ны өдрийн №06/6321 тоот албан бичгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ВХ ХХК нь хариуцагч “ЧХ банк” ХХК-нд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд:

 

  • 2019 оны 12 сарын 26-ны өдөр “ВХ" ХХК-ийн ЧХ банкаар дамжуулан гуйцэтгэсэн БНХАУ-ын “В” компанид тоног төхөөрөмжийн төлбөр болох 10,076,790.9 ам долларын үлдэгдэл 3,936,790.9 ам доллар
  • 2019 оны 12 сарыи 26-ны өдөр ВХ ХХК-ийн ЧХ банкаар дамжуулан гүйцэтгэсэн БНХАУ-ын “В” компанид тоног төхөөрөмжийн төлбөр болох 10,076,790.9 ам долларын гүйлгээг саатуулснаас үүдэн “В” компанийн өмнө хүлээсэн гэрээний алдангийн төлбөрт 250,912.09 ам доллар
  • 2019 оны 12 сарын 26-ны өдөр “В” компанийн ЧХ банкаар дамжуулан гуйцэтгэсэн БНХАУ-ын “В” компанид тоног төхөөрөмжийн төлбөр болох 10,076,790.9 ам.долларын гүйлгээг саатуулснаас үүдэн Монгол Улсын хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний хүрээнд төлсөн хүү болох 302,954.46 ам.доллар
  • 2020 оны 02 сарын 05-ны өдөр “ВХ ХХК -ийн ЧХ банкаар дамжуулан “ХӨ” ХХК-нд барилга угсралтын гэрээний төлбөр 14,746 ам.долларын гүйлгээг (2020 оны 02 сарын 5-ны өдрийн ханшаар төгрөгт хөрвүүлэн 40.596,000 төгрөгөөр гүйцэтгэсэн) одоог болтол гүйцэтгээгүй үлдэх төлбөр 14.746 ам.доллар,
  • 2020 оны 02 сарын 05-ны өдөр ВХ ХХК-ийн ЧХ банкаар дамжуулан “ХӨ” ХХК-нд барилга угсралтын гэрээний төлбөр 14,746 ам.долларын гүйлгээг саатуулснаас “ХӨ” ХХК-ийн өмнө хүлээсэн 3,067.22 ам.доллар
  • 2020 оны 02 сарын 05-ны өдөр "ВХ” ХХК-ийн ЧХ банкаар дамжуулан “ХӨ" ХХК-нд барилга угсралтын гэрээний төлбөр 14,746 ам.долларын гүйлгээг саатуулснаас Монгол Улсын Хөгжлийн банканд төлсөн хүү 778.15 ам.доллар
  • 2020 оны 02 сарын 05-ны өдөр “ВХ’’ ХХК-ийн ЧХ банкаар дамжуулан “ХӨ” ХХК-нд барилга угсралтын гэрээний төлбөр 500,693 ам.доллар гүйцэтгэсэн боловч одоог хүртэл гүйлгээг зохих ёсоор гүйцэтгэлгүй 400,693 ам.доллар
  • 2020 оны 02 сарын 05-ны өдөр ВХ ХХК-ийн ЧХ банкаар дамжуулан "ХӨ” ХХК-нд барилга угсралтын гэрээний төлбөр 500,693 ам.долларын гүйлгээг саатуулснаас ХӨ ХХК-ийн өмнө хүлээсэн 104,144.14 ам.долларын алданги
  • 2020 оны 02 сарын 05-ны өдор “ВХ" ХХК-ийн ЧХ банкаар дамжуулан “ХӨ” ХХК-нд барилга угсралтын гэрээний төлбөр 500,693 ам.долларын гүйлгээг саатуулснаас Монгол Улсын Хөгжлийн банканд төлсөн хүү 26,243.64 ам.доллар,
  • ЧХ банктай байгуулсан харилцах данс эзэмших гэрээний дагуу харилцах данснаас гүйцэтгэсэн гүйлгээг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үлдсэн төлбөр 4,352,230.16 ам.доллар гүйлгээ саатуулснаас бусдад төлсөн хүү, алдангийн төлбөр 688,099.70 ам.доллар нийт 5,040.329.86 ам.долларыг Монгол банкны 2020 оны 8 сарын 30-ны өдрийн хаалтын ханшаар хөрвүүлэн тооцож нийт 14,379,204,222.7 төгрөг гаргуулах тухай
  • Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ”-г зохих ёсоор гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгч ВХ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч “ЧХ банк” ХХК-нд холбогдуулан 2020 оны 2 сарын 5-ны өдрийн “ВХ ХХК -ийн ЧХ банкны дансаар дамжуулан ХӨ ХХК-нд барилга угсралтын гэрээний төлбөр 500,693 ам долларын гүйлгээнээс 400,693 ам долларыг зохих ёсоор гүйцэтгэлгүй саатуулснаас ХӨ ХХК-ийн өмнө хүлээсэн алдангийн төлбөр 104,144 ам доллар буюу 296,810,400 төгрөг, мөн өдөр “ХӨ” ХХК-ийн барилга угсралтын гэрээний төлбөр 40,596,000 төгрөгийг зохих ёсоор гүйцэтгээгүй саатуулснаас ХӨ ХХК-ийн өмнө хүлээсэн алдангийн төлбөр 6,500,000 төгрөг нийт 303,310,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ ... нэхэмжлэгч компани болон “ХӨ” ХХК хоорондоо ашиг сонирхол нэгтэй ... гэрээний дагуу алданги төлөх үүрэг үүсээгүй байхад сайн дураараа алданги төлсөн тохиолдолд манайд хамааралгүй ... хариуцагч төлбөр тооцоог гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ бүрэн гүйцэтгэсэн ... гэсэн агуулгаар тайлбар гаргаж маргажээ.   

 

4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ВХ ХХК болон “ХӨ” ХХК нарын хооронд байгуулагдсан №ХӨ/2018-02 дугаар “Барилгын ажил гүйцэтгэх хамтын ажиллагааны гэрээ”, гэрээний хавсралт 1, 2, 3, Монгол Улсын Хөгжлийн банк болон “ВХ ХХК нарын хооронд байгуулагдсан 2018.11.28-ны өдрийн Дугаар ЗГ-ВХ-3 2018-197 Зээлийн гэрээ, “ВХ ХХК -ийн ЧХ банк дахь дансны хуулга болон талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 Нэхэмжлэгч ВХ ХХК болон “ХӨ” ХХК нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх хамтын ажиллагааны гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгчийн хэрэгжүүлж буй “Ховд эко цемент” цементийн үйлдвэрийн төслийн газар шороо болон барилга угсралтын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулжээ.

 

4.2 Нэхэмжлэгч ВХ ХХК болон Монгол Улсын Хөгжлийн банк нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдаж, нэхэмжлэгч нь 28,225,380 хүртэл ам долларыг жилийн 9,26 хувийн хүүтэй, “Ховд эко цемент” төслийн үйл ажиллагаанд шаардлагатай барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн зориулалтаар зээлж авахаар харилцан тохиролцсон. Энэ гэрээнд “АТ” ХХК хамтран зээлдэгчээр оролцсон байна.   

 

4.3 Монгол Улсын Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу олгогдох зээлийн мөнгөнөөс нэхэмжлэгч нь “ХӨ” ХХК-тай байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх хамтын ажиллагааны гэрээ”-г санхүүжүүлэх, уг гэрээний үүрэгтэй холбоотой төлбөр тооцоог хариуцагч “ЧХ банк” ХХК-аар дамжуулан гүйцэтгэхээр талууд харилцан үүрэг хүлээсэн болох нь тус тус тогтоогдож байна.

 

5. Ийнхүү нэхэмжлэгч ВХ ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн дагуу зээлийн хөрөнгөөс бэлэн бусаар хийх төлбөр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргийг хариуцагч “ЧХ банк” ХХК нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

6. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд оролцсон бэлэн бус хэлбэрээр хийх төлбөр тооцоог банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээр дамжуулан гүйцэтгэнэ”, 2-д “Бэлэн бус мөнгөний төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, аккредитив, чек, вексель, төлбөрийн карт болон төлбөр тооцооны бусад баримтаар гүйцэтгэнэ” гэжээ.

 

7. Төлбөр тооцооны гэрээгээр нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын “Beijing Triumph International Engineering Co., LTD компанид тоног төхөөрөмжийн төлбөр 10,076,790.9 ам долларын төлбөрийг олон улсын аккердатив нөхцөлөөр, 2020 оны 02 дугаар сарын 5-ны өдөр “ХӨ” ХХК-нд барилга угсралтын гэрээний төлбөр 14,746 ам долларын төлбөрийн гүйлгээг тус тус хариуцагч “ЧХ банк” ХХК-аар дамжуулан гүйцэтгүүлэхээр тохиролцсон боловч хариуцагч нь төлбөрийн гүйлгээг зохих ёсоор гүйцэтгээгүй, олон улсын аккредитив нөхцөлөөр гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, саатуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “ВХ ХХК -ийн ЧХ банк дахь дансны хуулга, 2020.10.13-ны өдрийн №ВХ-ЧХБ-202020 дугаар “Төлбөр тооцооны үүрэгт тооцуулж актив шилжүүлэх тухай гэрээ”, ЧХ банкны 2020.08.26-ны өдрийн №ГЗ/760 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичиг, ВХ ХХК-ийн 2020.10.13-ны өдрийн №20/15, №20/16 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, “ВХ ХХК -ийн 2021.02.18-ны өдрийн №08/21-67 тоот “Эх үүсвэртэй аккредитив гаргуулах тухай” албан бичиг, “ВХ ХХК болон “Чингисхаан” банк нарын хооронд байгуулагдсан 2020.02.19-ний өдрийн №ILC/21/191001-2 дугаар “Эх үүсвэртэй аккредитивын гэрээ”, 2021.03.26, 2021.04.26-ны өдрийн Импортын аккредитивын баримт хүлээлгэн өгөх хуудас, мемориалын баримт №813390002136, №813390002156, №81159001615, №811590001618, Хөгжлийн банк дахь харилцагчийн дансны хуулга, 2021.02.18-ны өдрийн №ВХ-ЧХБ-2021-01 ГЗ/2021/0219 тоот “Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ”, Импортын аккредитив нээлгэх хүсэлт, Grand mining equipment компаний 2022.04.16-ны өдрийн №220418 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай, №220417 дугаар гэрээний үүрэг хангуулах тухай мэдэгдэл зэрэг баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.  

 

8. Иргэний хуулийн 449 дүгээр зүйлийн 449.1 “Аккредитив нээсэн банк нь үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлт, өгсөн үүрэг, зааврын дагуу гуравдагч этгээд /төлбөр авагч/-ээс тодорхой бичиг баримт хүлээн авч, хариуд нь түүнд буюу түүний заасан этгээдэд мөнгө шилжүүлэх, төлбөр авагчийн бичсэн шилжих вексельд заасан төлбөрийг төлөх буюу зөвшөөрөх, эсхүл уг гүйлгээг гүйцэтгэхийг өөр банкинд даалгах үүрэг хүлээнэ”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 17 дүгээр зүйлийн 3-д “Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэнэ. Энэ шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс үүсэх анзыг Иргэний хуулийн 180 дугаар зүйлд заасан хэмжээгээр банк төлнө” гэжээ.

 

9. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нь төлбөр тооцооны үүргээ зохих ёсоор гүйцэтгэээгүй, дутуу гүйцэтгэсэнтэй холбогдуулж хариуцагч “ЧХ банк” ХХК-нд холбогдуулж төлбөр тооцооны үүргээ гүйцэтгэхийг шаардах, өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй.     

 

10. Гэхдээ талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №ВХ-ЧХБ-202020 дугаар “Төлбөр тооцооны үүрэгт актив шилжүүлэх тухай гэрээ”-ний 1.1-д “Энэхүү гэрээний зорилго нь банкнаас харилцагчид төлөх төлбөр тооцоонд банкны актив буюу зээлийн багцыг шилжүүлэн үүргийн гүйцэтгэлийг хэсэгчлэн хангах, Вестрн холд ХХК нь тухайн хөрөнгийг шилжүүлэн авч төлбөр тооцооны үүргээ хангуулах, холбогдон үүсэх харилцааг зохицуулна”, 2.1-д “Банк нь харилцагчид төлөх нийт төлбөр гүйцэтгэх үүргээс 7,000,000,000 төгрөгт тооцуулж, энэхүү гэрээний хавсралт №1-т нэрлэн заасан 10,443,249,877.54 төгрөгийн зээлийн багцыг шилжүүлэн үүргийн гүйцэтгэлийг хэсэгчлэн хангана”,

Мөн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №ВХ-ЧХБ-2021-01, ГЗ/2021/0219 дугаар “Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ”-ний 1.1-д “Харилцагч нь өөрийн ЧХ банк ХХК дахь 3401002576 тоот ам долларын данснаас 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10,076,790.90 ам долларын гадаад шилжүүлэг, 2020 оны 02 дугаар сарын 5-ны өдөр 500,693 ам долларын дотоодын банк хоорондын шилжүүлэг, 3401002575 тоот төгрөгийн данснаас 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 40,596,000 төгрөгийн дотоодын банк хоорондын шилжүүлэг нийт 10,577,483.90 ам доллар, 40,596,000 төгрөгийн шилжүүлэг хийлгэх хүсэлт гаргасан”, 1.2-т “Банк төлбөр тооцооны доголдлоос хамаарч 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар гэрээний 1.1-т заасан төлбөр тооцооны үүргээс нийт 8,767,865.17 ам долларыг гүйцэтгэсэн ... ”, 2.1-т “Энэхүү гэрээ байгуулагдсан даруй банк нь гэрээний 1.2-т заасан үлдэгдэл төлбөрийн үндсэн үүрэг болон гэрээний 1.3-т заасан үндсэн үүргийн хүү нийт 2,253,458.78 ам долларын төлбөрийг дараах хэлбэрээр төлнө. Үүнд: 1,338,458.78 ам долларыг харилцагчийн ... тоот дансанд шилжүүлах, 915,000 ам долларын эх үүсвэртэй аккредитив баталгааг харилцагчийн нэр дээр банк гаргах” гэжээ.

 

11. Талуудын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №ВХ-ЧХБ-202020 дугаар “Төлбөр тооцооны үүрэгт актив шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу хариуцагч “ЧХ банк” ХХК-аас нэхэмжлэгч ВХ ХХК-нд 7,000,000,000 төгрөгийн төлбөрт тооцуулж 74 зээлийн шаардах эрхийг шилжүүлсэн,

  2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №ВХ-ЧХБ-2021-01, ГЗ/2021/0219 дугаар “Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ”-ний дагуу талуудын хооронд олон улсын аккредитивын гэрээ байгуулж, гэрээний 2.1-т заасан 2,253,458.78 ам долларын төлбөр тооцооны үүргийг хариуцагч тус тус гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 7,000,000,000 төгрөгийг Хаан банк руу актив шилжүүлэх замаар барагдуулсан ба бид төлбөрийг брокерын үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас төлбөрийг хүлээн авсан ... 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр тооцоо гүйцэтгэх гэрээний дагуу 2,254,000 ам долларын үнэ бүхий техникийг БНХАУ-аас худалдан авч ЧХ банк төлбөрийг 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор барагдуулах үүрэг хүлээн бид 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор техникийг зохих ёсоор хүлээн авсан ... “, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ... төлбөрийг дансанд шилжүүлсэн, 915,000 ам долларын баталгааг гаргаж БНХАУ-ын банк руу шилжүүлж, үүний дагуу нэхэмжлэгч техник хэрэгсэл, машиныг хүлээн авсан ... “ гэх тайлбараар тогтоогдож байна.

 

12. Өөрөөр хэлбэл 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №ВХ-ЧХБ-2021-01, ГЗ/2021/0219 дугаар “Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ”-ээр талууд нэхэмжлэлд дурдсан “ХӨ” ХХК-нд барилга угсралтын гэрээний төлбөр 500,693 ам доллар, 40,596,000 төгрөгийн гүйлгээг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол буюу алдангийн талаар харилцан тооцоо нийлэх байдлаар хариуцагчаас үндсэн үүрэг болон хүүгийн төлбөрт нийт 2,253,458.78 ам долларыг нэхэмжлэгчид   төлснөөр төлбөр тооцооны үүрэг дусгавар болгохоор тохиролцсон, хариуцагч “ЧХ банк” ХХК нь тухайн гэрээгээр хүлээсэн 2,253,458.78 ам долларын төлбөрийн үүргээ биелүүлсэн, энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь “гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

13. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн “ХӨ” ХХК-нд барилга угсралтын гэрээний төлбөр 500,693 ам доллар, 40,596,000 төгрөгийн гүйлгээг зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол буюу алданги төлөх хариуцагчийн үүргийг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болж байна.

 

14. Нөгөө талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан алдангийн төлбөрийг хариуцагчийн гүйцэтгэсэн төлбөр тооцоонд ороогүй, хариуцагч энэ үүргийг гүйцэтгээгүй гэх үндэслэл, тайлбараа баримтаар нотолж чадаагүйгээс гадна 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн “ХӨ” ХХК-нд барилга угсралтын гэрээний төлбөр 500,693 ам долларын болон 40,596,000 төгрөгийн гүйлгээг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс “ХӨ” ХХК-ийн өмнө нийт 303,310,400 төгрөгийн алданги төлөх үүрэг үүссэн, нэхэмжлэгчид энэ хохирол бодитойгоор учирсан болох нь баримт нотлогдож, тогтоогдсонгүй.

 

15. Тухайлбал  нэхэмжлэгчийн “ХӨ” ХХК-тай байгуулсан гэрээний 4.2.9-д “Төлбөрийг 4.2.8-д заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувийн алданги хүлээнэ. Гэрээний 4.1.8-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд гэрээг алданги төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасан боловч нэхэмжлэгч гэрээний заалтын дагуу алданги төлсөн эсэх, төлсөн тохиолдолд хэзээ, ямар хэмжээний алдангийн төлбөрийг төлсөн эсэх талаар баримт нотлох баримтаар авагдаагүй.

 

16. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 "анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгоно, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно” гэжээ. Нэхэмжлэгч нь алданги төлснийг нотлох санхүүгийн анхан шатны баримт, бүртгэлийг баримтаар гаргаагүй бөгөөд хавтаст хэргийн 94 дүгээр талд /2хавтас/ авагдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт нь дангаараа нэхэмжлэгчид хохирол учирсан үйл баримтыг нотолж чадахгүй байна.     

 

17. Иймд шүүх нэхэмжлэгч ВХ ХХК-ийн гаргасан хариуцагч ЧХ ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчид хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан ба нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид анх төлсөн 72,053,971 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЧХ банк” ХХК-нд холбогдох, нэхэмжлэгч ВХ ХХК -ийн гаргасан алданги 303,310,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ВХ ХХК нь хариуцагч “ЧХ банк” ХХК-нд холбогдуулан гаргасан 2019 оны 12 сарын 26-ны өдөр “ВХ" ХХК-ийн ЧХ банкаар дамжуулан гуйцэтгэсэн БНХАУ-ын “В” компанид тоног төхөөрөмжийн төлбөр болох 10,076,790.9 ам долларын үлдэгдэл 3,936,790.9 ам доллар, 2019 оны 12 сарыи 26-ны өдөр “ВХ ХХК -ийн ЧХ банкаар дамжуулан гүйцэтгэсэн БМХАУ-ын “В” компанид тоног төхөөрөмжийн төлбөр болох 10,076,790.9 ам долларын гүйлгээг саатуулснаас үүдэн “В” компанийн өмнө хүлээсэн гэрээний алдангийн төлбөрт 250,912.09 ам доллар, 2019 оны 12 сарын 26-ны өдөр “В” компанийн ЧХ банкаар дамжуулан гуйцэтгэсэн БНХАУ-ын “В” компанид тоног төхөөрөмжийн төлбөр болох 10,076,790.9 ам.долларын гүйлгээг саатуулснаас үүдэн Монгол Улсын хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээнии хүрээнд төлсөн хүү болох 302,954.46 ам.доллар, 2020 оны 02 сарын 05-ны өдөр “ВХ ХХК -ийн ЧХ банкаар дамжуулан “ХӨ” ХХК-нд барилга угсралтын гэрээний төлбөр 14,746 ам.долларын гүйлгээг (2020 оны 02 сарын 5-ны өдрийн ханшаар төгрөгт хөрвүүлэн 40.596,000 төгрөгөөр гүйцэтгэсэн) одоог болтол гүйцэтгээгүй үлдэх төлбөр 14.746 ам.доллар, 2020 оны 02 сарын 05-ны өдөр "ВХ ХХК -ийн ЧХ банкаар дамжуулан “ХӨ" ХХК-нд барилга угсралтын гэрээний төлбөр 14,746 ам.долларын гүйлгээг саатуулснаас Монгол Улсын Хөгжлийн банканд төлсөн хүү 778.15 ам.доллар, 2020 оны 02 сарын 05-ны өдөр “ВХ’’ ХХК-ийн ЧХ банкаар дамжуулан “ХӨ” ХХК-нд барилга угсралтын гэрээний төлбөр 500,693 ам.доллар гүйцэтгэсэн боловч одоог хүртэл гүйлгээг зохих ёсоор гүйцэтгэлгүй 400,693 ам.доллар, 2020 оны 02 сарын 05-ны өдор “ВХ" ХХК-ийн ЧХ банкаар дамжуулан “ХӨ” ХХК-нд барилга угсралтын гэрээний төлбөр 500,693 ам.долларын гүйлгээг саатуулснаас Монгол Улсын Хөгжлийн банканд төлсөн хүү 26,243.64 ам.доллар, ЧХ банктай байгуулсан харилцах данс эзэмших гэрээний дагуу харилцах данснаас гүйцэтгэсэн гүйлгээг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үлдсэн төлбөр 4,352,230.16 ам.доллар гүйлгээ саатуулснаас бусдад төлсөн хүү, алдангийн төлбөр 688,099.70 ам.доллар тус тус гаргуулах тухай, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ”-г зохих ёсоор гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталсугай.

         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ВХ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,053,971 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЛХАГВАСҮРЭН