Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 13

 

 

А.Баясолтанд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолтой А.Баясолтанд холбогдох эрүүгийн 2136000000038 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Уянга, прокурор Ш.Сувд-Эрдэнэ нар оролцов. 

Монгол улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-8, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 11 дүгээр гудамжны 02 тоотод оршин суудаг, Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газарт жолооч ажилтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ПВ74011418 дугаарын регистртэй Казбек ургийн овогт Авганбайгийн Баясолтан нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 11-02 тоотод гэртээ эхнэр болох Ш.Алмагүльтэй зуухаа янзал гэж хэлсний улмаас хоорондоо маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Казбек ургийн овогт Авганбайгийн Баясолтаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйдийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Казбек ургийн овогт Авганбайгийн Баясолтаныг таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 580000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн 2136000000038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин  төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүргийн талаар болон мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д заасан ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэх хуулийн заалтуудыг шүүгдэгчид тайлбарлаагүй байна.

Энэ нь Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасныг зөрчсөн түүнчлэн мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэглэж тайлбарлаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Ховд аймгийн Прокурорын газрын эсэргүүцлийг үндэслэн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн баримтуудын хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан  үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа   бүхэлд нь хянаж үзлээ.

            Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Баясолтаныг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 11-02 тоотод гэртээ эхнэр болох Ш.Алмагүльтэй “зуухаа янзал” гэж хэлсний улмаас хоорондоо маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т   зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Баясолтаныг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 580,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ..

            Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь  давж заалдах  шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:”анхан шатны шүүх шүүгдэгч А.Баясолтанд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял шийтгэл оногдуулахдаа шийтгэх тогтоолын  тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэх хуулийн заалтыг хэрэглээгүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүргийн талаар болон мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх хуулийн заалтуудыг шүүгдэгчид тайлбарлаж өгөөгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж  өгнө үү? гэжээ.

 

Шүүгдэгч А.Баясолтанд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 11-02 тоотод гэртээ эхнэр болох Ш.Алмагүльтэй “зуухаа янзал” гэж хэлсний улмаас хоорондоо маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрч К.Асан, Д.Розбек, Ж.Бидолдай нарын мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд   шүүгдэгч А.Баясолтанд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

            Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүхээс оногдуулсан торгох ялыг төлөх хугацаа болон ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих тухай хуулийн заалтуудыг шүүгдэгчид тайлбарлаж  хэрэглээгүй  байна  Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.Иймд давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан нар нь шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                               

                      

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                           Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                                     

                                                                                         М.НЯМБАЯР