Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01118

 

 

 

      2022            06          10                                        210/МА2022/01118

 

 

............-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/1491 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ............-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч .......-т холбогдох, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өмчлөлийн газрыг буцаан олгуулж, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад, 12 гудамж,......- тоот хаягт байрлах 330 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг ............-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ............-, хариуцагч .......-, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Миний бие Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 12 дугаар гудамж......- тоот хаягт байрлах ...............- нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. 2005-2007 оны хооронд газар дээр айл амьдраагүй. Гэр бүлийн хамт түрээсийн байранд амьдарч байгаад газар дээрээ очиж амьдаръя гээд ирэхэд .......- нь гэр бүлийн хамт зөвшөөрөлгүй гэр барьж буусан байсан. Түүнийг түүнийг газар чөлөөлөхийг шаардахад “...манайх олон хүүхэдтэй очих газаргүй хэцүү байна. Түр байлгаач...” гэж гуйсан. Тухайн үед өрөвдөөд байлгасан. Дараа нь газар чөлөөлөхийг шаардахад “...худалдаж авмаар байна...” гэхэд “... мөнгөө хурдан өгөөд аваарай...” гэж хэлсэн. 2020 онд газрыг 2,500,000 төгрөгөөр авъя гэхэд нь зөвшөөрсөн. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг байна, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг энэ ондоо багтаагаад өгнө гэсэн тул худалдах, худалдан авах гэрээ байгуулъя гэхэд .......- татвар төлөх болно гээд бэлэглэлийн байгуулсан. .......- газрын урьдчилгаа төлбөр 1,000,000 төгрөгийг  ХААН банк” ХХК дахь 5018279634 тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс өөр төлбөр хийгээгүй атлаа газар дээр байшин барьсан. Иймд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож, газар өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Анх уг газрыг нөхөр Д.Мягмарсүрэнд ажлын газраас нь ............-гийн эхээс 750,000 төгрөгөөр худалдан авч бэлэглэсэн. Гэтэл ............-гийн эх нь удалгүй нас барсан тул газрын гэрчилгээг шилжүүлж авч чадаагүй. ............- нь .......-т дарамт үзүүлж бэлэглэлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг авсан. Гэтэл ............- нь сүүлийн үед дур мэдэн тог тасалж, удаа дараа хашаанаас яв гэж хөөж, амьдрах нөхцөлд хүндрэл учруулж байна. ............-д түүний эх .......-ынхаас мөнгийг нь авсан шүү, нэрийг нь шилжүүлж өгөх ёстой гэдгийг хэлсэн. Газрын үнэд эхлээд 750,000 төгрөг, дараа нь 250,000 төгрөг өгч худалдаж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү. “Од мөнх” ХХК нь 2005 онд 750,000 төгрөгөөр уг газрыг худалдан авч нөхөр Д.Мягмарсүрэн болон манай гэр бүлд бэлэглэсэн. Манай гэр бүл 2007 онд уг газарт нүүж буусан ба энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Анх уг хашаанд буухад ............- болон түүний эхэд  учир шалтгаанаа хэлж байсан. Тухайн үед бидний хашаа дундуураа тусгаарласан зүйл байхгүй байсан тул банз авч өөрийн кадастрын хэмжээгээр хашаа барьсан. Энэ үеэс ............- болон түүний эхээс газрын гэрчилгээг шаардсан боловч “... танай өмнөх айл чинь өчнөөн хог хаяад нүүсэн байсныг бид ачуулж цэвэрлүүлж 100,000 төгрөг гаргасан, энэ мөнгийг өгөөд аваарай ...” гэсэн тул 100,000 төгрөг өгөөд авъя гэхэд “... гэрчилгээ байхгүй, өмнөх амьдарч байсан хүнд чинь байгаа...” гэж хэлээд хойшлуулсан. Сүүлдээ завгүй, дараа сард, удахгүй гэх мэтээр гэрчилгээ шилжүүлж өгөөгүй. 2020 оны 06 дугаар сард “... хог ачуулсан 100,000 төгрөгийг өгөөд гэрчилгээгээ авъя...” гэхэд “ ... тухайн үеийн 100,000 төгрөг одоогийн 1,000,000 төгрөгтэй тэнцэнэ. 1,000,000 төгрөг өгөөд гэрчилгээгээ ав ...” гэсэн. Ингээд ............-д 1,000,000 төгрөг шилжүүлэн өгч гэрчилгээгээ тухайн өдөр шилжүүлж авсан. Гэрчилгээ шилжүүлэхдээ татвар төлөхгүйн улмаас бэлэглэлийн гэрээ байгуулсан. Миний бие 2,500,000 төгрөгөөр худалдаж авсан газраа халхавчилж бэлэглэлийн гэрээ хийсэн асуудал биш. Миний бие гэрээ халхавчилж өөр гэрээ хийх хууль зүйн мэдлэг байхгүй. ............- нь шороо цацаж, хараал хэлж, амаар доромжлох, мөн тог тасалдаг. Бид өөрсдийн өмчлөлийн газар дээр тайван амьдарч чадахгүй байна. Иймд Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 12 гудамж,......- тоот хаягт байрлах 330 м.кв газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж амгалан тайван амьдрахад саад учруулахгүй байхыг ............-д даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэлийн тайлбар, татгалзлын агуулга:

Газрын үнийг ............- болон эхэд өгсөн тайлбар үндэслэлгүй. Тухайн газар анхнаасаа миний нэр дээр байсан. Манай эх 2013 онд нас барсан, эхийг нас барах хүртэл .......- нэг ч удаа эхтэй маань уулзаж байгаагүй. Газрын гэрчилгээ шилжүүлж өгөх талаар манай эх захисан гэсэн нь үндэслэлгүй. .......-ынхыг хэзээ ч дарамталж байгаагүй. Мөнгөтэй болсон бол газрыг ав гэж хэлсэн, .......- 2,500,000 төгрөгөөр өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна, бэлэглэлийн гэрээ хийнэ гэж хэлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш .......- болон түүний нөхөр намайг дарамталж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 12 дугаар гудамж......- тоот хаягт байрлах ...............- нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг бэлэглэгч ............-гаас бэлэг хүлээн авагч .......-т шилжүүлэх тухай 2020 оны оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, ............-гийн тус газрыг өмчлөх эрхийг сэргээж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 9.4.3-т заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 12 дугаар гудамж......- тоот хаягт байрлах ...............- нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг ............-д даалгуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......-аас 189,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ............-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, төлбөр тооцоо газар эзэмших болсон үндэслэлтэй холбоотой гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй. Нөгөө талаараа газар эзэмших эрхийн гэрчилгээг анх худалдаж авсан гэх компаний нэр дээр байгаагүй тул компанийг худалдаж авсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Хариуцагч уг газарт 20 жил амьдрахдаа уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг авах гэж удаа дараа оролдсон боловч нэхэмжлэгч давуу байдлаа ашиглаж гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байсан. Хамгийн сүүлд нэхэмжлэгч 1,000,000 төгрөг нэхсэн тул түүнийг нь өгч гэрчилгээгээ авсан. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, уг зохицуулалт нь 2 агуулгатай ба эхнийхэн гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах, 2 дахь агуулга нь гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаах боломжгүй бол мөнгөн байдлаар төлөх үүргийг хүлээхээр байна. Анхнан шатны шүүх зөвхөн хариуцагчийн шахалтаар бэлэглэлийн гэрээ хийсэн мэт дүгнэсэн үндэслэлгүй. Талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж бэлэглэлийн гэрээ байгуулсан. Үүний дагуу хариуцагч өмчлөх эрх олж авсан учир маргаан бүхий газарт 8-10 хэмжээтэй амины орон сууц барьсан. Үл хөдлөх эд хөрөнгө нь газраас салгаж үл болох шинжтэй газраас салгавал зориулалтын шинжээ алдах учир нэхэмжлэгчид газрыг буцаан шилжүүлэх боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Тухайн газарт 2007 оноос хойш амьдарсан. Энэ айлыг дарамталж байгаагүй. .......- газар худалдаж авахыг гуйсан тул зөвшөөрч бэлэглэлийн гэрээ байгуулсан. Мөн өдөр 1,000,000 төгрөг төгрөг шилжүүлж үлдэгдэл 1,500,000 төгрөгийг дараа өгөхөөр тохиролцсон. Байшин барьж эхлэхэд нь шүүхэд нэхэмжлэл гаргах талаар хэлсэн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт “Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч ............- нь хариуцагч .......-т холбогдуулж 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 12 дугаар гудамжны......- тоот хаягт байршилтай 330 м.кв талбайтай газрыг буцаан олгуулж, газрын өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, өөрийн өмчлөлийн хөрөнгийг эзэмшиж ашиглахад саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Зохигчдын хооронд хийгдсэн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч ............- нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 12 дугаар гудамжны......- тоот хаягт байршилтай өөрийн өмчлөлийн 330 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2204027277 дугаартай газрыг хариуцагч .......-ын өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэх, ийнхүү шилжүүлэх болсон үндэслэлийг “олон жил хамт амьдарсан тул өөрийн хүсэлтээр” гэж заасан ба уг гэрээг нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр уг газрын өмчлөх эрх хариуцагч .......-т шилжиж  бүртгэгдсэн, хариуцагч .......- нь нэхэмжлэгч ............-д 1,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. (хх-ийн 5, 7)

 

4.1. Дээрх хэлцлийн талаар нэхэмжлэгч ............- нь бэлэглэлийн гэрээ нь худалдах, худалдан авах хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн үндэслэл зааж, “...газрыг 2,500,000 төгрөгөөр авъя, 1,000,000 төгрөг байна, 1,500,000 төгрөгийг ондоо багтааж өгнө  гэсэн... миний данс руу .......- нь газрын төлбөрийн урьдчилгаа мөнгө болох 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн... “ гэж тайлбарласан бол хариуцагч .......- нь “...1,000,000 төгрөг өгөөд гэрчилгээгээ ав гэсэн ... 1,000,000 төгрөгийг өгч гэрчилгээг тухайн өдөр шилжүүлж авсан ... 2,500,000 төгрөгөөр тохиролцоогүй...” гэж тайлбарласан зэргээс үзэхэд маргаан бүхий газрын өмчлөх эрх хэлбэрийн хувьд бэлэглэлийн гэрээгээр шилжсэн, харин агуулгын хувьд хариу төлбөртэй буюу худалдах, худалдан авах гэрээнд үндэслэгдсэн байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Тодруулбал, зохигчид газрын  өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр бус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхдээ нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээгээр газрын өмчлөх эрх шилжүүлсэн хэлцэл шинээр хийгдсэн, хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нөгөө талаар халхавч хэлцэл хүчин төгөлдөр бус боловч халхавчлагдаж буй хэлцэл хүчин төгөлдөр байж болно.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс улсад төлөх татвараас зайлсхийх  зорилготой хийгдсэн гэж үзэхээр боловч энэ нь өөр хэлцлийн шаардлагад нийцсэн буюу бодит байдалд худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан болохыг хариуцагч өөрийн тайлбараар зөвшөөрсөн байна.

 

4.2. Мөн хариуцагч .......- нь гэр бүлийн гишүүдийн хамт 2007 оноос хойш уг газарт оршин сууж, эзэмшиж байгаа, нэхэмжлэгч ............-д болон түүний эх талийгаач Д.Уранцэцэгт нас барахаас нь өмнө тухайн газрыг худалдан авах, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлэх хүсэл зоригийг байнга илэрхийлж байсан болох нь гэрч Л.Цэрэнбалжидийн “... компанийн зүгээс 750,000 төгрөгийг ээжид нь өгсөн... охиныг ирэхээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Л.Гансүхийн “...Да хүрээ зах дээр хашаа зарна гэсэн зар явж байхаар нь очиж авсан, эхлээд 250,000 төгрөгийг, дараа нь 750,000 төгрөгийг компани өгсөн... ............-гийн ээжид нь өгсөн...” гэсэн мэдүүлэг, Д.Цогзолмаагийн “...............-гаас гэрчилгээгээ авна гэж яриад би 1,000,000 төгрөг олж өгсөн ...” гэсэн мэдүүлэг, Э.Тогосжаргал “...дараа нь ээж надад энэ айлаас хэдэн төгрөг авчихаач хэдэнэ төгрөг өгнө гэсэн таг чиг байх юм гээд намайг явуулж байсан... тэртээ тэргүй олон жил болсон юм чинь тэгж байгаад мөнгөө өгөх байлгүй гээд бид өөрсдөө ч сайн тоогоогүй ...” гэсэн мэдүүлэг, Д.Мягмарсүрэнгийн “...............- руу 1,000,000 төгрөг шилжүүлж гэрчилгээг авсан...” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдсон байна. (хх-ийн 123, 133, 135)

 

Иймд зохигчдыг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр газар худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.5, 43 дугаар зүйлийн 43.2.3, 43.3-т тус тус заасан зохицуулалтад нийцнэ.

 

5. Бэлэглэлийн гэрээний хөрөнгийн үнэлгээ гэсэн хэсэгт “... 5,000,000 төгрөг...” бичсэн хариуцагчийн өмгөөлөгч нар газрын үнэд 5,000,000 төгрөгийг төлж эвлэрэх саналыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан зэргээс үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардах эрхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ............- нь худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулах шаардлага гаргаагүй байхад шүүх уг асуудлыг шийдвэрлэх эрхгүй болно.

 

Харин нэхэмжлэгч ............- нь худалдах, худалдан авах гэрээний дагуу газрын үлдэгдэл төлбөрийг хариуцагч .......-аас шаардахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

6. Сөрөг нэхэмжлэлийн талаар

6.а Хариуцагч .......- нь Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 12 гудамж,......- тоот хаягт байрлах газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн тул уг газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

6.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарна. Хариуцагч .......- нь “... нэхэмжлэгч ............- нь шороо цацаж, хараал хэлж, амаар доромжлох, мөн тог тасалж өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулдаг...” гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж баримтаар няцаагаагүй, нэхэмжлэгч ............-гаас ирүүлсэн гэрэл зураг, уг зургийн талаар гараар бичсэн тэмдэглэл зэргээр хариуцагчийн тайлбар нотлогдсон гэж үзэхээр байна. (хх-ийн 71-82)

 

Хариуцагч .......- нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 12 дугаар гудамжны......- тоот хаягт байршилтай 330 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2204027277 дугаартай газрыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй тул өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч ............-д даалгах нь зүйтэй. Харин хариуцагч .......- нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 12 дугаар гудамжны......- тоот хаягт байршилтай 330 м.кв талбайтай газрын өмчлөгч болох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул дахин хууль ёсны өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй болно.

 

   Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/01491 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч .......-т холбогдуулан гаргасан 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өмчлөлийн газрыг буцаан олгуулж, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэгч ............-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .......-ыг Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 12 гудамж,......- тоот хаягт байрлах 330 м.кв газрыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг нэхэмжлэгч ............-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 12 гудамж,......- тоот хаягт байрлах 330 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “... хариуцагч .......-аас 189,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ............-д олгосугай” гэснийг “... нэхэмжлэгч ............-гаас 70,200 төгрөг гаргуулж хариуцагч .......-т олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 189,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

 

                                           ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                              Н.БАТЗОРИГ