Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/02108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/03624 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н газарт холбогдох,

 

2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22/15 дугаар дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн өмгөөлөгч г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/01611 дугаар шийдвэрээр Б аас 510,629,073 төгрөг гаргуулж М ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд барьцаа хөрөнгийг хамтран худалдахаар тохиролцож төлбөр авагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Б т холбогдох 2732 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Төлбөр төлөгч нь барьцаа хөрөнгийг хамтран худалдахаар эрмэлзэж ирсэн ч төлбөр авагч маш бага үнээр худалдах санал тавьж саналын зөрүү гарсан. Мөн дэлхий нийтэд тархсан ковид-19 цар тахлын улмаас барьцааны хөрөнгийг өнөөдрийг хүртэл худалдаж чадаагүй. Энэ хугацаанд 290,000,000 төгрөг төлж, төлбөрийн үлдэгдэл 219,164,682 төгрөг байгаа.

Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22/15 тоот дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоолыг хууль бусаар гаргаж Б ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Төлбөр төлөгч нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан боловч гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн эрх хэмжээгээ хэтрүүлэн хууль бусаар сэргээсэн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 22/15 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 102/ШШ2016/01611 дугаар захирамжаар Б аас 510,629,073 төгрөг гаргуулж М ХХК-д олгох, Б ын өмчлөлийн Багахангай дүүрэг, 2 дугаар хороо, Өртөөний хэсэг 24 м.кв талбайтай түгээгчийн байр, 3 ширхэг түгээгүүр, мөн хаягт байрлах 6450 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 2А, 114 тоот хаягт байрлах 91 м.кв талбайтай дэлгүүр, 270 м.кв талбайтай гарааж, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 18 дугаар гудамж, 17 тоот хаягт байрлах 575 м.кв талбайтай газрын хамт албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаагаар барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа явуулсан. Талуудын хүсэлтээр томилогдсон шинжээч барьцаа хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр үнэлсэн. Барьцааны хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тул төлбөр авагчид санал болгож 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар талууд тохиролцож хугацаатай гэрээ байгуулсан тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Талууд хугацаандаа төлбөрийн асуудлаа дуусгаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж барьцаа хөрөнгийн нэр шилжүүлж өгөх хүсэлтийг төлбөр авагч тус газарт гаргасан. Иймд 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22/15 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээжбарьцааны хөрөнгийг төлбөр авагчид эрх шилжүүлэх ажиллагааг хийж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №07 /1109/ дугаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн. Энэ нь хуучин хуулийн үйлчлэлд хамаарч байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 22/15 тоот дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

4.1.Төлбөр төлөгч Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэхээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа явуулсан. Барьцаа хөрөнгийн талаар талууд тохиролцож хугацаатай гэрээ байгуулж хүсэлт ирүүлснээр 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Төлбөр авагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж барьцаа хөрөнгийн нэр шилжүүлэх хүсэлт гаргасан ба 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22/15 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж дээрх үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид эрх шилжүүлэх ажиллагааг хийж байна. 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар гомдол гаргах эрхгүй болсон. Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэж заасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар дуусгавар болсон. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэлүүдийг хуульчилсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоол нь хуульд нийцээгүй тул үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Б , хариуцагч Н газарт холбогдуулан тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 22/15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1611 дугаартай захирамжаар Б аас 509,164,682 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Багахангай дүүрэг 2 дугаар хороо, Өртөөний хэсэг 24 м.кв талбайтай түгээгчийн байр, 3 ширхэг түгээгүүр, Багахангай дүүрэг 2 дугаар хороо, Өртөөний хэсэг 6450 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 2А-114 тоот, 91 м.кв талбайтай дэлгүүр, 270 м.кв талбайтай гражийн хамт, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 18 дугаар гудамж, 17 тоот 575 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 32-33/

4.Төлбөр төлөгч Б шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр төлбөр авагчийн хүсэлтээр хариуцагч шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулсан, барьцаа хөрөнгө нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд барьцаа хөрөнгийг 6 сарын хугацаанд өөрсдөө худалдан борлуулж зээлийн өрийг төлүүлэхээр хариуцагчид хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. Гэвч талууд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж чадаагүй, төлбөр барагдаагүй үндэслэлээр төлбөр авагч хариуцагчид хүсэлт гаргаснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22/15 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн байна. /хх 31, 34, 41, 65-93, 105-124, 177, 181-184, 188-191/

5.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эвлэрэл тодорхой бус байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон хариуцагчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаартай тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэл болгон сэргээсэн нь хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

6.Талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон нь хуульд нийцсэн эсэхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удирдан явуулж буй этгээд хянан үзэх бүрэн эрх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт зааснаар олгогдсон бөгөөд талуудын эвлэрэл, хүсэлт хуульд нийцээгүй бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эрхтэй. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосноор гарах хууль зүйн үр дагаврыг нь шийдвэр гүйцэтгэгч талуудад тайлбарлаж өгөх үүрэгтэй. Учир нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаас бусад тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон шийдвэрт гомдол гаргах эрх хуулиар талуудад олгогдоогүй болохыг анхаарах шаардлагатай.

7.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой талуудын эвлэрлийг хариуцагч хуульд нийцүүлэн шийдвэрлээгүйгээс төлбөр авагч нэгэнт дуусгавар болгосон ажиллагааг сэргээлгэх хүсэлтийг дахин гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах үндэслэлд хамаарахгүй. Хариуцагч хууль зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоон дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх үр дагавартай. Хуульд зааснаас бусад тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эвлэрэл нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх агуулга, үр дагаварт чиглэгдсэн байна. Төлбөр авагч, төлбөр төлөгч нарын эвлэрлийн үр дагавар бүрэн биш, тодорхойгүй байхад эвлэрсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон хариуцагчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/30 дугаартай тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т нийцээгүйг шүүх зөв дүгнэжээ. /хх 187-188/

9.Тус 2020 оны 1/30 дугаар тогтоолоор дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрхэн зөвтгөж явуулах нь хариуцагчийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал болохыг дурдах нь зүйтэй.

10.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/03624 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЭНЭБИШ