Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/02116

 

 

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/02116

 

 

А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/04484 дугаар шийдвэртэй,

А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Б-, В- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 113,687,845 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэг, хариуцагч нарын өмгөөлөгч А.Эрдэнэтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: В-, Б- нар нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр А банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 85,700,000 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр байгуулсан ипотекийн гэрээгээр, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/ 90а байр, ** тоот хаягт байршилтай, 66.2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Уг зээл нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй, хүүтэй зээл биш, А банкны өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээл тул Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуульд хамаарахгүй болно. Мөн зээлдэгч нараас зээлийн хүүг цар тахлын хугацаанд зогсоолгох тухай хүсэлтийг гаргаж байгаагүй.

Зээлдэгч В-, Б- нар 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс зээл төлөх хугацааг 423 хоног хэтрүүлсэн. Зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байх тул зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу А банк ХХК гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 85,061,735 төгрөг, зээлийн хүү 28,333,558 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,206.18 төгрөг, даатгалын төлбөрт 271,345.87 төгрөг, нийт 113,687,845 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нар татгалзал, тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч В-, Б- нараас 113,416,499 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 271,345 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох В-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13334/ 90а байр, ** тоот хаягт байршилтай, 66.2 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны тов мэдэгдээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Шүүхээс хэргийн оролцогч болох хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн. Уг хуулийн зохицуулалтыг хэрэглэх урьдач нөхцөл нь мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу хурлын тов мэдэгдэх хуудсанд хэргийн оролцогч хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэж болох талаар шүүхийн мэдэгдэх хуудсанд зааж мэдэгдэх, мэдэгдсэн тохиолдолд тухайн хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байсан.

Шүүхээс хурлын тов мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй, тов мэдэгдэх хуудас дээр гарын үсэг зуруулаагүй нь шүүх хууль буруу хэрэглэсэн мөн хуулийн 76 дугаар зүйлд заасан шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааг хангалтгүй хийсэн байна. Шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэх боловч шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн тэмдэглэл хэрэгт авагдаагүй. Харин хурлын тов мэдэгдсэн гэх баримт шүүхээс хавсаргасан боловч тухайн хурлын тов мэдэгдсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй. Гэтэл шүүхээс хуульд заасан шаардлагын дагуу хурлын тов мэдэгдэлгүй мөн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэл болгон хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй. Тухайн өдөр шүүх хуралдаанд очиход хариуцагч нар ирээгүй шүүх хуралдааны тов болон цагийг андуурсан гэх байдлаар шүүх хуралдаанд оролцоогүй. Хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцох эрхээр нь хангаагүй гэх гомдлын агуулга нь үндэслэлгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А банк ХХК нь хариуцагч В-, Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 113,687,845 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь тайлбар гаргаж маргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 85,061,735 төгрөг, зээлийн хүү 28,333,558 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,206.18 төгрөг, нийт 113,416,499 төгрөгийг гаргуулж, даатгалын төлбөр 271,345.87 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13334/ 90а байр, ** тоот хаягт байршилтай, 66.2 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрлэсэн байдалд хариуцагч тал гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөхгүй.

 

4. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

4.1. Хариуцагч, мөн хариуцагч Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В-д анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариу тайлбар гаргах 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзал гаргах үүрэгтэйг танилцуулсан байх ба хариуцагч нар хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй байна /хх 28-30/.

 

4.2 Анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжийг гаргаж, шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 30 минутад товлосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасантай нийцжээ.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч В-д 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг өөрт нь утсаар мэдэгдсэн байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, харин шүүхийн зүгээс түүний мэтгэлцэх эрхээр нь хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулсан байна.

 

4.3. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч В-д нэхэмжлэл болон итгэмжлэлд бичигдсэн 9994-9059 дугаарын утсаар хүргүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, хариуцагч нь шүүх хуралдааны товыг хүлээн авч хариу илгээсэн байна /хх 27, 43/. Уг шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлага хамаарахгүй болно.

 

4.4 Шүүхийн зүгээс зохих журмаар хурлын товыг мэдэгдсэн байхад хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд ирээгүй, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгааны талаар хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар В- нь зохигчийн хувьд шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй болно.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/04484 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 726,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ