Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 528

 

Д.М, Д.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 626 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 840 дүгээр магадлалтай, Д.М, Д.Э нарт холбогдох 201523010061 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Адуучин овогт Д-ийн М,

2. Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Мандат овогт Д-н Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирох” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.М, Д.Э нарыг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М, Д.Э нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах буюу цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, тус бүрт 6 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Д.Э-т холбогдох заалтуудыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, А.Оюун нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн субъектийг “Албан тушаалтан” байхаар тодорхойлсон байхад мөн зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн субъектийг тусад нь “...Хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албаны ажилтан” гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл бүхий л албан тушаалтанд хамаарах заалт бус зөвхөн “хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албаны ажилтан...” үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхээр тодорхойлжээ. Ийнхүү тусгайлан тодорхойлсон субъектийг хуулиар шууд нэрлэсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн” гэж заасныг үндэслэн төрийн тусгай албан тушаалтан гэж үзэж хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү төрийн тусгай албан хаагчид бүгд хууль сахиулагчид хамаарах эсэх асуудал нь тодорхойгүй бөгөөд тухайн нэр томъёог тодорхойлсон хууль тогтоомж байхгүй байгаа юм. Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Иймээс төрийн тусгай албан хаагчийг албан тушаалтан гэж, албан тушаалтныг хууль сахиулагч гэж тодорхойлж анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн гол шинж бол “үүргээ биелүүлээгүй” гэсэн шинж бөгөөд энэхүү “үүргээ биелүүлээгүй” гэсэн гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохын тулд тухайн гэмт хэрэг болсон нөхцөл байдал, яг ямар үйл ажиллагаа явагдсан, тухайн үйл ажиллагаанд Д.М ямар үүргийг хэрэгжүүлэх ёстой байсан, энэ нь хуулиар тодорхойлсон хууль сахиулагчийн үүрэг мөн эсэх, мөн бол ямар хууль, дүрэм журмаар энэхүү үүргийг хэрхэн тодорхойлсон зэрэг нөхцөл байдлыг зайлшгүй бүрэн тогтоосон байх шаардлагатай билээ. 2015, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолд “...2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь цагдаагийн тасгийн мэдээлэл хүлээн авагч цагдаагаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журам", “Гэмт хэрэг захиргааны зөрчилд сэрдэгдсэн хүнийг хүлээн авах журмын зөрчил хийсэн хүнийг хүлээн авах код” 204.3.1 а,б-д заасны дагуу үзлэг хийх ажиллагааг хийгээгүй, гомдол мэдээллийг журмын дагуу бүртгэж аваагүй, мөн Захиргааны журмаар албадан саатуулах байрны дэглэм журмын 12, 17 дахь заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаж байсан байна.

Харин 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Яллагдагчаар татсан тогтоол”-ын үндэслэл нь “...Д.М нь 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр туслах жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлэгч этгээд амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйл оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж албандаа хайнга хандаж хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус цагдаагийн тасгийн эрүүлжүүлэх байранд 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Э.Т өөрийгөө боомилж нас барсан...” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан байна.

Өөрөөр хэлбэл эхний удаа яллагдагчаар татахдаа Захиргааны журмаар албан саатуулах дэглэм журмыг зөрчсөн гэж үзэж байсан бол хоёр дахь удаа яллагдагчаар татахдаа Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн яллагдагчаар татаж, улмаар уг үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн ял, шийтгэл оногдуулаад байгаа юм. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд тухайн өдөр албадан саатуулах ажиллагаа хийгдсэн, эсхүл албадан эрүүлжүүлэх ажиллагаа хийгдсэн эсэх, мөн уг ажиллагааг хэн хийсэн нь тодорхойгүй байна. Хэрэгт авагдсан баримтууд болох гэрч Г.А-ийн мэдүүлэгт миний хувьд албадан саатуулах байранд 4 согтуу хүн хийсэн гэдгийг огт мэдээгүй, надад энэ талаар огт мэдэгдээгүй, яагаад гэхээр саатуулах байрны эмч цагдаагийн ахмад О ээлжийн амралттай байсан. Мөн албан хаагч нартаа зайлшгүй шаардлага гарвал албаны саатуулах байрны эмчийн тодорхойлолтоор миний зөвшөөрснөөр хүн саатуулна гэдгийг хурал дээр хэлсэн. Ахмад Э 4 этгээд албадан саатуулах тогтоол батлуулаагүй...” гэх мэдүүлэг, Д.Э-ийг гэрчээр байцаасан тэмдэглэлд “...гэмт хэрэгт холбогдсон нөхдүүдийг барьж авахад согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, Тэгээд тасаг дээр авчирсан хойно зугтаачих байх гэж бодоод түр саатуулж архийг нь гаргая гэж бодсон юм. Албадан саатуулахын эмч байхгүй үед саатуулсан нь миний буруу. Хууль бус шийдвэр гаргаж албадан саатуулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэргээр Д.Э албадан саатуулах үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй болох нь тогтоогддог. Гэтэл Д.М-ийг Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа гэж үзэн хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байгаа юм. Шүүх Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна” гэсэн хуулийн заалтыг хэрэглэжээ. Энэхүү заалт 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Эрүүлжүүлэх байрны ажилтан болон гэрээт харуул хамгаалалтын алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна” гэж өөрчлөгдсөн байсан. Уг заалт нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар 7.1 дэх хэсгийн “Эрүүлжүүлэх байрны ажилтан болон гэрээт харуул, хамгаалалтын” гэснийг “Цагдаагийн” гэж, 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийн “эрүүлжүүлэх байрны ажилтан” гэснийг “цагдаагийн алба хаагч” гэж өөрчилсөн байдаг. Үүнээс үзэхэд шүүх хэрэг болох тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглээгүй байх бөгөөд хэрэг болох үед цагдаагийн албан хаагчид үл хамаарах үүргийг хүлээлгэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Д.М-д ял шийтгэл оногдуулахдаа “...цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах...” нэмэгдэл ялыг оногдуулжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ял шийтгэл нь “хоёр жил хүртэл хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах” шийтгэл байдаг. Эрх хасах шийтгэлийг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж тодорхойлсон байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ял шийтгэлд “нийтийн албанд ажиллах” эрхийг хасах талаар зохицуулаагүй “мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх”-ийг хасахаар зохицуулсан байхад “Цагдаагийн байгууллагад ажиллах эрх”-ийг хасах нэмэгдэл ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Мэргэжлийн үйл ажиллагаа нь тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг эрх бүхий этгээдээс авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг субъект хамаарна гэж ойлгож болно. Хэрэв цагдаагийн үйл ажиллагааг мэргэжлийн үйл ажиллагаа гэж үзэж байгаа бол цагдаагийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасахаас тухайн байгууллагад ажиллах эрхийг хасах үндэслэлгүй юм. Хэрэв мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх ялыг ийнхүү “байгууллагад ажиллах эрх” хасах чиглэлээр хуулийг хэрэглэж шүүхийн практик тогтох юм бол энэхүү ял шийтгэлийн хувьд мэргэжлийн үйл ажиллагааг явуулах эрхийг бус хүний ажил хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчсөн явдал болно. Энэхүү тодорхой байгууллагад ажиллах эрхийг хасч, ял шийтгэл оногдуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Дээрх тайлбар үндэслэлээр Д.М-ийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Д.М-ийн гэм буруутай эсэхийг тогтооход эргэлзээтэй нөхцөл байдлууд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж цагаатгаж өгөхийг хүсье” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Эрүүлжүүлэх үйл ажиллагааны явцад цагдаагийн албан хаагч албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон. Анх цагдаагийн хэв журмын байцаагч Д.Э-д гэмт хэргийн шинжтэй гомдлыг албан ёсоор шалгах үүргийг А-ийн зүгээс өгсний дагуу шалгах явцад Т болон түүнтэй хамт байсан Э, Ц, Э нарыг цагдаагийн тасагт авчран согтолтын зэргийг шалгахад Т 4.6 бүхэл, Ц 5.6 бүхэл, Э, Э нар нь 1 бүхэлтэй гарсан байна. Мэдүүлэг авах боломжгүй байсан учраас эрүүлжүүлэх ажиллагаа явагдаж албадан саатуулах нэртэй байранд оруулсан. Энэ үед эрүүлжүүлэх байранд ажиллаж байсан цагдаагийн албан хаагч Д.М нь албан үүрэгтээ хайнга хандаж камерийн хяналтыг зөв тавиагүй, мөн саатуулах байранд орсон этгээдүүдийн өөртөө болон бусдад хохирол учруулж болох эд зүйлсийг хураан аваагүйн улмаас Т нь Ц-ийн тэлээгээр хоолойгоо боомилж амь насаа хохироосон байна. Д.М, Д.Э нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагаа дутуу гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Энэ үед 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн Д.М, Д.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.М нь 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь цагдаагийн тасагт дуудлага хүлээн авагч цагдаа, ерөнхий жижүүрийн туслахаар ажиллаж байхдаа Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Цагдаагийн албан хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцана”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасан “Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлэгч этгээд амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйл оруулахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, хуулиар хүлээсэн албаны үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус цагдаагийн тасгийн албадан түр саатуулах байранд Э.Т нь өөрийгөө боомилж нас барсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.М, Д.Э нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ тэднийг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоосныг давж заалдах шатны шүүх Д.Э-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр буюу Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь цагдаагийн цагдаагийн тасгийн түр саатуулах байранд хохирогч Э.Т өөрийгөө боомилж нас барах үед тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжоор эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулах, хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцах албан тушаалтанд цагдаагийн албан хаагч хамаарахгүй байсан талаар дурдаж мөн цагдаагийн ажилтан Д.М, Д.Э нар нь согтуурсан этгээдийг эрүүлжүүлэх бус хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийг албадан саатуулах ажиллагаа явуулсан талаар өмгөөлөгч Б.Цэцэнбилэг гомдолдоо зааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хариуцлага хүлээх этгээд биш болон цагдаагийн албан хаагчид үл хамаарах үүргийг хүлээлгэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж буруутгах, гэм буруутайд тооцох ял шийтгэх ёсгүй гэсэн үндэслэлээр Д.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд шилжүүлсэнтэй холбоотойгоор 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдаагийн байгууллага дээрхи үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж байгаагүй байна.

Гэвч энэ нь цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах нийтлэг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нотлох баримтыг олж илрүүлэх, бэхжүүлэх, мөрдөн шалгах, олон нийтийн газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах үйл ажиллагааг явуулах явцад хэрэг зөрчилд холбогдсон согтуурсан этгээдийг эрүүлжүүлэх, албадан саатуулах зайлшгүй шаардлага гарч тухайн этгээдийг өөрийн хараа хяналтад аль нэг хэлбэрээр авч буй бол түүний амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөх шалтгаан нөхцөл болохгүй билээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль, захиргааны журмаар албан саатуулах дэглэм журамд аль алинд нь эрүүлжүүлж байгаа болон саатуулагдсан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, байрны аюулгүй байдлыг хангах үүргийг эрүүлжүүлэх болон саатуулах үйл ажиллагааг явуулж буй албан тушаалтан хариуцахаар заасан тул тухайн үед хэрэг, зөрчилд холбогдсоны улмаас цагдаагийн байгууллагад албадан хүргэгдэж улмаар тусгай байранд хоригдсон Э.Т нарын 4 иргэний аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага, тухайлбал уг байгууллагаас томилогдсон албан тушаалтан хариуцах нь тодорхой юм.

2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь цагдаагийн тасгийн туслах жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч Д.М нь согтуурсан үедээ хэрэг, зөрчилд холбогдсон 4 этгээдийг шууд захирах даргын үүрэг болгосноор саатуулах байранд байрлуулахдаа амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйл болох суран тэлээг хураан авах үүргийг “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журам", “Гэмт хэрэг захиргааны зөрчилд сэрдэгдсэн хүнийг хүлээн авах, журмын зөрчил хийсэн хүнийг хүлээн авах код” 204.3.1 а,б, Захиргааны журмаар албадан саатуулах байрны дэглэм журмын 12, 17 дахь заалт, Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт зааснаар хүлээсэн байх бөгөөд албандаа хайнга хандаж хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус цагдаагийн тасгийн эрүүлжүүлэх байранд хохирогч Э.Тайванбаяр өөрийгөө боомилж нас барсан талаар Д.М-ийн гэм бурууг шүүхүүд үндэслэлтэй зөв тогтоожээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ял оногдуулахдаа цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг хасахаар буруу заасныг цагдаагийн албан хаагчаар ажиллах эрхийг хасахаар болгож зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 626 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 840 дүгээр магадлалын “Шүүгдэгч Д.М-ийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах буюу цагдаагийн байгууллагад ажиллах эрх” гэснийг “цагдаагийн албан хаагчаар ажиллах эрх” гэж өөрчилж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН