Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/04229

 

 

 

 

 

2022 10 13

101/ШШ2022/04229

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9 өөрийн байранд байрлах Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 11а байр 34 тоот хаягт оршин суух, Олгонууд овогт Билгээгийн М-д холбогдох,

Гэрээний үүрэгт 376,845 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.*******аас 3391189 тоот тусгай нөхцөлт дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 251,300 төгрөг, алданги 125,615 төгрөг нийт 376845 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна.

Учир нь Б.******* 2020 оны 10 сарын 10-ны өдөр манай компанитай тусгай нөхцөлт дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж, 98605500 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2020 оны 11 сараас 2021 оны 3 дугаар сарын ярианы төлбөр 251,230 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 125,615 төгрөг нийт 376,845 төгрөгийн төлбөртэй болсон. Энэ тусгай төлбөр нь тухайн дугаарыг ашигласан эсэхээс үл хамаарч төлбөр гардаг. Энэ талаараа гэрээнд тодорхой заасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №2575 дугаар нэхэмжлэх, тусгай нөхцөлт дараа төлбөрт үйлчилгээний №3391189 тоот зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 98605500 дараа төлбөрт дугаарын ярианы төлбөр 251,300 төгрөг, алданги 125,615 төгрөг нийт 376,845 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг зохигч талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан №3391189 тоот тусгай нөхцөлт дараа төлбөрт үйлчилгээний гэрээ-ний дагуу төлбөр гаргуулна гэж тодорхойлжээ.

Зохигч талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Тусгай нөхцөлт дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулагдаж, нэг талаас 98605500 дугаар эзэмшүүлэх, нөгөө талаас дугаарын үнэ буюу сарын суурь хураамж 40,000 төгрөгийг сар бүр 6 сарын хугацаатай төлөх нөхцлөөр үүргийг харилцан хүлээсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон тус гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 9 дүгээр тал/

Талуудын байгуулсан гэрээ нь агуулга, зорилго болон талуудын хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзнэ.

Тус гэрээ байгуулагдсан, хуульд нийцсэн хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний дагуу талуудад үүрэг, шаардах эрх үүсгэсэн байна.

Худалдахах, худалдан авах гэрээний дагуу буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгснөөр гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд үнэ төлөх үүрэг нь худалдан авагчид үүссэн байна.

Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.1-т хэрэглэгч нь дугаараа тасралтгүй ашиглах үүрэгтэй ба үйлчилгээний багцаа ашигласан эсэх, төлбөр төлөөгүйн улмаас үйлчилгээний эрх хаагдсан, дугаар түр хаах үйлчилгээ авсан эсэхээс үл хамааран сарын суурь хураамжийн төлбөр төлнө гэж заасан байна.

Иймд хариуцагч нь гэрээгээр тохиролцсоны дагуу дугаарын суурь хураамж болох 251,230 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчээс гэрээнд зааснаад алдангид 125,615 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Талуудын байгуулсан гэрээний 8.8-д хэрэглэгч нь төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд компани нь хоног тутамд 0,3 хувиар алданги тооцно. гэж тохиролцсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байх хэдий ч алдангийн тооцоолол хугацаа тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Иймд алдангид 125,615 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.*******аас 251,230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 125,615 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч тал хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж маргаанд хууль зүйн дүгнэлт хийсэн болно.

Мөн тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хариуцагчид 2022 оны 10 сарын 06-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаарх тайлбар, хүсэлт, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг ханган шийдвэрлэж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас 251,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 125,615 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.*******аас 8,186 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА