Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 208

 

2017.8.14


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0199/Э

Дархан-Уул аймаг дахь cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэйгээр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Иргэдийн төлөөлөгч Д.Баяраа,
Улсын яллагч М.Очбадрах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Хохирогч ***,
Иргэний нэхэмжлэгч ***,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох эрүүгийн 201709000158 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** өдөр Баянхонгор аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ***ажилтай байсан, ам бүл 3, хүү, охины хамт Дархан-Уул аймаг, *** тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***, регистрийн дугаар ***

Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч ***нь 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд иргэн ***, *** нараас *** гэх цахим хаяг ашиглан хуурч мэхлэх аргаар Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн *** тоот данс, иргэн ***ын эзэмшлийн *** тоот данс болон бусад байдлаар нийт 24.415.000 төгрөгийг залилан мэхлэж аван их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ***нь 2015 оны 9 сард хохирогч ***тэй өөрийн биеэр очиж уулзан ***гэх хүн байдаг гэж итгүүлэн, олон нийтийн цахим сүлжээ болох facebooк-т иргэн *** гэрэл зургийг ашиглан “*** ***“ гэх нэрээр хуурамч хаяг нээн хохирогч ***тэй харилцаж “хүүхдийн бие муу, эмчилгээний мөнгө хэрэгтэй”, “гэмт хэрэгт холбогдлоо, хохирол төлөх хэрэгтэй байна” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, ***ээс 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бэлнээр болон ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн *** тоот данс, ***ын эзэмшлийн *** тоот дансыг ашиглан бэлэн бусаар нийт 24.415.000 төгрөгийг залилан авсан болох нь:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2015 оны 9 дүгээр сард ***тэй танилцсан. 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл ***тэй дотно найзын холбоотой байсан. Миний оролцоо байгаагүй бол энэ хэрэг болохгүй байсан. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид олон сая төгрөгийн хохирол учруулсанд миний буруу байгаа гэх мэдүүлэг,
Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: *** 8 дугаар сард надтай Facebook-ээр танилцах санал явуулаад би чамайг харж байсан юм байна гэж хэлсэн. Би тухайн үед уулзсан. Түүний дараа 9 дүгээр сард дугаарыг чинь ***д өглөө гэж хэлсэн. Би тухайн үед ***гийн талаар сайн ойлгоогүй. Гэтэл удалгүй *** *** гэх Facebook хаягаас танилцъя гэж мессеж ирсэн. *** гэх нэрийн цаана ***ыг байгаа гэдгийг мэдээгүй. 2015 оны 12 дугаар сард *** хүүхэд өвдөөд байна, мөнгө зээлээч гэсэн. Би тухайн үед РС ажиллуулдаг, мөнгөтэй байсан учраас ***гийн хүүхэд өвдсөн бол мөнгө өгье гээд ***т 400.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг өгснөөр бүх үйл явдал эхэлсэн. 2016 оны 04 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл 52-53 удаагийн гүйлгээгээр мөнгө авсан. 10 дугаар сарын 28, 11 дүгээр сарын 01-ний өдөр Энхбаатар бид хоёр зээлээ төлөх гэж байна гээд надаас мөнгө авсан. Би мөнгөө нэхэж ***ын ажил дээр очсон. Намайг очиход ямар нэгэн шалтаг хэлээд мөнгөө өгдөггүй байсан. Сүүлдээ би цагдаад энэ асуудлаар мэдэгдсэн гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: *** манай эхнэрийн төрсөн дүү юм. Эхлээд надаас мөнгө асуухаар нь танихгүй хүнд мөнгө зээлэхгүй гэж хэлсэн. Гэтэл *** надаас гуйсаар байгаад мөнгө авсан. Дараа нь *** сугалаанаас Camry машин хожсон, уг машиныг ломбарданд тавьсан. *** машинаа ломбарданд алдах гээд байна 3.200.000 төгрөг зээлээч гэхэд нь би үгүй гэж хэлсэн. Гэтэл *** орой манай эхнэрээр дамжуулан намайг ятгаж мөнгө авсан. Түүнээс хойш *** манай эхнэрээр дамжуулан надаас мөнгө авч ***т өгч байсан. Сүүлдээ мөнгө өгч чадахгүй боллоо мөнгөнийхөө оронд машинаа өгье гэж хэлсэн. Би тэр үед машин авахаар төлөвлөж байсан тул машиныг авахаар болсон боловч өгөөгүй. Миний данснаас ***ын данс руу 3 удаагийн гүйлгээгээр, эхнэрээс бэлнээр 2.300.000 төгрөг өгсөн. ***оос нийт 9.800.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...***бол манай гэр бүлийн хүн байгаа ом. Бид нар гэр бүл болоод 1 жил болж байгаа. Одоогоор бол гэрлэлтийн баталгаа байхгүй хамтран амьдарч байгаа. ...*** бол ***ын найз нь болох хүн байгаа юм. Би тэр *** гэх хүнийг нь бол танихгүй. Б.***, *** нар нь гэр бүл болох гэж байгаа талаараа фэйсбүүк хаягаараа явуулсан байхыг нь би харж байсан. 2015 оны 12 дугаар сард би скайтелын гар утас авах үед *** гэсэн дугаарыг надад дагалдуулж өгсөн миний нэр дээрх интернетийн эрхтэй дугаар байсан юм. Уг дугаарыг *** 2016 оны 01 дүгээр сард байна уу /би яг нарийн сайн хэлж бол мэдэхгүй байна/ зарчихъя гэж хэлээд зарсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 25-26/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай дүү *** надад *** гэх хүн маш сайн, тусархаг хүн байгаа юм гэж ойлгуулсан. Тэгээд гачигдал зовлон гараад хэцүү болсон гэхээр нь дүүгийнхээ ярьсанд итгэж байсан болохоор нөхрөөсөө ***ийн найз *** гэх хүнд мөнгөний хэрэг гарсан байна, хоёулаа мөнгө зээлчих үү? гэхэд нөхөр маань анх дургүйцсэн бөгөөд *** надаас ахин дахин гуйгаад өөр туслах хүн алга гээд байхаар нь би нөхрийгөө ятгаж байгаад мөнгө зээлүүлсэн юм. Би тэр *** гэх хүнтэй нь огт уулзаж байгаагүй. ...*** гэх хүн мөнгөө өгч чадахгүй болоод машин өгөхөөр болсон. Тэгэхэд бид нарын *** гэх хүнд өгсөн мөнгө машины үнэд арай хүрэхгүй байсан учраас зөрүү 2.900.000 төгрөг өгөхөөр болсон юм. Тэгэхэд *** гэх хүн нь ***оос мөнгө авсан байгааг өгчих гэж хэлсэн байсан болохоор энэ мөнгийг ***т өгөхөөр болсон юм. 2016 оны 06 дугаар сарын 11-ны өдөр *** ирж мөнгө авах үед *** бид 2 хамт байсан бөгөөд 2.900.000 төгрөгөөс ***ын цахилгаан бараа зээлээр авсан 600.000 төгрөгийг хасаад бэлнээр 2.300.000 төгрөг өгсөн юм. Ингэхдээ би дүү ***т өгөөд *** шууд ***т дамжуулж өгсөн юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21/,
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн:  “Намайг *** гэдэг. Би *** *** гэдэг хүнийг танихгүй, мэдэхгүй. *** гэх хүнийг ч танихгүй. Сүүлийн үед над руу залилуулсан гээд мессенжер чатаар юм бичээд байгаа юм. Би АНУ-ын консулын газар ажиллаж байгаагүй. Зурган дээрх хүн би мөн байна. Би ямар нэг байдлаар *** гэх хаягаас *** гэх хүний хаяг руу өөрийнхөө зургийг явуулсан зүйл байхгүй. *** гэх хүн миний зургийг фэйсбүүкээс татаж постолсон байх” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хаан банкинд гүйлгээ хийх ганц данс нээлгэж байсан. Би уг дансыг нээлгээд бараг ашигладаггүй байсан бөгөөд өнгөрсөн оны намар байна уу, зун байна уу картаа хайгаад олохгүй байсан юм. Ингээд виза картаа 2016 оны 12 дугаар сард хаалгасан. Би ХААН банкны *** дугаарын данс эзэмшиж байсан. Миний данс, картыг ашиглаж хүн гүйлгээ хийж байгаа асуудлыг би бол мэдэхгүй. Миний энэ данс руу манай дүү хүнээр дамжуулж нэг удаа 50.000 төгрөг хийлгэсэнг нь би картаа хайгаад олохгүй болохоороо иргэний үнэмлэхээрээ банкин дээр очиж авч байснаас өөрөөр сүүлийн үед уг дансыг ашигласан зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27/
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “***нь манай Энхийн тун ХХК-нд нягтлан бодогчоор 2 сарын хугацаатай л ажилласан юм. Хаан банкны *** дугаарын данс бол миний өөрийн данс байгаа юм. ...***манайд ажилд орох үед өөрийнх нь барьж байсан гар утас жаахан муудсан байхаар нь би таньдаг дүү маань гар утас зардаг юм миний нэрээр зээлээр авч болно гэхэд миний нэр дээр ай поне маркийн гар утас авсан байсан юм. Тэгээд энэ утасныхаа мөнгийг над руу хийсэн санаж байна. Өөр бол энэ хүнтэй ямар нэгэн тооцоо байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203/,
Хохирогч *** болон иргэний нэхэмжлэгч ***ын данснаас шүүгдэгч ***, *** нарын данс руу мөнгө шилжсэн, бэлэн мөнгөний машинаар эдгээр данснаас бэлэн мөнгө авсан болохыг нотолсон шүүгдэгч ***ын эзэмшлийн Хаан банк дахь *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 209-215/,
Гэрч ***ын эзэмшлийн Хаан банк дахь *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 69-70/, хохирогч ***ийн эзэмшлийн Хаан банк дахь *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 218-238 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч ***ын эзэмшлийн Хаан банк дахь *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 100/, 
Дархан-Уул аймаг дахь Хаан банкны салбарын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №1/183 тоот “АТМ272 нь манай банкны Дархан Их дэлгүүр дотор байрладаг, АТМ174 нь манай банкны 380-д байрлалтай, АТМ175 нь манай банкны үйлчилгээний төвийн гадна байрлалтай, АТМ488 нь Улаанбаатарт байрлалтай АТМ-ууд байна” гэх албан бичиг /1-р хх-ийн 73/,
2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбарласан хувь /хх-ийн 201 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд шүүгдэгч ***ын дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан “бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна. 
Гэвч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж байгаа илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орсон өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд мөн адил багтдаг.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ял хөнгөрсөн тул шүүгдэгч ***ын эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч ***ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***т 14.615.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч ***т 9.800.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шүүгдэгч ***ын эзэмшлийн Хаан банк дахь *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ***ын эзэмшлийн Хаан банк дахь *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга ***ийн эзэмшлийн Хаан банк дахь *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Иргэний нэхэмжлэгч ***ын эзэмшлийн Хаан банк дахь *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба шүүгдэгч ***нь хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Иймд шүүгдэгч ***оос 24.415.000 төгрөг гаргуулж, хохирогч ***т 14.615.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***т 9.800.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага оногдуулах, бусад асуудлын тухай
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ***нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ***т оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээд 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно, энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж заасан байгаа боловч ***нь гэм буруугаа хүлээж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй, төлөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ***нь 2009 оны 1 дүгээр сарын 26-нд төрсөн охин ***, 2017 оны 5 дугаар сарын 25-нд төрсөн хүү ***нарын хамт амьдардаг, Дархан сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-т зааснаар 2009 оны 1 дүгээр сарын 26-нд төрсөн охин ***, 2017 оны 5 дугаар сарын 25-нд төрсөн хүү ***нарт асран хамгаалагч томилохыг Дархан сумын Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч ***ын эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий sharp маркийн 32 инчийн зурагт, 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий sharp маркийн 2 хаалгатай хөргөгч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгө шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар ***оос 24.415.000 төгрөг гаргуулж, хохирогч *** тоотод оршин суух *** /***/-т 14.615.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *** тоотод оршин суух *** /РД***/-т 9.800.000 төгрөгийг тус тус олгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 1 жил 8 сар /нэг жил найман сар/-ын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ***т оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч ***ын эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий sharp маркийн 32 инчийн зурагт, 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий sharp маркийн 2 хаалгатай хөргөгч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

7. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-т зааснаар 2009 оны 1 дүгээр сарын 26-нд төрсөн охин ***ын ***, 2017 оны 5 дугаар сарын 25-нд төрсөн хүү ***ын *** нарт асран хамгаалагч томилохыг Дархан сумын Засаг даргад үүрэг болгосугай.  

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бол тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Я.ТУУЛ

                        ШҮҮГЧ                           Г.ГЭРЭЛТ-ОД