Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 63

 

Б.А-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                          О.Доржмаа

Хохирогч                                           В.Солонго

Шүүгдэгч                                           Б.А-

Иргэний нэхэмжлэгч                        Ц.О-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамирын даргалж 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 209 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч В.С-, иргэний нэхэмжлэгч Ц.О- нарын  бичсэн давж заалдах гомдол болон прокурор О.Доржмаагийн бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын А-ид холбогдох эрүүгийн 201709000033 тоот 2 хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Б-ын А- /РД: **********/ нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Энхтал багийн төмөр замын 96 дугаар зөрлөгийн орчим 8577 ОРХ улсын дугаартай “W.TOUAREG” маркийн суудлын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Ц.О-ын жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан 1124 ДАХ улсын дугаартай “K.LOTZE” маркийн суудлын автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас 1124 ДАХ улсын дугаартай автомашинд зорчиж явсан иргэн В.Солонгын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.А-ид холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б.А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар Б.А-ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор Ц.Буянчимэдийн хохирлыг барагдуулах, тэнссэн хугацаанд хохирогч В.Солонгын гэм хорыг арилгах арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.А-аас 4.110.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Буянчимэдэд олгохоор шийдвэрлэжээ.

Хохирогч В.Солонго, иргэний нэхэмжлэгч Ц.О- нарын шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолд: “... шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд иргэний нэхэмжлэгч Ц.О-ын хувьд тархи доргилттой гэж гарсан боловч энэ байдал нь өвдөж даамжирч бага зэргийн цус харвалт өгсөн. Үүнийг эмчлүүлэх гэж 2 ч удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа бөгөөд үүний төлбөрт 5.100.000 төгрөгийн нотлох баримт бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх цус харвасан байдал нь тогтоогдоогүй байна гэх үндэслэл гарган нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Хохирогч В.Солонгын хувьд өнөөдрийн байдлаар ослоос болж гэмтсэн гар нь ямар ч хөдөлгөөн байхгүй, шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн анхаарал тавих, уучлалт гуйгаагүй, шүүх хуралдаан болохоос өмнө 1.000.000 төгрөгийг данс руу шилжүүлсэн нь гэм хор арилаагүй, хохирогчийн хувьд гомдолтой байгаа зэрэг нөхцөл байдлыг анхаарч үзэхгүй хэргийг шийдвэрлэсэнд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар гомдолтой байна. Ийм учраас хэргийг хянан үзэж хохирол төлбөрийг бүрэн барагдуулж өгнө үү.” гэжээ.

Прокурор О.Доржмаагийн шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлд: “... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д” ... хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасаж, зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл хорих ялын аль нэгийг сонгож оногдуулахаар хуульчилж өгсөн байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаагүй, хорин хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоосон. Нөгөө талаар эрх хасах нь нэмэгдэл ял бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Албадлагын арга хэмжээ”-ний төрөлд хамаарахгүй тодруулбал шүүхээс тогтоох эрх хязгаарлалтын төрөлд  заагдаагүй байхад шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээний хүрээнд хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд Б.А-ид холбогдох хэргийг шийдвэрлэсэн 209 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон иргэний нэхэмжлэгч Ц.О-: Би маш их гомдолтой байна. Энэ ослын улмаас миний биед тархи доргисон хөнгөн гэмтэл учирсан бөгөөд гэмтэл авснаас хойш тархинд хөнгөн хэлбэрийн цус харвалт өгч улмаар 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш эмнэлэгт 2 удаа хэвтэж эмчилгээ хийлгэсэн одоо дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн боловч мөнгө, төгрөгийн боломжгүй учраас эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Энэ Б.А- бидэнтэй уулзаж хохирол төлбөр барагдуулах талаар нэг ч удаа ярилцаагүй. Би өөрийн нэхэмжилсэн хохирлоо гаргуулмаар байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогч В.С-: Би энэ ослын улмаас баруун гартаа гэмтэл авсан одоо миний гарын зөвхөн таван хуруу л хөдөлж байна. Гартаа эмчилгээ хийлгэх гэсэн боловч мөнгө төгрөгийн боломжгүй учраас эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Намайг эмнэлэгт байхад Б.А- нь 1.000.000 төгрөгийг хохиролд өгсөн. Одоо би гарынхаа хадаас авахуулах болон урьдчилсан эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учраас Б.А-ийг эмчилгээний зардлыг өөрийн боломж бололцоогоороо өгөөч гэж хүсэж байна. Мөнгө төгрөгийн боломжгүй байгаа учраас эмчилгээний зардлыг урьдчилан гаргаж эмчилгээ хийлгэх боломжгүй байна. Б.А- осол болсноос хойш бидэнтэй уулзаагүй, нэг удаа миний эгчтэй ярьсан байсан. Яагаад бид нартай харьцахгүй байгааг нь ойлгохгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор О.Доржмаа: Шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, тухайн зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэмэгдэл ялыг заавал хэрэглэнэ” гэсэн заалтыг зөрчсөн учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Хохирогч нарын давж заалдах гомдолтой холбогдуулан хохирол төлбөрийн талаар прокурорын зүгээс тайлбарлах зүйлгүй ээ гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: Би хохирогч нарын болон прокурорын бичсэн эсэргүүцэлтэй танилцсан. Миний хувьд өөрийн боломж бололцоогоороо хохиролыг төлж барагдуулсан. Ц.О-ын биед хөнгөн гэмтэл учирсан, энэ гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, 4 долоо хоногийн дотор бүрэн эдгэрнэ гэсэн дүгнэлт гарсан. Ийм учраас Ц.О-ын тархинд цус харвасан нь авто ослын улмаас үүдэлтэй гэсэн тайлбарыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа. Сүүлд шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч  Ц.Буянчимэдэд 4.110.000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан байгаа. Би хэдийгээр Ц.О- ослын улмаас авсан хөнгөн гэмтлийн улмаас цус харвасан гэдгийг зөвшөөрөхгүй байгаа боловч өмгөөлөгчийнхөө зөвлөсний дагуу иргэний нэхэмжлэгч Ц.О-ын эмчилгээний зардал 990.000 төгрөгийг хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндуламтай яриад түүнийг миний  данс руу хийчих, би хохирогч нарт дамжуулж өгнө гэхээр нь мөнгийг Ц.Гэнэндулам өмгөөлөгчийн данс руу шилжүүлсэн баримт нь одоо надад байна. Би бас нотлох баримтыг нь аваад даатгалаас мөнгө төгрөг авбал хохирол төлбөрт өгөх санаатай хохирогч В.Солонгын эгчтэй ярьсан боловч намайг хохирол төлбөрийн мөнгө өгсөнгүй гэж загнаад байхаар дахиж яриагүй ээ. Би В.Солонгын эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Одоогоор надад эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй байна. Би хохирлыг хуульд заасан журмын дагуу төлж барагдуулахаа илэрхийлж, шийтгэх тогтоол гарснаас хойш 5.100.000 төгрөгийг төлж барагдуулаад байна гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Б.А- нь Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Энхтал багийн төмөр замын 96 дугаар зөрлөгийн орчим 8577 ОРХ улсын дугаартай “W.Touareg” маркийн суудлын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр зүйл, 8.1 дүгээр зүйлийг зөрчсний улмаас Ц.О-ын жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан 1124 ДАХ улсын дугаартай “K.Lotze” маркийн суудлын автомашинтай мөргөлдөж, улмаар Ц.О-ын жолоодож явсан автомашинд зорчиж явсан В.Солонгын биед хүнд, Ц.О-ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.А-ид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж,  хохирогч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.А-ийн үйлдсэн хэргийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нь буруу биш байгаа боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д заасан энэ хуулийн тусгай ангид заасан бол эрх хасах нэмэгдэл ялыг заавал хэрэглэх заалтыг зөрчиж  Б.А-ид “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах” нэмэгдэл ялыг оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин хохирогч В.Солонго болон иргэний нэхэмжлэгч Ц.О- нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч В.Солонгын эмчилгээний зардалд 660.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Буянчимэдийн 1124 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 4.110.000 төгрөг болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдсон.

Шүүгдэгч Б.А- нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.С-ын эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон, иргэний нэхэмжлэгч Ц.Буянчимэдийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 4.110.000 төгрөгийг шийтгэх тогтоол гарсны дараа бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхэд ирүүлсэн банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна. Хохирогч В.Солонгын давж заалдах гомдолд одоо хэдэн төгрөгийн эмчилгээний зардал, хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нотлох баримт ирүүлээгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол, төлбөр бүрэн барагдсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Анхан шатны шүүхэд ирүүлсэн Ц.О-ын нэхэмжилсэн эмчилгээний зардлыг ослын улмаас учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал гэдэг нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  буруу биш байгаа боловч  давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А- нь Ц.О-ын эмчилгээний зардал 990.000 төгрөгийг хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндуламын дансанд шилжүүлсэн гэж мэдүүлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар эрх хасах ялыг биелүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн болон ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан болон үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчийг нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх, ялыг эдлүүлэхэд  хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэхгүй орхисон алдаа гаргасан байгааг тэмдэглэж, цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг:

“4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар Б-ын А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.”гэж өөрчлөн тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.А- нь иргэний нэхэмжлэгч Ц.Буянчимэдэд 4.110.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн болохыг дурдсугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Б.А-ийг нэгдсэн тоо бүртгэлд бүртгэж,  түүнд шүүхээс оногдуулсан эрх хасах ял болон үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                    ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                  Ц.АМАРЖАРГАЛ