Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 62

 

“С ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт

малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:      Х.Батсүрэн

                      Б.Мөнхтуяа

                        Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 57 дугаар шийдвэрийн “С ф” ХХК-ийн Төв аймгийн Өндөр ширээ сумын “З” нэртэй талбайд байрлах ашигт малтмалын хайгуулын XV-012989 тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0747 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0847 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагч: Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0747 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56.5, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.5, 43.8-д заасныг тус тус баримтлан “С ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” дугаар 57 тоот шийдвэрийн “С ф” ХХК-ийн Төв аймгийн Өндөр ширээ сумын “З” нэртэй талбайд байрлах ашигт малтмалын хайгуулын XV-012989 тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0847 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0747 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2-т заасныг баримтлан “С ф” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Төв аймгийн Өндөр ширээ сумын “З” нэртэй талбайд байрлах ашигт малтмалын хайгуулын XV-012989 тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийг “Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.5, 43.8-д заасныг тус тус баримталсан нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасантай нийцэхгүй байна. Учир нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрөл цуцлах талаарх мэдэгдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу мэдэгдэх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Захиргаааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх талаарх ерөнхий зохицуулалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу” гэж дүгнэсэн байна. Захиргаааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д “...захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно. Тайлбар: Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно.” гэж заасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс http://mram.gov.mn цахим хуудсаар цуцлах үцдэслэл бүрдсэн тусгай зөвшөөрлийн мэдээлэл /захиргааны акт/-ийг урьдчилан мэдээлж хэвшсэн юм. Гэтэл зөвхөн манай компанийн дээрх тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдээллийг хэвшсэн журам болох цахим хуудсаар мэдээлээгүй, мөн мэдэгдэл ч тус компанид ирээгүй байхад манай компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хүлээн аваагүй, мэдээгүй тул хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасны дагуу төлбөр төлөх, 56.3-д заасан эрхийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байсан.

4. Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс уг хуульд заасны дагуу төлбөр төлөх хугацаа нь болж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдэгдлийг хэвшсэн журмаар цахим хуудсаараа нийтэд танилцуулж хэвшсэн бөгөөд тухайн үед бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд цахим хуудсаараа холбогдох мэдэгдлийг мэдэгдсэн мөртлөө зөвхөн манай компанийн ХV-012989 тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдэгдлийг гаргаагүй нь нотлох баримт цуглуулах явцад тогтоогдсон билээ. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж тодорхой заасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нотолж чадаагүй.

5. Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолын 6-д “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.5, 51 дүгээр зүйлийн 51.7, 51.8, 56 дугаар зуйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан байдаг. Ашигт малтмалын хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигчид хэрхэн яаж мэдэгдлийг хүргүүлэх талаар тодорхой заагаагүй байсныг тухайн үед нэг мөр ойлголт болгохын тулд Улсын Дээд шүүхээс дээрх тайлбарыг гаргаж байсан билээ.

6. Иймд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0847 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

8. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах, түүнийг мэдэгдэхтэй холбоотой харилцаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлээр тусгайлан зохицуулагдах тул энэхүү маргааны хувьд Захиргааны ерөнхий хууль хэрэглэгдэхгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ. Учир нь, Захиргааны ерөнхий хууль нь уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцаанд үйлчилнэ. Иймд энэхүү тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 4-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

9. Хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан мэдэгдэх үүргээ биелүүлсэн /нэхэмжлэгчийн албан ёсны хаягаар хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан/, харин нэхэмжлэгч нь өөрийн хаягийн өөрчлөлтийг мэдэгдэх тухай мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас мэдэгдлийг хүлээн аваагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

10. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах талаар тодорхой заасан тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд “компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хүлээн аваагүй, мэдээгүй тул хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасны дагуу төлбөр төлөх, 56.3-д заасан эрхийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байсан” гэсэн нь /Тодорхойлох хэсгийн 3/ үндэслэлгүй.

11. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0847 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                      Г.БАНЗРАГЧ