Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 201/МА2023/00003

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 138/ШШ2022/000921 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох,

Дорнод аймаг, Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн /СМУ-гийн/ ******* тоот хаягт байршилтай автомашины гражийн гадна талын хашааг бариулж, дайман хаалгыг хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******тай харилцан тохиролцож, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 04 сарын 09-ний өдөр байгуулж, Хэрлэн сумын 6-р баг, Ивээлийн ******* тоот байрыг худалдсан. Ингэхдээ 5 000 000 төгрөгийг бэлнээр байрны урьдчилгаанд аваад, үлдсэн 25 000 000 төгрөгийг хувь гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Энэ 5 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн учир гэрээндээ тусгаагүй. Гэтэл ******* нь энэ байдлыг ашиглан гражийг минь 5 000 000 төгрөгөөр авсан мэтээр тайлбарлаж өгөхгүй байсан тул би гражаа чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан бөгөөд 2022 оны 06 сарын 05-ны өдрийн 566 дугаар шийдвэр гарч, *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж надад олгохоор болсон. Ингээд 2022 оны 08 сарын 20-ны өдөр граждаа юм хийхээр очиход ******* нь нөхрийн хамт гражийн маань гаднах хашаа, дайминг буулгаж авч байсан. Миний эзэмшлийн хашаа, дайминг буулгаж авч байсан тул би цагдаа дуудсан. Дуудлагын цагдаа ирээд 102 дээр очиж өргөдлөө өг гэсний дагуу тийшээ очиход наад асуудал чинь шүүхээр шийдвэрлүүлэх асуудал байна гэсний дагуу би энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. ******* нь дураараа авирлаж миний эзэмшлийн гражийн гадна даймин хаалга, хашааг буулгаж хувьдаа завшсан тул түүнийг буцаан олгуулж, хуучин хэвэнд нь бариулж өгнө үү.

Энэ хашаа, дайминг би өөрөө барьсан юм. Гэхдээ би *******ы байрны урд талын хашааг авна гээгүй. Би зөвхөн гражаа л авахаар болсон. Тухайн граж маань өөрөө хашаа, дайминтай. Тиймээс гражийн эргэн тойрны хашаа, даймин хаалгыг буцааж өмнөх хэвэнд нь бариулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ.   

Хариуцагч ******* хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, бидний хооронд 2018 оны 04 сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу би үл хөдлөх эд хөрөнгөө худалдан авахад байшинг тойруулсан 2 тал хашаатай байсан. Тэр цагаас хойш өнөөг хүртэл манайх хашаагаа ашиглаад, эзэмшээд байж байгаа. ******* нь 2022 оны хавар байшингийн нэг хананд залгаж барьсан 3 тал ханатай гражийг надад худалдаагүй болж надаас нэхэмжилсэн. Гэрээнд гражийн талаар зааж өгөөгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй байсан тул тус шүүхийн 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 566 дугаар шийдвэрээр гражийг Болормаагийн эзэмшилд шилжүүлэхээр болсон. Би гражийн үнэд 5 000 000 төгрөг төлсөн байсан учир *******д төлсөн 5 000 000 төгрөгөө буцаан авахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Энэ үйл баримтаас харахад ******* нь надад гражийг байшингийн хамт худалдаж, 5 000 000 төгрөг гражийн үнэд авсан гэдэг нь нотлогдож байна. Тиймээс энэ хашаа бол анхнаасаа байшинг худалдан авахад хамт байсан учир миний өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж байна. Түүний граж нь манай байшингаас тусгаарлагдсан хашаа байхгүй, бүхэлдээ тойруулаад хашаагаар хүрээлэгдсэн байгаа юм. Шүүхийн шийдвэрээр надаас гражаа буцаан авсан учир өөрийн өмчлөлийн байр, газар, хашаандаа гадны хүнийг нэвтрүүлэхийг хүсээгүй. Тиймээс анхнаасаа худалдан авсан хашаагаа буулгаж өөрийн байшингаар тусгаарлан барьсан үйлдлийг буруу гэж үзэхгүй байна. 4 жилийн өмнө худалдсан эд хөрөнгөө цаг үе өөрчлөгдөхөд эргэж буцаж минийх гэж маргаад байгаа *******г ойлгохгүй байна. Бид анхнаасаа л хашаатай байрыг үзэж хараад худалдан авсан. Тэр үед хашаагаа зараагүй шүү гэж хэлээгүй. Энэ хугацаанд би хашаагаа авлаа гэж хэлж ярьж ч байгаагүй.

Би фэйсбүүк дээрээс энэ хашаа байшинг, гражтайгаа бүгдийг нь зарна гэсэн зарыг харж, зарын дагуу очиход тухайн байрыг түрээсэлж байсан охиноос *******гийн дугаарыг нь аваад ярьсан. Тэгэхэд ******* нь хотод байсан бөгөөд хотоос ирснийх нь дараа биеэр уулзаж авахаар болсон. Ингээд 2018 оны 4 сарын 09-ний өдөр гэрээ байгуулан худалдаж авсан. Би гэрээ байгуулахдаа гэрээн дээрээ граж гэдгийг нь бичүүлээгүйгээс болж тухайн гражийг нь *******д өгөхөөр болсон. Гэхдээ би гражаа тухайн газар дээрээ авна гэж бодоогүй. Буулгаад аваад явна биз гэж бодож байсан. Гэтэл шүүхээс гражийг газартай нь хамт *******д өгүүлэхээр шийдвэр гарсан. Тиймээс миний хувьд хашаа даймингаа авах нь зөв, хашаагаа татаж аваад гражийг нь өгнө гэсэн зорилгоор буулгасан юм. Одоо ч гэсэн ******* байнга ажил дээр ирж, утсаар ч гэсэн байраа авна гэж хүртэл дарамтлаад байгаа. Энэ хашааг өгөх үүрэг надад байхгүй гэж би ойлгож байгаа. Хашаа даймингаа өгнө гэж бодохгүй байна. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******д холбогдох Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 баг Ивээлийн /СМУ-гийн/ ******* тоот хаягт байршилтай автомашины гражийн гадна талын хашааг бариулж, дайман хаалгыг хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж,... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн гаднах *******гийн гражийн гадуур барьсан хашаа нь 2 өрөө орон сууцны дагалдах эд зүйл гэж үндэслэн шийдвэрээ гаргажээ. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь анхнаасаа хашаагүй, гражгүй баригдсан хөрөнгө. Энэ үл хөдлөх хөрөнгөнд дагалдах эд хөрөнгөнд хашааг оролцуулан тооцсон нь өөрөө хууль бус.

Өөрөөр хэлбэл *******гийн өмчлөлийн граж нь шүүхийн бичсэнээр дагалдах эд зүйлд орвол хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн эсрэг шүүхийн шийдвэр болж байна. Үл хөдлөх хөрөнгийн дагалдах эд зүйл нь тухайн үл хөдлөх хөрөнгөтэй хамт баригдсан эд хөрөнгө байх ба хашаа нь гражтай хамт баригдсан гражийн дагалдах эд хөрөнгө гэж тооцож болно. *******гийн худалдсан эд зүйл нь анх байсан орон сууцыг тэр чигт нь худалдсан болохоос тухайн үл хөдлөх хөрөнгөөс гадуур тусд нь өөрөө барьсан эд хөрөнгөө худалдаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: Миний хувьд анхан шатны шүүх хэргийн бодит байдал болон нэхэмжлэгчийн шаардах эрхийн тухайд маш үнэн зөв дүгнэлт гарган хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дэмжиж хүлээн зөвшөөрч байна.

Анхнаасаа би энэ байрыг зараас олж хараад Болормаатай утсаар ярьж Улаанбаатар хотоос ирэхэд нь байрыг нь газар дээр нь очиж үзээд худалдан авахаар тохиролцоод хэн хэндээ үүргээ гүйцэтгээд 4 жил болсон юм. Намайг худалдан авахад орон сууц нь гадуураа хашаатай, гражтай байсан. Бүгдийг нь худалдан авсан боловч дараа нь Болормаа нь граж дээрээ маргаан гаргаж шүүхэд хандсан. Би тэгээд 5 000 000 төгрөгөө буцаан авсан тул энэ асуудал дууссан. Гэтэл дараа нь хашаагаа авна гэж маргасан. Ямар увайгүй худалч ийм байдаг юм бол гэж гайхаж байна. Ер нь хашаагаа газартаа бэхлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг гаднаас нь тусгаалан хамгаалсан дагалдах эд зүйл байсан үүнийг шүүхээс зөв үнэлсэн. Би орон сууцыг өмчилж аваад өөрийн хэрэглээндээ өдөр бүр ашиглаж байгаа хашаа ч мөн адил. Хэрвээ хашаагаа худалдаагүй байсан бол энэ олон жил яагаад миний өмчлөлд байлгаад байсан юм. Худалдан авсны дараа хашаагаа аваад явахаа яасан юм. Тийм эрх Болормаад байхгүй байсан тул энэ олон жил маргаан гаргаагүй байгаад гэнэт л гражаа өөрийнхөө талд шийдүүлчихээд хашааг ч гэсэн болно гэж тооцож маргаж яваа.

Хашааны хамт гражаа нэхэмжлэхгүй яасан юм. Орон сууцыг барихдаа эхлээд хамгийн түрүүнд хашаагаа л барьсан. Хашааг үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө гэж бүртгэлд авахгүй. Тэгэхээр орон сууцыг дагалдуулан ашиглах зорилгоор бүтээгдсэн эд хөрөнгө учраас, мөн миний худалдан авсан зорилго хэлцэл нь бүхэлд нь худалдан авсан байсан учраас Болормаагийн шаардлага үндэслэлгүй юм. Энэ бүх зүйлээс дүгнэхэд анхнаасаа хашаа нь надад худалдсан орон сууцны дагалдах хэрэгсэл болж орон сууцны үнэнд багтаж шингэж худалдан авсан миний эд хөрөнгө. Тиймээс шударга эзэмшигч өмчлөгчөөс шаардсан Болормаагийн үйлдлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй учраас гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би энэ байрны хашаа, граж зэргийг өөрөө барьж байсан юм. ... Гэрээн дээр граж худалдсан талаар тусгасан зүйл огт байхгүй. Хэрэв худалдсан бол гэрээн дээр тусгагдах ёстой байсан. Миний гражийн хашаа, дайманг буулгаад авсан байсан. Ингээд маргаан үүссэн. Миний гражийн өмнөх хашааг буулгаж болохгүй гэдгийг хэлсэн, мэдэгдсэн. гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2018 онд 30 000 000 төгрөгөөр СМУ-ийн байр авна гэж байхгүй. Дангаараа хоёр өрөө байр тийм үнэ хүрэхгүй. Би гэр бүлийн хүмүүстээ ч гэсэн граж, хашаатай болохоор үнэтэй авч байгаа юм гэж хэлж байсан. ... Байнга хэл ам хийгээд байсан тул би гражийг нь эргүүлж өгсөн. ... Болормаа надад 5 000 000 төгрөг өгсөн. Болормаа гражаа авсан тул гадуур нь барьсан хашаагаа буулгаж авсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Дорнод аймаг, Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн /СМУ-гийн/ ******* тоот хаягт байршилтай автомашины гражийн гадна талын хашааг бариулж, дайман хаалгыг хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 18/

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... анхан шатны шүүхийн шийдвэрээр тухайн гражийг *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлсөн шийдвэр гарсан. Энэ нь миний өмч байна гэдгийг баталсан шийдвэр юм. Анх худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа зөвхөн байраа зарсан. Би гражаа болон хашаагаа зараагүй. Анх хашаагүй байхад нь би өөрөө хашаалсан учир гражийн эргэн тойрны хашаа, дайман хаалгыг буцааж өмнөх хэвэнд нь бариулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. ... гэж,

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ...Би фэйсбүүк дээрээс энэ хашаа байшинг, гражтайгаа бүгдийг нь зарна гэсэн зарыг харж, зарын дагуу очиж үзсэн. Ингээд 2018 оны 4 сарын 09-ний өдөр гэрээ байгуулан худалдаж авсан. Би гэрээ байгуулахдаа гэрээн дээрээ граж гэдгийг нь бичүүлээгүйгээс болж тухайн гражийг нь *******д өгөхөөр болсон. Миний хувьд хашаа даймангаа авах нь зөв, хашаагаа татаж аваад гражийг нь өгнө гэсэн зорилгоор буулгасан. Энэ хашааг өгөх үүрэг надад байхгүй гэж би ойлгож байна. ... гэж тус тус тайлбар гарган мэтгэлцжээ.

5. Хэрэгт авагдсан баримтуудаар зохигчид нь 2018 оны 04 сарын 09-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-гийн 3 дугаар байрны 1 тоот хаягт байрлах 24 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 25,0 сая төгрөгөөр худалдах, худалдан авагч буюу хариуцагч ******* нь үнийг 2023 оны 04 сарын 09-ний өдрийн дотор сарын 8 хувийн хүүтэйгээр хэсэгчлэн төлөхөөр тохирсон, нийтийн эзэмшлийн газар дээр уг орон сууцны нэг талын хананд /зүүн тал/ залгаа баригдсан автомашины гражийн эзэмшигч нь нэхэмжлэгч ******* болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа үйл баримтууд тогтоогдсон байна./хх 4, 6-11/

6. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон гэж үзнэ. Учир нь тус шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэгч *******гийн СМУ-гийн 3 дугаар байрны 1 тоотын 24 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагчид худалдахдаа гражийн цоож түлхүүр, мөн хашааны дайман хаалганы цоож түлхүүрийг аваад явсан нь үнэн. Гэхдээ гражаа түр хэрэглэж бай гэж хэлсэн. гэсэн тайлбар, хариуцагч *******ы Нэхэмжлэгч *******гаас 2018 оны 04 сард СМУ-гийн 3 дугаар байрны 1 тоотын 2 өрөө орон сууцыг худалдаж авсан бөгөөд худалдсан үедээ ******* өөрөө цоожоо хийнэ биз дээ гээд хашааны дайман хаалганы цоож түлхүүр, мөн гражийн цоож түлхүүрээ аваад явсан. ... гэсэн тайлбар, мөн нэхэмжлэгч *******гийн дээрх орон сууц, автомашины гражийг тойруулж барьсан хашааны дайман хаалганы цоож түлхүүрийг авч явсан үйл баримт зэргээс дүгнэж үзэхэд зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл болж байгаа автомашины гражийн гадуур барьсан хашааны талаар талууд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээндээ заагаагүй боловч анхан шатны шүүх хашаа /дайман хаалга/-г Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т заасан уг гэрээний /үл хөдлөх эд хөрөнгийн/ дагалдах зүйл гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

7. Иймд нэхэмжлэгч *******гийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 28-ны өдрийн 138/2022/00921 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

З.ЭНХЦЭЦЭГ