Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/03339

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .............. байрлах, Т ХХК /РД:0000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, .................. тоот хаягт байрлах, Тө ХХК /РД:0000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 8,800,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Тө ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 8,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Манай компани 2017 онд Тө ХХК-тай амралтын газарт нэмэлт зураг гарган бохирын шугам хийхээр гэрээ байгуулсан. 2017 оны 10 сард уг гэрээг хийгээд ажлын хөлс 8,000,000 төгрөг байсан. Үүнийхээ 50 хувь болох 4,000,000 төгрөгийг төлөөд ажил эхэлсэн байгаа. 10 сард ажил эхэлж байгаад орхиод хавар газар гэсэхээр болъё гээд салсан. Хавар ирнэ гэсэн боловч ирэлгүй явсаар байгаад 2020 он хүргэсэн. Бид араас нь маш их залгадаг байсан. Ярихаар тийм ажилтай, ийм ажилтай гээд бидний зүгээс бүх л асуудалд нь хүлээцтэй хандаж ирсэн. Мэргэжлийн байгууллагад хандсан гэдэг утгаараа маш их хүлээсэн. Огт хийхгүй явсаар байгаад 2020 онд шүүх цагдаа гэж явахад эд нар ажлаа дутуу хийсэн талаараа хүлээн зөвшөөрч байсан. Одоо хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй байгаа. В.Е манай захиралтай ярилцаад төлбөрөө бүрэн төлж дууссан. Бидний хамгийн том алдаа бол тухайн үед бүрэн төлөлтөө хийж дууссан. Тэрнээс хойш 2 удаа хийж өгнө гэдэг бичиг өгсөн. Бид ажлаа хийгээгүй дутуу орхисон гэдгээ хүлээн зөвшөөрөөд байсан. Гэрээн дээр алдангийн асуудал мөн ажил дутуу гүйцэтгэсэн бол хариуцлага хүлээнэ гэдэг заалт хүртэл тусгагдсан байгаа. Шинжээч нар бол мэргэжлийн хүмүүс, анхнаасаа шаардлага хангаагүй байна гэсэн дүгнэлт гарсан. Одоо 5 жил боллоо бид энэ барилгыг ашиглах ямар ч боломж байгаагүй. Өөр шугам, өөр хүмүүс оруулъя гэхээр энэ асуудал шийдэгдээгүй учир оруулаагүй. Тэгэхээр 2017 оны ажлыг чанаргүй гүйцэтгэсэн учраас үндсэн гэрээнээсээ татгалзаж, тус гэрээний үндсэн төлбөр 8,000,000 төгрөг, энэ үйл ажиллагаатай холбоотой манай байгууллагаас гарсан зардал болох өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа Манай компани 2011 оноос хойш цэвэрлэх байгууламж суурилуулж байна. Энэ гэрээний үүргээ биелүүлсэн учраас гэрээнд байгаа үлдэгдэл 50 хувийг манайд шилжүүлсэн. Хэрвээ гэрээний үүрэг биелэгдээгүй бол үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхгүй байх байсан. Бид энэ байгууллагын ажлыг хийхэд бодитой гарсан зардлаа нотлох баримтыг гаргаж өгсөн. Нотлох баримтад харагдаж байгаагаар 6,900,000 төгрөгийг бараа материалын шууд зардалд, үлдэх төлбөрийг бол урсгал зардал цалин зэрэгт явуулсан болно. Өөр бусад зардлыг огт тооцоогүй. Энэ байгууллага манайд урьдчилгаа 4,000,000 төгрөг өгсөн боловч бид бараа материалын төлбөрт 6,900,000 төгрөг, ажлын хөлс, бусад менежментийн зардал гэх зэрэг зардал нь 8,000,000 төгрөгөөс илүү зардал гаргасан. Тэр үндсэн шалтгаан нь захиалагч биднийг хөрсний усгүй, эрүүл хуурай газарт цэвэрлэх байгууламж хийлгэнэ гэж захиалсан байдаг. Эрүүл хуурай газар хийгдсэн тохиолдолд энэ асуудалд ямар ч доголдол гарах боломжгүй. Гэвч хөрсний ус, модтой байсан учраас шүүрлийн ус манай танк руу орж байгаа дүр зураг харагдаж байна. Энэ цэвэрлэх байгууламжийг өнөөдрийг хүртэл энэ байгууллага ашиглаж байгаа. Цаашид энэ цэвэрлэх байгууламжийг ашиглах бүрэн боломжтой. Нэхэмжлэгчийн тайлбарт ажлаа хийж дуусгаагүй гэж яриад байна. Ажлаа хийж дуусгасан учраас үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн. Хийж дуусгасны дараа ирэх зун нь энэнээс нь болоод бид засварлах боломж нөхцөл байгаагүй. Нэгэнт хасах зардал буюу 8,000,000 төгрөгийн зардал гараад явсан дээр дахиад засвар үйлчилгээ гаргах нь биднээс 4,000,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан. Дахиж засварлах нь бидэнд санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан учраас тайлбарлаж байсан. Засварлаж өгснөө нотлохуйц зураг материалуудыг хэргийн материалд хавсаргасан байгаа. Анх гэрээ байгуулахдаа бид газрыг нь очиж үзээгүй. Уулын аманд гэж тайлбарлагдаад гэрээ байгуулан, 10 сард ажил эхлэхэд цас орчихсон. Бид гол устайг мэдэх ямар ч боломжгүй байсан. Тэр үед ухаж механизм хийхэд механизм маань маш их эвдрэл гарсан. Хөлдүүс ихтэй байсан учраас нэг өдөрт хийх ажлыг бид 14 хоног хийж, үүнд 8,000,000 төгрөгөөс давсан зардал гарсан. Анх хийлгэхдээ устай газар дүүрдэг гэдгийг нь мэдсэн бол шууд байшингийнхаа хажууд буюу 3-6 метрийн зайтай хийх юм бол урт шугам явах үед ийм хүндрэл гардаггүй. Гэтэл бидний тавьсан шугам энэ хүмүүсийн хэлсэн хүсэлтийн дагуу 52 метр газар шугам татаад цэвэрлэх байгууламж хийсэн. Анх захиалагч хэлэхдээ хуучин байгаа цэвэрлэх байгууламж нь дүүрчхээд байгаа учраас хажууд нь шинэ цэвэрлэх байгууламж хийгээд хооронд нь холбоод энэ хоёрыг зэрэг ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Тэгээд би өөрөө очиж гэрээгээ байгуулчхаад ажилчдаа явуулаад хийлгэчихсэн. Захиалагчийн хүссэн газар хийсэн. Гэвч энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу намган дунд байсан учраас тектоник хөдөлгөөн гараад цэвэрлэх байгууламжийн завсраар бага хэмжээний шүүрлийн ус орж хөндий зайгаар дүүрээд байгаа нөхцөл байдалтай байна. Түүнээс энэ цэвэрлэх байгууламжийг ашиглах боломжгүй бол огт биш. Шүүрлийн ус нь биднийг хийж байхад байхгүй байсан. Зуны хугацаанд буюу 6-9 сарын хооронд модны цэвдэг буюу цас, мөсний ус нь хар шороон дундуур явсаар байгаад хөндий зайтай хэсгээрээ дүүрчихдэг. Буцаад 10 сараас урсаад байхгүй болчихдог. Манай зүгээс ийм материалаар ингэж хийнэ шүү гэдгийг захиалагчид удаа дараа тайлбарлаж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, В.Е-ийн гар бичмэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөллийн хөлс төлсөн баримт, Б.Д-ийг ажилд томилсон тушаал, Б.Д-ийн Хаан банк дахь 000000000 тоот дансны хуулга, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Т ХХК-ийн шийдвэр, 2017.10.10-ны өдрийн 17/43 тоот ажил гүйцэтгэх гэрээг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 52-ын даваа үнийн задаргаа, ажлын зураг, В.Е-ийн Хаан банк дахь 0000000000 тоот дансны хуулга, компанийн танилцуулга, гүйцэтгэсэн ажлын хэмжилтийн болон бохирын цооногийн зургийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр хийсэн ажлын гүйцэтгэлийн талаар шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2017.10.10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Т аймгийн Б сумын нутаг ........... байрлах, өөрийн эзэмшлийн амралтын газрын дотор цэврийн холболт, гадна бохирын системийн бүх цооног холболтын /S3 загварын септик/ ажлыг 8,000,000 төгрөгөөр хийлгэхээр Тө ХХК-иай тохиролцсон. Гэрээний дүн 8,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Гүйцэтгэгч нь ажлаа бүрэн дуусгаагүй, удаа дараа шаардлага тавихад дуусгана гэсэн хариу өгч байсан. Ашиглах боломжгүй, дутуу зүйл хийсэн тул гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ 8,000,000 төгрөг, өмгөөлөгч авсны зардал 800,000 төгрөг, 8,800,000 төгрөгийг хариуцагч Төгс хурц контсркашн ХХК-иас гаргуулна гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн. Өөрөөс нэмэлт зардал гаргасан, нэхэмжлэгч хөрсний устай, намгархаг газар гэдгээ мэдэгдээгүй, үүнээс болж ажил удааширсан. Манай хийж гүйцэтгэсэн цэвэрлэх байгууламжийг ашиглах боломжтой. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020.04.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний сунгалт, хариуцагчийн Д ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Т ХХК нь Тө ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 17/43 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Т аймгийн Б сумын нутаг ............... байрлах, өөрийн эзэмшлийн амралтын газрын дотор цэврийн холболт, гадна бохирын системийн бүх цооног холболтын /S3 загварын септик/ ажлыг 8,000,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцжээ.

 

6. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэгч дотор цэврийн холболт, гадна бохирын системийн бүх цооног холболтын ажлыг бүрэн хийгээгүй, хүлээлгэж өгөөгүй, засаж, дуусгах шаардлагыг биелүүлээгүй тул ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 8,000,000 төгрөг, гарсан зардал 800,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

7. Талуудын маргааны зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажлын үр дүнг хүлээлцээгүй, гэрээнд заасан ажлыг бүрэн хийж дуусаагүйгээс үүдэн ашиглах боломжгүй, одоог хүртэл дутуу ажлаа дуусгаагүй гэж нэхэмжлэгч нь, ажлыг бүрэн дуусгасан бөгөөд нэхэмжлэгч ажлын үр дүнг ашиглаж байгаа гэж нь маргаж байна.

8. Хариуцагч Тө ХХК нь өөрийн материалаар нэхэмжлэгчийн эзэмшлийн Т аймгийн Б сумын нутаг ........... байрлах, өөрийн эзэмшлийн амралтын газрын дотор цэврийн холболт, гадна бохирын системийн бүх цооног холболтын ажлыг хийхээр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

9. Гэрээгээр хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас талуудын хооронд маргаан үүссэн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ, 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж зааснаар ажил гүйцэтгэгч нь хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

Мөн Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж үзнэ.

10. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримт, шинжээчийн дүгнэлтээр ажил гүйцэтгэгч Тө ХХК нь хийсэн ажлын үр дүнгээ захиалагч тал болох Т ХХК-д хүлээлгэн өгөөгүй, ажлыг хийж дуусгаагүй орхиж явсан болох нь тогтоогдож байна.

11. Хариуцагч Тө ХХК нь ажлыг гүйцэтгэхэд мэдэгдээгүй нөхцөл байдал бий болсон буюу хөрсний устай газар байснаас болж тохиролцсон үнээс их хэмжээний зардал, хугацаа шаардагдсан гэж маргасан боловч Иргэний хуулийн 350.1.3.б-д ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол захиалагчид нэн даруй мэдэгдэх гэсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч талд энэ талаар огт мэдэгдээгүй байна.

12. Захиалагч тал болох Т ХХК нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан гомдлын шаардлага гаргах боломжгүй. Учир нь ажил гүйцэтгэгч нь ажлыг бүрэн дуусгаж, захиалагчийн өмчлөлд шилжүүлээгүй, захиалагч өнөөдрийг хүртэл ашиглаагүй, ашиглах боломжгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзнэ.

13. Хариуцагч нь хийсэн ажлын үр дүнг захиалагч ашиглаж байгаа гэж тайлбарласан ч ажил хүлээлцсэн акт үйлдсэн болон тухайн ажилтай холбоотой санхүү, татварын тайлан, санхүү бүртгэлийн анхан шатны баримт зэргээр нотолж чадахгүй байх тул түүний гаргасан татгалзал үндэслэлгүй гэж дүгнэлээ.

14. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Т ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй байна.

15. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрөөс гарсан зардлаа хохиролд тооцох үндэслэлтэй байна.

16. Хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, 800,000 төгрөгийн төлбөр төлж, зардал гаргажээ.

Иймд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 8,000,000 төгрөг, нэмэлт зардал болсон өмгөөллийн хөлс 800,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хангаж, хариуцагч Тө ХХК-иас гаргуулж шийдвэрлэлээ.

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Тө ХХК-иас 8,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 155,750 төгрөг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ