Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01959

 

 

 

 

 

     

 

Д.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/03690 дугаар шийдвэртэй,

Д.Уийн нэхэмжлэлтэй, НШШ газарт холбогдох,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045714 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 68 дугаар байр, 4 тоот хаягт байрлах 60.13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 134,874,772 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03648 дугаартай шийдвэрээр Д.Уээс 47,256,200 төгрөгийг гаргуулж Ахим ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 68 дугаар байр, 4 тоот хаягт байрлах 60,13 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 134,874,772 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний талаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4-188/8513 дугаартай мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. НШШ газраас хэзээ, ямар байгууллагыг, хэний шийдвэрээр хэрхэн томилсон талаар огт мэдэгдээгүй атлаа гэнэт үнэлгээний талаар мэдэгдэл өгч байгаад гайхаж байна. Иймд хэт нэг талыг барьж үнэлсэн, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03648 дугаар шийдвэрээр Д.Уээс 46,794,080 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 462,120 төгрөгийг гаргуулж Ахим ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.Ут шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045714 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 68 байр, 4 тоотод байрлах 60.13 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22380131/04 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 22380131/06 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч 300,000,000 төгрөгөөр орон сууцыг үнэлсэн, төлбөр авагч зах зээлийн ханшаас хэт өндөр байх тул хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлж, үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 4/100 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Д ХХК-аар тогтоолгоход 134,874,772 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр талуудад албан бичгээр мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан, үнэлгээний тайланг хуулбарлан өгсөн. 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг талуудад мэдэгдэж дуудлага худалдаагаар худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, Д ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045714 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 68 дугаар байр, 4 тоот хаягт байрлах 60,13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 134,874,772 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцсон бөгөөд Д.Уийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэжээ. Шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан нь тус иргэний хэргийн шүүх хурлаас хойш товлогдсон гэжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан хэргийн оролцогчоос хурлын тов заавал асуулгүйгээр давж заалдах шатны шүүх хуралдааныг товлодог бөгөөд Д.Уийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааныг товлох үед давж заалдах шатны шүүх хуралдаан товлоогүй байсан.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Д.Уийн нэхэмжлэлтэй, НШШ газарт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэхэмжлэгч Д.Уийн хүсэлтээр 2 удаа хойшлогдсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хурлын тов давхацсан шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан нь нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй байгаагийн илрэл мөн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээв.

 

1.    Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

1.а. Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч НШШ газарт холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045714 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 68 дугаар байр, 4 тоот хаягт байрлах 60,13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 134,874,772 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.б. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03648 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Уээс 46,794,080 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ахим ББСБ ХХК-д олгож, хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Д.Уийн өмчлөлийн /нэг иргэний өмч/ Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 68 дугаар байр, 4 тоот хаягт байрлах Ү-2204045714 дугаарт бүртгэлтэй, 60,13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 522 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2021/01369 дугаар тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болжээ. (хх27-38)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

Төлбөр төлөгч Д.У дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ГХ2021/01782 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 101/ШЗ2021/22163 дугаар захирамжийг үндэслэн албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. (хх24, 25-26, 41)

НШШ газар нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 68 дугаар байр, 4 тоот хаягт байрлах 60.13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22380121/04 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22380121/06 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. (хх50-52, 54-55)

 

1.в. Хариуцагч НШШ газар нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийг талуудаас авахад төлбөр төлөгч Д.У 300,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Ахим ББСБ ХХК хүлээн зөвшөөрөөгүй. Төлбөр авагч Ахим ББСБ ХХК нь хөрөнгийн шинжээч томилон барьцаа хөрөнгийн зах зээлийн бодит үнийг тогтоолгуулахаар хүсэлт гаргасан байна. (хх60-61) Иймд НШШ гүйцэтгэх газар 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4/100 дугаар тогтоолоор Д ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн. (хх62)

 

Шинжээч Д ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 68 дугаар байр, 4 тоот хаягт байрлах 60.13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцын зах зээлийн үнэлгээг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 134,874,772 төгрөгөөр тогтоосон байна. (хх-ийн 63-82)

Хариуцагч НШШ газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу Д ХХК-ийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид мэдэгдсэн, нэхэмжлэгч Д.У нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор буюу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. (хх1,4)

 

1.г. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Д ХХК нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 68 дугаар байр, 4 тоот хаягт байрлах 60.13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний өртгийн болон зах зээлийн хандлагын аргыг хослуулан хэрэглэж, үнэлгээ хийж буй орон сууц болон харьцуулалт хийсэн орон сууцуудын онцлог, ашиглалт, насжилт, байршил зэрэг хүчин зүйлсийг тооцон, зах зээлд нээлттэй санал болгож байгаа үнэ, борлогдох магадлал, хэлцлийн нөхцөл зэргийг харгалзан нэгж талбайн тохируулагдсан дундаж жишиг үнийг тогтоон үнэлгээ хийлгэж буй орон сууцны талбайн хэмжээгээр тооцон зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Д.У нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

2. Давж заалдах гомдлын талаар

2.а. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2022/20659 дугаар захирамжаар хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөр шүүхэд шүүх хуралдаантай байсан эсэхийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахаас тодруулахад нэхэмжлэгчийн оролцох тус шүүх хуралдаан 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр товлогдсон байна. /хх130, 142-143/

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/03690 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД