| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2022/00818/И |
| Дугаар | 138/ШШ2022/00921 |
| Огноо | 2022-10-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2022/00921
| 2022 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 138/ШШ2022/00921 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 26-33 тоотод оршин суух, ЖО71021569 регистрийн дугаартай, Гутаар халбин овогт Пүрэвийн Болормаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн /СМУ-гийн/ 3-01 тоотод оршин суух, ЖЮ77040761 регистрийн дугаартай, Бүрд овогт Бүрэнтөгсийн Энхтайванд холбогдох,
“Дорнод аймаг, Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн /СМУ-гийн/ 3-01 тоот хаягт байршилтай автомашины гражийн гадна талын хашааг бариулж, дайман хаалгыг хийлгэхийг даалгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.Болормаа
Хариуцагч Б.Энхтайван
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Болормаа нь тус шүүхэд хариуцагч Б.Энхтайванд холбогдуулан Дорнод аймаг, Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн /СМУ-гийн/ 3-01 тоот хаягт байршилтай автомашины гражийн гадна талын хашааг бариулж, дайман хаалгыг хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би Б.Энхтайвантай харилцан тохиролцож, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 04 сарын 09-ний өдөр байгуулж, Хэрлэн сумын 6-р баг Ивээлийн 3-01 тоот байрыг худалдсан. Ингэхдээ 5 000 000 төгрөгийг бэлнээр байрны урьдчилгаанд аваад, үлдсэн 25 000 000 төгрөгийг хувь гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Энэ 5 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн учир гэрээндээ тусгаагүй. Гэтэл Б.Энхтайван нь энэ байдлыг ашиглан гражийг минь 5 000 000 төгрөгөөр авсан мэтээр тайлбарлаж өгөхгүй байсан тул би гражаа чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан бөгөөд 2022 оны 06 сарын 05-ны өдрийн 566 дугаар шийдвэр гарч, Б.Энхтайваны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж надад олгохоор болсон. Ингээд 2022 оны 08 сарын 20-ны өдөр граждаа юм хийхээр очиход Б.Энхтайван нь нөхрийн хамт гаржийн маань гаднах хашаа дайминг буулгаж авч байсан. Миний эзэмшлийн хашаа, дайминг буулгаж авч байсан тул би цагдаа дуудсан. Дуудлагын цагдаа ирээд 102 дээр очиж өргөдлөө өг гэсний дагуу тийшээ очиход наад асуудал чинь шүүхээр шийдвэрлүүлэх асуудал байна гэсний дагуу би энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Б.Энхтайван нь дураараа авирлаж миний эзэмшлийн гражийн гадна даймин хаалга, хашааг буулгаж хувьдаа завшсан тул түүнийг буцаан олгуулж, хуучин хэвэнд нь бариулж өгнө үү.
Энэ хашаа дайминг би өөрөө барьсан юм. Гэхдээ би Б.Энхтайваны байрны урд талын хашааг авна гээгүй. Би зөвхөн гражаа л авахаар болсон. Тухайн граж маань өөрөө хашаа, дайминтай. Тиймээс гражийн эргэн тойрны хашаа, даймин хаалгыг буцааж өмнөх хэвэнд нь бариулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Б.Энхтайван хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, бидний хооронд 2018 оны 04 сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу би үл хөдлөх эд хөрөнгөө худалдан авахад байшинг тойруулсан 2 тал хашаатай байсан. Тэр цагаас хойш өнөөг хүртэл манайх хашаагаа ашиглаад, эзэмшээд байж байгаа. П.Болормаа нь 2022 оны хавар байшингийн нэг хананд залгаж барьсан 3 тал ханатай гражийг надад худалдаагүй болж надаас нэхэмжилсэн. Гэрээнд гражийн талаар зааж өгөөгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй байсан тул тус шүүхийн 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 566 шийдвэрээр гражийг Болормаагийн эзэмшилд шилжүүлэхээр болсон. Би гражийн үнэд 5 000 000 төгрөг төлсөн байсан учир П.Болормаад төлсөн 5 000 000 төгрөгөө буцаан авахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Энэ үйл баримтаас харахад П.Болормаа нь надад гражийг байшингийн хамт худалдаж, 5 000 000 төгрөг гражийн үнэд авсан гэдэг нь нотлогдож байна. Тиймээс энэ хашаа бол анхнаасаа байшинг худалдан авахад хамт байсан учир миний өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж байна. Түүний граж нь манай байшингаас тусгаарлагдсан хашаа байхгүй, бүхэлдээ тойруулаад хашаагаар хүрээлэгдсэн байгаа юм. Шүүхийн шийдвэрээр надаас гражаа буцаан авсан учир өөрийн өмчлөлийн байр, газар, хашаандаа гадны хүнийг нэвтрүүлэхийг хүсээгүй. Тиймээс анхнаасаа худалдан авсан хашаагаа буулгаж өөрийн байшингаар тусгаарлан барьсан үйлдлийг буруу гэж үзэхгүй байна. 4 жилийн өмнө худалдсан эд хөрөнгөө цаг үе өөрчлөгдөхөд эргэж буцаж миний гэж маргаад байгаа П.Болормааг ойлгохгүй байна. Бид анхнаасаа л хашаатай байрыг үзэж хараад худалдан авсан. Тэр үед хашаагаа зараагүй шүү гэж хэлээгүй. Энэ хугацаанд би хашаагаа авлаа гэж хэлж ярьж ч байгаагүй.
Би фэйсбүүк дээрээс энэ хашаа байшинг, гражтайгаа бүгдийг нь зарна гэсэн зарыг харж, зарын дагуу очиход тухайн байрыг түрээсэлж байсан охиноос П.Болормаагийн дугаарыг нь аваад ярьсан. Тэгэхэд П.Болормаа нь хотод байсан бөгөөд хотоос ирснийх нь дараа биеэр уулзаж авахаар болсон. Ингээд 2018 оны 4 сарын 09-ний өдөр гэрээ байгуулан худалдаж авсан. Би гэрээ байгуулахдаа гэрээн дээрээ граж гэдгийг нь бичүүлээгүйгээс болж тухайн гражийг нь П.Болормаад өгөхөөр болсон. Гэхдээ би гражаа тухайн газар дээрээ авна гэж бодоогүй. Буулгаад аваад явна биз гэж бодож байсан. Гэтэл шүүхээс гражийг газартай нь хамт П.Болормаад өгүүлэхээр шийдвэр гарсан. Тиймээс миний хувьд хашаа даймингаа авах нь зөв, хашаагаа татаж аваад гражийг нь өгнө гэсэн зорилгоор буулгасан юм. Одоо ч гэсэн П.Болормаа байнга ажил дээр ирж, утсаар ч гэсэн “байраа авна” гэж хүртэл дарамтлаад байгаа. Энэ хашааг өгөх үүрэг надад байхгүй гэж би ойлгож байгаа. Хашаа даймингаа өгнө гэж бодохгүй байна гэв.
Нэхэмжлэгч талаас өөрийн иргэний үнэмлэхийн болон 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.15-ны өдрийн 138/ШШ2022/00566 дугаар шийдвэр зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хашаа, байшин, гражийг харуулсан гэрэл зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, хариуцагч талаас бичгийн баримт гаргаж өгөөгүй болно. (хх 3-11, 21 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Болормаа нь тус шүүхэд хариуцагч Б.Энхтайванд холбогдуулан “Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 баг Ивээлийн /СМУ-гийн/ 3-01 тоот хаягт байршилтай автомашины гражийн гадна талын хашааг бариулж, дайман хаалгыг хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. (хх 1 тал)
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...анхан шатны шүүхийн шийдвэрээр тухайн гражийг Б.Энхтайваны хууль бус эзэмшлээс чөлөөлсөн шийдвэр гарсан. Энэ нь миний өмч байна гэдгийг баталсан шийдвэр юм. Анх худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа зөвхөн байраа зарсан. Би гражаа болон хашаагаа зараагүй. Анх хашаагүй байхад нь би өөрөө хашаалсан учир гражийн эргэн тойрны хашаа, дайман хаалгыг буцааж өмнөх хэвэнд нь бариулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэж тайлбарладаг.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “...Би фэйсбүүк дээрээс энэ хашаа байшинг, гражтайгаа бүгдийг нь зарна гэсэн зарыг харж, зарын дагуу очиж үзсэн. Ингээд 2018 оны 4 сарын 09-ний өдөр гэрээ байгуулан худалдаж авсан. Би гэрээ байгуулахдаа гэрээн дээрээ граж гэдгийг нь бичүүлээгүйгээс болж тухайн гражийг нь П.Болормаад өгөхөөр болсон. Миний хувьд хашаа даймангаа авах нь зөв, хашаагаа татаж аваад гражийг нь өгнө гэсэн зорилгоор буулгасан. Энэ хашааг өгөх үүрэг надад байхгүй гэж би ойлгож байна...” гэж тайлбарлан маргадаг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч П.Болормаа, хариуцагч Б.Энхтайван нар нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан П.Болормаа нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн /СМУ-гийн/ 3 дугаар байр 01 тоотод байрлах 24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Энхтайванд 25 000 000 төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдож байна. (хх 4-5 тал)
Мөн нэхэмжлэгч П.Болормаа нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд хариуцагч Б.Энхтайванд холбогдуулан “Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 баг Ивээлийн /СМУ-гийн/ 3-01 тоот хаягт байршилтай автомашины гражийг Б.Энхтайваны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасныг шүүх 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 138/ШШ2022/00566 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. (хх 6-11 тал)
Дээрх 138/ШШ2022/00566 дугаартай шийдвэрээс харахад нэхэмжлэгч П.Болормаа нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд хариуцагч Б.Энхтайванд холбогдуулан дээрх худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж, гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаалгах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2021/00088 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн Б.Энхтайван нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд Б.Болормаад холбогдуулан “5 000 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг гаргасныг шүүх 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 138/ШШ2021/00396 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч П.Болормаагаас гэрээний дагуу шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Энхтайванд олгож шийдвэрлэсэн байна.
Түүнээс гадна дээрх 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах үед тухайн орон сууц болон тус хаягт байршилтай автомашины граж нь, мөн тус граж байрлаж буй газар зэрэг нь Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан, одоо ч улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогддог.
Харин тус шүүхийн 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 138/ШШ2022/00566 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч П.Болормааг маргааны зүйл болох автомашины граж буюу үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч байх тул өөрийн эзэмшлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй...” гэж үзэж тухайн гражийг хариуцагч Б.Энхтайваны хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч П.Болормаад олгож шийдвэрлэсэн байх тул шүүх энэ талаар дахин дүгнэх шаардлагагүй гэж үзэв.
Дээрх бүгдээс болон талуудын тайлбараар нэхэмжлэгч П.Болормаа нь хариуцагч Б.Энхтайванд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн /СМУ-гийн/ 3 дугаар байр 01 тоотод байрлах 24 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах үед тухайн орон сууц болон автомашины граж зэргийг тойруулсан хашаатай, мөн дайман хаалгатай байсан нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч Б.Энхтайван нь 2022 оны 08 дугаар сард гражийн өмнөх хашаа болон дайман хаалгыг буулган авчээ.
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж, 84.4-д “Энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж тус тус зааснаас үзэхэд тухайн маргаан бүхий хашаа, дайман хаалга зэрэг нь хөдлөх эд хөрөнгөд хамаарахаар байна.
Нэхэмжлэгч П.Болормаа нь тухайн орон сууц болон автомашины граж зэргийг тойруулсан хашаа, дайман хаалга зэргийг хариуцагч Б.Энхтайванд худалдаагүй гэж, харин хариуцагч Б.Энхтайван нь уг хашаа болон дайман хаалгыг гэрээнд тусгаагүй хэдий ч би худалдан авсан гэж тус тус тайлбарлан маргадаг.
Нэхэмжлэгч П.Болормаа нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж зааснаар автомашины гражийг ашиглахад саад болж үйлдлийг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Гэвч Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой, түүнд үйлчилдэг, өөрийн өртгийг алдагдуулахгүйгээр буюу ноцтой хохирол учруулахгүйгээр түүнээс салган хэрэглэж болох эд юмс нь мөн дагалдах зүйл байна” гэж зааснаар тухайн маргаан бүхий хашаа болон дайман хаалга нь 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дагалдах зүйл байна.
Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, 111.2.1-д “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэхээр тус тус заасан байна.
Хуульд ийнхүү зааснаас үзэхэд нэхэмжлэгч П.Боломаагийн хувьд тухайн хөдлөх эд хөрөнгө болох хашаа болон дайман хаалга зэргийг өмчлөх эрх дуусгавар болсон, харин хариуцагч Б.Энхтайван нь тухайн хашаа болон дайман хаалга зэргийн өмчлөх эрхийг олж авсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч П.Болормаа нь гражийн хувьд шударга эзэмшигч байх боловч харин тухайн гражийн өмнөх хашаа болон дайман хаалга зэргийг өмчлөх эрх нь дуусгавар болсон байх тул хариуцагч Б.Энхтайванаас гражийн гадна талын хашааг бариулж, дайман хаалгыг хийлгэхийг даалгахаар шаардах эрхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч П.Болормаагийн хариуцагч Б.Энхтайванд холбогдуулан тус шүүхэд гаргасан “Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 баг Ивээлийн /СМУ-гийн/ 3-01 тоот хаягт байршилтай автомашины гражийн гадна талын хашааг бариулж, дайман хаалгыг хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч П.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Энхтайванд холбогдох “Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 баг Ивээлийн /СМУ-гийн/ 3-01 тоот хаягт байршилтай автомашины гражийн гадна талын хашааг бариулж, дайман хаалгыг хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэгч П.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч П.Боломаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА