Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/03624

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ............. тоот хаягт оршин суух, Б овогт Б.Б /РД: 00000000/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ............ байрлах, *******,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 22/15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Билгүүн нар оролцов. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 22/15 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б.Б миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/01611 дүгээр шийдвэр, 2732 дугаар гүйцэтгэх баримт бичигтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгчөөр оролцож байсан бөгөөд төлбөр авагч М ХХК-тай барьцаа хөрөнгийг хамтран худалдахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөр авагчаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасныг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Б.Б надад холбогдох 2732 дугаар гүйцэтгэх баримт бичигтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Миний бие барьцаа хөрөнгийг тус банк бус санхүүгийн байгууллагатай хамтран худалдахаар эрмэлзэж ирсэн ба тус байгууллагаас миний хөрөнгийг маш бага үнээр худалдах саналыг тавьж саналын зөрүү гарсан, түүнчлэн дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын улмаас өнөөдрийг болтол худалдаж амжаагүй байгаа бөгөөд энэ хугацаанд 290,000,000 төгрөгийг төлсөн болно. Одоогийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 219,164,682 төгрөг байгаа болно. Гэтэл тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Э нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 22/15 дугаар Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол-ыг хууль бусаар гарган миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэлд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, 29.1.9 болон тэжээн тэтгэхтэй холбогдсон эвлэрлийн гэрээг зөрчсөн тохиолдлууд хамаарахаар заасан байна. Энэ талаар миний бие 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийг баримтлан гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлгүй хариуг өгсөн. Иймд эрх хэмжээгээ хэтрүүлэн хууль бусаар сэргээсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 22/15 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/01611 дугаар захирамжаар Б.Б-аас 510,629,073 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгох, шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Б.Б-ын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Багахангай дүүрэг, .................. 24 м.кв талбайтай түгээгчийн байр, 3 ширхэг түгээгүүр, мөн хаягт байрлах 6450 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн .................. тоот хаягт байрлах 91 м.кв талбайтай дэлгүүр, 270 м.кв талбайтай гарааж, Баянгол дүүргийн .................. тоот хаягт байрлах 575 м.кв талбайтай газрын хамт албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох Багахангай дүүрэг, .................. 24 м.кв талбайтай түгээгчийн байр, 3 ширхэг түгээгүүр, мөн хаягт байрлах 6450 м.кв талбайтай газрыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хураасан. Талуудын хүсэлтийн дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ 100,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан дээрх үл хөдлөх хөрөнгийн битүүмжилсэн, хураасан, үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02820 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн албадан анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар төлбөр авагчид санал болгож 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар талууд тохиролцож хугацаатай гэрээ байгуулж, хүсэлт ирүүлснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасныг үндэслэл болгон 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Төлбөр авагч 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гэрээний дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж барьцаа хөрөнгийг нэр шилжүүлж өгнө үү гэх хүсэлтийг тус газарт гаргасан. Иймд 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 22/15 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид эрх шилжүүлэх ажиллагааг хийж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №07 /1109/ дугаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн байна. Мөн Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэж заасан байна. Энэ хуучин хуулийн үйлчлэлд хамаарч байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна. Иймд нэхэмжлэгч Б.Б-ын дуусгавар болсон тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар,*******ын 2022.06.16-ны өдрийн 03/1497 тоот гомдлын хариу, 2022.05.12-ны 22/15 тоот дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол, 2020.01.15-ны 1/30 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол, Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн нэхэмжлэгчид өгсөн хариу нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.24-ний 1611 тоот шийдвэрийн дагуу явагдсан 2016.10.20-ны өдрийн 16251363 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Багахангай дүүргийн .................. хаягт байрлах түгээчийн байр, түгээгүүр гэх үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Б.Б миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/01611 дүгээр шийдвэр, 2732 дугаар гүйцэтгэх баримт бичигтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгчөөр оролцож байсан бөгөөд төлбөр авагч М ХХК-тай барьцаа хөрөнгийг хамтран худалдахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөр авагчаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргаж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Б.Б надад холбогдох 2732 дугаар гүйцэтгэх баримт бичигтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Миний бие барьцаа хөрөнгийг тус банк бус санхүүгийн байгууллагатай хамтран худалдахаар эрмэлзэж ирсэн ба тус байгууллагаас миний хөрөнгийг маш бага үнээр худалдах саналыг тавьж саналын зөрүү гарсан, түүнчлэн дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын улмаас өнөөдрийг болтол худалдаж амжаагүй байгаа бөгөөд энэ хугацаанд 290,000,000 төгрөгийг төлсөн болно. Одоогийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 219,164,682 төгрөг байгаа болно. Гэтэл тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Э нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 22/15 дугаар Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол-ыг хууль бусаар гарган миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэлд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, 29.1.9 болон тэжээн тэтгэхтэй холбогдсон эвлэрлийн гэрээг зөрчсөн тохиолдлууд хамаарахаар заасан байна. Иймд эрх хэмжээгээ хэтрүүлэн хууль бусаар сэргээсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 22/15 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/01611 дугаар захирамжаар Б.Баас 510,629,073 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгох, шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Б.Бын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Багахангай дүүрэг, .................. 24 м.кв талбайтай түгээгчийн байр, 3 ширхэг түгээгүүр, мөн хаягт байрлах 6450 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн .................. тоот хаягт байрлах 91 м.кв талбайтай дэлгүүр, 270 м.кв талбайтай гарааж, Баянгол дүүргийн .................. тоот хаягт байрлах 575 м.кв талбайтай газрын хамт албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох Багахангай дүүрэг, .................. 24 м.кв талбайтай түгээгчийн байр, 3 ширхэг түгээгүүр, мөн хаягт байрлах 6450 м.кв талбайтай газрыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хураасан. Талуудын хүсэлтийн дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ 100,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн албадан анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар төлбөр авагчид санал болгож 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар талууд тохиролцож хугацаатай гэрээ байгуулж, хүсэлт ирүүлснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасныг үндэслэл болгон 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Төлбөр авагч 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гэрээний дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж барьцаа хөрөнгийг нэр шилжүүлж өгнө үү гэх хүсэлтийг тус газарт гаргасан. Иймд 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 22/15 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид эрх шилжүүлэх ажиллагааг хийж байна. Иймд нэхэмжлэгч Б.Б-ын дуусгавар болсон тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2022.06.16-ны өдрийн 03/1497 тоот гомдлын хариу, 2022.05.12-ны 22/15 тоот дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол, 2020.01.15-ны 1/30 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.24-ний 1611 тоот шийдвэрийн дагуу явагдсан 2016.10.20-ны өдрийн 16251363 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Багахангай дүүргийн .................. хаягт байрлах түгээчийн байр, түгээгүүр гэх үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.24-ний 1611 тоот шийдвэрээр төлбөр төлөгч Б.Б нь төлбөр авагч М ХХК-тай 554,164,682.10 төгрөгөөс 45,000,000 төгрөгийг төлж, үлдэх 504,164,682 төгрөгийг 2016.08.22-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв дурдсан хугацаанд төлөөгүй бол зээлийн барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Багахангай дүүрэг, .................., 24 м.кв талбайтай түгээгчийн байр, 3 ширхэг түгээгүүр, Багахангай дүүрэг, .................., 6450 м.кв талбайтай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017848 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................ тоот хаягт байрлах, 91 м.кв талбайтай дэлгүүр, 270 м.кв талбайтай гараажийн хамт, Баянгол дүүрэг, ............... тоот хаягт байрлах, 575 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, Н.Батчимэгт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6. Төлбөр төлөгч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.24-ний 1611 тоот шийдвэрийг айн дураар биелүүлээгүй үндэслэлээр төлбөр авагч М ХХК шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2016.09.12-ны өдрийн 23521 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, 2016.09.12-ны өдрийн 2732 тоот гүйцэтгэх хуудас олгож,*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016.10.20-ны өдрийн 16251363 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

7. Төлбөр төлөгч Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох Багахангай дүүрэг, .................. 24 м.кв талбайтай түгээгчийн байр, 3 ширхэг түгээгүүр, мөн хаягт байрлах 6450 м.кв талбайтай газрыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор хураан авчээ. Талуудын хүсэлтийн дагуу хөндлөнгийн шинжээч томилж, дээрх хөрөнгө нь 100,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албадан анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар төлбөр авагчид санал болгож, 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар оруулахаар шийдвэрлэжээ.

8. Төлбөр авагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, төлбөр төлөгч Б.Б нар нь 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Санал болгох ажиллагааны үеэр үл хөдлөх хөрөнгийг 6 сарын хугацаанд нэр шилжүүлэхгүй байж, хамтран худалдан борлуулахаар тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох санал гаргаж, тэмдэглэл үйлдсэн байна. Энэхүү тохиролцоог үндэслэн төлбөр авагч М ХХК-иас 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг *******т өгчээ.

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол ахлах шийдвэр гүйцэтгэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаахаар заасан.

Дээрх төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтыг баримтлан 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгаж, хувийн хэргийг хаажээ.

10. Төлбөр авагч М ХХК-иас 2022.05.09-ний өдөр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 22/15 тоот дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийг удирдлага болгон ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т Энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна гэжээ.

11. Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Б.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэлүүдийг заасан бөгөөд энэ үндэслэлд эвлэрлийн гэрээгээр дуусгавар болсон буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хамаарахгүй, ахлах шийдвэр гүйцэтгэгч хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 22/15 тоот дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардаж байна.

12. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч төлбөр авагч нар эвлэрсэн үндэслэлээр дуусгавар болгохдоо барьцаа хөрөнгийг 6 сарын хугацаанд худалдан борлуулаагүй бол хэрхэх талаар тодорхой тохиролцоогүй буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эвлэрэл бүрэн биш, тодорхойгүй байхад эвлэрсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтыг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуулийн энэ зохицуулалтад нийцээгүй байна.

13. Тохиролцсон хугацаанд уг барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь худалдан борлогдоогүй, 6 сараас хойш дахин 10 сарын хугацаа өнгөрсөн ч худалдан борлогдоогүй, төлбөр авагчийн төлбөр тооцоо дуусаагүй тул төлбөр авагчаас барьцааны хөрөнгийг нэр дээрээ шилжүүлэн авах хүсэлтийг *******т гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгч нь дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 22/15 тоот тогтоолыг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргаж, улмаар барьцааны зүйлийг төлбөр авагч М ХХК-ийн нэр дээр шилжүүлэх ажиллагаа явуулсан байна.

14. Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан сэргээх үндэслэлд хамаарахгүй байх ба тодорхой бус эвлэрлийн гэрээгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг хүчингүй болгох байтал хууль зөрчиж сэргээсэн байна.

15. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан сэргээх үндэслэлд хамаарахгүй үндэслэлээр дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

16. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг баримтлан*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 22/15 тоот дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

                                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ