Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/04194

 

 

 

 

 

 

 

 

2022 10 12

101/ШШ2022/04194

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0тоотод оршин байрлах, Х о ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01435 дугаар захирамжаар Халзан овоо ХХК, Г.Л нараас төлбөр гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгө болох Г.Л-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0, 0, 0 тоот хаягт байрлалтай, Ү-0, Ү-0, Ү-0 Улсын бүртгэлийн дугаартай, 134,92 м.кв, 89,39 м.кв, 108,43 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус битүүмжилж, хураан авсан. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Г.Л-ийн өмчлөлийн дээр дурьдсан 3 эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №12/361 тоот тогтоолын дагуу Сэлэнгэ-эстимэйт ХХК-г шинжээчээр томилж үнэлүүлснээ 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4-161/24934, 4-161/24938, 4-161/24939 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээ хийсэн гурван тайлангийн 4 дэх хэсгийн 4.3-т ...Зах зээлийн хандлага аргаар үнэлсэн үнэ цэнэ 0 тоотод байрлалтай 134,92 м.кв талбайг 1,279,297,139 төгрөгөөр, 0 тоотод байрлалтай 89,39 м.кв талбайг 847,586,505 төгрөгөөр, 0 тоотод байрлалтай 108,43 м.квталбайг 1,028,121,767 төгрөгөөр тус тус тодорхойлсон. байна. Шинжээчийн зах зээлийн үнэ ханшийн мэдээллийг нягтлан шалгаж, нэгтгэсэн хүснэгтийг харахад жишиг хөрөнгийн үнэлгээнүүдийн 1 м.кв-т ногдох үнэ нь 5,5 саяас 15,6 сая төгрөг гэж үнэсэн. Тэгээд Г.Л-ийн хөрөнгүүдийг үнэлэхдээ үнэлж буй барилгаас өмнө баригдсан, зориулалт нь өөр харьцуулах боломжгүй хямд байруудтай харьцуулсан байгаа юм. Мөн тухайн барилга дотор байх ижил метр квадратттай ижил байруудад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон 2 ч шинжээч 2020 онд үнэлгээ хийсэн бөгөөд үнэлэхдээ метр квадратыг 10.4 сая төгрөгөөр тооцож үнэлсэн 2020 оноос 2022 оны хооронд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 50 орчим хувиар нэмэгдээд байхад байрны үнэлгээг хэт багаар үнэлж байна. 20290824, 20390634 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт үнэлгээний тайлангууд байгаа бөгөөд түүний гаргуулан авах болно Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу шударга байх, хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтлан ажиллах ёстой ба Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэсэн шаардлагад нийцсэн байх байтал огт шаардлага хангаагүй бөгөөд ямар нэгэн судалгаагүйгээр шууд үнийг тогтоож, хэт доогуур үнэлж байгаа нь үндэслэлгүй байна. Бидний зүгээс үнэлгээний тайланг хүлээн авмагц Шүүхэд гомдол гаргах хугацаа тоологдож шинжээч болон шийдвэр гүйцэтгэгч нарт хандаж хүсэлт гаргах боломж байгаагүй бөгөөд хариуцагч дүгнэлтийн талаар бидэнд тайлбараа шүүхэд гаргах боломжтой гэж үзэж байгаа юм. Бусдын үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж, үнэлгээг багаар тогтоож бусдыг хохироож болохгүй. Иймд, Г.Л-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0, 0, 0 тоот хаягт байрлалтай, Ү-0, Ү-0, Ү-0 Улсын бүртгэлийн дугаартай, 134,92 м.кв, 89,39 м.кв, 108,43 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийсэн Сэлэнгэ-эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Х о ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 1-р хэлтсийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Д-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Гэтэл гомдлын хариуг өгөхгүй удаад байсан тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар мөн адил гомдол гаргасан. Энэ хугацаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн гомдлын хариу 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гарсан. Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гомдлын хариу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн огноотой 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шуудангаар ирсэн бөгөөд тус 2 гомдлын хариунд Хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан гаргасан гомдлоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04412 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, эрх хөндөгдсөн гэж үзвэл гомдлоо шүүхээр шийдвэрлүүлэхийг мэдэгдье гэсэн учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно.

2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа зарлагдсан болохыг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дуудлага худалдааны зараас олж мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасан. Гэтэл төлбөр төлөгч Х о ХХК, Г.Л болон тэдгээрийн төлөөлөгчид нь дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг мэдэгдэлгүйгээр Г.Л-ийн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Энэхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд 2022 оны 01 сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр хүсэлт гаргасан. Гэтэл шүүхийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай үндэслэлгүй захирамж гарсан байдаг. Хэдий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан ч нэхэмжлэгчийн тухайн захирамжид гомдол гаргах эрхийн хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэх захирамж гаргаж нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж, нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэх байсан ч хүсэлтийг шийдээгүй орхигдуулсны улмаас нэхэмжлэгчийн шүүгчийн захирамжид гомдол гаргах хуулийн хугацаан дотор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан байдаг. Энэ нь шүүхийн байгууллага оролцогчдын эрхийг хангаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрхийг зөрчих бодит боломж олгосон нөхцөл байдал бий болсон юм. Энэ талаар хариуцсан Баянзүрх дүүргийн 161-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ю.О-д асуудлаа утсаар тухай бүр мэдэгдэж байсан ч түдгэлзүүлэх захирамж гараагүй тул бид ажлаа хийнэ гэдэг байдлаар хандсан. Ингээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид гомдол гаргасан бөгөөд гомдлыг хангаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хүчингүй болгож Иргэний хэрэг үүсгэсэн тул 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дахин түдгэлзүүлэх хүсэлт гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/Ш32022/04412 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Угтаа бол энэхүү түдгэлзүүлэх захирамжийг гаргасан бол 2022 оны 01 сарын 21-ний өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулагдахгүй байсан билээ. Өмнөх асуудлаар шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргасаар байтал дараагийн ажиллагаа хийн нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн байдаг. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр явагдсан Сүхбаатар дүүргийн 0, 0, 0 тоот хаягт байрлалтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01435 дугаар захирамжаар Х о ХХК, Г.Л нараас 1,937,079,074 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Халзан овоо ХХК, Г.Л нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-0 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 0 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-0 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 0 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 20260632/01, 20260632/02, 20260632/03 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар битүүмжилж, эд хөрөнгө хураах тухай 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20260632/15, 20260632/14, 20260632/16 дугаартай тогтоолоор хураан авч үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч хуулийн этгээд, өмчлөгч нарын ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч тал хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12/361 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн шинжээч Г.О-ыг томилоход барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд нь Ү-0 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 0 тоот 134,92 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1,279,297,139 төгрөгөөр, Ү-0 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 0 тоот хаягт байрлах 89.39 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 847,568,505 төгрөгөөр, Ү-0 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 0 тоот хаягт байрлах 108.43 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,028,12,767 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-д 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үнэлгээний мэдэгдлүүдийг гардуулан өгч тэмдэглэлд гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Уг үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлбөр төлөгч хуулийн этгээд болон төлөгч Г.Лхагвасүрэнгийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Ц-д үнэлгээний мэдэгдлүүд болон тайлангийн хамт гардуулан өгч, тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Барьцаа хөрөнгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01435 дугаар захирамжаар Х о ХХК болон иргэн Г.Л нараас 1,937,079,074 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Х о ХХК, Г.Л нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ГХ2020/00731 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 20260632 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэн Г.Л-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 0, 0, 0 тоот хаягт байрлах үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, улмаар 2022 оны 11 аүгээр сарын 23-ны өдөр хураан авсан байдаг. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хураагдсан эд хөрөнгүүдийн талаар үнийн санал нийлээгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12/361 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээч Г.О-ыг шинжээчээр томилсон байдаг. Шинжээч нь Сүхбаатар дүүрэг, 0 тоот хаягт байрлах 134.92 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,279,297,139 төгрөгөөр, 0 тоот хаягт байрлах 89,39 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 847,568,505 төгрөгөөр, 403 тоот хаягт байрлах 108.43 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,028,121,767 төгрөгөөр нийт 3,154,987,411 төгрөгөөр үнэлж, үнэлгээний тайлангуудыг гаргасан байна. Нэхэмжлэгч Х о ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Н нь уг үнэлгээг эс зөвшөөрч, шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: Шинжээчийн зах зээлийн үнэ ханшийн мэдээллийг нягтлан шалгаж, нэгтгэсэн хүснэгтийг харахад жишиг хөрөнгийн үнэлгээнүүдийг 1 м.кв-д ногдох унэ нь 5,5 саяас 15,6 сая төгрөг гэж үнэлсэн. Тэгээд Г.Л-ийн хөрөнгүүдийг үнэлэхдээ үнэлж буй барилгаас өмнө баригдсан, зориулалт нь өөр харьцуулах боломжгүй байруудтай харьцуулсан байна гэж бичсэн нь үндэслэлгүй байна. Шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь үнэлгээг орлогын, зах зээлийн, өртгийн хандлагын аргуудыг хослуулан хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байдаг. Ийнхүү шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гаргахдаа хэн аль нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ойролцоо байршлын, адилхан үйлчилгээний зориулалттай, 2014-2015 онд ашиглалтад орсон, ижил шинж чанарын 3-аас багагүй хөрөнгөтэй харьцуулсан, хөрөнгийн талбай, нэгж талбарын үнэ, байршил, өмчлөх эрх, хэлцлийн нөхцөл, борлогдох магадлал, насжилт, хөрөнгийн биет байдал, хийц, бүтээц, инженерийн дэд бүтэц, гадна засал, дотор засал, тохижилт зэрэг тохируулга хийсэн байна. Дээрх хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн байна. Мөн нэхэмжпэгч нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага дээр дурдсан үнэлгээний тайлангуудад барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна гэдэг болрвч энэхүү үйл баримтаа баримтаар нотлоогүй. Ийнхүү нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түүний дотор үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэхээр товлогдсон шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авах, авсан өмгөөлөгчийнх нь хэргийн материалтай танилцах, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх зэрэг хүсэлтүүдийг гаргаж байгаагаас үзэхэд төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна гэж үзэхээс өөр аргагүй байна. Иймд Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Халзан овоо ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зуйлийн 44.3-т заасны дагуу анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах талаар хуульд заасан хугацаандаа гомдол гаргаагүй байна. Иймд 2022 рны 01 дүгээр сарын 21-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдаатай холбоотой хүчингүй болгуулах тухай гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу гаргаагүй байх тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

4.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, хөрөнгийн үнэлгээний мэдэгдлүүд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01435 дугаар захирамж, албадан дуудлага худалдааны зар, хариу мэдэгдэх хуудас,

4.2 хариуцагчаас гаргасан гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01435 дугаар захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, эд хөрөнгө хураах тухай тогтоолууд, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, үнийн санал, шинжээч томилох тухай тогтоол, итгэмжлэл, анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдааны тогтоол, дуудлага худалдааны тэмдэглэл, мэдэгдлүүд, хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, зар, төлбөрийн баримтууд,

4.3 Гуравдагч этгээдээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний хэрэг үүсгэх захирамжууд, шүүхийн шийдвэрүүд, магадлал зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х о ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01435 дугаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Х о ХХК, Г.Л нараас 1,937,079,074 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд буюу маргааны зүйл болох

- Г.Л-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 тоотод байрлах, 134.92 м.кв талбай бүхий үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Г.Л-гийн өмчлөлийн эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 тоотод байрлах, 89.39 м.кв талбай бүхий зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Г.Л-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 тоотод байрлах, 108.43 м.кв талбай бүхий зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 147-148 дугаар тал/

 

4. Дээрх шүүхийн шийдвэрийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 731 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үүсгэж, ажиллагаа явагдаж байна. /хх-ийн 146, 149 дугаар тал/

 

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээр дурдсан нэр бүхий хөрөнгүүдийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 20260632/01, 20260632/02, 20260632/03 тоот тогтоолуудаар битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20260632/14, 20260632/15, 20260632/16 тоот тогтоолуудаар хураажээ. /хх-ийн 152-156, 162-164 дугаар тал/

 

6. Шийдвэр гүйцэтгэгчээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг төлбөр авагч, төлбөр төлөгч нараас авах ажиллагаа явуулахад харилцан тохиролцоогүй байх тул шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилж, үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоохыг даалгасан нь Иргэний хуулийн 177 зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /167-171 дүгээр тал/

 

7. Битүүмжлэгдэж, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК-иас Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 тоотод байрлах, 134.92 м.кв талбай бүхий үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,279,297,139 төгрөгөөр, Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 тоотод байрлах, 89.39 м.кв талбай бүхий үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 847,586,505 төгрөгөөр, Ү-0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 тоотод байрлах, 108.43 м.кв талбай бүхий үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,028,121,767 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх-15-76 дугаар тал/

 

8. Шийдвэр гүйцэтгэгчээс талуудад шинжээчийн тогтоосон үнэлгээгээр ажиллагаа явагдахыг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталгаат шуудангаар дамжуулан, мөн өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийг төлөөлөн оролцож буй этгээд болох Б.Цэнгэлтэй уулзалт хийх замаар үнэлгээний тайланг гардуулан өгч, тэмдэглэл хөтлөх замаар мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч нараас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тэдгээрийг бүрэн төлөөлөн оролцох эрхтэй итгэмжлэлийг Б.Ц-д олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хх-173-177, 191 дугаар тал/

 

9. Нэхэмжлэгч нь үнэлгээний мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээний мэдэгдлийг авсанаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

9.1 Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2022/01391 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар Х о ХХК-иас гаргасан маргааны зүйл болох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна. /хх-ийн 11-13 дугаар тал/ Шүүхийн Иргэн-14 нэгдсэн програмаас үзэхэд нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд анх гаргасан нь хуульд заасан хугацааг 5 хоногоор хэтрүүлж гаргасан байна.

 

10. Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж маргах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

10.1 Шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухай үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасны дагуу гаргасан байна.

 

10.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд ...үл хөдлөх эд хөрөнгүүд нь орон сууцны зориулалттай, уг зориулалтаар түрээслүүлж байхад үйлчилгээний зориулалтаар үнэлгээ гаргасан гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд контор үйлчилгээний зориулалттай талаар бүртгэгдсэн байна. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгүүдийн зориулалтынх нь дагуу жишиг үнийг гаргасан нь хууль зөрчөөгүй байх ба өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө бусдад орон сууцны зориулалтаар түрээслүүлж байгаа эсэх нь түүний эрхийн асуудал байна.

 

10.3 Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан 2018 онд Г.Л өмчлөгчөөр бүртгэгдсэн байхад үл хөдлөх эд хөрөнгийг 2014 онд ашиглалтад оруулсан гэж үнэлгээ гаргасан нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс доогуур гаргасан гэх тайлбар үндэслэлгүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2014 онд ашиглалтад орж, хожим өмчлөгчөөр 2018 онд Г.Л бүртгэгдсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтад орсон хугацааг өөрчлөх буюу өмчлөгчөөр бүртгэгдсэн өдрөөр тооцох үндэслэл болохгүй.

 

11. Иймд Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

12. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулж, шинжээчийн тогтоосон үнэлгээгээр оруулах санал, мэдэгдлийг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн байна. /хх-ийн 36-45 дугаар тал/

 

13. Анхны албадан дуудлага худалдаагаар Ү-0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 тоотод байрлах, 134.92 м.кв талбай бүхий үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг санал болгосон үнэ 1,279,297,139 төгрөгийн 70 хувь 895,507,997 төгрөгөөр, Ү-0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 тоотод байрлах, 89.39 м.кв талбай бүхий зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 847,586,505 төгрөгийн санал болгосон үнийн 70 хувь 593,310,553 төгрөгөөр, Ү-0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 тоотод байрлах, 108.43 м.кв талбай бүхий зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг санал болгосон үнэ 1,028,121,767 төгрөгийн 70 хувиар тооцон 719,685,236 төгрөгөөр тус тус худалдан борлуулахаар дуудлага худалдаанд оруулахад дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдоогүй байна.

 

14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4 дэх хэсэгт ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан.

 

14.1 Нэхэмжлэгч нь анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан атлаа энэ талаархи гомдлоо 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй 2022 оны 05 дугаар сард гаргасан байна. /2-р хх-1-3 дугаар тал/

 

14.1.1 Шүүх үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргасан байгаа зэргээс үл хамааран шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, шийдвэрт талууд 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гарган шийдвэрлүүлэх урьдчилсан арга хэмжээг авсан байх шаардлагатай байхад нэхэмжлэгч нь урьдчилсан арга хэмжээг зохих журмын дагуу хугацаанд нь холбогдох этгээдэд гаргаагүй байна.

 

14.1.2 Иймд нэхэмжлэгчээс гаргасан ...шүүх нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаагүй байсан бол иргэний хэрэг үүсч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж, анхны албадан дуудлага худалдаа явагдахгүй байсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид энэ талаарх гомдлоо гарган шийдвэрлүүлж, тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргасны дараа шүүхэд хандах байтал шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

 

14.2 Нөгөө талаар, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлоо дээр дурдсанаар 5 хоног хэтрүүлж шүүхэд гаргасан болох нь тогтоогдсон ба хуульд заасан хугацааг хэтрүүлж гаргасан гомдлоор хожим анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

15. Хоёрдахь албадан дуудлага худалдаа 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдсон байх боловч нэхэмжлэгч нь анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотойгоор хоёрдахь албадан дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчээс хүчингүй болгож, дуудлага худалдааны төлбөрийг худалдан авагчид буцаан шилжүүлсэн үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн 0 тоотод байрлах, 134.92 м.кв талбай бүхий үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,279,297,139 төгрөгөөр, Ү-0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Жамъяан гүний гудамж, 0 тоотод байрлах, 89.39 м.кв талбай бүхий үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 847,586,505 төгрөгөөр, Ү-0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 тоотод байрлах, 108.43 м.кв талбай бүхий үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,028,121,767 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х о  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ