Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/02038

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         Ц гийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/03440 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц гийн,

 

Хариуцагч Ж т холбогдуулан гаргасан

 

7,264,070 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би Баянзүрх хүнсний захад мах худалдан борлуулдаг ба Ж нь 2018.12.22-ны өдөр 543,1 кг, 23-ны өдөр 283 кг, 24-ний өдөр 692 кг, нийт 1,518 кг ямааны цул махыг 1 кг-ыг нь 6,100 төгрөгөөр тооцон нийт 9,264,070 төгрөгийн үнэ бүхий мах худалдан авсан.

Махыг хамт ажилладаг Э.Энхтогтох жинлэж өгсөн. Ж мах худалдаж авсныхаа дараа 2018.12.31-ний өдөр эхнэр н.Эрдэнэцэцэгийнхээ данснаас 2,000,000 төгрөгийг шилжүүлснээс өөр төлбөрийг шилжүүлээгүй. Одоо 7,264,070 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ч төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Хариуцагч нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа надаас ямааны цул мах авдаг байснаа хүлээсэн. Иймд Ж аас 7,264,070 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Ц гоос мах худалдаж авч байгаагүй. Тэрээр энэ хэмжээний мах бэлтгэх чадваргүй. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байх үед мах аваагүй гэдгээ мэдүүлсэн. Баянзүрх захаас н.Цэрэндамбаар дамжуулж мах авсан ба тэрээр ХААН банкны 5035005515 тоот данс руу 2,000,000 төгрөг шилжүүлээрэй гэхэд нь шилжүүлсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж аас 7,264,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,175.12 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй тухайд,

а. Ж нь шүүх хуралдаанд илт худал мэдүүлж Баянзүрх захаас мах авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч нэхэмжлэгчээс мах аваагүй гэсэн. Гэрч Д , Л , Н нарын мэдүүлгээр Ж , Ц нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдэг нь нотлогдож шүүхээс гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн.

б. Ж 10 орчим тонн мах авахыг жин хариуцсан хүнээр дамжуулан санал тавьж Э.Энхтогтох, Д нараар Баянзүрх захын хэд хэдэн лангуунаас мах цуглуулан жинлэж жолоочоороо дамжуулан авсан гэдгийг гэрч нар нотолсон. Баянзүрх захад жин хариуцан ажилладаг Э.Энхтогтохын худХ худалдааны төвийн тамгатай баримтаар Ц гоос Ж т 2018.12.22-ны өдөр 543,1 кг, 23-ны өдөр 283.6 кг, 24-ний өдөр 692 кг махыг тус тус хүлээлгэж өгсөн нь тогтоогдсон. Мөн гэрч Л гийн мэдүүлгээр энэ нь мөн нотлогдож 1 тонн орчим махыг Ц нь Ж т худалдсан гэснийг шүүх бусад гэрч нарын мэдүүлэг, холбогдох нотлох баримтыг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамраалтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.

в. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ц нь гэрээний дагуу махыг бүрэн шилжүүлж үүргээ биелүүлсэн ч Ж нь 9,264,070 төгрөгийн мах худалдан авснаас 2,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлж, үлдэгдэл төлбөр 7,264,070 төгрөгийг төлөөгүй. Хариуцагч махны үнийг төлсөн нотолгоогүй байхад шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолд хариу тайлбар ирүүлээгүй болно.

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

  1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ “2018 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Баянзүрх худалдааны төвийн махны худалдагч нараас ямааны мах худалдан авах үеэр Ц нь 1,518 кг махыг 1 кг-ийг нь 6,100 төгрөгөөр тооцон, нийт 9,264,070 төгрөгийн үнэ бүхий мах нийлүүлсэн, махны үнээс 2,000,000 төгрөгийг эхнэр Ш.Эрдэнэцогтын дансаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн, үлдэх мөнгийг гаргуулна” гэж тайлбарлажээ.
  2. Хариуцагч эс зөвшөөрч, “Д ар дамжуулж мах авсан, түүний заасан дансанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн, Ц гоос мах аваагүй” гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан, талууд маргасан байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж, нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

     5. Ж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ц гийн эхнэр Ш.Эрдэнэцогтын дансанд “мах” гэх утгаар 2,000,000 төгрөг шилжүүлсэн нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд 2,000,000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талуудын хэн аль нь гэрээний үүргээ гүйцэтгэж дуусгавар болсон гэх агуулга бүхий дүгнэлт анхан шатны шүүх хийснийг буруутгах үндэслэлгүй. /хх19/

 

Харин нэхэмжлэгч Ц нь хариуцагч Ж т 1,518 кг мах нийлүүлсэн, 1 кг махыг 6,100 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон, 7,264,070 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй, зөрчсөн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

6. Нэхэмжлэгч тал “анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй хууль зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

           

а. Хэрэгт гэрч Д “...Ж надаар дамжуулан олон хүнээс мах авсан, хүмүүс бүгдээрээ манай контейнерт махаа хийсэн. Харин Ц ганцаараа өөр контейнерт махаа хийсэн ... гэхдээ хэдий хэмжээний мах өгсөн гэдгийг мэдэхгүй. Ц нь Ж т мах өгч байхыг хараагүй ... Ж тай өөрөө тооцоогоо хийдэг байсан..,” гэж, гэрч Л “...манай захынхан бүгдээрээ махаа шулаад Ж , н.Од гэдэг залуутай ирж ачаад явдаг байсан. Ц нь Ж т хэдий хэмжээний, ямар мах, хэдэн удаа өгч байсныг мэдэхгүй, хамгийн сүүлд контейнерт их хэмжээгээр мах шулаад овоолж байгаад өгч байсан, Ц гэлтгүй манайхан бүгд өнөөдөр мах авах нь гээд контейнерт дүүргэж байгаад зөөсөн...” гэж, гэрч Н “...Ц хэдэн кг мах өгч байсныг мэдэхгүй ... бид бүгд мах өгч байсан...” гэж тус тус мэдүүлсэн байна. /хх 176-178, 188-189/

 

б. Гэрчүүд хариуцагч Ж нь Баянзүрх худалдааны төвийн махны худалдагч нараас 2018 оны 12 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд ямааны цул мах худалдан авсан үйл баримтыг гэрчилсэн, харин Ц хэдэн кг махыг, ямар үнээр, хэзээ Ж т нийлүүлсэн буюу 1,518 кг ямааны цул махыг худалдсан гэдгийг шууд гэрчлээгүй байна. Тодруулбал, гэрчүүд тухайн үеийн үйл явдлыг ерөнхийд нь мэдэж, үйл явдлыг шууд бус дамжмал байдлаар гэрчилсэн, гэрчүүдийн мэдүүлэг нь өөр баримтаар давхар нотлогдоогүй байна. 

 

в. Түүнчлэн, гэрч Э.Энхтогтох “...ганц Ц ч биш манай захын 3-4 хүн энэ хүнд мах өгсөн, 2018 оны 12 дугаар сарын 22, 23-ны өдөр өөрөө, 24-ний өдөр туслах нь гэх Од гэж залуу ирж авсан, 22, 23-ны өдрийн жинг би гардаж хийсэн, орой ирж авангуут контейнерт он, сараар ялгаж бичсэн ... Ц гийн махыг ч жинлэсэн, баримтыг хэрэгт хавсаргасан ...” гэж мэдүүлсэн байна. Хэргийн 8 дугаар талд гэрч Э.Энхтогтохын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр огноолсон “Ц гийн Хүрэлбаатарт өгсөн махны жингийн тодорхойлолт жагсаалт” гэх тодорхойлолтод “2018-12-22, 4 уут-79,6+85=164,6, 2018-12-23, 8 уут-99,6+92,6+91,4=283,6, 2018-12-22, 387,5, 2018-12-24, 692 кг” гэжээ. Уг баримтыг гэрч нь хожим нөхөн үйлдэхдээ ямар баримтыг үндэслэсэн, өөрөөр хэлбэл эх сурвалж нь тодорхой бус байх тул гэрч Э.Энхтогтохыг 1,518 кг махыг жинлэж Ж т өгсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. /хх113/

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/03440 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,176 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД

     ШҮҮГЧИД                                      Т.БАДРАХ

                                                              Э.ЭНЭБИШ