Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 12

 

 

*******,******* нарт холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолтой *******,******* нарт холбогдох эрүүгийн 21360000000030 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Уянга, прокурор Ш.Сувд-Эрдэнэ нар оролцов. 

Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 7 дугаар гудамжны 3а тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ПЮ91122552 дугаарын регистртэй, Ноён цорс ургийн овогт Алтанбаатарын Ананд

Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, авто тээврийн газарт жижүүр ажилтай, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 9 дүгээр гудамжны 23а тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ОГ89100751 дугаарын регистртэй, Өтгөс ургийн овогтТогтохбаатарын Ууганбаяр Ананд нар нь бүлэглэн ашиг олох зорилгоор Ховд аймгийн Жаргалант суманд оршин сууж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Uuganbyar Togtohbaatar“ гэх цахим хаягаар хөзөр ашиглан олон нийтийн сүлжээнд үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан 165000 төгрөгийн ашиг олж, мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Ноён цорс ургийн овогт Алтанбаатарын Ананд, Өтгөс ургийн овогт Тогтохбааатарын Ууганбаяр нарыг бүлэглэн мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ноён цорс ургийн овогт Алтанбаатарын Анандад дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өтгөс ургийн овогт Тогтохбаатарын Ууганбаярт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч *******,******* нарын тус бүрээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 82500 /наян хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасан шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэх мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин  төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх учиртайг шүүгдэгчид тайлбарлаагүй байна. Энэ нь Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасныг зөрчсөн түүнчлэн мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д заасныг хэрэглэж тайлбарлаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн ашиг олох зорилгоор Ховд аймгийн Жаргалант суманд оршин сууж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр “Uuganbayar Togtohbaatar” гэх цахим хаягаар хөзөр ашиглан олон нийтийн сүлжээнд үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан 165,000 төгрөгийн ашиг олж, мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******,******* нарын үйлдэл тогтоогдсон байна гэж дүгнээд тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч нарт торгох ял шийтгэл ногдуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх хуулийн заалтуудыг тогтоох хэсэгтээ тайлбарлаж бичээгүй орхигдуулсныг зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулахаар прокурор эсэргүүцэл бичжээ.

            Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн ашиг олох зорилгоор Ховд аймгийн  Жаргалант суманд оршин сууж байхдаа 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр “Uuganbayar Togtohbaatar” гэх цахим хаягаар хөзөр ашиглан олон нийтийн сүлжээнд үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан 165,000 төгрөгийн ашиг олж, мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт нь хэрэгт авагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Л.Энхчимэг, М.Мөнхбат нарын мэдүүлэг болон шүүгдэгч*******, ******* нарын үйлдсэн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүх хуульд заасан ял шийтгэл ногдуулсан байна.

            Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүхээс оногдуулсан торгох ялыг төлөх хугацаа болон ялтан нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих тухай хуулийн заалтуудыг шүүгдэгч нарт тайлбарлаж хэрэглээгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан нар нь шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг дурдсугай” гэсэн заалт нэмж оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                                

                      

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                           Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                                     

                                                                                         М.НЯМБАЯР