Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2022/01307

 

 

 

 

 

2022 10 07 142/ШШ2022/01307

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, *******,*******,*******6/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр суманд байрлах *******/

Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмж 23,214,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ******* Хүдрийн ил уурхайн эмульсын тэсрэх бодисын заводад ачигчаар анх ажилд орсон юм. Би тус үйлдвэрт химийн бодис, тэсрэх бодистой гардаж, хүнд хортой нөхцөлд нийт 27 жил 04 сар ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэвэрт суух тухай өргөдлөө өгсөн юм. Би тухайн үедээ өргөдлөө өгөөд тэтгвэрт гарахдаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэрт сууна, тэгэхээр шинэ хөдөлмөрийн гэрээний биелэлтийн дагуу нэг удаагийн тэтгэмж авна тооцсон юм. *******-ын Ерөнхий захиралын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн аБ дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын 1 дэх заалтаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр заасан. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэгдэн батлагдсан *******-ын захиргаа, хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 11.6-д энэхүү гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө гэж заасан. Иймд намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь шинэ хамтын гэрээ хэрэгжиж эхэлсэн өдөртэй давхцаж байгаа тул ажилтанд ашигтай байдлыг харгалзан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэгдэн батлагдсан *******-ын захиргаа, хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний Долоодугаар бүлгийн 7.12 дах хэсгийн 7.12.5-д зааснаар 25 буюу түүнээс дээш жил бол 25 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно гэж заасны дагуу 25 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг өгөх ёстой. Би тус үйлдвэрт 1994-2000 оны хооронд ачигч, 2000-2015 оны хооронд уулын тэсэлгээчин, 2015-2021 оны хооронд эмульсын тэсрэх бодисын үйлдвэрт оператор тэсэлгээчинээр ажиллаж байсан, миний хувьд амь насанд аюултай, эрүүл мэндэд хортой хүнд нөхцөлд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтны хувьд намайг тэтгэвэрт гаргахдаа миний эрх ашгийг дээрдүүлсэн нөхцлөөр тэтгэмжийг тогтоож өгөх ёстой байсан юм. Тухайн үед намайг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэрт сууна гэхэд Хүний нөөцийн менежер нэг хүнтэй миний хажууд гар утсаар асууж лавласан, тэгэхэд ярьж байгаа хүндээ Энхболд гэдэг хүн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэрт суух гэж байгаа юм байна, тэтгэмжийг нь шинэ гэрээгээр тооцох юм уу гэхэд цаад хүн нь зөвшөөрсөн бололтой байсан, надад шинэ хамтын гэрээгээр тэтгэмжийг нь тооцох юм байна гэж хэлж байсан. Надад ерөнхий захирлын тушаал гарсан талаар 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр гар утсаар үйлдвэрээс ярьж хэлсэн би сүүлд буюу 2022 оны 01 дүгээр сарын 03- ны өдөр тушаалыг гардаж авсан. Тэгээд би хуучин гэрээгээр тэтгэмжийг олгохоор заасан байсан тул Ил уурхайг хариуцсан цалин хөлсний нягтлан бодогч над руу гар утсаар яриад таны тушаал шинэ хамтын гэрээ хоёр чинь зөрчилдөөд байна, та энэ тушаалаа залруулга хийлгэ, 2 дахь заалтаа өөрчлүүл, тэгэхгүй бол хуучин гэрээний заалтаар тэтгэмжийг чинь бодно шүү гэхээр нь би тус үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтэст ерөнхий захирлын тушаалын 2 дах заалтыг өөрчилж шинэ гэрээний заалтаар 25 жил болгож өгөхийг хүсч өргөдөл гаргасан. Тус хэлтсээс надад таны өргөдлийг тань Хуулийн хэлтэст шилжүүлсэн, тэндээс дүгнэлт гаргуулж байж танд хариу өгнө гэж хэлсэн, тэгээд би хэсэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Иймд миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэрээ буюу *******- ын захиргаа, хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний Долоодугаар бүлгийн 7.12 дах хэсгийн 7.12.5-д зааснаар 25 сарын хугацаатай тэтгэмжийг шаардах эрх үүсч байгаа юм, би 17 сарын хугацаатай тэтгэмжээ авсан одоо зөрүү болох 8 сарын тэтгэмж болох 23,214,685 төгрөгийг *******-аас гаргуулж авмаар байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын Эрдэнэт үйлдвэр' ТӨҮГ-ын Захиргаа, хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний Долдугаар бүлгийн 7.12 дахь хэсгийн 7.12.5-д зааснаар 25 сарын хугацаатай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох ёстой байсан болохыг тогтоож, тооцогдоогүй зөрүү 8 сарын тэтгэмж болох 23 214 685 төгрөгийг *******-аас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. ******* нь *******-т 27 жил 4 сар ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул хөдөлмөрийн гэрээг цуцлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр *******-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хандаж хүсэлт гаргасан байдаг. Тус хүсэлтдээ ******* нь: Миний бие *******-т 27 жил 4 сар ажиллаж байна. Тэтгэвэр тогтоолгох болзлоо хангасан тул 2022 оны 1 дүгээр сарын 01 -ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, Хамтын гэрээний 8.11.4 дэх заалтыг үндэслэн 17 сарын тэтгэмж олгож өгнө үү гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл ******* нь 2020-2021 онд буюу тухайн цаг үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хамтын гэрээний 8.11.4 дэх заалтыг үндэслэн 17 сарын тэтэгэмж авах тухай хүсэлтээ тодорхой илэрхийлсэн. Улмаар Ерөнхий захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1965 дугаар тушаалаар тухайн цаг үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан *******-ын Захиргаа, хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг үндэслэн 17 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хуульд нийцнэ.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 32.1-т Хамтын гэрээ, аймаг, сум, нийслэл, дүүргийн хамтын хэлэлцээрийг харьяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн байгууллагад, салбар, салбар дундын хамтын хэлэлцээрийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхээр ажлын 10 өдрийн дотор ажилтны төлөөлөгч, эсхүл ажил олгогчийн төлөөлөгч хүргүүлнэ. 32.2-т Бүртгэх эрх бүхий байгууллага хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг ажлын таван өдрийн дотор хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, нийцэж байвал тухайн хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг бүртгэж, мэдээллийн санд оруулна. Ийнхүү бүртгэснээр уг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр хүчин төгөлдөр болно гэж заасан байна. Мөн *******-ын Захиргаа, хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний Нэгдүгээр бүлгийн 1.6-д Хамтийн гэрээ нь оролцогч талын бүх төлөөлөгчид гарын үсэг зурж, Хөдөлмөрийн тухай хуулийн 32.1-т заасан байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно... гэж тус тус заасан байна. *******-ын Захиргаа, хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар 2022 оны 03 дугаар сарын 01-ний бүртгэсэн байдаг. Эндээс дүгнэж үзвэл *******ын хөдөлмөрийн гэрээг цуцласан тушаал гарсан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ хүчин төгөлдөр болоогүй байсан төдийгүй нь 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний үйлчлэх хугацаа дуусаагүй байсан нь нотлогдож байгаа юм. Иймд 2022-2023 онд хэрэгжүүлэх хүчин төгөлдөр болоогүй, мөрдөгдөж эхлээгүй хамтын гэрээг үндэслэл болгож тэтгэмж олгох боломжгүй юм.

3.******* нь хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаа, түүнээс илүү нөхцлөөр хангах, хуулиар шууд зохицуулагдаагүй бусад харилцааг зохицуулах зорилгоор Хамтын гэрээг байгуулж, хэрэгжүүлж ажилладаг. ******* нь өндөр насны тэтгэвэрт гарч, хөдөлмөрийн эрхийн харилцаа нь цуцлагдаж буй ажилтандаа ажилласан жилээс нь шалгаалтан үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож байгаа нь хэдий хэмжээний тэтгэмж олгож байгаагаас үл хамааран Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтанд олгогдсон баталгааг дээрдүүлсэн баталгаа юм. Өөрөөр хэлбэл *******од 17 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосноор түүний эрх ашиг сонирхлыг хөндөөгүй харин ч Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангасан болох нь нотлогдож байна. Дээрх үндэслэлүүдээр *******ын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 274,023 төгрөг төлсөн баримт /хх-3/, *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, 2021 оны 12 дугаар сарын 30-ны Б/1965 дугаартай *******-ын Ерөнхий захирлын тушаал, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаартай архивын лавлагаа /хх-6-12/, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-14/, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10/19/132 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-15-18/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-19/, өмгөөлөгч авах хүсэлт /хх-20-21/, 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сарын цалин хөлсний тооцооны хуудас, 2022 оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Голомт банкны дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ХБ-117-12/3952 дугаартай итгэмжлэл /хх-25/, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар /хх-29-30/, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *******-ын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ /хх-31-43/, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 113/497 дугаартай албан тоот, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *******ын *******-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд гаргасан өргөдөл /хх-50/, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *******-ын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ /хх-51-63/,

ҮНДЭСЛЭХ нь:

*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан тэтгэмж 23,214,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь Тухайн үед өргөдлөө өгөөд тэтгэвэрт гарахдаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэрт сууна, тэгэхээр шинэ хөдөлмөрийн гэрээний биелэлтийн дагуу нэг удаагийн тэтгэмж авна гэж тооцсон, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр заасан. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэгдэн батлагдсан *******-ын захиргаа, хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 11.6-д энэхүү гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө гэж заасан. Иймд намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь шинэ хамтын гэрээ хэрэгжиж эхэлсэн өдөртэй давхцаж байгаа тул ажилтанд ашигтай байдлыг харгалзан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэгдэн батлагдсан *******-ын захиргаа, хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний Долоодугаар бүлгийн 7.12 дах хэсгийн 7.12.5-д зааснаар 25 буюу түүнээс дээш жил бол 25 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно гэж заасны дагуу 25 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг өгөх ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд ...Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтээ 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргаж тэтгэвэр тогтоолгох болзол хангасан тул 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, хамтын гэрээний 8.11.4 дэх заалтыг үндэслэн 17 сарын тэтгэмж олгож өгнө үү гэсэн байдаг. *******од 17 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосноор түүний эрх ашиг сонирхлыг хөндөөгүй иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ******* Хүдрийн ил уурхайн эмульсын тэсрэх бодисын заводад ачигчаар анх ажилд орсон байх ба *******-ын Ерөнхий захиралын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1965 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч нь тухайн үед өргөдлөө өгөөд тэтгэвэрт гарахдаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэрт сууна, тэгэхээр шинэ хөдөлмөрийн гэрээний биелэлтийн дагуу нэг удаагийн тэтгэмж авна тооцсон гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтээ 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан байх ба хамтын гэрээний 8.11.4 дэх заалтыг үндэслэн 17 сарын тэтгэмж олгохыг хүсэлтдээ хамт илэрхийлжээ.

Нэхэмжлэгч *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж түүнийг ажлаас чөлөөлсөн *******-ын Ерөнхий захиралын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаартай тушаалыг гаргахдаа хариуцагч нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт болон бусад хууль тогтоомжийн заалтуудыг үндэслэл болгосон байх ба мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан *******-ын захиргаа, хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг үндэслэн 17 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэгэмж олгосон нь хуульд нийцсэн байна.

Тухайн үед 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэгдэн батлагдсан *******-ын захиргаа, хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ нь тушаал гарах үед хүчин төгөлдөр болоогүй, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих уг хамтын гэрээний заалтыг баримтлах үндэслэл байхгүй байсан байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Хамтын гэрээ, аймаг, сум, нийслэл, дүүргийн хамтын хэлэлцээрийг харьяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн байгууллагад бүртгүүлэхээр ажлын 10 хоногийн дотор ажилтны төлөөлөгч, эсхүл ажил олгогчийн төлөөлөгч хүргүүлнэ, мөн хуулийн 32.2-т Бүртгэх эрх бүхий байгууллага хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг ажлын 5 хоногийн дотор хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, нийцэж байвал тухайн хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг бүртгэж, мэдээллийн санд оруулна. Ийнхүү бүртгэснээр уг хамтын гэрээ,хамтын хэлэлцээр хүчин төгөлдөр болно гэжээ.

Мөн *******-ын захиргаа, хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний нэгдүгээр бүлгийн 1.6-д Хамтын гэрээ нь оролцогч талын бүх төлөөлөгчид гарын үсэг зурж, Хөдөлмөрийн тухай хуулийн 32.1-т заасан байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно...гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтууд болон Хамтын гэрээнд зааснаар 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болоогүй, дээрх гэрээг Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бүртгэсэн, 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний үйлчлэх хугацаа дуусгавар болоогүй байсан болох нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг заасан байх бөгөөд 82 дугаар зүйлийн 82.1.4-д тухайн аж ахуйн нэгж байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэжээ. Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.3-д Хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1, 82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно гэжээ.

Хариуцагч *******-ын захиргаа, хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 8.11.4-д хөдөлмөрийн гэрээг цуцлах үед ажилтанд 17 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгохоор заасан нь Хөдөлмөрийн тухай хуулинд заасан баталгаанаас илүү нөхцлөөр хангасан, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван тал хороонд тус тус хандах эрхтэй бөгөөд гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан байх ба нэхэмжлэгч уг заалтыг баримтлаагүй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шүүх шууд хянан шийдвэрлэх хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээрх маргааны төрөлд хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.4, 154 дүгээр зүйлийн 154.2, 158.1-д заасныг баримтлан *******ын гаргасан *******-т холбогдох тэтгэмжийн зөрүү 23,214,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,023 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН