Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02010

 

 

 

 

 

 

 

2022 11 21 210/МА2022/02010

 

 

 

Т ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/03339 дугаар шийдвэртэй,

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

ТХ ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 8,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунаа, түүний өмгөөлөгч Г.Нямхүү, хариуцагчийн төлөөлөгч В.Е шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Т ХХК нь ТХ ХХК-тай 2017 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр амралтын газарт нэмэлт зураг гарган бохирын шугамын ажлыг 8,000,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон ба төлбөрийн 50 хувь болох 4,000,000 төгрөгийг төлснөөр ажил эхэлсэн.

Шугам тавих ажлыг 10 дугаар сард эхлүүлж, хариуцагч хавар газар гэсэхээр болъё гээд зогсоосон боловч хавар ирэлгүй 2020 он хүргэсэн. Нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад шалтгаан хэлдэг байсан.

1.2. Хариуцагч ТХ ХХК-ийн захирал В.Е манай захиралтай ярилцаж төлбөрөө бүрэн авсан ба үүнээс хойш 2 удаа ажлаа хийх талаар бичиг өгсөн.

Хариуцагч тал ажлаа хийгээгүй дутуу орхисноо хүлээн зөвшөөрсөн. Хариуцагчийн дутуу гүйцэтгэсэн ажлыг шинжээчийн дүгнэлтээр шаардлага хангаагүй болохыг тогтоосон.

Иймд 2017 оны 10 дугаар сард ТХ ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний үндсэн төлбөр 8,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг нийт 8,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компани шугамын ажлыг хийхэд гарсан бодит зардлын нотлох баримтыг гаргаж өгсөн ба бараа материалын шууд зардалд 6,900,000 төгрөгийг, үлдэх хэсгийг урсгал зардал, цалин зэрэгт зарцуулсан.

Нэхэмжлэгч хөрсний усгүй, эрүүл хуурай газарт цэвэрлэх байгууламж хийлгэхээр захиалсан. Анх гэрээ байгуулахдаа газрыг очиж үзээгүй, уулын аманд байрлалтай гэж ойлгосон ба голтой газар гэдгийг мэдэх боломжгүй байсан. Ажлыг хуурай газар хийсэн бол доголдол гарахгүй байсан.

2017 оны 10 дугаар сард ажил эхлэхэд цас орсон ба газар ухаж ажил гүйцэтгэхэд механизмд маш их эвдрэл гарсан. Хөлдүүс ихтэй байсан учраас нэг өдөрт хийх ажлыг бид 14 хоногт хийж 8,000,000 төгрөгөөс илүү зардал гарсан.

2.2. Нэхэмжлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн тул төлбөрийн үлдэгдэл 50 хувийг манай талд шилжүүлсэн.

Биднийг ажлаа эхлэхэд шүүрлийн ус байгаагүй ба 6-9 дүгээр сарын хооронд модны цэвдэг, цас, мөсний ус нь хар шороон дундуур явсаар хөндий зайтай хэсгээрээ дүүрчихдэг ба 10 дугаар сараас урсаад алга болно.

Ажлыг дуусгасан ч зун хөрсний уснаас шалтгаалж засварлах боломжгүй нөхцөл үүссэн. Тус цэвэрлэх байгууламжийг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч ашиглаж байгаа, цаашид ч ашиглах бүрэн боломжтой юм.

Ажил гүйцэтгэлд гарсан асуудал нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.3. Ажлын гүйцэтгэлд 8,000,000 төгрөгийн, засвар үйлчилгээнд 4,000,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан. Засварлаж өгснөө нотлох гэрэл зураг, материалууд хэрэгт авагдсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТХ ХХК-аас 8,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 155,750 төгрөг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Тус ажлыг 2017 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд 2020 онд засвар үйлчилгээ хийсэн. Т ХХК тухайн бохирын шугам хоолой, системийг ашигласаар байгаа юм.

4.2. Миний бие 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр удаа дараа шүүх хуралдаан хойшилсон. Тухайн үед хариуцагчийн төлөөлөгчийн хагалгаанд орсныг харгалзан үзээд асууж дараагийн хуралдааныг товлосон боловч ямар нэгэн хүсэлт ирүүлэлгүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хуралдааныг үргэлжлүүлсэн.

5.2. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 10 дугаар сард байгуулж, бүх ажлыг хийж гүйцэтгэхэд 8,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл ТХ ХХК ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн. Манай компаниас удаа дараа ажлаа дуусгахыг шаардахад ирээгүй атлаа ажлаа хүлээлгэж өгсөн гэх гомдол гаргасныг зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч ТХ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөр 8,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 800,000 төгрөг нийт 8,800,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчид 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч ТХ ХХК нь захиалагчийн амралтын газарт дотор цэврийн холболт, гадна бохирын системийн бүх цооног холболт, дотор угсралтын ажлыг S3 загварын септик системийн ажлыг гүйцэтгэх, захиалагч Т ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, 8,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх39-40/

 

3.а. Талууд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлын талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ...хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг чанарын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй боловч гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж тус тус тайлбарлажээ.

 

3.б. Анхан шатны шүүх хариуцагчийг ажлаа бүрэн дуусгаж захиалагчийн өмчлөлд шилжүүлээгүй, гүйцэтгэсэн ажлыг захиалагч ашиглах боломжгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

Учир нь шүүх талуудын маргаан бүхий үйл баримттай холбоотойгоор хариуцагчийн хийж гүйцэтгэсэн дотор цэврийн холболт, гадна бохирын системийн цооног холболт, дотор угсралтын ажлын хэмжээ, үнэ өртөг, хийсэн ажлыг ашиглах боломжтой эсэхэд дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон байна. /хх63/

 

3.в. Гэтэл хэргийн 73 дахь талд авагдсан 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтэд хариуцагчийн гүйцэтгэсэн ажил нь шугам хоолой угсралтын хувьд алдаа гаргасан гэх агуулга тусгагдсанаас шүүгчийн захирамжид заасан асуудлаар дүгнэлт гаргаагүй байна. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ. /хх73/

 

Хариуцагч хэдэн төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэсэн, түүний гүйцэтгэсэн ажлыг цаашид ашиглах боломжтой эсэх үйл баримтыг тогтоох нь талуудын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

3.г. Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг хуулиар олгоогүй тул маргааны үйл баримтыг тогтоож эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж, хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Иймд энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/03339 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,750 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ