Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01540

 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 143/ШШ2020/00002 дугаар шийдвэр

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 203/МА2020/00007 дугаар магадлалтай, 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

О.Цацралтуяад холбогдох  

2018.06.29-ний өдрийн ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,449,987.16 төгрөг, нотариатын зардалд 10,900 төгрөг, нийт 15,460,887.16 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэлийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Батсүрэн, О.Цацралтуяа нар нь Хаан банк-ны Өмнөговь салбарын Номгон тооцооны төвөөс 2016.08.09-ний өдөр ЗГ/201642706959 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээнд зориулан, 2017.01.31-ний өдөр ЗГ201742919058 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,562,472.63 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3,200,000 төгрөг нийт 4,762,472.63 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, сар шинийн хэрэгцээнд зориулан, 2017.07.27-ны өдөр ЗГ201743168595 тоот зээлийн гэрээ байгуулан 4,138,211.42 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 7,000,000 төгрөг нийт 11,138,211.42 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэгцээнд, фото зургийн хэрэгсэл авахад зориулан, 2017.10.24-ний өдөр ЗГ/201743267789 тоот зээлийн гэрээ байгуулан 10,843,752.48 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2,500,000 төгрөг нийт 13,343,752.48 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 2018.01.26-ны өдөр ЗГ/201843375955 тоот зээлийн гэрээ байгуулан 12,560,063.83 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,100,000 төгрөг нийт 13,660,063,83 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэглээнд зориулан 2018.03.06-ны өдөр ЗГ/201843448876 тоот зээлийн гэрээ байгуулан 13,477,123.68 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 900,000 төгрөг нийт 14,377,123.68 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэглээнд зориулан 2018.06.29-ний өдөр ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээ байгуулан 13,555,596.20 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,200,000 төгрөг нийт 14,755,596.20 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэглээнд зориулан тус тус авсан. Зээлдэгч Б.Батсүрэн нь 2018.08 дугаар сард зуурдаар нас барсан. Зээлийн барьцаанд 4 ханатай гэр, 42 инчийн зурагт, цахилгаан оёдлын машин, хөлдөөгч, өнгөт принтер, зургийн аппарат, суурин компьютер зэрэг хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь 2019.10.15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,411,054.14 төгрөг, зээлийн хүү 4,354,164.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,277.43 төгрөг нийт 8,767,496.96 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2019.10.15-ны өдрийн байдлаар нийт 263 хоног хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа, банкнаас зээл төлөх мэдэгдлийг 2019.04.08-ны өдөр болон 2019.05.09-ний өдөр тус тус хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд банк 2018.06.29-ний өдөр ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээний дагуу 2018.06.29-ний өдөр ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2019.10.15-ны өдрийн байдлаар дараах 2018.06.29-ний өдөр ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээний нийт 15,449,987.16 төгрөг гаргуулах, нотариатын төлбөр 10,900 төгрөг гаргуулах, нийт зээлийн болон нотариатын төлбөрт 15,460,887.16 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох 4 ханатай гэр, 42 инчийн зурагт, цахилгаан оёдлын машин, хөлдөөгч, өнгөт принтер, зургийн аппарат, суурин компьютер зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т ...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч О.Цацралтуяагаас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч О.Цацралтуяа анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай хүү Б.Батсүрэн нь Өмнөговь аймгийн Номгон сумын Хаан банк-аас цалингийн зээл авсан. Б.Батсүрэн нь 2018.08 сард зуурдаар нас барсан. О.Цацралтуяа миний бие тухайн үед цалингийн зээлийг ямар зориулалтаар авсныг мэдэхгүй. Надад нэг ч төгрөг өгөөгүй. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар ч өрхийн орлого байхгүй болохоор энэ зээлийг төлөх боломжгүй. Хүү минь Номгон сумын цэргийн ангид ажилладаг байсан юм. Тэмцээн уралдаан болохоор хотын цэргийн ангиас нь дандаа дууддаг. Дуудах болгонд нь банкнаас зээл аваад явдаг байсан. Би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 143/ШШ2019/00002 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Хаан банк ХХК-ийн 2018.06.29-ний өдрийн ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээг цуцлах, зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар Хаан банк ХХК-ийн О.Цацралтуяагаас 15,460,887.16 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар Хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,154 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 203/МА2020/00007 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 143/ШШ2020/00002 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, 2 дугаар заалтыг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар О.Цацралтуяад холбогдох Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 235,354 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т ...Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар өгсөн зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээ, Б.Батсүрэн ээж О.Цацралтуяа хамт орлого, цалингийн тодорхойлолтоо гаргаж судлуулсны үндсэн дээр зээл авсан бөгөөд Б.Батсүрэнгийн цалин орлогыг дангаар нь тооцоход зээлдэгч өөрийн хүссэн хэмжээний мөнгийг авах боломжгүй учраас анх зээлийн гэрээ байгуулагдах үеэс гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч О.Цацралтуяа оролцсон байхад нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй, Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...Хэрэгт авагдсан БГХ201843687861 дугаартай барьцааны гэрээнд уг гэрээг банк, Б.Батсүрэн нарын хооронд байгуулсан байна... гэжээ. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д ...Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж, мөн хуулийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 40.3-т Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус хуульчилсан ба зээл авах нь үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарт зайлшгүй шаардлагатай хэрэгцээ байсан учраас зориулалтаа тодорхойлж хүсэлт гаргасныг банк хүлээн авч хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсанаар зээлдэгчид зээлээ тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл зээлийн болон барьцааны гэрээ нь оролцогч талуудын эрх, үүргийг зохицуулах бичиг баримт бөгөөд зээлийн гэрээний үүрэг биелэхгүй байх нөхцөл ирээдүйд бий болох үед гэрээний үүргийг гүйцэтгүүлэх зорилготой хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эрх зэргийг барьцаалж гэрээ байгуулагддаг. Барьцаалагч ХААН банкны Өмнөговь салбар, барьцаалуулагч Б.Батсүрэн, О.Цацралтуяа нарын хооронд 2018.06.29-ний өдөр байгуулсан БГХ201843687861 дугаартай барьцааны гэрээний 2.7.2-т Барьцааны зүйл нь дундын өмчлөлийн хөрөнгө бөгөөд дараах этгээдүүд дундаа хамтран өмчилдөг болно. О.Цацралтуяагийн өмчлөлийн хөрөнгө болохыг тусгаж, барьцааны гэрээг байгуулсан барьцаалуулагч Б.Батсүрэн, О.Цацралтуяа нар гарын үсгээ зурж гэрээг баталгаажуулсан, зээлийн гэрээг мөн л зээлдэгч нартай байгуулсан байхад дээрх гэрээнүүдийг зөвхөн Б.Батсүрэнтэй байгуулсан гэж үзэж Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасны дагуу зээлийн болон барьцааны гэрээ зээлдэгч Б.Батсүрэн нас барснаар дуусгавар болсон гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд заасан харилцаа нь хамтран зээлдэгчгүй харилцаанд зохицуулагдах хуулийн зохицуулалт бөгөөд харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хамтран үүрэг гүйцэтгэгчтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхийг зохицуулсан зээлийн гэрээний харилцааг зохицуулж байгаа болохыг, уг зээл нь өрхийн хэрэглээний зориулалтаар олгогдсон гэдгийг хоёр шатны шүүх анхаарч үзээгүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд... үүрэг гүйцэтгэгч нас барсан бол түүний үүрэг дуусгавар болох тухай хуулийн заалтыг тухайн маргаантай харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Зээлдэгч Б.Батсүрэн ХААН банкны Өмнөговь салбараас 2016 оноос эхлэн удаа дараа зээл авахад О.Цацралтуяа хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцна гэдгээ илэрхийлж, гэрээнд үүрэг хүлээж, гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй. Зээлдэгч нар тус банкнаас өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан ба хамтран үүрэг гүйцэтгэгч О.Цацралтуяа гэрээнд заасан нөхцөл болон өмнөх зээлийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан ба тухайн зээлүүдийг гэр бүлийн, өрхийн хэрэглээний буюу сар шинийн хэрэгцээ, фото зургийн хэрэгсэл авах зориулалтаар тус тус авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, программ дээр ажиллах журмын хавсралт-8 буюу тооцооны төвд гаргасан хүсэлт, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн гэрээний нөхцөлүүд, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн данс нээх өргөдөл, талуудын тайлбараар нотлогддог. Иймд О.Цацралтуяа нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч учраас гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг бие даан хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрвээ О.Цацралтуяа зээл авах хүсэл зоригоо илэрхийлж банканд хүсэлт гаргаж, цалин орлогоо судлуулаагүй байсан бол зээл олгогдохгүй байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хууль болон гэрээний тэгш шударга байдалд нийцээгүй, үүрэг гүйцэтгүүлэгчийг буюу зээлдүүлэгчийг буруутгасан, хэрэгт ямар ч хамааралгүй банк үйл ажиллагаандаа буюу ажилтанд зориулж гаргасан журмыг ач холбогдолтой, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн нь зээлдүүлэгчийн буруутай үйлдэл бус, харин ч гэрээний дагуу шаардах эрхтэй байхад хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж, тухайн эрх зүйн харилцаа, хэргийн үйл баримтад өрөөсгөл дүгнэлт хийж, ийм төрлийн хэрэг маргааныг буруу шийдэх жишиг тогтоох гэж байгаад харамсаж байна. Гэрээ нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэн аль нь хүлээн зөвшөөрсөн эрх, үүргийн харилцаа бөгөөд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэдгийг анхаарч тухайн харилцаанд бодитой эрх зүйн болон хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Үүрэг гүйцэтгэгч О.Цацралтуяа өөрийн хүү Б.Батсүрэнг нас барсны дараа буюу 2018.09.26-ны өдөр 208,115.92 төгрөг, 2018.12.26-ны өдөр 235,154.42 төгрөг, 2018.12.28-ны өдөр 136,216,98 төгрөг, 2018.12.31-ний өдөр 261,567.30 төгрөг тус тус төлсөн болох нь зээлийн бүртгэлийн картаар нотлогдож байна. Зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгч О.Цацралтуяа гэрээнд заасан нөхцөлийг зөвшөөрч, гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг ойлгож, ухамсарласны үндсэн дээр гэрээний оролцогч болсон бөгөөд тэрээр зээлийн төлбөрийг төлж байсан нь тогтоогдож байх тул хамтран хүлээх үүргээ ухамсарлаж гэрээний үүргээ биелүүлж байсан гэж үзэхээр байна.

Иймд зээлдэгч Б.Батсүрэн, О.Цацралтуяа нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн бөгөөд дээрх хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т ...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар нэхэмжлэгч ХААН банк хамтран үүрэг гүйцэтгэгч О.Цацралтуяагаас зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд зээлийг зээлдэгчид өрхийн хэрэглээний зориулалтаар авсан тул Д.Уянга хамтран хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх ...Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь цалингийн зээл бүтээгдэхүүний гэрээг цалингийн орлогогүй этгээдтэй байгуулж болох тухайгаа шүүхэд нотлоогүй. ...банктай хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан ажил олгогчоос цалин авдаггүй О.Цацралтуяа нь цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр тусгагдсанаа мэдэж, гарын үсэг зурсан явдал хууль ёсны байх зарчмын үүднээс Б.Батсүрэнгийн банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцах үндэслэл болохгүй... гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасан. Өөрөөр хэлбэл үндсэн болон хамтран зээлдэгчид зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээд байх бөгөөд Б.Батсүрэн, О.Цацралтуяа нар 2016 оноос 2018 оны 06 сар хүртэл нийт 7 удаа зээл авч тухай бүр зээлийн гэрээ байгуулагдсанаар үүрэг нь гэрээнд зааснаар, хамтран хүлээх үүрэг нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар тус тус үүссэн байхад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл түүнд хавсаргасан баримтууд, хариуцагчийн тайлбар татгалзлаа нотолсон баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх ёстой байтал хэргийн болсон үйл баримтад өрөөсгөл дүгнэлт хийж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг тухайн харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт үнэлэх зарчмыг хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэж тогтоосон бөгөөд хоёр шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

ХААН банк ХХК нь О.Цацралтуяад холбогдуулан 2018.06.29-ний өдрийн ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэг 15,449,987.16 төгрөг, нотариатын зардалд 10,900 төгрөг, нийт 15,460,887.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зээлээс нэг ч төгрөг аваагүй гэж эс зөвшөөрч маргажээ.  

Анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцлах, зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 15,460,887.16 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлд зааснаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул хангагдахгүй.  

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд хамаардаг учиртай.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөд давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг. 

ХААН банк ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б.Батсүрэн, О.Цацралтуяа нар нь Хаан банк-ны Өмнөговь салбарын Номгон тооцооны төвтэй 2016.08.09-ний өдөр 2,000,000 төгрөгийн цалингийн зээл, 2017.01.31-ний өдөр 1,562,472.63 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3,200,000 төгрөг нийт 4,762,472.63 төгрөгийн цалингийн нэмэлт зээл, 2017.07.27-ны өдөр 4,138,211.42 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 7,000,000 төгрөг нийт 11,138,211.42 төгрөгийн цалингийн нэмэлт зээл, 2017.10.24-ний өдөр 10,843,752.48 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2,500,000 төгрөг нийт 13,343,752.48 төгрөгийн цалингийн нэмэлт зээл, 2018.01.26-ны өдөр 12,560,063.83 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,100,000 төгрөг нийт 13,660,063,83 төгрөгийн цалингийн нэмэлт зээл, 2018.03.06-ны өдөр 13,477,123.68 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 900,000 төгрөг нийт 14,377,123.68 төгрөгийн цалингийн нэмэлт зээл, 2018.06.29-ний өдөр 13,555,596.20 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,200,000 төгрөг нийт 14,755,596.20 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг авсан гэж дурджээ. 

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлээ анхан болон давж заалдах шатны шүүхэд дэмжиж, хариуцагчтай маргасан байх бөгөөд 2018.06.29-ний өдрийн зээлийн гэрээнээс бусад 6 зээлийн гэрээг шүүхэд ирүүлээгүй байна.  

Талуудын хооронд байгуулсан 2018.06.29-ний өдрийн зээлийн гэрээнд өмнөх гэрээнүүдийг үлдэгдэл дээр нэмж зээл олгосон нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох талаар зохицуулсан Иргэний болон бусад холбогдох хуульд нийцэж байгаа талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.

О.Цацралтуяа өмнөх 6 зээлийн гэрээнд гарын үсэг зурж, хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг зөвшөөрсөн эсэх, зээл авснаас хойш төлөгдсөн гэх 841,052 төгрөг зээл, зээлийн хүүгийн төлбөрийн аль нь болох, зээл тус бүрийн тооцоог нэг бүрчлэн гаргаагүй, Б.Батсүрэн нас барснаар хариуцагч 2018.06.29-ний өдрийн гэрээнд тусгагдсан 13,555,596.20 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл, нэмж авсан 1,200,000 төгрөгийн алийг хариуцах үүрэгтэй нь тодорхойгүй, эдгээр байдлын талаар зохигч мэтгэлцээгүй байна.  

2. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг тухайн маргаанд буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. 

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа зөрчилтэй дүгнэлт хийж, хариуцагч О.Цацралтуяаг хамтран зээлдэгч гэж үзсэн атлаа түүнд зээлдэгч Б.Батсүрэнгийн зээлийн гэрээний үүргийг хүлээлгэх үндэслэлгүй гэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг гүйцэт тодруулсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 143/ШШ2020/00002 дугаар шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 203/МА2020/00007 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,762 төгрөгийг буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ         Л.АТАРЦЭЦЭГ 

ШҮҮГЧИД             Б.МӨНХТУЯА 

                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                              Х.СОНИНБАЯР

                             Д.ЦОЛМОН