Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2022/03690

 

 

 

 

 

                           2022 он    09 сары 06дөр

       101/ШШ2022/03690

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2* дугаар хороо,  тоотод оршин суух Д.У /Регистрийн дугаар ЧД00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2* дугаар хороо, тоот хаягт байрлах 60,13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 134,874,772 төгрөгөөр үнэлсэн “.........” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Д.У,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П

гэрч Ц.Т,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/00000 дугаартай шийдвэрээр Д.У надаас 47,256,200 төгрөгийг гаргуулж “А ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 2* дугаар хороо, тоот хаягт байрлах 60,13 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 134,874,772 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний талаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0000 дугаартай мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэзээ, ямар байгууллагыг, хэний шийдвэрээр хэрхэн томилсон талаар огт мэдэгдээгүй атал гэнэт үнэлгээний талаар мэдэгдэл өгч байгаад гайхаж байна. Иймд хэт нэг талыг барьж үнэлсэн, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/0000 дугаартай шийдвэрээр Д.У-ээс 46,794,080 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 462,120 төгрөгийг гаргуулж “А ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.У-т шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 2* дугаар хороо, тоотод байрлах 60.13 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0000 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 03 дугаар сарын  24-ний өдрийн 0000 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч 300,000,000 төгрөгөөр орон сууцыг үнэлсэн, төлбөр авагч зах зээлийн ханшаас хэт өндөр байх тул хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлж, үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 4/100 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Д” ХХК-аар тогтоолгоход 134,874,772 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр талуудад албан бичгээр мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан, үнэлгээний тайланг хуулбарлан өгсөн. 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг талуудад мэдэгдэж дуудлага худалдаагаар худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, “Д” ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, НШШГГ-ын 2022.04.22-ны өдрийн 000000 дугаартай мэдэгдэл /хх-4/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-119/,

хариуцагч талаас: итгэмжлэл /хх-15, 16/, хариу тайлбар /хх-21/, 2021.12.15-ны өдрийн 101/ГХ2021/01782 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-22/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.15-ны өдрийн 101/ШЗ2021/00000 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-23-24/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.19-ний өдрийн 101/ШШ2019/00000 дугаар шийдвэр /хх-25-28/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.06-ны өдрийн *** дугаар магадлал /хх-29-33/, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.11.11-ний өдрийн 001/ХТ2021/01369 дугаар тогтоол /хх-34-36/, А ББСБ ХХК-ийн хүсэлт /хх-37/, 2021.12.22-ны өдрийн ****** дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол /хх-39/, 2022.01.03-ны өдрийн 22380121/01-188 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-44/, 2022.01.05, 2022.01.16-ны Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-45, 46, 47/, 2022.02.06-ны өдрийн ******* дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-48-49, 50/, 2022.03.29-ний өдрийн ******** дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-52-53, 54/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-56/, 2022.04.13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-57/, НШШГГ-т Д.У-ийн гаргасан хүсэлт /хх-58/, НШШГГ-т А ББСБ ХХК-ийн гаргасан хүсэлт /хх-59/, 2022.04.15-ны өдрийн 4/100 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-60/, “Д” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-61-85/, 2022.04.22-ны өдрийн 0000000 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-86, 87/, 2022.04.26-ны өдрийн 5/26 дугаартай Анхны албадан дуудлага явуулах тогтоол /хх-90/, 2022.05.02-ны өдрийн мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-91, 92, 94, 95-96, 97/, 2022.05.13-ны өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл /хх-98-103/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

1. Нэхэмжлэгч Д.У нь эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2* дугаар хороо, тоот хаягт байрлах 60,13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/00000 дугаар шийдвэрээр хариуцагч Д.У-ээс 46,794,080 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 462,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2* дугаар хороо, тоот хаягт байрлах 60,13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2021/00000 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ

 

3. Төлбөр төлөгч нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2021/0000 дугаар шүүгчийн захирамж, 101/ГХ2021/00000 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

 

4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000000 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэн явуулсан.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 00000 дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”-оор барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 000000 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор барьцаа хөрөнгийг битүүмжилж, 2022 оны 03 дугар сарын 29-ний өдрийн 00000 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор барьцаа хөрөнгийг хураах ажиллагааг төлбөр төлөгч Д.У-ийг байлцуулан явуулсан байх ба  нэхэмжлэгч нь эдгээр ажиллагаанд гомдол гаргаагүй байна. /хх-48-50, 52-54/

 

Дээр дурдсан ажиллагааг явуулахдаа тухай бүрд нь буюу 2022.01.05, 2022.01.16, 2022.03.20-ны өдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлж, тэмдэглэл үйлдэж байсан боловч төлбөр төлөгч Д.У нь уг үүргээ биелүүлээгүй байна. /хх-42,45,46,47,51/

 

5. Шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч Д.У нь өөрийн өмчлөлийн хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2* дугаар хороо, тоот хаягт байрлах 60,13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 300,000,000 төгрөгөөр үнэлж үнийн санал хүргүүлжээ.

 

Төлбөр авагч “А ББСБ” ХХК нь төлбөр төлөгчийн үнийн саналыг эс зөвшөөрч битүүмжлэн хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн үнэлгээчнээр тогтоолгох хүсэлтийг гаргасан байна.

 

6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4/100 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “Д” ХХК-ийн үнэлгээчин Ц.Т-г шинжээчээр томилж, эрх, үүргийг танилцуулах ажиллагааг хийж, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2* дугаар хороо, тоот хаягт байрлах 60,13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг тогтоохыг шинжээчид даалгажээ.

 

Шинжээчээр томилогдсон “Д” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд болох нь, үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу явагджээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

 

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...хэзээ, ямар байгууллагыг, хэний шийдвэрээр хэрхэн томилсон талаар мэдэгдээгүй атал гэнэт үнэлгээний талаар мэдэгдэл өгсөн” гэж дурдсан байх ба тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсонтой холбоотой тогтоол шийдвэрт гомдол гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь шинжээч томилсон асуудлаар бус барьцаа хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчид мэдэгдлийг тухай бүрд нь хүргүүлж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалж төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах”, 33.1.3-т “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах” эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.У хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан болохоо баримтаар нотлоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан санал, хүсэлт, гомдол гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

8. “Д” ХХК-ийн үнэлгээчин Ц.Т нь тогтоолын дагуу хөрөнгийг үнэлэн, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2* дугаар хороо, тоот хаягт байрлах 60,13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг зах зээлийн хандлагаар тооцож 134,874,772 төгрөгөөр үнэлсэн байна.

 

9. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Д.У-т хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2022 оны 04 дүгээр 22-ны өдрийн дугаартай албан бичгээр мэдэгдэж, төлбөр төлөгч Д.У-т танилцуулж тэмдэглэл үйлджээ. /хх-86, 87/

 

Нэхэмжлэгч нь түүнд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэл хүргүүлсэн асуудлаар шүүхэд маргаагүй.

 

10. Төлбөр төлөгч Д.У нь хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн гэх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчөөгүй байна.

 

11. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Мөн тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагыг хангасан байхаар заасан.

 

   Хөрөнгийн үнэлгээ хийгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2* дугаар хороо, тоот хаягт байрлах 60,13 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө бөгөөд шинжээч нь хөрөнгийн үнэлгээг тухайн орон сууцны ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг судлан хийсэн байна. Үнэлгээ хийгдсэн орон сууцтай зах зээл дээр худалдан борлуулагдаж байгаа ижил төрлийн, нэг бүсчлэл тойрогт байрлалтай ойролцоо метр квадрат талбайтай, засал хийцлэлийн хувьд төстэй орон сууцтай харьцуулан зах зээлийн хандлагаар үнэлгээний тооцоо хийснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь шинжээч үнэлгээ хийж буй орон сууц болон харьцуулалт хийсэн орон сууцуудын онцлог, ашиглалт, насжилт, байршил зэрэг хүчин зүйлсийг тооцон, зах зээлд нээлттэй санал болгож байгаа үнэ, борлогдох магадлал, хэлцлийн нөхцөл зэргийг харгалзан нэгж талбайн тохируулагдсан дундаж жишиг үнийг тогтоон үнэлгээ хийлгэж буй орон сууцны талбайн хэмжээгээр тооцон зах зээлийн үнэ цэнийг тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч нь түүний өмчлөлийн орон сууц нь байрны 1 дүгээр давхарт байрладаг, үйлчилгээ явуулах боломжтой үл хөдлөх хөрөнгө байхад энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж хөрөнгийг үнэлээгүй гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй, тэрээр барьцаа хөрөнгө болох үнэлгээ хийсэн орон сууцыг аж төрөх орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэхээр хуульчилсан. Хөрөнгийн үнэлгээ хийх гэдэг нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг ойлгох бөгөөд үнэ цэнэ гэдэг нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх мөнгөн дүнг хэлнэ. Үнэлгээ хийх цаг хугацаанд зориулалтын дагуу ашиглагдаж буй орон сууцыг “үйлчилгээ явуулах боломжтой үл хөдлөх хөрөнгө” гэх үндэслэлээр үнэлж, үнэлгээг хийсвэрээр тооцон гаргах нь хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлох зарчимд нийцэхгүй.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу  явагдсан байна. Мөн шинжээчээр томилогдсон “Д” ХХК-ийн үнэлгээчин Ц.Т төлбөр төлөгч Д.У-ийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан шаардлагыг хангасан байх тул уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

12. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн битүүмжилж, хураасан хөрөнгийн үнэлгээ бүрэн, бодитой хийгдсэн, хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагыг хангасан, үнэлгээ тогтоохтой холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2* дугаар хороо,  тоот хаягт байрлах 60,13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 134,874,772 төгрөгөөр үнэлсэн “Д” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

13. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э нь шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн байх боловч тухайн хэргийн шүүх хуралдааны тов нь Д.У-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлосны дараа товлогдсон болох нь баримтаар тогтоогдсон тул өмгөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2* дугаар хороо, тоот хаягт байрлах 60,13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 134,874,772 төгрөгөөр үнэлсэн “Д” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2022/0000 дугаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦЭРЭНДОЛГОР