Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00003

 

2022.12.21

 

В ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2022/01928 дугаар шийдвэртэй, В ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Х.Б ХХК-д холбогдох, 303,310,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Монгол Улсын Хөгжлийн банктай байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний хүрээнд В ХХК-ийн Ч.Х.Б ХХК дахь ам.долларын дансанд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10,076,790.9 ам.долларын зээлийн урьдчилгаа орж ирсэн.

1.1. Тоног төхөөрөмж нийлүүлэгч БНХАУ-ын Бээжин триумф интернэшнл инжинеринг (Beijing Triumph International Engineering Co.Ltd) компанид 10,076,790.9 ам.долларын шилжүүлэх гүйлгээг хийсэн. Гэтэл уг гүйлгээг Ч.Х.Б ХХК зохих ёсоор гүйцэтгээгүй, 2020 оны 01-02 дугаар саруудад нийт 6,140,000 ам.долларыг шилжүүлж, үлдэгдэл 3,936,790.9 ам.долларыг шилжүүлээгүй.

Дээрх гүйлгээг саатуулснаас үүдэн Бээжин триумф интернэшнл инжинеринг компанийн өмнө алданги 250,912.09 ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банкинд зээлийн хүү 302,954.46 ам.доллар төлөх нөхцөл байдал үүссэн.

1.2.Түүнчлэн Ховдын өргөө ХХК-ийн Хас банк ХХК-ийн данс руу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 500,693 ам.долларын болон 40,596,000 төгрөгийн гүйлгээ гүйцэтгэсэн боловч мөн өнөөдрийг хүртэл төлбөрийг зохих ёсоор гүйцэтгээгүй. Уг төлбөрийг гүйцэтгээгүйн улмаас Ховдын өргөө ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн хүрээнд алданги хүлээгээд байгаа.

1.3.Төлбөр тооцооны үүрэгт тооцуулж актив шилжүүлэх тухай гэрээг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулж, Ч.Х.Б ХХК нь 7,000,000,000 төгрөгийг В ХХК-д гэрээнд заасан нөхцөлөөр 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулж, гүйцэтгээгүй төлбөрт нэхэмжилсэн 5,040,239 ам долларын дүнг 2,453,704 ам доллараар бууруулж, 2,586,625 ам доллар буюу 7,379,204,222 төгрөг болгож байна.

1.4.Ховдын өргөө ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Ч.Х.Б ХХК-аар дамжуулан гүйцэтгэсэн 500,693 ам.доллараас 400,693 ам.долларыг зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас гэрээний дагуу Ховдын өргөө ХХК-ийн өмнө хүлээсэн алданги 104,144 ам.доллар буюу 296,810,400 төгрөг, Ховдын өргөө ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн 40,596,000 төгрөгийн гүйлгээ саатсаны улмаас хүлээсэн алданги 6,500,000 төгрөг тус тус гаргуулах, талуудын хооронд байгуулсан 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №ВХ-ЧХБ-2021-01 ГЗ/2021/0219 дугаар гэрээний үүргийг нэн даруй гүйцэтгэхийг даалгахаар шаардлагаа өөрчилж байна.

1.5.Хариуцагчийн зүгээс 13,423,900,000 төгрөгийн төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, Ховдын өргөө ХХК-д барилга угсралтын гэрээний төлбөр 500,693 ам.долларын гүйлгээнээс 400,693 ам.доллар болон 40,596,000 төгрөгийг зохих ёсоор гүйцэтгэлгүй саатуулснаас Ховдын өргөө ХХК-ийн өмнө хүлээсэн алданги 104,144 ам.доллар буюу 296,810,400 төгрөг, мөн компанитай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн 40,596,000 төгрөгийн гүйлгээ саатсны улмаас хүлээсэн алданги 6,500,000 төгрөг, нийт 303,310,400 төгрөгийг гаргуулах, талуудын хооронд байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ВХ-ЧХБ-2021-01 ГЗ/2021/0219 дугаар гэрээний үүргийг нэн даруй гүйцэтгэхийг даалгаж өгнө үү.

1.6.Талуудын хооронд байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ВХ-ЧХБ-2021-01 ГЗ/2021/0219 дугаар гэрээний үүргийг нэн даруй гүйцэтгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагчийн зүгээс уг гэрээнд заасан В ХХК-д холбогдох 915,000 ам.долларын 800,000 ам.долларыг гүйцэтгэсэн гэдгээ илэрхийлсэн. Харин 1,338,458.78 ам.долларын төлбөр гүйцэтгэхийг шаардах эрх нь Алтай трест ХХК болон Алтайн зам ХХК нарт байгаа, аккредитив гүйцэтгээгүйгээс үүссэн хохирлыг тусад нь нэхэмжлэх боломжтой тул татгалзаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгч компани болон Ховдын өргөө компани хоорондоо ашиг сонирхол нэгтэй этгээдүүд байгаа. В ХХК-тай Ховдын өргөө ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан Т.Мөнгөнцацрал өнөөдөр В ХХК-ийг төлөөлж байна.

2.2.В ХХК-аас 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ховдын өргөө ХХК руу төлбөр шилжүүлэх 2 удаагийн гүйлгээ байгаа. Бид 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2,950,000 ам.долларыг төлж чадахгүй болсон учраас арга ядаж бэлнээр авсан гэж байгаа. Ч.Х.Б ХХК шилжүүлэг хийж чадахгүй үйл явдал тогтоогдож байхад ямар санаа зорилгоор 2 сарын дараа Ховдын өргөө гэх компани руу 500,000 ам.долларыг зориуд шилжүүлээд байгаа юм. Банкинд алданги хүлээлгэхээр Ховдын өргөө ХХК руу зориуд гүйлгээ шилжүүлсэн юм шиг зүйл хийгээд байна. Өөрөөр хэлбэл, Ч.Х.Б ХХК төлбөрөө төлөх чадваргүй байгааг мэдсээр байж хэзээ нэг өдөр ирээдүйд энэ гүйлгээг хийж чадахгүй учраас учирсан хохирлыг шаардах гэж ийм гүйлгээ хийснийг үгүйсгэхгүй.

2.3.Ховдын өргөө ХХК-тай байгуулсан гэрээний 3.6-д гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд төслийн ажлыг хийгээгүй бол гэрээний хугацааг сунгаж болох бөгөөд сунгасан хугацаанд захиалагч алдангиас чөлөөлөгдөнө гэж заасан. Энэ гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Гэрээ нэмэлтээр сунгагдсан эсэх нь мэдэгдэхгүй байгаа тул ямар үндэслэлээр 104,144 ам.долларын алданги төлж шилжүүлж байгаа нь ойлгомжгүй. Гэрээний дагуу төлбөрийг шилжүүлж төлөх үүрэг байхгүй байхад нэхэмжлэгч сайн дураараа алданги төлсөн байх нь Ч.Х.Бинд хамааралгүй.

2.4.Манайх хамгийн сүүлд 7,0 тэрбум төгрөгт 10,0 тэрбумын активыг тооцон В ХХК-д шилжүүлж өгсөн. Өөрт хохиролтойгоор шилжүүлж байгаа. Мөн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээгээр банк төлбөр тооцооны доголдлоос хамаарч 8,767,865 ам.долларыг гүйцэтгэсэн бөгөөд үлдэгдэл төлбөр 1,809,618.73 ам.долларын болон 40,569,000 төгрөгийн үндсэн үүргийг харилцагчид гүйцэтгэхээр байна гээд гарын үсэг зурцгаасан.

2.5.Тус гэрээний 1.3-т Ч.Х.Б ХХК-наас харилцагчийн төлбөрийн үүргийг гүйцэтгэж чадаагүй нөхцөл байдлаас хамаарч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, цагдаагийн газарт үндсэн төлбөр болон түүнээс учирсан гэм хор, бусад этгээдтэй байгуулсан хэлцлээс үүссэн хүү, алдангийг нэхэмжилсэн бөгөөд гэрээний 1.2-т заасан үлдэгдэл үүрэгт холбогдуулж хүүнд тус бүрийн үнийн дүнгийн хэмжээнд тооцож, 429,297.19 ам.долларын хүү, 3,903,377.69 ам.долларын хүү, алданги 313,609 ам.доллар, 15,385,884 төгрөгийг нэхэмжилсэн гэж байгаа. Гэрээний 1.4-д гол зүйлээ тохиролцож банк харилцагчид гэрээний 1.2-т үндсэн үүрэг болон үндсэн үүргийн хүү гүйцэтгэх буюу харилцагч өөрийн банкны нэрийн өмнөөс 915,000 аккредитивын баталгаа гаргуулах, түүнчлэн нэрлэн заасан хуулийн этгээдийн дансанд шилжүүлэг хийлгүүлж, гэрээний 1.3-т заасан алдангиас татгалзаж төлбөр тооцоог дуусгавар болохтой холбоотой үүссэн харилцааг гэрээний зорилго оршино гэж байгаа. Энэ гэрээг байгуулсанаар гэрээний 1.3-т заасан 313,609.98 ам.долларын алдангиас нэхэмжлэгч татгалзана гэж тохиролцсон. Үүнээс хойш төлбөрийг бид 915,000 ам.долларын баталгааг гаргаж Хятадын банк руу шилжүүлж нэхэмжлэгч нь машин, техникээ авсан. Энэ төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч үүргээ гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч гэрээний дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эсэх нь түүний эрхийн асуудал, шүүх үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Х.Б ХХК-д холбогдох, нэхэмжлэгч В ХХК-ийн гаргасан алданги 303,310,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Ч.Х.Б ХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр В" ХХК-ийн Ч.Х.Б ХХК-аар дамжуулан гүйцэтгэсэн БНХАУ-ын Бээжин триумф интернэшнл инжинеринг ХХК-д тоног төхөөрөмжийн төлбөр болох 10,076,790.9 ам.долларын үлдэгдэл 3,936,790.9 ам.доллар, уг гүйлгээг саатуулснаас үүдэн Бээжин триумф интернэшнл инжинеринг ХХК-ийн компанийн өмнө хүлээсэн гэрээний алданги 250,912.09 ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээгээр төлсөн хүү 302,954.46 ам.доллар, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр В ХХК-ийн Ч.Х.Б ХХК-аар дамжуулан Ховдын өргөө ХХК-д барилга угсралтын гэрээний төлбөр 14,746 ам.долларын гүйлгээг (2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ханшаар төгрөгт хөрвүүлэн 40,596,000 төгрөгөөр гүйцэтгэсэн) гүйцэтгээгүй үлдэх төлбөр 14,746 ам.доллар, уг гүйлгээг саатуулснаас Монгол Улсын Хөгжлийн банкинд төлсөн хүү 778.15 ам.доллар, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр В ХХК-ийн Ч.Х.Б ХХК-аар дамжуулан Ховдын өргөө ХХК-д барилга угсралтын гэрээний төлбөр 500,693 ам.доллар гүйцэтгэсэн боловч одоог хүртэл гүйлгээг зохих ёсоор гүйцэтгээгүй 400,693 ам.доллар, уг гүйлгээг саатуулснаас Монгол Улсын Хөгжлийн банкинд төлсөн хүү 26,243.64 ам.доллар, нийт үлдсэн төлбөр 4,352,230.16 ам.доллар, гүйлгээ саатуулснаас бусдад төлсөн хүү, алдангийн төлбөр 688,099.70 ам.доллар тус тус гаргуулах тухай, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээг зохих ёсоор гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч В ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,053,971 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй. Учир нь шүүх 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Ховдын өргөө ХХК-д барилга угсралтын гэрээний төлбөр 500,693 ам.доллар, 40,596,000 төгрөгийн гүйлгээг зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол буюу алданги төлөх хариуцагчийн үүргийг дуусгавар болсон гэж үзсэн нь учир дутагдалтай болсон.

4.2.Хэргийн 94 дүгээр талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь дангаараа нэхэмжлэгчид хохирол учирсан үйл баримтыг нотолж чадахгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т зааснаар Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь анхан шатны баримт байна. Хэргийн материалд баримт байсаар байхад шүүх уг баримтыг нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үйл баримтыг нотолж чадаагүй гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээний хугацаа дууссан буюу гэрээний хугацааг сунгаагүй байхад төлбөрөө шилжүүлсэн. Энэ нь зориудаар өнөөдрийн нөхцөл байдлыг гаргуулах гэж оролдсон үйл баримт гэж харж байна. Учир нь Ч.Х.Б ХХК-аас шилжүүлж болохгүй гэх үндэслэлээр В ХХК-д нийт 7,000,000 ам.долларыг бэлэн мөнгөөр буцаан өгсөн. Мөн Ч.Х.Б ХХК нь 7 тэрбум төгрөгийн үүрэгт 10 тэрбумын активыг төлж дуусгасан. Үлдсэн 1,000,000 ам.долларт БНХАУ-аас машин тэрэгний тоног төхөөрөмжийг оруулж ирж аккредитивын гэрээгээр БНХАУ-ын банкинд төлбөрийн үүрэг үүсгэж төлбөрийн үүргийг Ч.Х.Б ХХК төлнө, харин тоног төхөөрөмжийг В ХХК-д хүлээлгэж өгөхөөр бүх төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн. Үүнийг баталгаажуулж Ч.Х.Б ХХК болон В ХХК нь төлбөр дуусгавар болсон гэрээ байгуулсан. Энэ гэрээнд В ХХК нь бүх алдангиас татгалзана гэж заасан. Ч.Х.Б ХХК нь төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй буруутай хэдий ч зохих ёсоор төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн. Харин нэхэмжлэлийн шаардлагын алданги гэх зүйлийн үндэслэл нь тодорхойгүй, хугацаа дууссан гэрээгээр шаардлага гаргаж түүний дагуу төлбөр шилжүүлсэн гэх баримт нь Ч.Х.Б ХХК-ийг төлбөрийн үүрэг гүйцэтгэх боломжгүй болсноос хойш зориуд хийгдсэн. Нэхэмжлэгч Вестерн холд ХХК болон Ховдын өргөө ХХК ашиг сонирхол нэгтэй этгээдүүд хоорондоо шилжүүлж манай талаас шаардаж байна. Ийм үйл баримт байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, уг гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Ч.Х.Б ХХК-д холбогдуулан 14,379,204,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, зарим нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүх баталж шийдвэрлэсэн ба шийдвэрийн энэ хэсэгт зохигчид гомдол гаргаагүй болно.

Улмаар нэхэмжлэгч үлдсэн шаардлагаа 303,310,400 төгрөг гэж тодорхойлсон хүрээнд анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

3.Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Ч.Х.Б ХХК-д ам.долларын болон төгрөгийн харилцах данс эзэмшдэг талаар талууд маргаагүй, тэдгээрийн хооронд төлбөр тооцооны гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

4.Хариуцагч Ч.Х.Б ХХК нь нэхэмжлэгч В ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын Бээжин триумф интернэшнл инжинеринг компанид шилжүүлсэн тоног төхөөрөмжийн төлбөр 10,076,790.9 ам доллар, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ховдын өргөө ХХК-д шилжүүлсэн барилга угсралтын гэрээний төлбөр 14,746 ам доллар буюу 40,596,000 төгрөг, мөн компанид шилжүүлсэн 500,693 ам.долларын гүйлгээг тус тус зохих ёсоор гүйцэтгээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс, бодитой харьцуулан үзэж, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

5.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Х.Б ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэгч В ХХК арилгуулахаар шаардах эрхтэй юм. Харин энэ шаардах эрх дуусгавар болсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

6.Зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ-ний Нийтлэг зүйлийн 1.3-т Харилцагч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст үндсэн үүрэг болон түүнээс учирсан гэм хор (бусад этгээдтэй байгуулсан хэлцлээс үүссэн хүү, алданги)-ыг нэхэмжилсэн болон гомдол гаргасан бөгөөд гэрээний 1.2-т заасан үлдэгдэл үүрэгт холбогдуулж тус бүрийн үнийн дүнгийн хэмжээнд тооцон хүүнд нийт 428,237.19 ам.долларын хүү, 3,903,377.69 төгрөгийн хүү, алдангид 313,609.98 ам.доллар, 15,385,884 төгрөгийг тус тус нэхэмжилсэн, 1.4-т Банк нь харилцагчид гэрээний 1.2-т заасан үлдэгдэл төлбөрийн үндсэн үүрэг болон гэрээний 1.3-т заасан үндсэн үүргийн хүү нийт 2,253,458.78 ам.долларын үүргийг гүйцэтгэх буюу харилцагч нь өөрийн нэрийн өмнөөс Ч.Х.Баар дамжуулан 915,000 ам.долларын эх үүсвэртэй аккредитив баталгаа гаргуулах, Алтайн зам ХХК, Алтай трест ХХК-ийн дансанд шилжүүлэг хийлгүүлж, гэрээний 1.3-т заасан алдангиас татгалзан төлбөр тооцоог дуусгавар болгохтой холбоотой үүссэн харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино гэж тохиролцсон.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд дээрх тохиролцоогоор талууд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд үүссэн үндсэн үүргийг 2,253,458.78 ам.доллар гэж тодорхойлж, нэхэмжлэгч нь алданги гэж тодорхойлсон хохирол төлүүлэх шаардлагаасаа татгалзжээ.

Түүнээс гадна гэрээний бусад зүйл, заалт (Хоёр.Гэрээний зүйл, Гурав.Талуудын эрх, үүрэг, Дөрөв.Бусад зүйл)-уудад алдангийн талаар дурдаагүй байгааг харгалзан дүгнэвэл нэхэмжлэгч В ХХК-ийг алдангийн шаардах эрхээс татгалзсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

7.Нэхэмжлэгч В ХХК нь нэхэмжлэлд дурдсан 303,310,400 (296,810,400+6,500,000) төгрөгийн алданги төлсөн талаархи баримт хэрэгт авагдаагүй.

Ховдын өргөө ХХК болон В ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад төлбөр төлөгч В ХХК нь алдангид 104,144.00 ам доллар буюу 296,810,400 төгрөг төлөхөөр үүрэг хүлээсэн ч уг үүргээ гүйцэтгэсэн талаар баримтгүй байна. (хэргийн 2 дахь хавтас 94 дэх тал)

Үүнээс гадна нэхэмжлэлд дурдсан алдангийг хохиролд тооцож шаардах эрхээс В ХХК нь Ч.Х.Б ХХК-тай байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ-ээр татгалзсан байна.

 

8. Дээр дурдсанаар, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хариуцагч Ч.Х.Б ХХК-д холбогдуулан гаргасан 303,310,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2022/01928 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч В ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,674,502 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА