Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2022/02075

 

 

 

 

 

 

 

 

 

2022      09        19                                                   181/ШШ2022/02075

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ОИББСБ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ж.Б холбогдох

 

үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,081,412 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ОИББСБ ХХК нь хариуцагч Ж.Бт холбогдуулан 2019 оны 10-р сарын 07-ны өдрөөс 2021 оны 11-р сарын 10-ны өдрийг хүртэлх 733 хоногийн зээлийн хүү 10,901,176 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,180,236 төгрөг нийт 13,081,412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ж.Б нь манайтай 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр №17/2045 тоот Зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6-р хороо, 10 хороолол о байр 0 тоот хаягт байрлах Ү улсын бүртгэлийн дугаартай, 000303948 тоот гэрчилгээтэй, 18 м.кв бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалан 13,000,000  төгрөгийг 24 сарын хугацаатай 3.9% хүүтэйгээр зээлж авсан. Хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөхгүй хүндрэл учруулж байсан тул тус ББСБ нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2019 оны 10-р сарын 7-ны өдрийн байдлаар 17,493,250 төгрөг (үндсэн зээл 11,440,000 төгрөг, зээлийн хүү 5,807,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 234,978 төгрөг мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гаргасан нотариатын зардал 11,000 төгрөг) нэхэмжилсэн. Уг  нэхэмжлэлийн шаардлагыг Ж.Б нь хүлээн зөвшөөрч, 17,493,250 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2019 оны 10-р сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/02250 тоот захирамжаар талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн.  Ж.Б нь шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийг сайн дураар эс биелүүлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийлгүүлсэн. Ж.Б нь захирамжид дурьдсан төлбөр, улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар хийлгүүлсэн ажиллагааны төлбөрийг 2021 оны 11 сарын 10-ны өдөр тус ББСБ-д бүрэн төлж барагдуулсан. Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, мөн Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21-р зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан. Нэхэмжлэгч болон Ж.Б нарын хооронд байгуулсан 17/2045 тоот Зээлийн гэрээний 3.2-т “Ж.Б нь дараах үүрэгтэй”, 3.2.9-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсанаас хойш Зээлийн гэрээний үүргээ бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нөхөн төлөх гэж зааснаар тус нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Бээс 2019 оны 10-р сарын 07-ны өдрөөс 2021 оны 11-р сарын 10-ны өдрийг хүртэлх 733 хоногийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна гэв.

 

 2. Хариуцагч Ж.Б шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШШ2019/02250 дугаартай захирамжийн дагуу ОИББСБ үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох төлбөрийг бүрэн төлж дууссан болно. Иймд “Ориент инвест” ББСБ-с гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг харгалзан үзэж тус нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт: Нэхэмжлэгч ОИББСБ ХХК болон хариуцагч Ж.Б нарын хооронд байгуулагдсан 2017.07.18-ны өдрийн 17/2045 дугаар зээлийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.07-ны өдрийн 181/ШШ2019/02250 дугаар “”Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж,  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.15-ны өдрийн 181/ШЗ2020/01017 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 2020.01.15-ны өдрийн 182/ГХ2020/00068 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ, кассын орлогын ордер, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга.

 

4. Хариуцагчийн гаргасан нотлох баримт: шийдвэр гүйцэтгэгчийн 2022.06.21-ний өдрийн 17280612/154 дугаартай хөрөнгийн эрх сэргээх тухай, 2022.06.21-ний өдрийн 154 дугаартай албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгох тухай, 2021.11.10-ны өдрийн 21/11-983 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, нэхэмжлэгч ОИББСБ ХХК-ийн 2021.11.10-ны өдрийн №21/185 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт.     

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ОИББСБ ХХК нь хариуцагч Ж.Бт холбогдуулж зээлийн гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 733 хоногийн зээлийн хүү 10,901,176 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,180,236 төгрөг нийт 13,081,412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гарч, төлбөрөө бүрэн төлж дуусгасан гэж маргажээ.  

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч ОИББСБ ХХК, хариуцагч Ж.Б нарын хооронд байгуулагдсан 2017.07.18-ны өдрийн 17/2045 дугаар зээлийн гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.07-ны өдрийн 181/ШШ2019/02250 дугаар “”Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

4.1. Нэхэмжлэгч ОИББСБ ХХК болон хариуцагч Ж.Б нарын хооронд 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 13,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй зээлдүүлжээ.

 

4.2. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгчээс үндсэн зээл 11,440,000 төгрөг, зээлийн хүү 5,807,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 234,978 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг нийт 17,493,250 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 181/ШШ2019/02250 дугаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч ОИББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Бт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,493,250 төгрөг гаргуулах иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

5. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.15-ны өдрийн 181/ШЗ2020/01017 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 2020.01.15-ны өдрийн 182/ГХ2020/00068 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2021.11.10-ны өдрийн 21/11-983 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэрэг бичгийн баримтууд болон талуудын тайлбараар хариуцагч Ж.Б нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хариуцагч төлбөрийг бүрэн төлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч, хариуцагч хэн нь аль дээрх үйл баримтын талаар маргаагүй, энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй.

 

7. Харин нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 17/2045 дугаар зээлийн гэрээний маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс хойш хариуцагч төлбөрийг төлж дуусгах хүртэл хугацаа буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай шийдвэр гарсан 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр гаргуулах шаардлага гаргасан нь маргааны зүйл болжээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна”, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд ... тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэжээ.

 

9. Тодруулбал зохигч, хэргийн оролцогчид нь шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй юм.

 

10. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Зээлийн гэрээ”-тэй холбоотой маргаан буюу зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү, бусад зардалтай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад нэхэмжлэгч нь дахин тухайн зээлийн гэрээг үндэслэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр шаардсан нь үндэслэлгүй, хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

11. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан.

Хуулийн энэ зохицуулалт нь Банк, эрх бүхий этгээдээс олгож буй зээлийн гэрээний харилцаанд зээлийн гэрээний хугацаа дууссан, эсхүл гэрээ цуцлагдсан тохиолдолд зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй байх агуулгыг илэрхийлэх ба гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэсний дараа дахин нэхэмжлэл гаргах эрхийн үндэслэл болохгүй юм.

 

12. Нөгөө талаар шүүх зээлийн гэрээний маргааныг эцэслэн шийдвэрлэснээр тухайн гэрээгээр хүлээх талуудын үүрэг дуусгавар болох ба нэхэмжлэгч ОИББСБ ХХК-ийн хувьд урьд нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрөөс гадна хууль, гэрээний холбогдох заалтыг үндэслэн зээлийн хүүгийн төлбөрт 5,807,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 234,978 төгрөг тус тус хариуцагчаас нэхэмжилсэн, энэ талаар маргааныг шүүх нэгэнт шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон.

 

13. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх тул шүүх хариуцагч Ж.Бт холбогдох нэхэмжлэгч ОИББСБ ХХК-ийн гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,081,412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,357 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Бт холбогдох нэхэмжлэгч ОИББСБ ХХК-ийн гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,081,412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 223,357 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ж.ЛХАГВАСҮРЭН