Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/02037

 

 

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/02037

 

 

А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/02075 дугаар шийдвэртэй,

А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13,081,412 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, А.Цолмон, хариуцагч Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б- нь А ББСБ ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 17/2045 тоот зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 хороолол 14б байр ** тоот хаягт байрлах 18 м.кв бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалан 13,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 3.9 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлж авсан. Хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөхгүй байсан тул А ББСБ ХХК Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 17,493,250 төгрөг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагыг Б- нь хүлээн зөвшөөрч, 17,493,250 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/02250 тоот захирамжаар талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн.

Б- нь шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийг сайн дураар эс биелүүлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийлгүүлсэн. Б- нь захирамжид дурдсан төлбөр, улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар хийлгүүлсэн ажиллагааны төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан.

Талуудын хооронд байгуулсан 17/2045 тоот зээлийн гэрээний 3.2.9-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойш зээлийн гэрээний үүргээ бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нөхөн төлөх гэж заасан тул 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 733 хоногийн зээлийн хүү 10,901,176 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,180,236 төгрөг, нийт 11,440,000 төгрөгийг хариуцагч Б-ээс гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШШ2019/02250 дугаартай захирамжийн дагуу Ориент инвест ББСБ ХХК-д үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох төлбөрийг бүрэн төлж дууссан болно. Иймд Ориент инвест ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-т холбогдох нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,081,412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 223,357 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь Б-ээс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг шүүх хянан шийдвэрлэж захирамж гаргасан. Харин шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс Б- зээлийн төлбөрийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хүүг шийдвэрлээгүй. Энэ талаар нэхэмжлэгч өмнө нь нэхэмжлэл гаргаж байгаагүй. Б- нь зээлийн төлбөрийг хэзээ бүрэн төлж дуусах нь тодорхой бус байсан. Иймээс нэхэмжлэгч анх 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах өдөр буюу ирээдүйн төлбөрийг Б-ээс нэхэмжлэх боломжгүй юм.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2-т Б- нь дараах үүрэгтэй, 3.2.9-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойш зээлийн гэрээний үүргээ бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нөхөн төлөх гэж тохиролцсон. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаас үзвэл зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж хуульчилсан. Харин гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэсний дараагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй талаар хуульчилж заасан зүйл огт байхгүй. Зээлдэгч зээлээ хугацаандаа эргүүлэн төлөөгүй тохиолдолд зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх нь түүний үүрэг ба энэ талаар ч хууль эрх зүйн зохицуулалт байгаа. Гэтэл үүнийг нь практик дээр хэрэглэхгүй байгаа нь харамсалтай.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч хугацаандаа зээлийн төлбөрийг төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацааны зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх-өөр хуульчилсан. Үүнээс зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн эргүүлэн төлж дууссан үед зээлдүүлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй мэт ойлгогдож байна. Иймээс Б- зээлийг бүрэн эргүүлэн төлсөн өдрийг хүртэлх хүүг нэхэмжлэн шүүхэд хандсан. Зээлдэгч шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг бүрэн төлсний дараагаар түүнээс зээлийн төлбөрийг бүрэн эргүүлэн төлсөн өдрийг хүртэлх үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэн шүүхэд хандахад дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдлын эсрэг хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанд тайлбараа тодорхой гаргасан. 2019 оноос хойш 2021 он хүртэл дэлхий даяар цар тахал гарч бүх зүйл зогссон тул төлбөр төлөхөд хэцүү байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө төлж дууссан, өр төлбөргүй болсон гэх бичгээ нэхэмжлэгчээс авсны дараа дахин зээл авсан хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Б-т холбогдуулж зээлийн гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 733 хоногийн зээлийн хүү 10,901,176 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,180,236 төгрөг нийт 13,081,412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гарч, төлбөрөө бүрэн төлж дуусгасан гэж маргасан.

 

3. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч А ББСБ ХХК нь 13,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр Б-т зээлдүүлжээ /хх 5-6/.

 

3.а. Хариуцагч Б- нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 11,440,000 төгрөг, хүү 5,807,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 234,978 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 17,493,250 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг А ББСБ ХХК шүүхэд гаргасан. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/02250 дугаар захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 17,493,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 2 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ /хх 8/.

 

3.б. Дээрх захирамжийг хариуцагч биелүүлээгүйгээс тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2020/01017 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж хариуцагч төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан үйл баримт тогтоогдсон /хх 9-18, 27-30/.

 

4. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/02250 дугаар захирамж, дээрх захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон зэрэг үйл баримтыг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

5. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

Хуулийн энэ зохицуулалт нь банк, эрх бүхий этгээдээс олгож буй зээлийн гэрээний харилцаанд зээлийн гэрээний хугацаа дууссан, эсхүл гэрээ цуцлагдсан тохиолдолд зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй байх агуулгыг илэрхийлэх ба гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэсний дараа дахин нэхэмжлэл гаргах эрхийн үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Тодруулбал, зээлийн гэрээний маргааныг шүүх шийдвэрлэснээр талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан хэм хэмжээ нь үүргийн зөрчил үүссэн тохиолдолд гэрээний хариуцлагатай холбогдуулан хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн зохицуулалт ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарч биелэгдсэний дараа дахин хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн үндэслэл болохгүй.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Харин шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн гэснийг давхардуулж бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан, мөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримталсан нь оновчгүй болсныг залруулах замаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/02075 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн..., ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4... гэснийг тус тус хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,357.06 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ