Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2022/04325

 

 

 

 

 

 

                                2022       10          19

                   101/ШШ2022/04325

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК -д холбогдох,

297,137,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК ХХК-с 90,000 /ерэн мянга/ евро буюу Монгол банкны өнөөдрийн /3301.53 төгрөг/ ханшаар 297,137,700 /хоёр зуун ерэн долоон мянга нэг зуун гучин долоон мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулах.

Иргэн И.Ц би 2018 оны 06 сарын 25-нд өөрийн Худалдаа хөгжлийн банкны данс болох 473023935 тоот данснаас А ХХК-ийн 473024147 тоот дансанд 90,000 /ерэн мянга/ еврогоор тус бүр 3 удаа буюу нийт 270,000 /хоёр зуун далан мянга/ еврог шилжүүлсэн.

А ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан бөгөөд хөрөнгө оруулагч нар нь тухайн үед Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн байсан. Миний ээж болох Б.М нь тус улсуудын зохион байгуулсан семинар, сургалтад суусныхаа үндсэн дээр хөрөнгө оруулалт хийхээр болж И.Ц би данснаасаа дээрх дүн бүхий еврог шилжүүлсэн болно. Хөрөнгө оруулалт хийснээр хугацаагүйгээр сар бур 2,5-2,8%-ийн ашгийг олгохоор тохиролцсон байсан. Гэвч өнөөдрийн байдлаар ашиг олгогдохгүй тус компани дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж холбоо тасарсан тул анх хөрөнгө оруулалтаар оруулсан 270,000 /хоёр зуун далан мянга/ еврогоос 2018 оны 08 сарын 13-ны өдөр А ХХК-с буцааж авсан 180,000 /нэг зуун наян мянга/ еврог хасаж үлдэгдэл 90,000 ерэн мянга/ еврог нэхэмжилж байна.

Өмгөөлөгч ихэнх зүйлийг хэллээ. Хагас жилийн хугацаанд мөнгө орсон нь тогтоогдсон тул асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна. Бид өгсөн мөнгөө л буцаан авахыг хүсэж байгаа юм. Хариуцагч нь үйл ажиллагаа явуулаад  хөрөнгө оруулалт хийвэл сар бүр хүү олгоно, 3 хувийн ипотекийн зээлд хамруулна гэж ойлгосон гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас 297 197 700 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь өөрийн данснаас хариуцагчид 90 000-р 3 удаа шилжүүлсэн. Зорилго нь хариуцагчаас сургалт хийгээд улмаар шилжүүлсэн. Хариуцагч нь гэрээ хийгээгүй, хэлсэндээ хүрээгүй тул мөнгөө нэхсэн бөгөөд 180 000 еврог өгсөн. Үлдэх 90 000 еврог нэхнэ. Хариуцагч нь 2 үндэслэл гаргаж байна. Гэрээний хугацаа дуусаагүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн. Өмнөх хурлуудад эрүүгийн асуудал холбогдолгүй гэдгийг шийдсэн. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ээж охин 2 юм. Цын данснаас мөнгө шилжсэн. Эргээд мөнгөө нэхэхэд Цын данс уруу шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хэлдэг, охиндоо л хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Хариуцагч нь хөрөнгө оруулалт хийчих гэрээ хийнэ гэсэн байдаг. Охиндоо хөрөнгө тасалж өгөх нь байдаг л зүйл. Гол нь Цын дансаар л нэхэж байгаа бөгөөд М нь миний мөнгө гээгүй. Улмаар үүрэг гүйцэтгэх хугацаа дуусаагүй гэж байна. Иргэний хуулийн 225-д хугацаа өгсөн боловч үүрэг гүйцэтгэгдээгүй. Нэхэхэд нь 180 000 еврог өгч байгаа нь татгалзахыг зөвшөөрч байгаа хэлбэр юм. Үлдэх мөнгөө нэхэх гэхэд олдохоо больсон юм. Эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа тул мөнгөө нэхэж байгаа юм. Эрх зүйн харилцаанд орж амаар ярьсан зүйл байгаа юм. Сард хүү өгнө гэсэн. Амаараа хүү тохирно гэж байхгүй. Гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд хүчинтэй гэвэл хүү тооцох ёстой. Гэтэл бичгээр хийсэн гэрээ байхгүй. Гэрээ хийсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа юм. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм. Тодорхой зүйл нь мөнгө өгсөн бөгөөд буцаан өгөх нь тодорхой байна. Амаар хэлцэл хийгдсэн байна. Хариуцагч нь ашиг өгнө гэдэг боловч нэхэмжлэгч нь хүү гэж байна. Хэрэгт энийг нотлох баримтгүй тул өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм. Учир нь ярьсан зүйл бичгээр гэрээ хийгдээгүй тул хүчингүй юм. Иймд гэрээ байхгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Х нь шүүхэд, төлөөлөгч С.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч болох Латви Улсын иргэн И.П нь 2022 оны 1-р сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу иргэн Г.М-г гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, оронд нь өөрийгөө томилсон болно.

Уг шийдвэрийн дагуу гүйцэтгэх захирлын эзгүйд түүний үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр иргэн Б.Б-г  томилсон тул миний бие нь иргэн И.Цын нэхэмжлэлтэй холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна.

“А” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монгол Улсад хэд хэдэн том төсөл хэрэгжүүлэх зорилгоор 2018-2020 оны үед гадаад болон дотоод хөрөнгө оруулагч нартай Хөрөнгө оруулалтын гэрээнүүд байгуулснаар их хэмжээний мөнгөн хөрөнгийг цуглуулж, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк болон Кредит банк зэрэг банкнуудын данснуудад валют байршуулсан билээ. Иргэн И.Ц нь 2018 оны 6-р сарын 28-ны өдөр хөрөнгө оруулалтын зориулалтаар нийт 270,000 еврог “А” ХХК-ийн ХХБ дахь  тоот данс руу шилжүүлснээс 180,000 еврог 2018 оны 8-р сарын 13-ны өдөр буцаан авсан тул өнөөдрийн байдлаар 90,000 (ерэн мянган) еврогийн үлдэгдэлтэй байна.

Ингэхдээ гадаад дотоодын хувь хүмүүсээс тус компанийн валютын дансанд шилжиж орсон их хэмжээний хөрөнгө оруулалтын мөнгөн дүнг нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн тайланд тусгахдаа аж ахуйн нэгжийн орлогоор бүртгэсний улмаас 3.7 тэрбум гаруй татварын өр төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдал үүссэн тул Эрүүгийн цагдаагийн албанаас тус компанийн захирлаар ажиллаж байсан Г.М болон нягтлан бодогч М.Б нарт холбогдуулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 2020 оны 02-р сарын 10-ны өдрийн 802 дугаартай прокурорын зөвшөөрлийн дагуу “А” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь  дугаартай еврогийн данснуудын мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьж битүүмжилсэн тул И.Цын нэхэмжилж буй 90,000 еврог буцаан өгөх боломжгүй байна.

Мөнгө шилжүүлсэн болон заримыг буцаасан талаар маргахгүй. Бид шаардах эрх үүсээгүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Анх хөрөнгө оруулалт гэж мөнгө өгсөн. Өмнөх хурлууд дээр тайлбарлахдаа мөнгө нь өөр хүний хөрөнгө байдаг. Ингэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгаа юм. Иргэний хуулийн 205-д зааснаар ямар ч байсан хэлцэл хийсэн гэдэг. Хөрөнгө оруулалтын гэрээнд 5 жилийн хугацаатай мөнгийг өгсөн байдаг. Тодорхой зүйлүүдэд хөрөнгө оруулсан байдаг. Үндсэн төлбөр болон хүү гэж өгөхөөр тохиролцсон байдаг. Прокуророос хариуцагчийг шалгаж эхэлсэн. Улмаар эрүүгийн хэрэг шүүхэд шилжсэн байгаа юм. Нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалт өгсөн бөгөөд цагдаад шалгагдаад эхлэхээр нэхэмжлэгч нь мэдүүлэг өгсөн байдаг. Улмаар мөнгө хэцүүдлээ гээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа юм. Гэрээг цуцлах талаар бидэнд мэдэгдээгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй ямар нөхцөл байгааг нэхэмжлэгч нотлох ёстой. Цагдаагаас данс хаасан тул үйл ажиллагаа зогссон байгаа юм. Гэрээнээс татгалзах үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь би сургалтад суугаад хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Мөнгө нь компаниас дамжиж нэхэмжлэгчийн дансаар л шилжсэн байдаг. Хөрөнгийн эзэн л нэхэх хэрэгтэй гэж байгаа юм. Гэрээ цуцлах талаар ямар нэг шаардлага тавьж байсан уу. Бичгээр гэрээ хийгээгүй бол  ашиг өгөх заалт л хүчингүй болох бөгөөд гэрээ бүхэлдээ хүчингүй болохгүй. Гэрээ хэлцлийг дандаа цахимаар байгуулсан байдаг юм. Нэхэмжлэлд юун дээр хөрөнгө оруулалт хийхийг мэдэхгүй ч гэсэн мах, гар утас, барилгын материал, барилга угсралт зэрэгт хөрөнгө оруулалт хийнэ гэж тохирсон. Ингэснээр бид үйл ажиллагаа явуулаад олсон ашгаасаа оруулсан хөрөнгөд ногдох хэсэгт 10 хувийн ашиг өгнө гэж тохирсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өөрийн хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь хүлээн авсан хүнийг Иргэний хуулийн 89-д зааснаар шударга эзэмшигч биш юм. Иргэний хуулийн 204-д зааснаар шаардах эрх үүсээгүй. Ашиг өгөх боломжит хугацаа тогтоогоогүй байна гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга /хх6/, тус банкны 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 7-473/189, 7-473/188 дугаар тодорхойлолт /хх8, 9/, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Монгол банкны ханшийн лавлагаа /хх12/, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар хариу мэдэгдэх хуудас /хх97/-г тус тус нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн  дугаар хариу мэдэгдэх хуудасны хуулбар /хх37/, 2021 оны 12дугаар сарын 31-ны өдрийн 1/101 хариу мэдэгдэх хуудасны хуулбар /хх38/, хувьцаа эзэмшигч, гишүүний лавлагаа /хх39/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх40/, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 802 дугаар зөвшөөрлийн хуулбар /хх41/, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх42/, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2002000180189 дүгээр тогтоолын хуулбар /хх43-44/, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 1/2243 дугаар хариу мэдэгдэх хуудас /хх127/-г тус тус нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Нийслэлийн прокурорын газраас тус газрын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/5766 дугаар албан тоот, 2021 оны 12 дугаар сарын 11-ны өдөр болон 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус тус гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, “А” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулганы хуулбар /хх116-122/-г тус тус нотлох баримтаар гаргуулсан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 295,600,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,537,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч И.Ц нь 90,000 евро буюу 297,137,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “А” ХХК нь хэлцэл байгуулагдсан, үүрэг гүйцэтгэх хугацаа болоогүй бөгөөд шаардах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч И.Ц нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч “А” ХХК-д 3 удаагийн гүйлгээгээр тус бүр 90,000 евро, нийт 270,000 евро олгосон болох нь “Худалдаан хөгжлийн банк” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн дүгээр тодорхойлолтоор тогтоогдсон. /хх8/

Улмаар хариуцагч “А” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 180,000 еврог буцаан нэхэмжлэгч И.Цд олгосон болох нь “Худалдаан хөгжлийн банк” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн  дугаар тодорхойлолтоор тогтоогдсон. /хх9/

Энэхүү үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь мөнгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон бөгөөд сар бүр хүү төлж, 3 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлд хамруулахаар тохиролцсон боловч гэрээ хийгдээгүй, үүрэг биелэгдээгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан тул гэрээнээс татгалзах эрх үүсээгүй, мөн нэхэмжлэгч нь шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь мөнгийг өөрийн үүсгэн байгуулсан хуулийн этгээдээс өөрийн охинд бэлэглэлийн журмаар өгсөн гэж тайлбарласан бол хариуцагч нь энэхүү мөнгөний эх үүсвэр буюу жинхэнэ өмчлөгч нь хуулийн этгээд тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж тайлбарласан.

 

Зохигчдын эдгээр тайлбар нь 2021 оны 12 дугаар сарын 11-ны өдөр нэхэмжлэгч И.Ц нь Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны Мөрдөн шалгах хэлтэст өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хх118-119/ Энд нэхэмжлэгч нь маргаж буй мөнгийг түүний ээж буюу нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М нь түүний дансаар дамжуулан хариуцагчид олгосон гэж мэдүүлжээ.

 

Түүнчлэн дээрх үйл баримтаар нэхэмжлэгчийн эзэмшдэг данснаас хариуцагчид мөнгөн хөрөнгө олгогдсон болохыг дахин дурдах нь зүйтэй

 

Цаашлаад нэхэмжлэгч болон хуулийн этгээд хоёрын хооронд 270,000 еврогийн талаар маргаан үүссэн үйл баримт байхгүй бөгөөд хожим маргаан үүсвэл энэ хэрэгт хамааралгүй. Учир нь хуулийн этгээд нь энэ хэргийн оролцогч биш бөгөөд хариуцагчтай иргэний эрх зүйн харилцаанд ороогүй байна.

 

Үүнээс гадна хариуцагчийн тайлбарлаж байгаагаар хэрэв нэхэмжлэгч нь 270,000 еврог захиран зарцуулах эрхгүй байх тохиолдолд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар нэхэмжлэгчид мөнгийг эзэмших эрх үүссэн бөгөөд мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар хариуцагчийн хувьд нэхэмжлэгч нь мөнгийг өмчлөгч гэж үзнэ.

 

Дээрхээс үзэхэд хариуцагчийн нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Хариуцагч нь 5 жилийн хугацаатайгаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

Нэхэмжлэгч нь гэрээ байгуулна гэсэн боловч байгуулагдаагүй гэж тайлбарласан.

 

Харин зохигчид нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө олгож, хариуцагч нь тухайн мөнгөнд тодорхой хувиар хүү төлнө, мөн ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулах талаар харилцан тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй. Иймд зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсэж, хэлцэл хийгдсэн байна.

 

Улмаар хэн алины тайлбараас үзэхэд хариуцагчийн гүйцэтгэх төслийн үйл ажиллагаанд нэхэмжлэгч оролцохгүй байх бөгөөд харин үр шим буюу ашиг хүртэх бус олгосон мөнгөний тодорхой хувийг хүү хэлбэрээр авахаар тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй.

 

Түүнчлэн маргаж буй мөнгө нь тухайлсан тодорхойлоогүй үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилготой бөгөөд хүү төлөхөөс гадна, хөнгөлөлттэй ипотекийн зээлд хамрагдах эрх олгохоор тохиролцсон байх тул зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа биш юм.

 

Гэвч хэлцэл нь гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулгатай бөгөөд Иргэний хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй байх тул нэрлэгдээгүй гэрээ гэж үзлээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар нэрлэгдээгүй гэрээнд үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.

 

Хариуцагч нь гэрээг хугацаатай байгуулсан гэх тайлбараа нотлоогүй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хэдийд ч шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь нэн даруй биелүүлэх үүрэгтэй.

 

Улмаар нэхэмжлэгч нь мөнгийг олгосноос хойш ямар нэг хүү олгогдоогүй гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргахгүй, зөвшөөрч байна. Цаашлаад хариуцагч нь өөрийн гүйцэтгэх удирдлага болон нягтлан бодогч байсан этгээдүүд эрүүгийн журмаар шалгагдаж байгаатай холбоотойгоор төсөл хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж тайлбарласан.

Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх үүссэн байна.

Үүнээс гадна хариуцагч нь анх олгогдсон 270,000 еврогоос 180,000 еврог буцаан олгосноор нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсаныг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Ийнхүү нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл буюу олгосон мөнгөний үлдэх 90,000 еврог буцаан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар 90,000 еврог 3,301.53 төгрөгөөр тооцож 297,137,700 төгрөг шаардсан.

Гэвч нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн өдөр Монгол банкны зарласан ханшаар 1 евро нь 3,284,45 төгрөгтэй тэнцэж байна.

Энэхүү ханш нь Монгол банкны албан ёсны цахим хуудсанд байршуулсан нийтэд илэрхий үйл баримт юм.

 

Иймд дээрх ханшаар тооцвол 90,000 евро нь 295,600,500 төгрөг болно.

 

Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчаас 295,600,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,537,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “А” ХХК-с 295,600,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,537,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,643,638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,635,952.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ГАНБОЛД