Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 62

 

Ж.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                           Я.Туул

Шүүгчид                                         Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Прокурор                                       А.Оргилбаяр

Хохирогч                                        Ч.О-

Хохирогчийн өмгөөлөгч                Д.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч                                        Ж.Б-

Шүүгэдэгчийн өмгөөлөгч              Ч.Булган

                                                       Б.Чинбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 188 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган, Б.Чинбаатар нарын бичсэн гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж-гийн Б-т холбогдох 1 хавтас 20179000136 тоот хэргийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б- овогт Ж-гийн Б-, регистрийн дугаар: **********

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн188 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Ж.Б-ыг Н.О-аас 10.000.000 төгрөгийн эд хөрөнгийн эрхийг залилсан гэх үйлдэл, холбогдол хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б- овогт Ж-гийн Б-ыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 25,000,000 төгрөгийн хохирол учруулж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Б- овогт Ж-гийн Б-т 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ж.Бат- Очирт оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Ж.Б-оос 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.О-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч Н.О-ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдаж, Н.О- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гарган жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-т өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс тоолохоор... тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган нар давж заалдах гомдолдоо:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.20-ны өдрийн 188 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд:

Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 1-т заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Ж.Б- нь 2016 оны 5-р сард иргэн Ч.О-аас 0165 ДАХ дугаартай "Hyundai Aerospace" маркийн хуучин 2017 оны 12 сард зорчигч тээвэрлэх хугацаа нь дуусах автобусыг 25 сая төгрөгөөр зээлээр худалдан авах хэлцлийг амаар харилцан тохирч хийхдээ Ч.О-ыг хуураагүй, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулаагүй байна. Банкнаас зээл авч төлбөрийг барагдуулна гэдгээ Ч.О-т хэлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.О- ч автобусыг дангаар барьцаалж 25 сая төгрөг авах боломжгүй гэдгийг мэдэж байсан гэж мэдүүлдэг. Иргэд хоорондын хэлцэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх маргаан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож цагаатгаж өгөхийг хүсье ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах гомдолдоо:

“Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолд өмгөөлөл хууль туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж- овогтой Б-ыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 25,000,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэжээ. Ж.Б- нь гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрөө болон түүний ар гэрийнхний зүгээс хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж буй юм. Түүнчлэн хохирогч Ч.О-тай холбогдон давж заалдах шатны хуралдаанаас өмнө гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх, эсхүл төлөхөө илэрхийлсэн хүсэлтийг бичгээр шүүхэд гарган өгөх болно. Хохирогч Ч.О-ын эрх ашиг болон Ж.Б-ын эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл байдлыг анхаарч үзэхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. Иймд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар Ж.Б-ыг шийтгэсэн хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү…” гэжээ.

Шүүгдэгч Ж.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2016 оны 06 дугаар сард автобусыг авч мотор болохоо байж мөнгө төлөгдөөгүй буцсан. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гомдлоо өөрчилж байна. Хохирогч болон шүүгдэгчийн ар гэрийнхэн уулзаж тохиролцсон. 25.000.000 төгрөгийн хохирол байсан. Үүнээс 21.000.000 төгрөгнөөс 15.000.000 төгрөг авч, 6.000.000 төгрөгийг авахгүй гээд хохирогч гомдолгүй болсон. Ж.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, төлөв даруу зантай, тусч, ар гэрийн нөхцөл байдал болон үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж хорих ялаас чөлөөлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ж.Б- нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх“ гэж зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг ялаас чөлөөлж өгнө үү. Мөн ял хөнгөрүүлэх нөхцөл бүрдэж байна” гэв.

Хохирогч Ч.О- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:

“Би анх 25.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс моторыг зарж борлуулахаар болж 21.000.000 төгрөг үлдсэн. Ж.Б-ын ар гэрийнхэн нь надаас гуйсан учраас би 21.000.000 төгрөгнөөс 15.000.000 төгрөг авч үлдсэн 6.000.000 төгрөгийг авахгүй, гомдолгүй гэж байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гэм бурууд маргаангүй” гэв.

Прокурор А.Оргилбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“Шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдолд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ үү, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-ыг шунахайн сэдэлтээр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт 2016 оны 05 сард Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч.О-аас түүний эзэмшлийн 0165 ДАХ улсын дугаартай цагаан алаг өнгийн “Нyundai Аerospace” маркийн 45 хүний суудалтай хүн тээврийн зориулалтай том оврын автобусыг “зээл авах банкаа яриад тохирсон байгаа, худалдаж авах автобусаа олоод ир гэж банкнаас надад хэлсэн” хэмээн 25 сая төгрөгөөр зээлээр худалдаж авах, тээврийн хэрэгслийн гэрчилгээг эхэлж өөрийн нэр дээр шилжүүлсний дараа автобусыг Ховд аймаг дахь “Голомт” банкны салбарт зээлийн барьцаанд тавьж үнийг нь 14 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон боловч уг автобусны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн Ховд аймаг дахь “Голомт” банкны салбарт 15.000.000 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан боловч автобусны унийг Ч.О-т төлөлгүй хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж 25.000.000  төгрөгийн, мөн давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр Ховд аймгийн харьяат иргэн Нацагийн О-ын өмчлөлийн зарахаар зар өгсөн байсан Ховд аймгийн Жаргалант сум, 3 дугаар баг, Бичигтийн 9-55а тоотод байрлах 69.5мкв хувийн сууц болон 1044.6 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх эрхийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 20.000.000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулна хэмээн хуурч мэхлэх аргаар урьдчилгаа төлбөр огт төлөлгүйгээр өөрийн эмчлөлд шилжүүлэн авч иргэн Ч.О-аас залилан мэхлэж авсан автобусны хамт Ховд аймаг дахь “Голомт” банкны салбарт 15.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж 10.000.000 төгрөгийг нь төлж үлдэгдэл мөнгийг нь төлөхгүй гэсэн субьектив санаа зорилгоор 10.000.000 төгрөгийн хохирол, нийт бусдад 35.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ж.Б-т холбогдох хэргийг хүлээн авч Ж.Б-ыг Н.О-аас 10.000.000 төгрөгийн эд хөрөнгийн эрхийг залилсан гэх үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ж.Б-ын үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган, Б.Чинбаатар нарын “...Ж.Б-ыг хорих ялаас чөлөөлж өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэлслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж, бүхэлд нь хянавал:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хохирол төлбөр төлж барагдуулсан тухай нотлох баримтанд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон хохирогч Ч.О-т төлөх 21.000.000 төгрөгнөөс 15.000.000 төгрөгийг шүүгдэгч бүрэн барагдуулсан, хохирогч Ч.О- нь үлдэх 6.000.000 төгрөгийг авахаас татгалзаж, гомдол саналгүй талаараа бичгээр хүсэлт ирүүлсэн ба давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар мэдүүлсэн.

            Иймд давж заалдах шатны шүүхээс Ж.Б-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгон гэмшиж хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан түүнийг заавал нийгмээс тусгаарлан хорих шаардлагагүй гэж дүгнэн анхан шатны шүүхээс 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд хорих ял оногдуулахгүй тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дахь  заалтыг:

         “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт Ж-гийн Б-т хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ж.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Шүүгдэгч Ж.Б- нь хохирол төлбөрт 15.000.000 /арван таван сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тухай нэгдсэн тоо бүртгэлд бүртгэж, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

           

 

                                        ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                        ШҮҮГЧИД                                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                      Б.МАНЛАЙБААТАР