Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00054

 

 

 

 

 

 

 

Х-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/04194 дугаар шийдвэртэйХ-ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01435 дугаар захирамжаар Ха ХХК болон Г.Л нараас төлбөр гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгө болох Г.Л-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо, Жамъян гүний гудамж, 00 дугаар барилгын 00 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн 0 дугаартай, 134.92 м.кв, 89.39 м.кв, 108.43 м.кв талбайтай, үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж хураан авсан. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдажГ.Л-ийн өмчлөлийн дээр дурдсан гурван эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №12/361 тоот тогтоолын дагуу С.Э ХХК-ХХК-ийг шинжээчээр томилж үнэлүүлснээ 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4-161/24934, 4-161/24938, 4-161/24939 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний тайланд 00 тоотод байршилтай 134.92 м.кв талбайг 1,279,297,139 төгрөгөөр, 00 тоотод байршилтай 89.39 м.кв талбайг 847,586,505 төгрөгөөр, 00 тоотод байршилтай 108.43 м.кв талбайг 1,028,121,767 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Шинжээчийн зах зээлийн үнэ ханшийн мэдээллийг нягтлан шалгаж нэгтгэсэн хүснэгтийг харахад жишиг хөрөнгийн 1 м.кв-д ногдох үнэ нь 5.5-15.6 сая төгрөг гэж үнэлсэн.Г.Л-ийн хөрөнгүүдийг үнэлэхдээ үнэлж буй барилгаас өмнө баригдсан, зориулалт нь өөр, харьцуулах боломжгүй, хямд байруудтай харьцуулсан байгаа юм. Мөн тухайн барилга дотор байх ижил м.кв-тай ижил байруудад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон хоёр ч шинжээч 2020 онд үнэлгээ хийхдээ м.кв-ыг 10.4 сая төгрөгөөр тооцож үнэлсэн. 2020-2022 оны хооронд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 50 орчим хувиар нэмэгдээд байхад байрыг хэт багаар үнэлж байна. Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шударга байх, хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтлан ажиллах ёстой ба хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэсэн шаардлагад нийцсэн байх байтал огт шаардлага хангаагүй бөгөөд ямар нэгэн судалгаагүйгээр шууд үнийг тогтоож хэт доогуур үнэлж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Г.Л-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо,  амралтын // Жамъян гүний гудамж, 0 дугаар барилгын 0, 0, 0 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн 0 дугаартай, 134.92 м.кв, 89.39 м.кв, 108.43 м.кв талбайтай, үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийсэн С.Э ХХК-ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Төлбөр төлөгч Ха ХХК, Г.Л болон тэдгээрийн төлөөлөгчид нь дуудлага худалдаа явуулах шийдвэрийг мэдэгдэлгүйгээр дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Өмнөх асуудлаар шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргасаар байтал дараагийн ажиллагаа хийн нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн байдаг. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр явагдсан Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Жамъян гүний гудамж, 0 дугаар барилгын 0, 0, 0 тоот хаягт байршилтай, үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаар захирамжаар Ха ХХК болон Г.Л нараас 1,937,079,074 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ха ХХК болон Г.Лнарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203036332 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Соёл амралтын Жамъян гүний гудамж, 0 дугаар барилгын 401 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  00дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Соёл амралтын 0 Жамъян гүний гудамж, 0 дугаар барилгын 0 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 0 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Соёл амралтын 0 Жамъян гүний гудамж, 0 дугаар барилгын 0 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 0, 0, 0 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар битүүмжилж, эд хөрөнгө хураах тухай 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0  дугаартай тогтоолоор хураан авч үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч хуулийн этгээд, өмчлөгч нарын ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч тал хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12/361 дугаартай шинжээч томилох тогтоолоор С.Э ХХК-ХХК-ийн шинжээч Г.О-ыгтомилоход 401 тоот хаягт байрлах 134.92 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1,279,297,139 төгрөгөөр, 402 тоот хаягт байрлах 89.39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 847,568,505 төгрөгөөр, 403 тоот хаягт байрлах 108.43 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1,028,121,767 төгрөгөөр тус тус үнэлсэн. Уг үнэлгээг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлбөр төлөгч хуулийн этгээд болон төлбөр төлөгч Г.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц үнэлгээний мэдэгдлүүд болон тайлангийн хамт гардуулан өгч тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Барьцаа хөрөнгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул худалдаагүй. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гаргахдаа Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороонд байрлах ойролцоо байршлын, адилхан үйлчилгээний зориулалттай, 2014-2015 онд ашиглалтад орсон, ижил шинж чанарын гурваас багагүй хөрөнгөтэй харьцуулсан ба хөрөнгийн талбай, нэгж талбарын үнэ, байршил, өмчлөх эрх, хэлцлийн нөхцөл, борлуулагдах магадлал, насжилт, хөрөнгийн биет байдал, хийц, бүтээц, инженерийн дэд бүтэц, гадна болон дотор засал, тохижилт зэрэг тохируулга хийсэн байна. Дээрх хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн байна. Мөн нэхэмжлэгч нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагадаа дээр дурдсан үнэлгээний тайлангуудад барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна гэдэг боловч уг үйл баримтаа нотлоогүй. Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, түүний дотор үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэхээр товлогдсон шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авах, авсан өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх зэрэг хүсэлтүүдийг гаргаж байгаагаас үзэхэд төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна гэж үзэхээс өөр аргагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зуйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах талаар хуульд заасан хугацаандаа гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7-дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Соёл амралтын 0 Жамъяан гүний гудамж, 0 дугаар барилгын 0 тоотод байрлах, 134.92 м.кв талбай бүхий үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,279,297,139 төгрөгөөр, 0  дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын 0 Жамъяан гүний гудамж 0 дугаар барилгын 0 тоотод байрлах, 89.39 м.кв талбай бүхий үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 847,586,505 төгрөгөөр, 0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын /0/ Жамъяан гүний гудамж, 0 дугаар барилгын 0  тоотод байрлах, 108.43 м.кв талбай бүхий үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,028,121,767 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ха ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргасан. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хурал давхцсан тул биечлэн оролцох тухай хүсэлт гаргаж шүүх хуралдаанаас хэд хоногийн өмнө нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх тус хүсэлтийг хэлэлцэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Мөн ямар үндэслэлээр уг хүсэлтийг хангахгүй байгаа үндэслэлээ мэдэгдээгүй. Хэргийн оролцогчийн хувьд шүүх хуралдаанд биечлэн оролцох болон хуульд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн уг эрх ноцтой зөрчигдсөн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь байгаа тул шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусдаа субъектүүд бөгөөд өөрийн эрх, үүрэгтэй оролцдог байтал нэг субъект мэтээр хүлээж авч шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн.

Мөн талуудад ялгавартай хандаж тэгш эрхийн зарчмыг баримтлаагүй. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч Г.Б нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн хэн нь өмгөөлөгчийн өмсгөлгүй ирсэн байтал зөвхөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг өмсгөлгүй ирсэн нь ёс зүйгүй байна хэмээн гадна байдлаар ялгаварлан гадуурхсан.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт болон Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдсан. Шүүгч хүний итгэл үнэмшил нэг талыг илтэд ялгаварлан гадуурхаж байсан тул Г.Б шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч хангаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн зүгээс ижил төсөөтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн өөр шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Мөн хэрэгт хамааралгүй нотлох баримтыг хэргээс хасуулах хүсэлт өгсөн боловч хүлээж аваагүй. Хэргийн оролцогчдын эрхийг хангаагүй, өмгөөлөгчийн хуульд заасан эрхийн хүрээнд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах боломжгүй болгосон. Мөн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хямд үнээр худалдан борлуулагдах нөхцөл байдалд хүргэсэн. Нотлох баримтыг үнэлэхдээ зөвхөн хариуцагч талд ашигтай нотлох баримтуудыг үнэлж хэрэгт нэн хамааралтай нотлох баримтуудыг үнэлээгүй орхигдуулсан. С ХХК-ийн үнэлгээнд тухайн барилга нь 2014 онд ашиглалтад орсон гэж бичсэн байсан. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь 2018 онд ашиглалтад орсон байхад шүүх 2014 онд орсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тухайн барилгын ашиглалтад орсон комиссын актыг хот төлөвлөлтийн газраас нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Үнэлэх ёстой нотлох баримтыг үнэлээгүй. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 01391 дугаар захирамжид 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан талаар дурдсан, байтал бодит байдлаас өөрөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эд хөрөнгийг хурааж, 1 сарын дотор үнэлгээ хийж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ц танилцуулж, тэмдэглэл хөтөлсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Хариуцагч нь үнэлгээг гарснаас ажлын 3 хоногийн дотор танилцуулах үүргээ биелүүлсэн. Хэрэв үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй бол 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Нэхэмжлэгч тал 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байх боловч тус нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг шүүгчийн захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг дахин гаргасан бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу гэж үзэн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Тус шүүгчийн захирамжид нэхэмжлэгч талаас гомдол гаргаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгч мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж гомдол гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 8 сар үргэлжилсэн бөгөөд уг хугацаанд шүүх хуралдаан 7 удаа нэхэмжлэгч талын хүсэлтээр хойшилсон. Иймд мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны товыг зохигчдод мэдэгдсэн байсан бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн талаараа тов мэдэгдсэн баримтад тэмдэглүүлсэн байсан. Гэтэл шүүх хуралдаан болох өдөр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан, өмгөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн ирсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Аливаа зүйл хэмжээ хязгаартай байх ёстой. Нэхэмжлэгч эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж байгаа боловч нөгөө талаараа үүргээ биелүүлэх ёстой. Өмгөөлөгч Д.Д-ын хувьд А ХХК-тай холбоотой 7 хэрэгт оролцож байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өмгөөллийн нөхөрлөлийн гүйцэтгэх захиралн.Ц төлбөр төлөгчийг төлөөлөн оролцдог. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар үнэлгээ гарахаар өмгөөлөгчийн туслахад итгэмжлэл олгож, шүүхэд нэхэмжлэл гаргуулж, шүүх хуралдаан зарлагдахаар өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, өмгөөлөгчөөр оролцож, хэргийн материалтай танилцана гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулдаг. Өмгөөллийн тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулахыг хориглодог. Шүүх хуралдаан товлогдоход хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргээ шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл уг эрхээ огт хэрэгжүүлдэггүй. Шүүгчээс 2 удаа татгалзсан. Хэрэгт хамааралгүй нотлох баримт гаргаж өгсөн гэж гомдолд дурдсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2 шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар дурдсан байх бөгөөд уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийг өөр шүүхэд гаргасан байсан. Үүнтэй холбоотой гарсан шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэг шүүхийн шийдвэр гаргаж өгсний улмаас нөлөөнд автах шүүгч гэж юу байх. Нэхэмжлэгч талын гаргасан гомдол бүхэлдээ үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

2. НэхэмжлэгчХХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Соёл амралтын /0/ Жамъян гүний гудамж, 0 дугаар барилгын 0 тоотод байрлах 134.92 м.кв талбайтай, 0 тоотод байрлах 89.39 м.кв талбайтай, 0 тоотод байрлах 108.43 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.а. Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох Г.Л-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Жамъян гүний гудамж, 00 дугаар барилгын 0 тоотод байрлах 134.92 м.кв талбайтай, 00 тоотод байрлах 89.39 м.кв талбайтай, 00 тоотод байрлах 108.43 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулсан байна.

3.б. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Хариуцагч хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдах доод үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч нарт 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4-162/23138, 4-162/23139 тоот мэдэгдлүүдээр мэдэгдсэн бөгөөд Г.Л болон ХХК үнийн санал ирүүлээгүй тул 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12/361 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор С ХХК-ийнг шинжээчээр томилжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 54 тоот үнэлгээний тайлангаар 401 тоотод байрлалтай 134.92 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 1,279,297,139 төгрөгөөр, 54/1 тоот үнэлгээний тайлангаар 402 тоотод байрлалтай 89.39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 847,586,505 төгрөгөөр, 54/2 тоот үнэлгээний тайлангаар 403 тоотод байрлалтай 108.43 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 1,028,121,767 төгрөгөөр тус тус тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Эдгээр нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллага болон төлбөр төлөгчид хүргүүлнэ.

2020 оны 07 дугаар сарын 07, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэлүүдийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/16, 1/17, 1/18 дугаар тогтоолуудыг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шуудангаар хүргүүлж, тогтоол, мэдэгдлийг хүлээлгэн өгсөн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хэрэгт авагджээ.

Иймд анхны албадан дуудлага худалдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

5.ХХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.а. Шүүх нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх 8 сарын хугацаанд нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаан нийт 5 удаа хойшлогдсон байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож байгаа тул нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрх зөрчигдөхгүй гэж үзэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.

5.б. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зохицуулжээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг тухайн байршилд ижил төсөөтэй харьцуулж болохуйц үйлчилгээний зориулалттай хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийн судалгааг хийж, харьцуулах хөрөнгүүдийн ялгаатай байдалд шаардлагатай тохируулгыг тооцон зах зээлийн хандлагын жишиг ажил гүйлгээний аргаар үнэлгээг тогтоосон байна.

Иймд хөрөнгийн үнэлгээний тайлангийн барилгын ерөнхий мэдээлэл хэсэгт дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2014 онд ашиглалтад орсон гэж дурдсан нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

5.в. Нэхэмжлэгч үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлээ 2020-2022 оны хооронд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 50 орчим хувиар нэмэгдээд байхад байрыг хэт багаар үнэлсэн гэж тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон болохыг нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Учир нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж зааснаар мэтгэлцэх зарчмыг хангаж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийжээ. Иймд энэ талаархи гомдол үндэслэлгүй болно.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/04194 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН