Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/03440

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ............ тоот хаягт оршин суух, Б овогт Ц.Г /РД:00000000/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, .............. тоот хаягт бүртгэлтэй, Б овогт Ж.Х /РД:00000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 7,264,070 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   

1. Нэхэмжлэгч Ц.Г нь Ж.Х-т холбогдуулан нийлүүлсэн махны үлдэгдэл төлбөрт 7,264,070 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Ц.Г нь Баянзүрх хүнсний захад мах худалдан борлуулдаг. Ж.Х нь 2018 оны 12 сарын 22, 23, 24 өдөр ямааны цул мах худалдан авсан. 2018 оны 12 сарын 22-ны өдөр 543,1 кг ямааны цул мах, 2018 оны 12 сарын 23-ны өдөр 283 кг, 2018 оны 12 сарын 24-ний өдөр 692 кг мах, нийт 1 тонн 518 кг мах худалдаж авсан. 1 кг ямааны цул махыг 6,100 төгрөгөөр, нийт 9,264,070 төгрөгийн мах авсан. Э.Э гэх хүн жинлэж өгсөн. Мах худалдаж авсныхаа дараа 2018 оны 12 сарын 31-ний өдөр Ж.Х-ын эхнэр Э-ийн данснаас 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш үлдэгдэл 7,264,070 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Ж.Х нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа ямааны цул мах авдаг байснаа хүлээсэн байгаа. Иймд хариуцагчаас 7,264,070 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Ц.Г-гийн шүүхэд гаргасан 7,264,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна. Ц.Г-гоос 1 кг ч мах худалдаж авч байгаагүй. Ц.Г нь ийм хэмжээний мах бэлтгэх чадваргүй хүн. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж, 1 кг ч мах аваагүй гэдгээ тогтоолгож мэдүүлэг өгсөн. Ж.Х би Ц.Г-гоос 1 кг мах ч худалдаж аваагүй болно. Баянзүрх захаас Ц-аар дамжуулж мах авсан. Ц 2,000,000 төгрөгийг энэ данс руу шилжүүлээрэй гэхэд нь шилжүүлсэн гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1-р хэлтсийн албан бичиг, зарлагын баримт, гар бичмэл, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 5611 дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол, Ц.Г-гийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст гаргасан өргөдөл, 2020.04.02-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.22-ны өдрийн 245 дугаар шийдвэр, Ш.Э-ын Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх зохигчдын хүсэлтээр Баянзүрх дүүргийн Прокурорын Газраас хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэлийг мэдүүлгийг гаргуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Э.Э, Д.Ц, Л.П, Н.Б нарыг гэрчээр асуусан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Ц.Г нь Баянзүрх хүнсний захад мах худалдан борлуулдаг. Ж.Х нь 2018 оны 12 сарын 22, 23, 24 өдөр ямааны цул мах худалдан авсан. 2018 оны 12 сарын 22-ны өдөр 543,1 кг ямааны цул мах, 2018 оны 12 сарын 23-ны өдөр 283 кг, 2018 оны 12 сарын 24-ний өдөр 692 кг мах, нийт 1 тонн 518 кг мах худалдаж авсан. 1 кг ямааны цул махыг 6,100 төгрөгөөр, нийт 9,264,070 төгрөгийн мах авсан. Э.Э гэх хүн жинлэж өгсөн. Мах худалдаж авсныхаа дараа 2018 оны 12 сарын 31-ний өдөр Ж.Х-ын эхнэр Э-ийн данснаас 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш үлдэгдэл 7,264,070 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд хариуцагчаас 7,264,070 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Ц.Г-гоос 1 кг ч мах худалдаж авч байгаагүй. Ц.Г нь ийм хэмжээний мах бэлтгэх чадваргүй хүн. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж, 1 кг ч мах аваагүй гэдгээ тогтоолгож мэдүүлэг өгсөн. Ж.Х би Ц.Г-гоос 1 кг мах ч худалдаж аваагүй болно. Баянзүрх захаас Цар дамжуулж мах авсан. Ц 2,000,000 төгрөгийг энэ данс руу шилжүүлээрэй гэхэд нь шилжүүлсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 5611 дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол, Ц.Г-гийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст гаргасан өргөдөл, 2020.04.02-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Ш.Э-ын Хаан банкны дансны хуулга, Баянзүрх дүүргийн Прокурорын Газраас авсан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Э.Э, Д.Ц, Л.П, Н.Б нарыг мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. 2018 оны 12 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд хариуцагч Ж.Х нь Баянзүрх хүнсний захын махны лангуу ажиллуулдаг хүмүүсээс ямааны цул мах авах талаар зарлаж, 2 өдөр мах бэлдүүлж, 2 дахь өдрийнх нь орой жолооч явуулж авхуулсан байна.

Нэхэмжлэгч Ц.Г нь 2018 оны 12 дугаар сарын 22, 23, 24-ний 3 өдөр мах бэлдэж, нийт 1,518.7 кг ямааны цул махыг 6,100 төгрөгөөр тооцож, 9,264,070 төгрөгийн мах нийлүүлж, 2,000,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 7,264,070 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

6. Талууд бичгээр гэрээ байгуулаагүй байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс мах аваагүй гэж маргав.

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдаххудалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 248 дугаар 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол эд хөрөнгийг хүлээн авсанд тооцногэж заасан.

Зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Ж.Х-т ямааны цул мах бэлтгэж өгсөн болох нь нь тогтоогдож, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

8. Эд хөрөнгийг хүлээн авсан бол үнийг төлөх нь худалдан авагчийн үүрэг. Хариуцагч хэдийгээр мах аваагүй гэх боловч нэхэмжлэгчийн нөхрийн дансанд 2,000,000 төгрөгийг 2018.12.31-ний өдөр шилжүүлжээ.

9. Хариуцагч мах хүлээн аваагүй гэж маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч нь хүлээлгэн өгсөн махныхаа үнэ, хэмжээг нотлох үүрэгтэй.

10. Гэрч Э.Э-ын мэдүүлэг, гар бичмэл, нэхэмжлэгчийн өөрийн үйлдсэн зарлагын баримтаар нийлүүлсэн махны хэмжээг нотолно гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч бусад гэрчүүдийн мэдүүлгээр махыг зөвхөн 2 өдөр бэлдүүлж авсан байна. Гэрч Э.Э нь жин ажиллуулдаг хүний хувьд тухайн үед хэн хэдий хэмжээний мах ачуулж байгааг жигнэж байсан ч 2 жилийн дараа ямар хэмжээтэй мах өгсөн талаар баримт үйлдэхдээ юуг үндэслэсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн өөрийнх нь үйлдсэн зарлагын баримт нь дараа нь үйлдсэн болон хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй, санхүүгийн анхан шатны баримтад тавигдах шаардлага хангахгүй байна.

11. Нэхэмжлэгч нь тухайн хугацаанд 1,5 тн ямааны цул мах бэлтгэсэн байсан гэдгээ өөр бусад байдлаар нотолж чадаагүй.

12. Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 7,264,070 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ж.Х-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,264,070 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,175.12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ