Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 143/ШШ2022/00162

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 143/ШШ2022/00162

Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ХААН банк ХХК /РД:2693321/ Өмнөговь аймгийн Даланзадгад сум,

 

Хариуцагч: Эзэнээ овогт Очирын ******* *******, Өмнөговь аймгийн

Номгон сум, 1-р баг Хармагтай, Рашаантын 07-1б тоот

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн

гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 449 987.16

төгрөг, нотариатын зардалд 10 900 төгрөг нийт

15 460 887.16 төгрөг гаргуулах, үүргийн

гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч:*******,*******

 

Хариуцагч: О.*******,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:*******

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч*******, О.******* нар нь Хаан банкны Өмнөговь салбарын Номгон тооцооны төвөөс 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/201642706959 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээнд зориулан, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ЗГ201742919058 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 562 472.63 төгрөгийн цалингийн үлдэгдэл дээр нэмж 3 200 000 төгрөг нийт 4 762 432.63 төгрөгийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, сар шинийн хэрэгцээнд зориулан, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ЗГ201743168595 тоот зээлийн гэрээ байгуулан 4 138 211.42 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 7 000 000 төгрөг нийт 11 138 211.42 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэгцээнд, фото, зургийн хэрэгсэл авахад зориулан 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/201743267789 тоот зээлийн гэрээ байгуулан 10 843 752.48 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 500 000 төгрөг нийт 13 343 752.48 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ/201843375955 тоот зээлийн гэрээ байгуулан 12 560 063.83 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1 100 000 төгрөг нийт 13 660 063.83 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэглээнд зориулан 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗГ201843448876 тоот зээлийн гэрээ байгуулан 13 447 123.68 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 900 000 төгрөг нийт 14 377 123.68 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэглээнд зориулан 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээ байгуулан 13 555 596.20 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1 200 000 төгрөг нийт 14 755 596.20 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 15 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэглээнд зориулан тус тус авсан. Зээлдэгч******* нь 2018 оны 08 дугаар сард зуурдаар нас барсан.

Зээлийн барьцаанд 4 ханатай гэр, 42 инчийн зурагт, цахилгаан оёдлын машин, хөлдөөгч, өнгөт принтер, зургийн аппарат, суурин компьютер зэрэг хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4 411 054.14 төгрөг, зээлийн хүү 4354 164.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 277.43 төгрөг нийт 8 767 496.96 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 263 хоног хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа, банкнаас зээл төлөх мэдэгдлийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр болгон 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус тус хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд банк 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээний дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах.

2. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр гаргуулах. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 13 488 945.83 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 910 358.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 50 683.31 төгрөг, Зээлийн төлбөрт 15 449 987.16 төгрөг гаргуулах, нотариатын төлбөр 10 900 төгрөг гаргуулах, нийт зээлийн болон нотариатын төлбөрт 15 460 887.16 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох 4 ханатай гэр, 42 инчийн зурагт, цахилгаан оёдлын машин, хөлдөөгч, өнгөт принтер, зургийн аппарат, суурин компьютер зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д ...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч О.*******гаас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байна.

4. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал: улсын тэмдэгтийн хураамж 235 254 төгрөг төлсөн болно. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батсүрэн, О.******* нар нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлээд нийт 17 900 000 төгрөгийн цалингийн зээлийг манай банкны Номгон тооцооны төвөөс авсан байгаа. Тухайн үедээ талийгаач******* нь өрхдөө ээж болон дүү нарынхаа хамт амьдардаг байсан. Тухайн өрхөд цалин орлоготой ганц хүн нь******* байсан. Тэгээд зээлийн зориулалтыг нь харахад ээж нь тус сумандаа фото зургийн үйл ажиллагаа явуулдаг, хүмүүсийн зураг авч, угааж, хэвлэдэг үйлчилгээ явуулдаг. Тэгээд энэ бизнест зориулаад компьютер, принтер авна, зургийн аппаратаа шинэчилнэ гэх зэргээр удаа дараагийн нэмэлт зээлүүд нь олгогдоод явсан байдаг. Тэгээд банкны зүгээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн саналтай байна. 2019 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх хүүг нэмж тооцоогүй байгаа. Хэдийгээр нэхэмжлэлдээ зохих баримтуудыг бүрдүүлээд хүүгээ нэмж тооцно гэж байгаа боловч банк хүүгээ нэмж тооцоогүй. Сая дурдсан дүн энэ өдрөөрөө хэвээрээ байгаа. Хариуцагч******* ажилтай, орлоготой байх үед зээл нь төлөгдөөд явдаг байсан. 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд олгогдсон 2 000 000 төгрөгийн зээлээс үндсэн зээлийн төлбөрт 437 527.37 төгрөг, хүүгийн төлбөрт 170 872.63 төгрөг гээд нийт зээл, хүүгийн төлбөрт 608 400 төгрөгийг төлсөн. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь 1 562 472.63 төгрөг байсан. Энэ зээл дээрээ 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэмэлтээр 3 200 000 төгрөгийг аваад 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийтдээ үндсэн зээлийн төлбөрт 624 261.21 төгрөг, хүүгийн төлбөрт 441 738.79 төгрөг, ингээд нийт 1 068 000 төгрөг төлсөн байх жишээтэй байгаа. Ер нь бол нийт 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт нийт 4 421 363.26 төгрөг, хүүгийн төлбөрт 4 354 164.97 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 277.83 төгрөг, нийт 8 777 806.6 төгрөгийн төлбөрт төлсөн байна. Тэгэхээр банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг гардаж аваад өнөөдрийг хүртэл зээлийг банк олгоогүй гэж маргаагүй. Би хамтран гүйцэтгэгч биш, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргадаггүй. Дээр нь зээлийн гэрээ, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар ямар нэгэн маргаан гаргаагүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус, би хамтран зээлдэгч биш, миний гарын үсэг биш, эсхүл банк бидэнд зээл олгоогүй, бид зээлийн мөнгийг огт аваагүй гэх зэргээр огт маргаагүй. Шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн шийдвэр, магадлалуудаас харахад ганц хэлж байгаа зүйл нь зээл төлөх боломжгүй байна. Би гэрээрээ ажил төрөлгүй байгаа. Хүү маань өнгөрсөн. Тийм учраас надад шууд төлөх боломж байхгүй гэсэн ийм л тайлбарыг хэлдэг. Тэгэхээр нэгэнт зээлийн гэрээ хийгдсэн, ер нь аливаа зээлийн маргаантай холбоотой асуудал дээр 3 асуудал яригддаг. Нэгт, тухайн гэрээ байгуулагдсан юм уу гэдгийг эхлээд шалгадаг. Хоёрт, байгуулагдсан юм бол энэ гэрээ хүчин төгөлдөр эсэхийг шалгадаг. Гуравт, хэрэв хүчин төгөлдөр байх юм бол шаардах эрх, гүйцэтгэх үүрэг нь өөрөө үүсдэг. Тэгэхээр энэ гэрээний тухайд 7 удаагийн зээл дээр үндсэн зээлдэгчээр*******, хамтран зээлдэгчээр түүний ээж болох өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа О.******* оролцсон байдаг. Гэрээний хувьд хариуцагч талаас байгуулагдаагүй гэж маргаагүй. Тэгэхээр нэгт, энэ гэрээ хүчин төгөлдөр. Хоёрт, нэгэнт хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байгуулагдсан учраас талуудын хооронд шаардах эрх, гүйцэтгэх үүрэг аль аль талдаа байгаа. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгчийн зүгээс шаардах эрх нь үүссэн. Зээлдэгчийн зүгээс гүйцэтгэх үүрэг нь үүссэн гэж үзэж байгаа. Тийм учраас нэгэнт гэрээнд гарын үсэг зураад зээл авсан энэ тохиолдолд зээлээ төлөх нь зээлдэгчийн үүрэг. Тийм учраас банкны салбараас гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэхэмжлэгчийн шаардлагыг төлөхгүй гэсэн тайлбарыг хариуцагчаас өгч байна. Татгалзаж байгаа бол татгалзлаа нотлох баримтаа хариуцагч өөрөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Энэ бол эрх биш үүрэг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт авагдсан баримтууд, салбараар дамжуулж хэргийн материалтай танилцсан байдлаас үзэхэд хариуцагчийн зүгээс би ийм ийм учраас төлөхгүй, үндэслэлгүй байна, миний төлөх шаардлага байхгүй байна, мөн дээрх үндэслэлүүдээр татгалзаж байгаа татгалзлаа нотолсон баримт гэж байхгүй байна. Тэгэхээр нэгэнт төлөхгүй гэж байгаа шалтгаанаа нотолж чадахгүй байгаа учраас нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргасан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Дээд шүүхийн тогтоолд дурдагдсан байгаа. Өмнөх зээл дээр нь нэмэгдүүлээд зээл олгоод яваад байсан нь хуульд нийцэж байсан юм уу? гэдэг асуудал тавьсан байдаг. Тэгэхээр Хаан банк ХХК ч биш бүх арилжааны банкнууд тухайн зээлийн нөхцөл шаардлагаа тогтоодог. Өөрөөр хэлбэл, ямар зээлийн бүтээгдэхүүн иргэдэд нээлттэй байгаа, нийтэд зарлаж байгаа тохиолдолд тухайн бүтээгдэхүүндээ нөхцөл шаардлагаа өөрсдөө тогтоож өгдөг. Жишээлбэл, цалингийн зээл авлаа гэхэд цалингийн зээлийг ямар хугацаагаар олгох, цалингийн зээл барьцаатай байх ёстой юм уу, үгүй юу, дээр нь орлого хүрч байгаа тохиолдолд нэмж зээл авах ёстой юм уу гэх зэрэг бүх нөхцөл шаардлагаа тавьдаг. Энэ нөхцөл шаардлагыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагддаг. Эндээс харахад нийт 7 удаагийн зээл дээр үндсэн болон хамтран зээлдэгч нар бүгд оролцож тухайн үед үндсэн зээлдэгчийн данс руу зээлийн мөнгө олгогдож зээлийн гэрээнүүд дээр аль аль нь гарын үсэг зурж явсан. Энэ талаараа хамтран зээлдэгчийн зүгээс маргадаггүй. Тийм учраас нэгэнт зээлийн гэрээ байгуулагдсан, тухайн зээлийн гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ ийм нөхцөлд мэдээж иргэн О.******* ч байсан, УИХ-ын гишүүн ч байсан, сайд, дарга хэн ч байсан төлөх л үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ, барьцааны гэрээ яах гэж байгуулагддаг вэ гэхээр нэг талаасаа гэрээний үүрэг үүсэж байна, банкны зүгээс шаардах эрх нь байна. Төлөх үүрэг нь зээлдэгч нарт байдаг. Тэгэхээр нэгэнт авсан бол төлөх ёстой учраас энэ зээлүүдийг төлөх нь гарцаагүй юм. Өнөөдрийн байгаа нөхцөлд үнэхээр амьдрал дардан байдаггүй учраас манай зээлдэгч, харилцагч тухайн үед олон зээл аваад зээлээ хугацаандаа төлөөд явж байсан үндсэн зээлдэгч бурхан болсон. Энэ нь зээлийг цааш төлж явахад доголдол үүссэн. Хамтран зээлдэгчийн хувьд хүүгийн цалингийн зээлээс төлөгдөөд явж байсан болохоор тухайн үед нь мэдээж болно бүтнэ гэж зээл аваад нэмээд зээл аваад явж байсан байх. Гэтэл хүү нь бурхан болсон учраас тэрнээс хойш зээлээ төлөх боломжгүй, орлогогүй, ажилгүй болсон учраас үнэхээр хүндрэлтэй байгаа байдал харагдаж байна. Үүнийг зээлдүүлэгчийн зүгээс ойлгож байгаа. Хэдийгээр ийм хүнд байгаа ч гэсэн нэгэнт зээлийн гэрээ байгуулагдаад, талуудын хооронд гэрээний хүлээх үүрэг үүсээд явж байгаа учраас гэрээний оролцогч нас барсан тохиолдолд төлөхгүй байх тохироо зээлийн гэрээнд байхгүй. Нэгэнт хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ гээд заасан. Дээр нь Иргэний хуулийн 242, 243 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгийг тухайн гэрээний үүргийг үндсэн зээлдэгчийн адил хүлээдэг. Зээлдүүлэгчийн зүгээс тухайн хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх нь зээлдүүлэгчид байдаг. Тийм учраас бидний зүгээс хамтран үүрэг гүйцэтгэгчийг хариуцагчаар татаж шүүхэд зээлийн төлбөрийг гаргуулах шаардлагыг гаргасан байгаа. Нэмж хэлэхэд зээлийг төлөхгүй гэж байгаа нь зээлийн төлбөрийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс гаргуулахгүй байх үндэслэл болохгүй. Тийм учраас зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хариуцагч О.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат О.******* би Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 505-р нэхэмжлэлийн дагуу тайлбар гаргаж байна. Манай хүү******* нь Өмнөговь аймгийн Номгон сумын Хаан банкнаас цалингийн зээл авсан.******* нь 2018 оны 08 сард зуурдаар нас барсан. О.******* миний бие тухайн үед цалингийн зээлийг ямар зориулалтаар авсныг мэдэхгүй. Надад нэг ч төгрөг өгөөгүй. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар ч өрхийн орлого байхгүй болохоор энэ зээлийг төлөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү болох Буянбатын Батсүрэн нь энэ зээлийг авсан нь үнэн. Тэгээд тухайн үедээ манай хүүхэд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эндхийн цэргийн ангид ажилд орсон юм. Манай хүүхэд урлаг, спортоор од хүүхэд байсан. Дандаа тэмцээн уралдаанд явдаг байсан. Тэгээд явах болохоороо хүнээс мөнгө зээлэхээр өндөр хүүтэй мөнгө олдоно, өөрийн юм өргүй гэдэг утгаараа дандаа цалингийн зээл авдаг байсан. Тэгээд цалингийн зээлийг дандаа тэмцээн уралдаанд орно гээд авч болохгүй гэдэг утгаараа ахуйн хэрэгцээ, тэрийгээ ингэнэ гэсэн заалтаар авч байсан нь үнэн. Тэгээд би бол эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ би төлөх боломж байхгүй. Тухайн үедээ төлөх боломж байсан бол төлөх байсан. Одоо төлөх ямар ч боломж байхгүй. Би ажил төрөл хийдэггүй. Төлөх боломжгүй гэж үнэнээ л хэлье гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь О.*******д холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 15 449 987.16 төгрөг, нотариатын зардалд 10 900 төгрөг, нийт 15 460 687.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч төлөхгүй гэж маргажээ.

 

ХААН банк ХХК-ийг төлөөлж Өмнөговь аймгийн Номгон сумын тооцооны төв нь*******, О.******* нартай 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 13 555 596.2 төгрөг дээр 1 200 000 төгрөгийн нэмэлт зээл олгож нийт 14 755 596.2 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж, гэрээнд заасан хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 4 ханатай гэр, цахилгаан оёдлын машин, 42 инчийн зурагт ДДШ, хөлдөөгч, өнгөт принтер аппарат, суурин компьютер зэргийг барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулжээ.

 

Зээлдэгч нар нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 4 411 054.17 төгрөг, зээлийн хүүд 4 354 164. 96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 277.83 төгрөг нийт 8 767 496.96 төгрөг төлсөн байна.

 

Зээлдэгч*******, О.******* нар нь ХААН банкны Өмнөговь салбарын Номгон тооцооны төвтэй 2016.08.09-ний өдөр 2 000 000 төгрөгийн цалингийн зээл, 2017.01.31-ний өдөр 1 562 472.63 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 200 000 төгрөг, нийт 4 762 472.63төгрөгийн цалингийн нэмэлт зээл, 2017.07.27-ны өдөр 4 138 211.42 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 7 000 000 төгрөг нийт 11 138 211.42 төгрөгийн цалингийн нэмэлт зээл, 2017.10.24-ний өдөр 10 843 752.48 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 500 000 төгрөг нийт 13 343 752.48 төгрөгийн цалингийн нэмэлт зээл, 2018.01.26-ны өдөр 12 560 063.83төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1 100 000 төгрөг нийт 13 660 063.83 төгрөгийн цалингийн нэмэлт зээл, 2018.03.06-ны өдөр 13 477 123.68 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 900 000 төгрөг нийт 14 377 123.68 төгрөгийн цалингийн нэмэлт зээл, 2018.06.29-ны өдөр 13 555 596.20 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1 200 000 төгрөг нийт 14 755 596.20 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг авсан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №ЗГ201642706959 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №ЗГ201742919058 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №ЗГ201743168595 дугаартай зээлийн гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ201743267789 дугаартай зээлийн гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №201743267789 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №ЗГ/201843375955 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №БГХ201843375955 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201843448876 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №БГХ201843448876 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн №ЗГ/201843687861 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн БГХ201843687861 дугаартай барьцааны гэрээнүүдээр тус тус нотлогдож байна.

 

ХААН банк нь******* О.******* нартай 2016.08.09-ний өдөр болон 2017.01.31-ний өдөр зээл олгохдоо барьцаат зээлийн гэрээ гэж байгуулан зээлийн зориулалтыг цалингийн гэж нэрлэн олгосон байх ба 2017.07.27-ны өдөр, 2017.10.24-ний өдөр 2018.01.26-ны өдөр, 2018.03.06-ны өдөр, 2018.06.29-ны өдөр зээл олгохдоо хэрэглээний зээл, малчны зээл гэж нэрлэн зээлийн зориулалтыг цалингийн гэж нэрлэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ давхар тус тус байгуулжээ.

 

Зээлдэгч нар нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй 263 хоног хугацаа хэтрүүлсэн байх ба банкнаас зээл төлөх талаар 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр болон мөн оны 05 дугаар сарын 09-ны өдөр тус тус мэдэгдсэн болох нь банкны мэдэгдлүүдээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.

Зээлийн гэрээний 6.1.1-д Зээл олголт эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банк санаачилгаараа гэрээг цуцлах эрхтэй байхаар тохиролцжээ.

Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг зээл төлөх хуваарийн дагуу сар бүр тогтмол хугацаанд төлөх үүргээ зөрчсөн байх ба банк үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, мэдэгдэх хуудсуудаар тогтоогдож байна.

Зээлдэгч******* нь 2018 оны 8 дугаар сард нас барсан, хамтран зээлдэгч О. ******* нь банкнаас тогтоосон нэмэлт хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогддог. Иймд банкнаас тогтоосон нэмэлт хугацаанд үр дүн гараагүй, хариуцагч О.******* зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай шаардлагын талаар мэтгэлцэхгүй, маргахгүй байх тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/, тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид зээлдэгч гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох / цаашид зээл гэх/ гэнэ гэжээ.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заажээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

 

Талуудыг хооронд байгуулсан 2018.06.29-ны өдрийн зээлийн гэрээнд өмнөх гэрээнүүдийн үлдэгдэл дээр нэмж зээл олгосон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасан болон Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасантай нийцэж байна. Тухайлбал гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон өөрөөр хэлбэл үлдэгдэл зээл дээр нэмж зээл авч ингэснээр зээлийн хэмжээг тодорхойлж гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон нь хуульд харшлахгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээ нь зохих журмын дагуу байгуулагдсан, хүчинтэй гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч тал /зээлдүүлэгч/ гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зээлдэгчээс мөнгөн хөрөнгө болон түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

О.******* нь өмнөх 6 зээлийн гэрээнд болон 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээнд гарын үсэг зурж, хамтран үүрэг гүйцэтгэгч болохоо зөвшөөрсөн байх тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд зээл төлөх үүрэг хүлээсэн этгээд гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэжээ.

Үүрэг гүйцэтгэгч*******, О.******* нар нь банкны зээлийг бүхэлд нь төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байх ба тэдний төлөх үүргийг тус бүрд нь тодорхойлох боломжгүй байх тул тэдгээрийн үүрэг тэнцүү байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэн*******гээс 7 730 443.5 төгрөг, О.*******гаас 7 730 443.5 төгрөг тус тус гаргуулах нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 240.1.2-д зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ...нас барсан бол үүрэг дуусгавар болохоор заажээ. Үүрэг гүйцэтгэгч******* 2018 оны 08 дугаар сард нас барснаар түүний үүрэг дуусгавар болжээ. Иймд О.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 7 730 443.5 төгрөг гаргуулан ХААН банк ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Талууд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр БГХ201843687861 дугаартай барьцааны гэрээ байгуулж 4 ханатай гэр, цахилгаан оёдлын машин, 42 инчийн зурагт ДДШ, хөлдөөгч, өнгөт принтер аппарат, суурин компьютер зэргийг барьцаалжээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байхаар заажээ.

Зээлдэгч О.******* зээлийн гэрээний үүргээ мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулаагүй тохиолдолд банк үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийн үнээс хангуулахыг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас 7 730 443.5 төгрөгийг хангасан тул дээрх мөнгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 138 637 төгрөгийг хариуцагч О.*******гаас гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч О.*******гаас 7 730 443.58 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгосугай.

2. Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 7 730 443.58 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 254 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 138 637 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгосугай.

4. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.******* зээлийн төлбөрийг мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 4 ханатай гэр, цахилгаан оёдлын машин, 42 инчийн зурагт ДДШ, хөлдөөгч, өнгөт принтер аппарат, суурин компьютер зэргийн үнээс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ