Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/03318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ............ тоот хаягт оршин суух, Б овогт Ж.Ж /РД:00000000/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............ хаягт байрлах, ******* /РД:0000000/,

Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмжид 24,576,000 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Ж нь ******* холбогдуулан дутуу олгосон тэтгэмжид 24,576,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Ж.Ж нь 1982 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б-220 тоот тушаалаар Социалист хөдөлмөрийн авто баазад жолоочоор ажилд орж тус байгууллагадаа тасралтгүй ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр*******ын Авто тээврийн үйлчилгээний төвийн даргын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.*******д тасралтгүй ажилласан тэтгэмж олгох журмын дагуу надад 18 сарын тэтгэмж олгох ёстой. Гэвч хариуцагч байгууллага нь 8 сарын тэтгэмжийг хасаж, олгох ёстой байсан тэтгэмжийг бодохдоо 1982 оны 6 дугаар сарын 29-ны өдрөөс 2001 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааг үндэслэлгүйгээр хасаж, 10 сарын тэтгэмжид 30,720,000 төгрөг олгосон. Иймд миний 1982 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2001 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааг төмөр замд ажилласанд тооцож, дутуу олгосон 8 сарын тэтгэмжид 1 сарын 3,072,000 төгрөг, нийт 24,576,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлээд байгаа 24.576.000 төгрөгийг ямар тооцооллоор гаргаад байгаа нь тодорхойгүй. 1 сарын тэтгэмж нь 3.072.000 төгрөг болно гэж яаж тооцсон юм. Тэр талаарх нотолгоо баримт байхгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод байгаа үнийн дүн нь анхнаасаа тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь*******-д хэдэн жил ажилласнаа тодорхойлж чадахгүй байна. Анх 1982 оны 06 сарын 29-ний өдөр 220 тоот тушаалаар нэхэмжлэгч нь*******-д ажилд орсон. Ажиллах явцдаа 1988 онд Автобаазынхаа тушаалаар ажлаас чөлөөлөгдөж тухайн үеийн нэршлээр*******-ын Прокурорын газарт шилжсэн байна. Тухайн прокурорын газартаа 2001 он хүртэл ажилласан. 2001 оны Нийслэлийн прокурорын газрын Ж-ы өөрийнх нь хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлсөн. Хэрэгт 2001 оны 07 сарын 27-ны өдрийн*******-ын Автобаазын даргын тушаал Хөдөлмөрийн гэрээ байгуулж Автобаазад дахин ажиллах болоод 2001 оноос 2021 он хүртэл ажиллаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. 1982 оноос 2021 он хүртэл нийт 39 жил хөдөлмөрлөснийхөө 26 жилийг******* ХНН-д ажилласан. 13 жил нь Прокурорын газарт ажилласан.******* ХНН-ээс тасралтгүй ажилласан журмаараа 10 сартай тэнцэх тэтгэмжийг олгодог. Үүний дагуу нэхэмжлэгчид 2021 оны 12 сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тушаал гаргаж 8 сарын тэтгэмж, харин 2022 оны 5 сарын 11-ний өдөр 2 сарын тэтгэмжийг нөхөж олгоод 26 жил ажилласан хэмжээнд нь тохирч 10 сарын тэтгэмж болох 30.720.000 төгрөгийг******* ХНН-ээс нэхэмжлэгчид олгосон. Маргааны зүйл бол Прокурорт ажиллаж байсан 13 жилийг*******-д ажилласан гэж үзээд энэ хугацаанд оролцуулах гээд байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаар*******-ын Прокурорт ажилласан 13 жил ажилласан баримт нь*******-д ажилласан гэж үзэхгүй гэдэг нь нотлогдож байгаа.*******-ын үйл ажиллагааны Улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэгт өгсөн. Гэрчилгээн дээр манай нийгэмлэгийн үйл ажиллагааны чиглэл нь Монгол улсын төмөр замын тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэсэн чиглэлтэй ажилладаг тээврийн байгууллага юм. Харин нэхэмжлэгчийн 1988-2001 он хүртэл ажилласан*******-ын Прокурорын газар нь Прокурорын тухай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг байгууллага юм. Прокурорын байгууллага бол Монгол улсад Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих юм.******* ХНН-ийн үйл ажиллагаанд ийм чиглэл байхгүй. Талуудын хүсэлтээр сүүлд Тээврийн прокуророос тайлбар бичиг авсан. Тээврийн прокурорын 2022 оны 09 сарын 12-ны өдрийн албан бичигт Прокурорын газар буюу нэхэмжлэгчийн маргаад байгаа******* Прокурорын газар нь 1955 онд Сайд нарын зөвлөлийн 422 тоот тогтоолоор үүсгэн байгуулагдсан байгууллага юм. Төмөр замын салбарт гэмт хэрэг шалган шийдвэрлэх тусдаа чиг үүрэг бүхий дагнасан байгууллага юм гээд хариу ирсэн. Нэхэмжлэгч тал энэ тушаалыг үгийн шууд утгаар ойлгоод байна. Үзлэгийн баримтад тухайн үеийн нийгмийн тогтолцоо буюу Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1955 оны 09 сарын 06-ны өдрийн 422 тоот тогтоол дээр тодорхой дурдсан. Үүнд*******-ын газрын дэргэд шүүх болон прокурорын байгууллагыг 1955 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн байгуулсугай гэж заасан. Бидний маргааны агуулга хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаант учир Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Хөдөлмөрийн тухай хуулиар гомдол гаргах хоёр төрлийн хугацаа тогтоож өгсөн байдаг. Гомдол гаргах тал нь өөрийн эрхээ зөрчснийг мэдсэн эсхүл тэтгэвэрт гарах үед нь тэтгэмжийг нь дутуу олгосон гэдэг үйл баримтыг мэдсэн үеэс эхэлж тоолох зохицуулалттай. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад тусгасан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал 2021 оны 12 сарын 23-ны өдөр гарсан учраас 1999 оны хуучин Хөдөлмөрийн хууль үйлчилнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т заасан эдгээр зүйлсийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах эрхтэй. Энэ нь гомдлыг шүүхээс гадна урьдчилан шийдвэрлэх нөхцөл юм. Нэхэмжлэгчийг 2021 оны 12 сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөх үед тэтгэмжийг нь 8 сар олгосон гэдгийг мэдсэн гэж тооцсон. Яагаад гэвэл тушаал дээр 8 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгосугай гээд заачихсан. Тэгэхээр нэхэмжлэгч энэ үеэс эхэлж хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэдгийг мэдсэн гэж тооцох үндэслэлтэй байна. Үүнээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар 3 сарын дотор байгууллагынхаа хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах эрхтэй байсан боловч энэ энэ эрхээ эдлээгүй. Нэхэмжлэгч нь ажил олгогчид хандаад хүний нөөцөөс тодорхой хариу авч улмаар 2022 оны 05 сарын 01-ний өдөр шүүхэд ханджээ. Хуулиар аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол ажил олгогчид хандана гэсэн зохицуулалт байхгүй. Гагцхүү байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандана. Түүнээс гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд хандана гэж тодорхой заасан. Нэхэмжлэгч энэ талаар хуульд заасан хугацааг баримталж шүүхэд гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна. Тасралтгүй ажилласан журам нь он удаан жил ажилласнаар нь цалингийн нэмэгдэл тооцдог. Нэхэмжлэгч талаас энэ журмын 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтаар Прокурорт ажилласан жилийг нь үргэлжлүүлэн тооцох үндэслэлтэй гэж тайлбарлаад байдаг. Энэ журмын 3.1 дэх заалтын агуулгыг сайн ойлгох хэрэгтэй.******* ХНН-д ажиллаж байгаад дор дурдсан шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцалсны дараа эргэж ажиллавал*******-д урд ажилласан хугацааг үргэлжлүүлэн тасралтгүй ажилласан хугацаанд тооцно. Харин*******-д ажиллаагүй завсардсан хугацааг ажилласан хугацаанд тооцохгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн Прокурорт ажилласан хугацааг бид завсардсан хугацаа гэж үзээд байгаа юм. Яагаад гэвэл Төмөр замын салбар нэгжид ажиллаагүй. Харин бид ажилтандаа эерэг байдлаар прокурорт шилжихээс өмнөх 6 жил 1982-1988 оныг тооцож тэтгэмжийг олгосон. Ийм үйл баримтыг шүүхээс анхаарч үзэх шаардлагатай. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс Улаанбаатар Төмөр замын Авто баазын 1988.07.29-ний Б/204 тоот ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаал,*******ын Авто тээврийн үйлчилгээний төвийн даргын 2021.12.23-ны Б-110 тоот Ж.Ж-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Социалист хөдөлмөрийн Авто баазын даргын 1982.06.29-ний Б-220 тоот ажилд томилох тухай тушаал, Улаанбаатар төм замын Хүний нөөцийн албаны 2022.04.04-ний 18/166 тоот хариу, Улаанбаатар Төмөр замын Авто тээврийн үйлчилгээний төвийн 2022.01.13-ны 42/18 тоот тодорхойлолт, фото зураг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.04.26-ны 3619 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, Ж.Ж-ы хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ж.Ж-ы нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар шүүхэд өгсөн.

Хариуцагчаас Улаанбаатар Төмөр замын даргын 2020.03.12-ны А-195 тоот журам шинэчлэн батлах тухай тушаал, Улаанбаатар Төмөр зам ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам, Улаанбаатар Төмөр зам ХНН-ээс тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журам, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улаанбаатар Төмөр замын Авто баазын даргын 2001.07.27-ны 63 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал,*******ын Авто тээврийн үйлчилгээний төвийн даргын 2021.12.23-ны Б-110 тоот Ж.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Улаанбаатар төмөр замын Авто тээврийн үйлчилгээний төвийн даргын 2022.05.11-ний Б-31 тоот Ж.Ж-д тэтгэмж нөхөж олгох тухай тушаалыг шүүхэд гаргасан өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн Прокурорын газраас 2001.07.26-ны 46 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, Монгол Улсын Ерөнхий Прокурор цахим хуудаст байрлах Прокурорын байгууллагын түүхэн товчоон номонд үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Тээврийн Прокурорын газраас Улаанбаатар Төмөр замын Прокурорын газрын 1988.07.25-ны 12 тоот Ж.Жыг ажилд авах тухай тушаал, Улсын Прокуророос гаргасан 63 тоот тушаал, Монгол Улсын Их хурлын 1993.07.09-ний 59 тоот Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай тогтоолыг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. 1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ж.Ж нь 1982 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б-220 тоот тушаалаар Социалист хөдөлмөрийн авто баазад жолоочоор ажилд орж тус байгууллагадаа тасралтгүй ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр*******ын Авто тээврийн үйлчилгээний төвийн даргын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.*******д тасралтгүй ажилласан тэтгэмж олгох журмын дагуу надад 18 сарын тэтгэмж олгох ёстой. Гэвч хариуцагч байгууллага нь 8 сарын тэтгэмжийг хасаж, олгох ёстой байсан тэтгэмжийг бодохдоо 1982 оны 6 дугаар сарын 29-ны өдрөөс 2001 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааг үндэслэлгүйгээр хасаж, 10 сарын тэтгэмжид 30,720,000 төгрөг олгосон. Иймд миний 1982 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2001 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааг төмөр замд ажилласанд тооцож, дутуу олгосон 8 сарын тэтгэмжид 24,576,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1 Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлийн үнийн дүнг нотлох баримт байхгүй. Улаанбаатар Төмөр замын Прокурор нь*******ын харъяаны байгууллага биш, Улаанбаатар төмөр замын байгууллагад 26 жил ажилласан тэтгэмжийг олгосон. Прокурорын байгууллагад 13 жил ажилласан нь нотлогдож байгаа тул энэ хугацаа нь*******д ажилласанд тооцогдохгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Улаанбаатар Төмөр замын Авто баазын даргын 1988.07.29-ний Б/204 тоот ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаал,*******ын Авто тээврийн үйлчилгээний төвийн даргын 2021.12.23-ны Б-110 тоот Ж.Ж-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Социалист хөдөлмөрийн Авто баазын даргын 1982.06.29-ний Б-220 тоот ажилд томилох тухай тушаал, Улаанбаатар төм замын Хүний нөөцийн албаны 2022.04.04-ний 18/166 тоот хариу, Улаанбаатар Төмөр замын Авто тээврийн үйлчилгээний төвийн 2022.01.13-ны 42/18 тоот тодорхойлолт, фото зураг өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, Ж.Ж-ы хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ж.Ж-ы нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Улаанбаатар Төмөр зам ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам, Улаанбаатар Төмөр зам ХНН-ээс тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журам, Улаанбаатар Төмөр замын Авто баазын даргын 2001.07.27-ны 63 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал,*******ын Авто тээврийн үйлчилгээний төвийн даргын 2022.05.11-ний Б-31 тоот Ж.Ж-д тэтгэмж нөхөж олгох тухай тушаал, Нийслэлийн Прокурорын газраас 2001.07.26-ны 46 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, Монгол Улсын Ерөнхий Прокурор цахим хуудаст байрлах Прокурорын байгууллагын түүхэн товчоон номонд үзлэг хийсэн тэмдэглэл, Улаанбаатар Төмөр замын Прокурорын газрын 1988.07.25-ны 12 тоот Ж.Ж-ыг ажилд авах тухай тушаал, Улсын Прокуророос гаргасан 63 тоот тушаал, Монгол Улсын Их хурлын 1993.07.09-ний 59 тоот Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай тогтоол зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

6. Ж.Ж нь Социалист хөдөлмөрийн Авто баазын даргын 1982.06.29-ний Б-220 тоот тушаалаар жолоочийн ажилд орж, Улаанбаатар Төмөр замын Авто баазын даргын 1988.07.29-ний Б/204 тоот ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаалаар Улаанбаатар Төмөр замын Прокурорын газарт автомашины хамт шилжин иржээ.

Улаанбаатар Төмөр замын Прокурорын 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 12 тоот тушаалаар Ж.Ж-ыг тусгай зориулалтын шуурхай албаны суудлын автомашины жолоочоор ажилд авч, 1991 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 25 тоот тушаалаар Улаанбаатар хотын Прокурорын газрын мэдэлд шилжүүлсэн байна. Улмаар Улаанбаатар хотын Прокурорын газрын 1991 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 48 тоот тушаалаар шуурхай албаны автомашины жолоочоор ажилд авч, Нийслэлийн Прокурорын 2001 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 46 тоот тушаалаар өөрийнх нь хүсэлтээр Ж.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Улаанбаатар төмөр замын Авто баазын даргын 2001 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 63 тоот тушаалаар жолоочоор ажилд авч,*******ын Авто тээврийн үйлчилгээний төвийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б-110 тоот тушаалаар Ж.Ж-ыг 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх үйл баримтаар Ж.Ж нь нийт 39 жил ажиллажээ.

7. Нэхэмжлэгч нь 39 жилийг тасралтгүй*******ын байгууллагад, түүний харъяа төрийн захиргааны байгууллагад ажилласан гэж, хариуцагч нь үүнээс 26 жил 5 сарыг*******д тасралтгүй ажилласан,*******ын харъяа төрийн захиргааны байгууллагад ажилласан хугацааг Улаанбаатар Төмөр замын байгууллагад ажилласан гэж үзэхгүй маргаж байна.

8. Улаанбаатар Төмөр зам ХНН-ээс тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журмын 1.2-т*******д тасралтгүй ажилласан хугацааг харгалзан 18 сар хүртэл сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгохоор зохицуулжээ. Энэхүү журмын дагуу эрэгтэй ажилтны хувьд 35 ба түүнээс дээш жил ажилласан тохиолдолд 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор байна.

9.*******ын Авто тээврийн үйлчилгээний төвийн даргын 2021.12.23-ны Б-110 тоот Ж.Ж-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал,*******ын Авто тээврийн үйлчилгээний төвийн даргын 2022.05.11-ний Б-31 тоот Ж.Ж-д тэтгэмж нөхөж олгох тухай тушаалаар Ж.Ж-ыг 26 жил 5 сар ажилласан гэж үзэж, Улаанбаатар Төмөр зам ХНН-ээс тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журамд 25-29 жил ажилласан бол 10 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно гэж зааснаар 10 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон байх ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

10. Улаанбаатар Төмөр зам ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын гуравдугаар зүйлд тасралтгүй ажилласан хугацааг үргэлжлүүлэн тооцох нөхцөлийг тодорхойлсон байх бөгөөд 3.1-д*******-д ажиллаж байгаад дор дурдсан шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцалсны дараа эргэж ажиллавал*******-д урьд ажилласан хугацааг үргэлжлүүлэн, тасралтгүй ажилласан хугацаанд тооцно. Харин*******-д ажиллаагүй, завсардсан хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд оруулж тооцохгүй. Үүнд: 3.1.1.*******-д ажиллаж байгаад төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ажиллаж байсан бол гэж заажээ.

Энэхүү заалтыг зохигчид өөр өөр байдлаар тайлбарлаж, ойлгож байгаа нь маргааны зүйл болно.

11. Хариуцагч Улаанбаатар Төмөр зам ХНН нэхэмжлэгч Ж.Ж-ыг анх тэтгэвэрт гарахад нь түүний ажилласан хугацааг 2001 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 20 жил 4 сар гэж тооцож, 8 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон байх бөгөөд*******ын Авто тээврийн үйлчилгээний төвийн даргын 2022.05.11-ний Б-31 тоот Ж.Ж-д тэтгэмж нөхөж олгох тухай тушаалаар Улаанбаатар Төмөр зам ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын 3.1, 3.1.1 дэх заалтыг баримтлан*******ын Прокурорт ажиллаж байсан тул төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ажилласан гэж үзэж урьд ажилласан 1982 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанаас 2001 оны 7 дугаар сарын 27-ныг үргэлжлүүлэн тасралтгүй ажилласанд тооцсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

12. Өөрөөр хэлбэл, тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын 3.1 дэх заалт бол урьд нь*******д ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээг цуцалж, журамд заасан тодорхой газруудад ажиллаж байгаад эргэж*******д ажиллавал урьд ажилласан хугацааг нь сүүлд ажилласан хугацаатай нь тасралтгүй ажилласанд оруулж тооцох тухай зохицуулалт болохоос тэдгээр байгууллагад ажилласан хугацааг мөн адил*******д ажилласанд тооцох агуулгагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг баримтлан хариуцагч *******аас 24,576,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Ж-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, заалтыг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 280,830 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.                                   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ