Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/02146

 

 

 

 

 

 

 

2022 12 19 210/МА2022/02146

 

 

 

*.* ий

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/04138 дугаар шийдвэртэй,

*.* ий нэхэмжлэлтэй

*.* од холбогдох

8,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр *.* той Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 хороолол, 0 байр, 0 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд сарын түрээсийг 1,100,000 төгрөгөөр тохиролцон *.* од 14,200,000 төгрөг шилжүүлсэн.

1.2. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр орон сууцанд орой нүүж орсон боловч манай хүүхдүүд жоом бясаанд хазуулан унтаж чадаагүй тул *.* од орон сууцыг нь хүлээлгэн өгөх хүсэлт гаргаж, маргааш өглөө нь хүлээлгэн өгсөн.

Улмаар *.* оос мөнгөө авах гэтэл мал авчихсан гээд өгөөгүй.

1.3. *.* оос 6,000,000 төгрөг авсан тул 8,200,000 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр үнэгүй.мн зарын сайтад байр хөлслүүлэх зар байрлуулж, нэгэн иргэнтэй байраа хөлслөх талаар тохиролцсоны дараа *.* утсаар ярьж, ...хүүхдийн сургуультай ойрхон тул манайхыг оруулаач гэж гуйсны дагуу нотариатаар түүнтэй гэрээ байгуулан, 14,200,000 төгрөг авсан.

2.2. Улмаар уг мөнгийг бизнесийн эргэлтэд оруулаад ажлаа хийж байтал *.* яриад байраа хөлслөхөө болилоо, манайх нүүлээ мөнгөө эргүүлж авъя гэж хэлсэн. Би түүнд нөхцөл байдлыг хэлсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Орон сууц хөлслөх гэрээний 6.1-д заасны дагуу нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүй тул гарсан хохирлыг барагдуулж өгнө үү.

2.3. Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *.* д шилжүүлсэн болно.

Би байраа өөр хүнд хөлслөх гэж байхад болиулж, хугацаа алдуулсан тул барьцаа 1,200,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, үлдэх 7,000,000 төгрөгийг зөвшөөрнө гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *.* оос 8,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *.* д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,150 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 44,475 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. 7,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа ба 1,200,000 төгрөгийг төлөхгүй. Учир нь би байраа сарын 1,100,000 төгрөгөөр 1 жилийн хугацаанд өөр хүнд түрээслэхээр тохиролцсон байхад *.* гуйсаар байгаад хөлсөлсөн. Ингээд байр хөлслөх хүнийг болиулж хугацаа алдуулсан тул 1,200,000 төгрөгийг буцаан өгөхгүй.

2. Би 2 сарын хугацаанд байраа хөлслүүлэхгүйгээр 2,200,000 төгрөгөөр хохирсон. Иймд шийдвэр өөрчлөлт оруулж 1,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч *.* од холбогдуулан 8,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч 7,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хөлслүүлэгч *.* нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг *.* д 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хөлслөх, хөлслөгч *.* нь орон сууц хөлсөлсний төлбөрт сар бүр 1,100,000 төгрөг *.* од төлөхөөр тохиролцсон байна. /хх5-6/

 

3.а. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

3.б.Гэрээгээр тохиролцсоны дагуу хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн, нэхэмжлэгч нь орон сууцны хөлсөнд 14,200,000 төгрөгийг хариуцагчид төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч *.* хариуцагч *.* ын орон сууцыг хөлсөлснөөс нэг хоногийн дараа жоом бясаанд хазуулж нойргүй хоносон гэх үндэслэлээр 2022 оны оны 08 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчид орон сууцыг хүлээлгэн өгснийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдэж хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал нь нөгөө талдаа татгалзсанаа мэдэгдсэнээр гэрээний харилцаа дуусгавар болж талууд эд зүйлээ буцаан өгөх, солилцох үүрэг үүсдэг байна.

 

4. Хэргийн 15 дугаар тал дахь *** ХХК-ийн төлбөрийн баримтаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хариуцагч 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөгийг түүнд буцаан шилжүүлсэн үйл баримт нь гэрээнээс татгалзах саналыг хүлээн авч, маргаагүй гэж үзнэ.

 

Талууд гэрээнээс татгалзсан тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үр дагаврыг арилгаж хариуцагчаас 8,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

4.а. Хариуцагч нь орон сууцаа өөр хүнд хөлслүүлэх гэж байхад нэхэмжлэгч гуйж хөлсөлж хугацаа алдагдуулсан тул барьцаанд шилжүүлсэн 1,200,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцож, буцаан төлөхөөс татгалзсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/04138 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ