Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01987

 

Ж.Жы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/03318 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ж.Ж

Хариуцагч: М  

Нэхэмжлэлийн шаардлага: тэтгэмжид 24,576,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ж.Ж нь 1982 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б-220 тоот тушаалаар Социалист хөдөлмөрийн авто баазад жолоочоор ажилд орж тус байгууллагад тасралтгүй ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Цын Авто тээврийн үйлчилгээний төвийн даргын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

1.2 Цд тасралтгүй ажилласан тэтгэмж олгох журмын дагуу Ж.Жд 18 сарын тэтгэмж олгох ёстой. Гэвч хариуцагч байгууллага нь 8 сарын тэтгэмжийг хасаж, олгох ёстой байсан тэтгэмжийг бодохдоо 1982 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2001 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааг үндэслэлгүйгээр хасаж, 10 сарын тэтгэмжид 30,720,000 төгрөг олгосон. Иймд Ж.Жы 1982 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2001 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааг төмөр замд ажилласанд тооцож, дутуу олгосон 8 сарын тэтгэмжид 1 сарын 3,072,000 төгрөг, нийт 24,576,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгч Ж.Ж нь 1982 оны 06 дугаар сараас эхлэн УБТЗ-ын Авто баазад жолоочийн ажил, албан тушаалд ажиллаж эхэлсэн. 2021 онд өндөр насны тэтгэвэрт гарах шалтгаанаар Авто тээврийн үйлчилгээний төвийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

2.2 “УБТЗ” ХНН-ээс өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтнууддаа “УБТЗ” ХНН-ийн даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А-195 тоот тушаалаар батлагдсан “Ц” ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам”, “Ц” ХНН-ээс тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журам”-ыг тус тус баримтлан УБТЗ-д ажилласан хугацаагаар нь тодорхой тэтгэмж нэг удаа олгодог. Уг журмаар тасралтгүй ажилласан хугацааг тооцох болон тус хугацааг тасарсан, эсхүл үргэлжлүүлэн тооцох нөхцөлүүдийг тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэгч Ж.Жы хувьд тус журмын 3.1-т заасан нөхцөл буюу өөр байгууллагад ажиллахаар ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогддог. Журмын 3.1-т “УБТЗ”-д ажиллаж байгаад дор дурдсан шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцалсны дараа эргэж ажиллавал “УБТЗ”-д урьд ажилласан хугацааг үргэлжлүүлэн, тасралтгүй ажилласан хугацаанд тооцно. Харин “УБТЗ”-д ажиллаагүй, завсардсан хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд оруулж тооцохгүй. 3.1.1-т “УБТЗ”-д ажиллаж байгаад төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ажилласан бол” гэж тодорхой заасан.

2.3 Нэхэмжлэгчийн хувьд тээврийн прокурорын байгууллагад жолоочоор шилжин ажилласан нь нотлогдож байх ба 2001 онд Нийслэлийн прокурорын 46 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь өөрийн нь хүсэлтийн дагуу цуцалжээ. Дээрх тохиолдолд журмын 3.1.1 дэх заалтад хамаарч байна. Улмаар 2001 онд Нийслэлийн прокуророос ажлаас чөлөөлөгдөөд УБТЗ-д дахин ажилд орсон байх ба ажил олгогчоос журмын 3.1 дэх заалтыг баримтлан тасралтгүй ажилласан жилийн үргэлжлүүлэн тооцсон ба харин прокурорт ажилласан буюу УБТЗ-д ажиллаагүй жилийг завсардсанд тооцсон.

2.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг тэтгэмжийн зөрүүний талаар маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлд зааснаар байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай бөгөөд хэрэв комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар комиссын шийдвэрийг шүүхэд давж заалдах боломжтой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Маас 24,576,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Жы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, заалтыг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 280,830 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.      

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Ж.Ж 1982 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б-220 тоот тушаалаар Социалист хөдөлмөрийн авто баазад жолоочоор ажилд орж тус байгууллагадаа тасралтгүй ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Цын авто тээврийн үйлчилгээний төвийн тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. “Ц” ХНН нь Цын ХХН-т тасралтгүй ажилласан тэтгэмж олгох журмын дагуу 18 сарын тэтгэмж олгох ёстой байсан. Ж.Ж тус байгууллагад нийт 39 жил 7 сар тасралтгүй ажилласан гэж үзэж байгаа. Учир нь, Ж.Ж анх тус байгууллагад ажилд орж, тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан. Иймд нийт 35 ба түүнээс дээш жил ажилласан тохиолдолд 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бодож олгох ёстой. Гэвч хариуцагч нь 8 сарын тэтгэмжийг хасаж тооцсон.

4.2 Хариуцагч нь хариу тайлбар болон холбогдох хариу мэдэгдэлдээ “...Ж.Ж нь 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2001 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл УБТЗ ХХН-д ажиллаагүй байна. Учир нь, прокурорын байгууллага нь манай байгууллагад хамааралгүй бөгөөд УБТЗ ХНН-д тасралтгүй ажилласан гэж үзэхгүй тул тэтгэмжийг хасаж тооцсон нь хууль болон УБТЗ ХХН-д тасралтгүй ажилласан тэтгэмж олгох журмыг зөрчөөгүй” гэж тайлбарладаг. Шүүх дүгнэхдээ “УБТЗ-ын 3.1.1 дэх заалтыг талууд өөр байдлаар тайлбарлан ойлгож байгаа нь маргааны гол зүйл болно” гэж үзсэн бөгөөд энэ нь маргааны зүйл биш. Нэхэмжлэгч нь дутуу авсан тэтгэмжийн зөрүүг хууль болон тус журмын хэд хэдэн заалтыг үндэслэн шаардсан. Үүнд Цын ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын 2.1.1, 3.1.1, 3.2, 4.2 дахь заалтуудад тодорхой зааж өгсөн.

4.3 Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн тус журмын 3.1-т заасныг тайлбарлан хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, тус заалтын дагуу тэтгэмжийн зөрүүг нөхөж олгосонтой бид маргаагүй. Харин тус байгууллагад тасралтгүй ажилласан гэж үзэж байгаа тул дутуу олгосон тэтгэмжийн зөрүүг олгож өгөхийг шаардсан боловч шүүх тус байгууллагад ямар үндэслэлээр  тасралтгүй ажилласан гэж үзэхгүй байгааг тайлбарлаагүй байгаад гомдолтой байна.

4.4 Хэрэгт авагдсан баримтаас харахад төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өөрийн хүсэлтээр бус байгууллагын томилгоогоор сэлгэн ажиллаж байсан нь нотлогдож байна. Гэтэл шүүх мөн нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дутуу авсан тэтгэмжийн зөрүүг олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгч улсад 39 жил ажилласанд маргадаггүй. Үүнээс 26 жил Мд ажилласан. 13 жилийг прокурорын байгууллагад ажилласан. Уг 13 жилийн Мд ажилласнаар тооцохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй. Намайг байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас шилжүүлсэн гэж тайлбарласан. 1988 онд шилжүүлсэн тушаалыг үзэхэд Ж.Жыг Мын авто баазын ажлаас чөлөөлж, Мын прокурорын байгууллагад шилжүүлсүгэй гэсэн тушаал. Иймд байгууллага хооронд сэлгэн ажиллуулахаар шилжүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлж шилжүүлсэн.

5.2 Мөн хэрэгт Мын прокурорт шилжиж ирсэн Ж.Жы тушаал хэрэгт авагдсан. Прокурорын байгууллагад ажилласан жилийн Мд ажилласан жил гэж үзсэн нь үндэслэлгүй. Прокурорын байгууллага тусдаа чиг үүрэгтэй байгууллага. М тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага.

5.3 Хэрэгт авагдсан Мд тасралтгүй ажилласан журамд маргадаг. Нэхэмжлэгч миний шилжсэн байдал журамд байдаггүй учир үргэлжлүүлэн тооцох шаардлагатай гэж тайлбарладаг. Гэтэл уг журмын 3 дугаар зүйлд ямар тохиолдолд өмнө ажилласан жилийн үргэлжлүүлэх тооцох, ямар тохиолдолд ажилласан жилийг тасарсанд тооцох талаар тодорхой заасан. Журмын 3.1-д заасныг судлан үзэх шаардлагатай ба Мд ажиллаж байгаа доор дурдсан шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараа эргэн ажиллавал урьд ажилласан хугацаанд үргэлжлүүлэн тасралтгүй ажилласан хугацаанд тооцно. Харин Мд ажиллаагүй завсардсан хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд оруулж тооцохгүй гэж заасан.

Иймд бид прокурорын байгууллагад 13 жил ажилласан хугацааг завсардсан, тасарсан хугацаа гэж тооцож байна. Мөн журмын 3.1.1-д прокурорын байгууллагад шилжихээс өмнөх 6 жил ажилласныг сүүлд тэтгэвэрт гарах хүртэл ажилласан 20 жилийн нийлүүлж тооцон 26 жил ажилласан байна гэж үзэн, 10 сарын тэтгэмж 30,000,000 төгрөгийг олгосон. Журмыг завсардсан тооцно гэдгийг буруу ойлгож нэхэмжлэлийн шаардлага гаргасныг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

2. Нэхэмжлэгч Ж.Ж нь хариуцагч Мд холбогдуулан тэтгэмжид 24,576,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...1982 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б-220 дугаар тушаалаар Социалист хөдөлмөрийн авто баазад жолоочоор ажилд орж тус байгууллагадаа тасралтгүй ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Цын Авто тээврийн үйлчилгээний төвийн даргын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Цд тасралтгүй ажилласан тэтгэмж олгох журмын дагуу 18 сарын тэтгэмж олгох ёстой байтал хариуцагч нь 8 сарын тэтгэмжийг олгоогүй. Иймд 8 сарын тэтгэмжид 1 сарын 3,072,000 төгрөг, нийт 24,576,000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон.  

4. Хэрэгт авагдсан баримтаар доорх үйл баримт тогтоогдсон байна.

4.1 Цын авто баазын даргын 1982 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б-220 дугаар тушаалаар Ж.Жыг жолоочийн ажилд томилсон. Улмаар мөн авто баазын даргын 1988 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 000 дугаар тушаалаар түүнийг жолоочийн ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Цын прокурорын газрын мэдэлд шилжүүлсэн.

4.2 Цын прокурорын 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар тушаалаар Ж.Жыг тус прокурорын газрын тусгай зориулалтын шуурхай албаны суудлын автомашины жолоочийн ажилд томилсон. Нийслэлийн прокурорын 2001 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

4.3 Цын авто баазын даргын 2001 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 63 дугаар тушаалаар Ж.Жыг жолоочийн ажилд томилсон. Улмаар Цын авто тээврийн үйлчилгээний төвийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б-110 дугаар тушаалаар Ж.Жыг 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.

4.4 Түүнчлэн, Цын Авто тээврийн үйлчилгээний төвийн даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б-31 дугаар тушаалаар Ж.Жы 1982 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх 06 жил 01 сарын ажилласан хугацааг тасралтгүй ажилласанд тооцож хариуцагчаас 10 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 30,720,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон үйл баримтын талаар зохигч маргаагүй.

5. Мын даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/195 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Ц” ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Тасралтгүй ажилласны нэмэгдэл хэмжээ”-г, 3 дугаар хавсралтаар “Ц ХНН-ээс тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журам”-ыг тус тус баталсан байна.

5.1 “Ц ХНН-ээс тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журам”-ын 1.1-д “...УБТЗ-д тасралтгүй ажилласан хугацааг харгалзан өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тэтгэмж олгоход энэхүү журмыг мөрдлөг болгоно” гэж, 1.2-т ажил олгогчийн санаачилгаар болон ажилтны өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан эрэгтэй ажилтанд “УБТЗ”-д 0-35 жил ба түүнээс дээш тасралтгүй ажилласан хугацааг харгалзан 2-оос 18 сар хүртэлх сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгохоор заажээ.

5.2 “Ц” ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам”-ын 2-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмыг, 3-т тасралтгүй ажилласан хугацааг үргэлжлүүлэн тооцох нөхцөлийг, 4-т тасралтгүй ажилласан хугацааг тасарсанд тооцох үндэслэлийг заажээ.    

Тодруулбал, “Ц ХНН-ээс тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журам” нь ажилтны тухайн байгууллагад тасралтгүй ажилласан хугацаанаас хамаарч нэг удаагийн тэтгэмж олгох харилцааг, “Ц” ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам”-аар тухайн байгууллагад ажилласан ажилтны тасралтгүй ажилласан хугацааг тоолох, мөн хугацааг үргэлжлүүлэн болон тасарсанд тооцох харилцааг тус тус зохицуулсан байна.

6. Нэхэмжлэгч нь 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2001 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Цын прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар жолоочоор ажиллаж байсан нь тогтоогдож байх бөгөөд уг хугацааг нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагад ажилласанд тооцохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх хугацаанд Цын болон Нийслэлийн прокурорын газарт ажилласан нь “Ц” ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам”-ын зохицуулалтад хамаарахгүй. Уг журмын 3.1.1-т “УБТЗ”-д ажиллаж байгаад төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ажиллаж байсан бол тасралтгүй ажилласан хугацаанд тооцохоор заасан. Тодруулбал, нэхэмжлэгчийн дээрх байгууллагад ажилласан хугацааг уг журамд зааснаар хариуцагч байгууллагад тасралтгүй ажилласан гэж үзэх, мөн хугацааг үргэлжлүүлэн болон тасарсанд тооцох үндэслэлд тооцогдохгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн “...шүүх хууль болон журмын 2.1, 2.1.1, 3.1, 3.1, 3.2, 4.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/03318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

    ШҮҮГЧИД                                  Э.ЭНЭБИШ

                                                                                                   М.БАЯСГАЛАН