Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2022/04138

 

 

 

 

 

 

                                2022       10          10

                   101/ШШ2022/04138

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г. Д /рд:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  П.З /рд:-д холбогдох

 

8,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч П.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хөлслүүлэгч П.Зтой Баянзүрх дүүргийн 3-р хорооны 12 хороолол, 3 байр, 17 тоот, 2 өрөө орон сууцыг хөлслөх гэрээ байгуулсан. Сарын түрээс 1,100,000 төгрөгөөр тохирсон. Гэрээний хугацаа 2022 оны 8 сарын 29-ны өдрөөс 2023 оны 08 сарын 29-ны өдрийн хүртэл 1 жилийн гэрээг байгуулж, нэг сарын барьцаа 1,100,000 төгрөг, П.Зын Хаан банкны тоот дансанд Г.Д Голомт банкны  тоот данснаас 14,200,000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 08 сарын 29-ны орой нүүж орсон боловч жоом, бясаа ихтэй байсан бөгөөд 5 хүүхэд маань жоом бясаанд хазуулан унтаж амарч чадаагүй. Шөнө нойргүй хоносон. Ийм учраас бид шөнө хөлслүүлэгч талд орон сууцаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан. Бид маргааш өглөө нүүдэл суудлаа хийж дуусгаад хөлслүүлэгч талд орон сууцаа буцаан хүлээлгэн өгсөн. Тэгээд төлбөр мөнгөө авах гэтэл одоо байхгүй мал авчихсан гээд өгөхгүй байна. Хөлслүүлэгч талаас 14,200,000 төгрөгийг хөлслөгч талд яаралтай гаргуулж өгнө үү.

Миний бие 14,200,000 төгрөгийг П.Зоос гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид хоорондоо утсаар болон мессежээр холбогдон П.З барьцаа хөрөнгийг минь өгөхгүй, суутгаж авч үлдэнэ гэхэд би эсэргүүцэж байсан. 2022 оны 09 сарын 20-нд барьцаа мөнгөө хасаад үлдэгдэл мөнгөө өгөхөөр тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон боловч иргэн Зэвлэрлийн гэрээ байгуулахгүй гэсэн. Иймд миний бие барьцаа болох 1,100,000 төгрөгөө хасахгүйгээр 8,200,000 төгрөгөө нэхэмжилж авах хүсэлтэй байна.

Миний бие 6,000,000 төгрөгөө авсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 8,200,000 төгрөг болгож байна.

2022 оны 8 сард хариуцагчийн байрыг хөлсөлсөн. Бүтэн жилээр нь хөлсөлсөн. 2 хүүхдийн сургуультай ойрхон байсан тул нүүж орсон. 4 хүүхэдтэйгээ нүүж ороод байж байтал жоом гүйгээд байсан. Шөнө нь би жоохон хүүхэдтэй байсан тул мессеж бичсэн. Өглөө нь буцаж гэр уруугаа нүүгээд түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн. Жоом, бясаатай гэдгээ хэлэх албагүй мөнгөөр чинь мал авчихсан гэж хэлсэн. Түрээслэгч орж иртэл мөнгө суутгана гэсэн. Барьцаа мөнгөө оруулаад 8 200 000 төгрөг гаргуулна гэв.

 

Хариуцагч П.Знь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 08 сарын 29-нд байраа хөлслүүлэх зар үнэгүй.мн зарын сайтад байрлуулсан. Тухайн өдөр зарын дагуу нэгэн иргэнтэй байраа хөлслөх талаар тохиролцоод хөлслөхөөр болсны дараа иргэн Г.Д нь ярьж үзэхээр ярьсан. Би хариуд нь хүн хөлслөх болсон талаар хэлтэл юу ч болсон байрыг чинь үзье гэж 2, 3 удаа залгаж гуйгаад байхаар нь за тэгээ гээ хариу өгсөн. Удалгүй ирж байх үзээд манайхыг оруулаач таалагдаад байна хүүхдийн сургуультай ойрхон гоё юм байна гэж гуйгаад байхаар нь хөлслүүлэхээр болсон. Тэгээд хөлслүүлэхээр болж нотариатаар орж гэрээ хийж дууссаны дараа манайхыг одоо шууд гараа манайх яараад байна гээд манайх тэр өдрөө байраа суллаж цэвэрлэж өгсөн. Би байр хөлслүүлсэн 14,200,000 төгрөгийг авсан даруйдаа бизнесийн эргэлтэд оруулаад ажлаа хийгээд явж байтал Г.Д ярьж байраа хөлслөхөө болилоо манайх нүүлээ мөнгөө эргүүлж авъя гэж хэлсэн. Би учир явдлаа хэлж нэг хэсэг хугацаа орох болж таарлаа ийм юм болно гэж бодоогүй гэж хэлтэл учир зүггүй орилж хашгирч орой үдэш унтаж амарч байхад лалар пизда гэх мэтээр орилж гараад ир гэж харааж зүхсэн байгаа. Би ч ярих гэж оролдсон боловч миний яриаг огт сонсоогүй болно. Ингээд өөрсдөө шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн байна. Иймд орон сууц хөлслөх гэрээний 6.1-д заасны дагуу нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүй тул гарсан хохирлыг гаргаж барагдуулж өгнө үү.

Хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 14,200,000 төгрөгийн 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Дий дансанд буцаан 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр шилжүүлсэн болно.

Нэхэмжлэлээс 7 саяыг зөвшөөрнө. Үлдэх 1 200 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Би зар тавиад хүнтэй тохирчихсон байсан. Жилээр хөлслөхөөр тохиролцсон байсан. Гэтэл энэ хүн үзье гэсэн. Би хүнтэй тохирсон гэхэд дахиж залгаад үзье гэсэн. Дахиад яриад байхаар нь үзүүлсэн чинь манайх орчихьё гэж хэлсэн. Өмнөх хүн нь урд нь бас хойшлуулж байсан тул энэ хүнийг оруулсан. Маргааш өглөө нь нотариат орж тохиролцсон. Мөнгө төгрөгөө авсан. Улмаар байраа хүлээлгэж өгсөн ба гэтэл шөнө залгаад жоом яваад байна гэсэн. Харин бясаа бол байхгүй. Хуучны байр тул жоом байдаг. Маргааш нь уулзаад нөхцөл байдлаа хэлсэн юм. Мөнгийг бизнесийн эргэлтэнд оруулсан тул хугацаа хэрэгтэй байна гэж хэлсэн. Гэтэл үг сонсохгүй мөнгөө нэхээд л байсан. Хүн хөлслөх гэж байсан хүнийг болиулаад цаг хугацаа алдуулсан учир барьцаа мөнгийг төлөхгүй. Нүүж орохдоо хаалга авсан ба боолтыг нь сул орхисон байсан ба би энэ талаар юм яриагүй гэв.

 

Нэхэмжлэгч Г.Д нь шүүхэд: Голомт банкны төлбөрийн баримт /хх3/, 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний хуулбар /хх5-6/, П.Зын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх6/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч П.Знь шүүхэд: Хаан банкны шилжүүлгийн баримт /хх15/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

     ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 8,200,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Д нь орон сууц хөлслөх гэрээнээс татгалзаж, урьдчилж төлсөн төлбөр 14,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6,000,000 төгрөг буцаан авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг 8,200,000 төгрөг болгон багасгасан.

 

Хариуцагч П.Знь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирол учирсан гэж 1,200,000 төгрөгийг буцаан төлөхгүй гэж маргасан.

 

Зохигчид 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан байна. /хх5-6/

Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт гэрээ байгуулагдсан өдөр 14,200,000 төгрөгийн хөлс төлсөн болох нь Голомт банкны мөн өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдсон. /хх3/

 

Улмаар хариуцагч нь гэрээ байгуулагдсан 29-ний өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн бөгөөд харин маргааш өдөр нь болох 30-ны өдөр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан хүлээлгэж өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хөлслүүлэгч нь сууцны зориулалттай эд хөрөнгийг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь тохиролцсон хөлс төлөх үүрэг хүлээнэ.

Дээрх маргаагүй үйл баримтаар нэхэмжлэгч нь хөлс төлөх үүргээ урьдчилан биелүүлсэн байх тул хариуцагчийн гэрээний 6.1-д заасан үүргийг нэхэмжлэгч зөрчсөн тул 1,200,000 төгрөгийг төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Цаашлаад хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсантай холбоотойгоор өөр хөлслөгч олдоогүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол шаардах эрхтэй гэж маргаж байна.

 

Зохигчид 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгсөн, улмаар хариуцагч нь 30-ны өдөр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрч орон сууцыг буцаан хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй.

Иймд гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш 1 хоногийн дараа гэрээнээс татгалзсан байх тул олох байсан орлоготой холбоотойгоор хохирол учирсан гэж үзэх боломжгүй.

Мөн хариуцагч нь бусдад хөлслөхөөр тохиролцсон байсан гэх тайлбараа нотлоогүй бөгөөд гэрээ байгуулагдаагүй байсан гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь төлөгдсөн хөлснөөс 6,000,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь Хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь уг мөнгийг хүлээн авсан болохыг зөвшөөрсөн. /хх15/

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл буюу төлсөн хөлсний үлдэгдэл 8,200,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдох үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд нэхэмжлэгчээр урьдчилан төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,150 төгрөг, улсын орлогоос 55,475 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч П.Зоос 8,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Дд олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,150 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 44,475 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.Г