Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2022/04484

 

 

 

 

 

 

 

 

2022 10 27

101/ШШ2022/04484

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай, өөрийн байранд оршин байрлах, Г б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Боржигон овогт Б.Ц /рд:0/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Цагаанчулуут овогт Г. А /рд:0/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 113,687,845 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

Хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.А, Б.Ц нар нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Голомт банктай ЗГТ205160481 дугаартай зээлийн гэрээ байгуулж 85,700,000.00 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай орон сууцны зээлийг авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ЗБ1205160481 дугааргай Ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 0 тоот хаягт байршилтай, 66.2 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. ЗГ1205160481 нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл биш Голомт банкны өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээл тул Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуульд хамаарахгүй болно. Мөн зээлдэгч нараас зээлийн хүүг цар тахлын хугацаанд зогсоолгох тухай хүсэлтийг гаргаж байгаагүй. Зээлийн гэрээний Хавсралт №1-д даатгалын төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тусгасан байдаг болно. Зээлийн хугацаа хэтэрсэн хоног нь 423 хоног /2021.05.22-2022.07.19/ болно. Банкны зүгээс зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгч нарт удаа дараа мэдэгдэж, уулзалт хийж, утсаар холбогдож сануулж байсан. Гэвч зээлдэгч нар нь зээл төлөх тал дээр идэвхитэй ханддаггүй. Яагаад зээлээ төлж чадахгүй байгаа болохоо банкинд илэрхийлдэггүй, ирж уулздаггүй. Банкны ажилчид л араас нь байнга холбогдож явдаг.

Зээлдэгч Г.А, Б.Ц нар ЗГ1205160481 дугааргай зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байх тул зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу Голомт банк гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт дараах төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд: зээлийн үлдэгдэл 85,061,735 төгрөг, зээлийн хүү 28,333,558 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,206.18 төгрөг, даатгалын төлбөрт 271,345.87 төгрөг, нийт 113,687,845 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийн хувийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гардан авсан, тэдгээрийн хариу тайлбар гаргах хугацаа 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дууссан байх боловч хариу тайлбар шүүхэд гаргаагүй болно.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, зээлдэгчтэй уулзалт, утсаар ярьсан тэмдэглэлүүд, Г.А-аас банкинд гаргасан хүсэлт,

3.2 хариуцагчаас гаргасан итгэмжлэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г б ХХК нь хариуцагч Г.А, Б.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 113,687,845 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1.1 Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

 2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Г б ХХК болон хариуцагч Г.А, Б.Ц нар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ1205160481 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нар нь 85,700,000 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууцны зээлийн зориулалтаар зээлэхээр тохирчээ.

 

2.1 Түүнчлэн зохигчид уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, Г.А-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 тоот хаягт байршилтай, 66.2 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байна.

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

 

3.1 Барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

4. Зээлийн гэрээний зүйл болох 85,700,000 төгрөгийг зээлдэгч нарт зээлдүүлэгчээс хүлээлгэн өгсөн болох нь дансны хуулгаар тогтоогдсон.

 

5. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч Г.А, Б.Ц нар нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хүүгийн хамт 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 240 сарын хугацаанд сар бүр 1,301,574-1,282,181 төгрөгөөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна.

 

5.1 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

5.2 Хариуцагч буюу зээлдэгч Г.А, Б.Ц нар нь хуваарийн дагуу тогтмол төлөхгүй явсаар, 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 22, 2020 оны 4 сар, 2020 оны 9 сар, 2020 оны 10 сар, 2021 оны 09 сар, 2020 оны 10 сард тус тус зээлийн төлөлтийг хуваарт заасан хэмжээнээс бага хэмжээгээр төлж, нийт зээл, хүүгийн төлбөрт 11,586,302 төгрөгийг төлж, 2021 оны 12 дугаар сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр огт төлөөгүй, гэрээний үүргийг зөрчсөн үйл баримт нь нэхэмжлэгчийн тайлбар, зээл, хүүгийн тооцооллын хүснэгтээр тогтоогдсон.

 

5.3 Нэхэмжлэгч Г б ХХК-иас зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгч, уулзалт, утсаар ярих замаар мэдэгдэж байсан болох нь зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, зээлдэгчтэй утсаар ярьсан тэмдэглэлүүдээр тогтоогдсон.

 

5.3.1 Гэвч Г б ХХК-иас хугацаа олгосон байх боловч үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрх үүссэн байна.

 

5.3.2 Хариуцагч нар нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар шүүхэд бичгээр гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

5.3.3 Мөн хариуцагч нар нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Шүүх хариуцагч нарын мэтгэлцэх эрхийг хангах үүднээс тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан. Өнөөдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч нар мэдсэн атлаа мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсантай холбоотой тайлбараа ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл болсон баримтыг шүүхэд гараагүй.

 

5.3.4 Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн хугацаагаар тооцож үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байх тул хариуцагч Г.А, Б.Ц нараас зээлийн үндсэн төлбөр 85,061,735 төгрөг, зээлийн хүү 28,333,558 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,206 төгрөг, нийт 113,416,499 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г б ХХК-д олгож шийдвэрлэв.

 

6. Зээлдүүлэгчээс олгосон зээлийн зориулалт нь орон сууцны зээлийн гэрээ /ипотек/ байх ба Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуульд зааснаар зээлийн хүү зогсоолгох тухай хүсэлтийг зээлдэгч нараас банкинд гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгч нь даатгалын төлбөрт 271,345 төгрөг нэхэмжилсэн ба уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээлийн гэрээний графикт даатгалын төлбөрийг авахаар тусгасан. Мандал даатгал ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан гэж тайлбарласан.

 

7.1 Талуудын байгуулсан зээлийн гэрээнд даатгалын төлбөрийг Мандал даатгал ХХК-ийн өмнөөс банк шаардан авах эрхтэй талаар тохиролцоогүй байна. Зээлийн гэрээний графикт даатгалын төлбөрийг сар бүр авахаар тусгасан нь Г б ХХК нь даатгалын төлбөрийг шаардах эрхийг олгосон баримт гэж үзэхгүй.

 

7.2 Нэхэмжлэгч нь Мандал даатгал ХХК-тай байгуулсан даатгалын гэрээ байдаг гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч уг баримтаа хэрэгт цуглуулж өгөөгүй. Иймд Г б ХХК-ийн даатгалын төлбөрт нэхэмжилсэн 271,345 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан.

 

8.1 Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж заасан. 

 

8.2 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн эрх нь хариуцагч Г.А-ын өмчлөлийн хөрөнгө байна.

 

8.3 Талууд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж зааснаар үл хөдлөх хөрөнгө дээр суурилсан салшгүй холбоотой эрх учраас хуульд заасан журмын дагуу барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

8.4 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, түүнчлэн 41.2-т Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

8.5 Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байх тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй.

 

8.6 Иймд Г.А-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, 66.2 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.

 

9. Хариуцагч нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн тэдгээрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 795,232 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.А, Б.Ц нараас 113,416,499 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 271,345 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Г.А-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0тоот хаягт байршилтай, 66.2 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 796,589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 795,232 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ