Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 209

 

2017.8.15

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0208/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Банзрагч,
Улсын яллагч О.Доржмаа,
Хохирогч ***,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарь,
Иргэний нэхэмжлэгч ***,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000033 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ***, регистрийн дугаар ***,

Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч ***нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн нутаг дэвсгэр 96 дугаар зөрлөг явах замд Волксваген тоурег маркийн ***улсын дугаартай автомашиныг жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а, б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэснийг, мөн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг тус тус зөрчсөнөөс *** жолоочтой Киа Лотзе маркийн ***улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч *** биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ***нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн нутаг дэвсгэр 96 дугаар зөрлөг явах замд Волксваген тоурег маркийн ***улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а, б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэснийг зөрчсөнөөс ***ын жолоодон явсан Киа Лотзе маркийн ***улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч *** биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эхнэр ***, хадам аав ***, эгч *** нартаa Дархан орох замд буюу Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн нутаг дэвсгэр 96 дугаар зөрлөг дээр ***ын жолоодож явсан Киа Лотзе маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан. ***ын жолоодож явсан автомашин урдаас ирж байгааг хараагүй. Тухайн үед зам их халтиргаа гулгаатай муухай байсан. Тэгээд мөргөлдсөний дараа хэсэг шоконд орсон. Эхнэр маань 8 сартай жирэмсэн байсан болохоор эхлээд эхнэрээ тайвшруулаад Киа Лотзе маркийн ***улсын дугаартай машины жолооч руу харахад жолооч *** манралтын байдалтай цонхон талаа дэрлэчихсэн сууж харагдсан. Тэгээд хадам аав *** Киа Лотзе маркийн машины жолооч машинд даруулчихсан юм биш үү машинаа салгаач ээ гэж хэлсэн. Тэгэхээр би машинаа асаагаад салгах гэсэн боловч салахгүй Киа Лотзе маркийн машиныг чирээд миний машин хөндлөн байдалтай зогссон. Ингээд би машинаасаа буугаад Киа Лотзе маркийн машинд сууж байсан хүмүүсийг зүгээр эсэхийг асуухад бүгд шоконд орсон байдалтай машинаасаа буугаад гадаа суусан. Арын суудал дээр *** гараа барьсан байдалтай сууж байсан. Тэгээд би цагдаа болон түргэн тусламж дуудуулахаар найз руугаа утсаар ярьсан. Найз маань цагдаад мэдэгдсэн. Харин түргэн тусламж утсаа авахгүй байна гэж хэлэхээр нь найзыгаа машинаа унаад хүрч ирээд энд байгаа хүмүүсийг эмнэлэгт хүргээд өгөөч гэж гуйсан. Хэсэг хугацааны дараа цагдаа ч ирсэн. Манай найз ч ирсэн. Эхний ээлжинд бэртэл гэмтэл авсан хүмүүсийг эмнэлэгт хүргүүлэхээр найзынхаа машинд суулгаж явуулсан. Би өөрөө үлдээд цагдаа нарт анхны мөргөлдсөн газрын байрлалыг нь зааж өгсөн. Хохиролд 1 сая төгрөг төлсөн. Гэхдээ энэ осол гарахад 2 жолооч 50, 50 хувийн буруутай гэж бодож байна. Хэрэв шүүх намайг гэм буруутай гэж үзвэл би хохирогчид учирсан бүх хохирлыг төлж барагдуулна... гэх мэдүүлэг, 
Хохирогч *** шүүх хуралдаанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дүүгийндээ очих гээд нөхөр ***, хоёр эмэгтэй дүү болон миний доод талын дүүгийн нөхрийнх хамт явж байсан. Ингээд 96 дугаар зөрлөг буюу довон дээгүүр ***барьж явсан машин нэлээн хурд ихтэй гарч ирээд манай машиныг мөргөөд машины хамар дээр гараад зогссон. Ухрахдаа манай машиныг нилээн чирсэн. Ингээд би буугаад гараа өргөх гэтэл гар санжиганаад хугарчихсан байсан. Тухайн үед би зүүж явсан ороолтоороо гараа сойгоод уясан. Хохирол 1 сая төгрөг авсан. Цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлага гарвал эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг, 
Иргэний нэхэмжлэгч ***ын шүүх хуралдаанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 96 дугаар зөрлөг дээр ***буруутай үйлдлээс болж хоёр автомашин мөргөлдсөн. Уг ослын улмаас миний жолоодож явсан машинд 4,110,000 төгрөгийн хохирол учирсан. Мөн Ослын улмаас миний тархи доргисон. Үүнээсээ болоод 2017 оны 6 сард цус харваж эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал 990000 төгрөг болсон. Иймд ***нийт 5100000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжпэгч *** мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний төрсөн ах *** миний машиныг авч явсан. Тэгээд орой нь 20 цагийн үед над руу залгаж *** аваарт орсон байна гэж хэлсэн. Би гомдолтой байна машинаа бүрэн бүтэн болгож авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 26/
- Осолд орсон Волксваген тоурег маркийн ***улсын дугаартай автомашин, Киа Лотзе маркийн ***улсын дугаартай автомашинд зорчиж явсан гэрч *** ***, Х.***, ***, *** нарын мэдүүлгүүд /хх-ийн 27, 33-34, 37, 147-148/,
- ***нь ***улсын дугаартай Тоурег маркийн автомашиныг жолоодон яваад ЗХД-ийн 8.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а, б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэснийг зөрчсөн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч *** нарын мэдүүлгүүд /хх-ийн 87-88, 144-146, 175-176/, 
- Хохирогч *** биед “баруун бугалганы ил хугарал, суга болон баруун мөрөнд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 89 дугаартай дүгнэлт, шинжээч *** мэдүүлэг /хх-ийн 45, 49/,
- Иргэний нэхэмжлэгч ***эд 4110000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон Капитал зууч ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-81/,   
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11/ зэрэг хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан ба шүүгдэгч ***дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна. 
Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. 
2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялын хэмжээ багасч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *** биед хүнд гэмтэл учирсан ба хохирогч баримтаар эмчилгээний зардал 660000 төгрөг, шатахууны зардал 300000 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 129-132, 199-201/ ба шүүгдэгч хохиролд 1000000 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, ХААН банкны орлогын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул ***нь хохирогч ***д учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. 
Мөн хохирогч *** нь цаашид гарах эмчилгээнтий зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэгч эрхтэй болохыг дурдвал зохино.
Иргэний нэхэмжлэгч *** нь өөрийн Киа Лотзе маркийн ***улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан ба уг автомашинд 4.110.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Капитал зууч ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 4.110.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  
Иргэний нэхэмжлэгч *** нь 2016 оны 12 дугаар сарын 25-нд осолд орж тархи доргисны улмаас 2017 оны 6 сард цус харваж эмнэлэгт хэвтсэн гэж тайлбарлаж Дархан Үйлс эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсний төлбөрт 2017 оны 7 дугаар сарын 6-нд 480000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 14-нд 510000 төгрөг төлсөн баримтуудыг гаргаж өгч эмчилгээний зардал 990000 төгрөг, Киа Лотзе маркийн ***улсын дугаартай автомашинд учирсан хохирол 4.110.000 төгрөг, нийт 5100000 төгрөгийг нэхэмжилж байна.
Гэвч иргэний нэхэмжлэгч *** нь Киа Лотзе маркийн ***улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхгүй, 2016 оны 12 дугаар сарын    25-нд осолд орж тархи доргисны улмаас 2017 оны 6 сард цус харвасан гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул түүний 5100000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
2. Ял, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүгдэгч ***нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, осол болсны дараа найзыгаа дуудаж хохирогч болон бусад хүмүүсийг эмнэлэгт хүргэж өгсөн, хохирогч ***д 1000000 төгрөг төлсөн зэрэг нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, ХААН банкны орлогын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 
Иймд шүүгдэгч ***гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогч ***д учирсан хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч *** учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна. 
Мөн тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалтыг тогтоож, тэнссэн хугацаанд хохирогч ***д учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, иргэний нэхэмжлэгч *** учирсан хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор төлж барагдуулах үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. 
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн *** дугаартай тээврийн хэрэгслийг гэрчилгээг өмчлөгч ***олгож, шүүгдэгч *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгчээс 4.110.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***тоотод оршин суух *** /***/-д олгож, иргэний нэхэмжлэгч ***ын 5.100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч ***нь хохирогч ***д учирсан хохирлыг төлж барагдуулсныг дурдаж, *** нь цаашид гарах эмчилгээнтий зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жил /хоёр жил/-ийн хугацаагаар тэнссүгэй. 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ***ид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор иргэний нэхэмжлэгч *** учирсан хохирлыг төлж барагдуулах, тэнссэн хугацаанд хохирогч ***д учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоосугай. 
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

8. Хэрэгт хавсаргагдсан *** дугаартай тээврийн хэрэгслийг гэрчилгээг өмчлөгч ***олгож, шүүгдэгч *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР