Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2022/04453

 

 

 

 

 

 

 

 

2022 10 26

101/ШШ2022/04453

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, Б.С /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

Хариуцагч нь шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийи анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 101/Ш32018/0 дугаар шийдвэрээр Б.С, М.Г нараас 176,728,500 төгрөгийг гаргуулж Нэшнлфинанс ББСБ ХХК-нд олгохоор талуудын эвлэрлийг шүүх баталгаажуулж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүрэг, 0 давхарын үйлчилгээний зориулалттай 110 мкв талбайтай, Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийг битүүмжпэн, хураан авсан. Энэ хугацаанд боломжит хэмжээнд сар бүр төлөлт хийж бдйсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх газар нь Баянмодот ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Тус компани нь Сүхбаатар дүүрэг. 0 давхарын үйлчилгээний зориулалттай 110 мкв талбайтай, Ү- 0 дугаартай үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийг үнэгүйдүүлж 287,848,200 гөгрөгөөр үнэлсэн байх бөгөөд үнэлгээг надад 2022 оны 6 сарын 28-ны өдөр бидэнд мэдэгдсэн учир бид хуульд заасан 7 хоногийн хугацаанд шүүхэд гомдол гаргаж байна. Хөрөнгийн үнэлгээний Баянмодот ХХК нь зээлийн гэрээнд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг үнэлзхдээ тухайн хөрөнгийн ирээдүйд олох орлогыг тооцоолоогүй, тухайн үл хөдлөх хөрөнгийн байршил болон одоогийн зах зээлийн ханшийг судлан харьцуулах аргыг ашиглахгүйгээр зах зээлийн үнэ ханшаас илт багаар үнэлсэн нь хөрөнгийг үнэгүйдүүлэх нөхцөлийг бүрдүүлж, төлбөр төлөгчийн эрхийг хохироож байгаад гомдолтой байна. Бидний судалсан эрх бүхий газруудаас авсан үнэ ханшийн мэдээлэл судалгаагаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах ойролцоо, ижил талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ ханш 390,000,000 төгрөгөөс 580,000.000 орчим төгрөгийн үнэ ханштай байгаа бөгөөд энэ хөрөнгө нь сар бүр тогтмол орлого олдог хотын Б бүсэд байрладаг ирээдүйд улам үнэ цэнэтэй болох үйчилгээнии зориулалтай үл хөдлөх хөрөнгө юм. Мөн үйлчилгээний зориулалттай биш орон сууцны мкв-ийн үнэ 3,500,0000 төгрөгөөс эхэлж байхад үйлчилгээний зориулалттай, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа үл хөдлөх хөрөнгийн мкв-ийн үнийг 2,616,801 төгрөгөөр тооцож үнэлсэн нь илтэд зах зээлийн ханшнаас доогуур үнэлэн болохыг харуулж байна. Хөрөнгийн үнэлгээний компани энэ бүх зүйлийг харгалзаж үзэлгүйгээр 287,848,200 төгрөг буюу илт багаар үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдлоо гаргаж байна. Иймд Баянмодот ХХК-ийн 2022 оны 6 сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийи анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 101/Ш32018/0 дугаар шийдвэрээр Б.С, М.Г нараас 176,728,500 төгрөгийг гаргуулж Нэшнлфинанс ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч М.Г, Б.С нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 0 тоотод байрлах 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20380581/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 20380581/08 дугаартай тогтоолоор барьцаалан хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудад үнийн санал ирүүлэхийг 4-188/12682 дугаар албан бичгээр мэдэгдэхэд төлбөр төлөгч 900,000,000 төгрөгөөр орон сууцыг үнэлсэн, төлбөр авагч зах зээлийн ханшаас хэт өндөр байх тул хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлж, үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 6/182 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Баянмодот ХХК-иар тогтоолгоход 287,848,200 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, Баянмодор ХХК нь үнэлгээг үндэслэлтэй тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийи анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 101/Ш32018/0 дугаар захирамж, үнэлгээний мэдэгдэл, Баянмодот ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, сайтаас авсан гэх зар, иргэний үнэмлэхийн хуулбар,

3.2 хариуцагчаас гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийи анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 101/Ш32018/03812 дугаар захирамж,, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, үнийн санал, шинжээч томилох тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдэгдлүүд зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийи анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 101/Ш32018/0 дугаар талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар Б.С, М.Г нараас 176,728,500 төгрөгийг гаргуулж Нэшнлфинанс ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 0 тоотод байрлах 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар талууд эвлэрснийг баталгаажуулсан нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-5-6/

 

3.1 Дээрх шүүхийн шийдвэр/шүүгчийн захирамж/-ийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2019/20344 дүгээр захирамж, мөн өдрийн 01522 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үүсгэж, ажиллагаа явагдаж байна. /хх-58-66/

 

4. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа мэдэгдсэн байх боловч төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн 0 тоотод байрлах 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20380581/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 20380581/08 тоот тогтоолоор хураасан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-73-79/

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авах ажиллагаа явуулахад харилцан тохиролцоогүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Баянмодот ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-85/

 

6. Шинжээч Баянмодот ХХК-иас Сүхбаатар дүүргийн 0 тоотод байрлах 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 287,848,200 төгрөг болохыг тогтоосон байна. /хх-86-113/

 

6.1 Төлбөр төлөгч нарт шинжээч Баянмодот ХХК-иас гаргасан дээрх үнэлгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр танилцуулж, төлбөр төлөгч нар уг үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлээ 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гаргасан байна.

 

7. Нэхэмжлэгч нь шинжээч Баянмодот ХХК-иас гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй гарсан, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

7.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс цуглуулж өгсөн зарын сайтаас авсан гэх баримтыг нийтэд илэрхий баримт гэж зааж, уг баримтаар үнийн өөрчлөлт орсон нь тогтоогдоно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүйн дээр тухайн баримтад талуудын маргаан бүхий орон сууцны үнэ ханштай холбоотой баримтад мэдээлэл агуулагдаагүй байна.  

 

7.2 Хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж, харилцан тохиролцон дүгнэлт гаргуулах боломжтой юм. Гэтэл нэхэмжлэгч нь зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж тайлбарлах боловч үнэлгээчнээр өөрийн хөрөнгөд үнэлгээг хийлгүүлэх замаар өссөн гэх зах зээлийн үнэлгээг гаргуулах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

8. Шинжээч Баянмодот ХХК нь маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалын дагуу гаргасан байна.

 

9. Иймд хэрэгт авагдсан баримтуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн 0 тоотод байрлах 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ