Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00210

 

ху 

 

 

 

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00210

 

 

,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/04229 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,,,,д холбогдох,

Гэрээний үүрэгт 376,845 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ,,,,,,,,,,,,,,,аас 3391189 тоот тусгай нөхцөлт дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 251,300 төгрөг, алданги 125,615 төгрөг нийт 376, 845 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна.

Учир нь ,,,,,,,,,,,,,,, 2020 оны 10 сарын 10-ны өдөр манай компанитай тусгай нөхцөлт дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж, 98605500 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2020 оны 11 сараас 2021 оны 3 дугаар сарын ярианы төлбөр 251,230 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 125,615 төгрөг нийт 376,845 төгрөгийн төлбөртэй болсон. Энэ тусгай төлбөр нь тухайн дугаарыг ашигласан эсэхээс үл хамаарч төлбөр гардаг. Энэ талаараа гэрээнд тодорхой заасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү

 

2. Хариуцагч талаас татгалзал, тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас 251,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 125,615 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас 8,186 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч ,,,,,,,,,,,,,,, надад шүүх хуралдаанд өөрийн биеэр тайлбар гаргах, бичгийн нотлох баримт өгөх боломж олголгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Илт хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн төлбөр хураамж гаргуулж, Жи мобайл ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд ямар ч хохирол учруулаагүй Жи мобайл ХХК-аас ямар ч үйлчилгээ аваагүй бодит байдлыг үнэлэн дүгнэж, хүчин төгөлдөр бус гэрээг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцэхээр шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч миний тайлбар үндэслэлээ шүүхэд гаргаж өгөх боломжоор хангаж, хэрэг явдлын бодит үнэнийг хуулийн дагуу хянан хэлэлцэж өгнө үү. Жич шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3391189 дугаар тусгай нөхцөлт дараа төлбөрт үйлчилгээний гэрээний дагуу төлбөр 251,300 төгрөг, алданги 125,615 төгрөг, нийт 376,845 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,, нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

3.а. Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Тусгай нөхцөлт дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулагдаж, нэг талаас 98605500 дугаар эзэмшүүлэх, нөгөө талаас дугаарын үнэ буюу сарын суурь хураамж 40,000 төгрөгийг сар бүр 6 сарын хугацаатай төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон 3391189 дугаар гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх-9/

Тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.1-т хэрэглэгч нь дугаараа тасралтгүй ашиглах үүрэгтэй ба үйлчилгээний багцаа ашигласан эсэх, төлбөр төлөөгүйн улмаас үйлчилгээний эрх хаагдсан, дугаар түр хаах үйлчилгээ авсан эсэхээс үл хамааран сарын суурь хураамжийн төлбөр төлнө гэж заасан байх тул хариуцагч нь гэрээгээр тохиролцсоны дагуу дугаарын суурь хураамж болох 251,230 төгрөгийг төлөх үүрэгтэй байна

Талуудын байгуулсан гэрээ нь агуулга, зорилго болон талуудын хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээнд хамаарч байна.

Худалдах, худалдан авах гэрээний дагуу буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгснөөр гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд үнэ төлөх үүрэг нь худалдан авагчид үүссэн байна.

Тус гэрээ байгуулагдсан, хуульд нийцсэн хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний дагуу талуудад үүрэг, шаардах эрх үүссэн байна.

3.б. Нэхэмжлэгч талаас гэрээнд заасны дагуу алдангид 125,615 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Талуудын байгуулсан гэрээний 8.8-д хэрэглэгч нь төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд компани нь хоног тутамд 0,3 хувиар алданги тооцно гэж тохиролцсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байх хэдий ч алдангийн тооцоолол, алданги тооцсон хугацаа тодорхойгүй, ойлгомжгүй байгаа тул алдангид 125,615 төгрөг гаргуулах үндэслэлгүй. Мөн алдангид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас 251,230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 125,615 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а Хариуцагч ,,,,,,,,,,,,,,, нь шүүх хуралдаанд өөрийн биеэр тайлбар гаргах, бичгийн нотлох баримт өгөх боломж олгоогүй, илт хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж төлбөр гаргуулан шийдвэрлэсэн гэх агуулгаар гомдол гаргажээ.

Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хариуцагчид 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаарх тайлбар, хүсэлт, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-18/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/04229 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД