Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/00072

 

 

 

 

 

 

 

 

 

И.Ц ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/04325 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч И.Ц ын нэхэмжлэлтэй

Хариуцагч А ХХК-д холбогдох

 

297,137,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Оюун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хурцбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: И.Ц нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр А ХХК-д 90,000 еврогоор тус бүр 3 удаа буюу нийт 270,000 еврог шилжүүлсэн. Тус компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд сар бүр 2.5-2.8 хувийн ашиг авах, 3 хувийн ипотекийн зээлд хамруулна гэсэн. Гэвч өнөөдрийн байдлаар ашиг олгогдохгүй тус компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж холбоо тасарсан. 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр А ХХК-аас 180,000 еврог буцааж авсан. Иймд үлдэгдэл 90,000 еврог нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: А ХХК нь Монгол Улсад хэд хэдэн том төсөл хэрэгжүүлэх зорилгоор 2018-2020 оны үед гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын гэрээнүүд байгуулж их хэмжээний мөнгөн хөрөнгийг цуглуулж дансандаа валют байршуулсан. Гэтэл татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр компанийн тухайн үеийн гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, компанийн еврогийн дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан битүүмжилсэн тул И.Ц ын нэхэмжилж буй 90,000 еврог буцаан өгөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь хөрөнгө оруулсан мөнгөө өөр хүний мөнгө гэж тайлбарласан тул нэхэмжлэл гаргах эрхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээг талууд 5 жилийн хугацаагаар байгуулж хүү өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь мах, гар утас, барилгын материал, барилга угсралт зэрэгт хөрөнгө оруулалт хийнэ гэж тохирсон. Ингэснээр бид үйл ажиллагаа явуулаад олсон ашгаасаа оруулсан хөрөнгөд ногдох хэсэгт 10 хувийн ашиг өгнө гэж тохирсон. Ашиг өгөх боломжит хугацаа тогтоогоогүй. Нэхэмжлэгчээс гэрээг цуцлах талаар бидэнд мэдэгдээгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй ямар нөхцөл байгааг нэхэмжлэгч нотлох ёстой гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас 295,600,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И.Ц д олгож, нэхэмжлэлээс 1,537,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,643,638 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,635,952 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 295,600,500 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

4.а. И.Ц нь А ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээг цахимаар байгуулж, 3 хоногийн дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 3 удаагийн шилжүүлгээр нийт 270,000 еврог хариуцагчид шилжүүлсэн. Талууд гэрээгээр 90,000 еврогийн хөрөнгө оруулалтыг 5 жилийн хугацаатай гэж тохиролцсон тул А ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр илүү шилжүүлсэн 180,000 еврог И.Ц д буцаан шилжүүлсэн. Талууд дээрх байдлаар гэрээг байгуулсан байхад нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй гэж худал тайлбарласан. Нэхэмжлэгч 90,000 еврог хөрөнгө оруулалтын зориулалтаар шилжүүлсэн гэснийг хариуцагч үгүйсгээгүй. Шүүхийн гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэсэн нь ойлгомжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээгээр талууд 90,000 еврог жил тутам 12 хувийн ашиг авах, хөрөнгө оруулалт 5 жилийн дараа буюу 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш буцаан авахаар тохиролцсон.

4.б. Анхан шатны шүүхийн шийдвэр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй. А ХХК нь 2018-2020 онд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас 16 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг авч Монгол Улсад махны үйлдвэр, барилга гэх мэт том төслүүдэд 2020 оноос хөрөнгө оруулсан ч А ХХК-ийн захирал асан н.Мөнгөншагай, нягтлан н.Бат-Өлзий нарт холбогдуулж 2020 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, татвараас зайлсхийсэн хэрэгт шалгаж эхэлснээр тус компанийн дансыг битүүмжилсэн. Иймд шүүх 90,000 еврог А ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй.

4.в. Мөрдөн шалгах ажиллагааны явцад И.Ц , түүний төлөөлөгч Б.Мөнх-Оюун нараас 2 удаа мэдүүлэг авч, И.Ц болон Б.Мөнх-Оюун нарын дансны хуулгыг шалгаж тээврийн хэрэгслийн бүртгэлийн болон хөрөнгийн лавлагааг гаргуулах ажиллагаа хийгдсэн. Эдгээр ажиллагаа нь нэхэмжлэгчийн шаардаж буй 90,000 евро нь мөнгө угаах хэрэгтэй холбоотой эсэхийг нотлох тул хариуцагчаас яллах дүгнэлт болон нэхэмжлэгчтэй байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг эрүүгийн хэргийн материалаас гаргуулах хүсэлт гаргасан. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар хариуцагчийн хүсэлтийг хангасан боловч прокуророос дээрх баримтуудыг шүүхэд ирүүлээгүй нь эргэлзээтэй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитойгоор харьцуулан судлаагүй, ач холбогдол бүхий баримтыг прокуророос гаргуулаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хариуцагч тал, нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт холбоотой гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгчийг эрүүгийн хэргийн оролцогч биш гэдгийг прокурорын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн албан тоотоор тодорхойлсон. Мөн хариуцагчийн дансруу И.Ц мөнгө шилжүүлсэн болохоос н.Мөнгөншагай, н.Бат-Өлзий нарын дансанд шилжүүлээгүй. н.Мөнгөншагай, н.Бат-Өлзий нарыг татвараас зайлсхийсэн гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж яллах дүгнэлт үйлдэгдсэн байхад хариуцагч талаас анх эрүүгийн хэрэг үүсгэхдээ мөнгө угаах хэрэг байсан гэх өөр тайлбар өгсөн нь ойлгомжгүй, өмгөөлөгч нь өөрийн хүний эрх зүйн байдлыг дордуулж шинэ зүйл анги нэмж тайлбарлаж байна. А ХХК-ийн данс битүүмжлэгдсэн нь иргэний хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар мөнгийг авах боломжтой. Гэтэл хариуцагч тал мөнгө өгөхийг зөвшөөрч байгаа ч битүүмжилсэн данснаас мөнгө өгч чадахгүй байна гэх тайлбар нь зөрүүтэй байна. Нэхэмжлэгчийн тайлбарласан гэрээний талаар Нийслэлийн прокурорын газар 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд албан бичиг ирүүлж А ХХК, И.Ц нарын хооронд байгуулагдсан гэрээг эрүүгийн хэрэгт байхгүй гэсэн. Хэрэв гэрээ байгуулсан бол тухайн гэрээ нь талуудын аль алинд нь байх ёстой. Иймд талууд мөнгө өгсөн, авсан талаар маргадаггүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч И.Ц нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 297,137,700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч И.Ц 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гүйлгээгээр 270,000 еврог хариуцагч А ХХК-д шилжүүлсэн, А ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн гүйлгээгээр 180,000 еврог И.Ц д буцаан шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 7-473/188, 7-473/189 тоот тодорхойлолтоор тус тус тогтоогджээ. Хариуцагч 90,000 еврог нэхэмжлэгчид буцаан шилжүүлээгүй, 90,000 еврогийн үлдэгдэлтэй талаар зохигч маргаагүй.

4. Анхан шатны шүүх хариуцагчаас 295,600,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,537,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ А ХХК-ийн хөрөнгө оруулагчид Монгол Улсад ирж сургалт хийсэн, ашигтай хөрөнгө оруулалт гэсэн учраас мөнгөө шилжүүлсэн, үйл ажиллагаа явуулаад сар бүр 2.5-2.8 хувийн ашиг өгнө, 3 хувийн ипотекийн зээлд хамруулна гэсэн агуулгаар, хариуцагч нь Монголд хэд хэдэн том төсөл хэрэгжүүлэхээр 2018-2020 оны үед гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас их хэмжээний валютыг татан төвлөрүүлсэн, нэхэмжлэгчтэй бичгээр гэрээ байгуулж нэхэмжлэгч нь мах, гар утас, барилгын материал, барилга угсралтын салбарт хөрөнгө оруулахаар тохиролцсон гэх агуулгатай тайлбарыг тус тус гаргажээ.

6. Хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчийн тайлбараар талууд ашиг олох зорилгоор хариуцагчийн дурдсан салбарт нэхэмжлэгч хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар хүсэл зоригоо хангалттай, тодорхой илэрхийлсэн, талуудын хүсэл зориг нэгдсэн буюу зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүсч, ямар төрлийн гэрээний харилцаа үүссэн болохыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн өмнө татгалзлаа нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүссэнийг нотлох үйл баримт тогтоогдоогүй, анхан шатны шүүх зохигчдын хооронд нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу байна.

7. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар нэхэмжлэгч хэлцлийн үндсэн дээр 90,000 еврог хариуцагчид шилжүүлсэн нь үгүйсгэгдэж байх тул талуудын хооронд хэлцэл хийгдэж, хамтран ажиллах гэрээний үүрэг үүссэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, гомдлыг хангахгүй орхив.

8. Зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүссэн нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй. Гэвч тодорхой зорилгоор хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмч тул тэрээр өмчлөлийн зүйлээ буцаан шаардах эрх нь хуульд зааснаас бусад тохиолдолд хязгаарлагдахгүй. Зохигчдын хооронд мөнгөн төлбөрийн үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч мөнгөн хөрөнгөө хариуцагчаас буцаан шаардсанаар тус 90,000 еврог өмчлөх хариуцагчийн эрх үгүйсгэгдэх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас 90,000 евро буюу 295,600,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.

9. Нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байхад иргэний журмаар шийдвэрлэсэн нь буруу гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4/1552 тоот албан бичигт А ХХК-ийн захирал Г.Мөнгөншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-д заасан Татвар төлөхөөс зайлсхийх, мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан Хууль бусаар ан хийх гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгааг дурджээ. Нэхэмжлэгч И.Ц ыг яллагдагч Г.Мөнгөншагайд холбогдох эрүүгийн 2102000000188 дугаартай хэргийн оролцогч биш болохыг мөн прокурор тодорхойлж, нэхэмжлэгчээс хоёр удаа гэрчийн мэдүүлэг авсан үйл баримт тогтоогдсон байна. Иймд эрх бүхий этгээдээс нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг эрүүгийн журмаар шалгаж, уг мөрдөн шалгах ажиллагааны оролцогч нь нэхэмжлэгч И.Ц гэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй. /хх 97, 118-120/

10. Шүүх 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18553 дугаартай захирамжаар хариуцагчийн хүсэлтээр зохигчийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэх гэрээг прокуророос нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/5766 тоот албан бичигт тус Хөрөнгө оруулалтын гэрээ нь эрүүгийн хэргийн материалд нотлох баримтаар авагдаагүй тухай хариуг шүүхэд ирүүлжээ. Хариуцагч нь Г.Мөнгөншагайд холбогдох эрүүгийн хэргээс прокурорын яллах дүгнэлтийг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх эрхийг шүүх зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. /хх 116-117/

11. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/04325 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1,635,953 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЭНЭБИШ