Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2022/00859

 

 

 

 

 2022              10           12     

                     130/ШШ2022/00859

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, К овогт М-ны А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А аймгийн Ө сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Р өрхийн эрүүл мэндийн төвийн БГБХН-ийн бүх гишүүдийн хуралдааныг даргалагч Х.Г,

Хамтран хариуцагч: А аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт Т-ийн С,

Хамтран хариуцагч: А аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Ш овогт Ж-ийн Б,

Хамтран хариуцагч: А аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Б овогтой К-ны Е,

Хамтран хариуцагч: А аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, Ш овогт Х-ны С,

Хамтран хариуцагч: А аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, К овогт С-ын Н

Хамтран хариуцагч: А аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Х овогт Т-ийн К

 

Нэхэмжлэлийн шаардлага: Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Хариуцагч болон хамтран хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, түүний өмгөөлөгч С.Н, А.К /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Р өрхийн эмнэлгийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааныг даргалагч Х.Г, хамтран хариуцагч Т.С, Ж.Б, К.Е, Х.С, С.Н, Т.К нарт холбогдуулан Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А аймгийн Ө сумын Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай бүх гишүүдийн хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор Р эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон юм. Би өнгөрсөн хугацаанд эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, хүн амын эрүүл мэндийн хамгаалах үйлсэд хүчин зүтгэж гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ирсэн. Гэтэл тус төвд эмч ажилтай С.Н нь миний албан тушаалыг авахын тулд хуйвалдаан зохион байгуулж намайг хууль бусаар Р эрүүл мэндийн төвийн үүрэгт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Ингээд С.Н нь өөрийгөө тус төвийн дарга болгосон бүртгэлийн асуудалд маргаан гаргасан учраас аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар тодорхойлж А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. С.Нийн нэхэмжлэлтэй А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүгчийн захирамжаар татсан юм. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр С.Н-ийн нэхэмжлэлтэй А аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгтэй танилцах үед М.А намайг ажлаас чөлөөлсөн А аймгийн Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоол гаргасныг мэдлээ. Харин уг тогтоолыг тухайн үед хуралдаан даргалагч Х.Г надад албан ёсоор гардуулаагүй, танилцуулаагүй байсан. Уг тогтоолын агуулгатай танилцаж үзэхэд намайг ажлаа зохих ёсоор биелүүлээгүй байсан тул Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлж, тус төвийн даргаар С.Нийг томилсон. Би уг тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А аймгийн Ө сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааныг даргалагч Х.Г, хамтран хариуцагч Т.С, Ж.Б, К.Е, Х.С, С.Н, Т.К нар хариу тайлбартаа: “Р" бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хуралдаанаар "Р" өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М-ны А-ыг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзээд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, их эмч С-ын Н-ийг "Р" өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилсон юм. Холбогдох шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох бүрдүүлбэрийг хавсаргаж батлагдсан маягтын дагуу өргөдлөө 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан. Гэтэл улсын бүртгэгчээс мөн өдөрт нь “улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, тэмдэг дутуу” гэсэн үндэслэлээр бүртгэл хийхээс татгалзсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан бүрдүүлэх материал доторх Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь байхгүй учраас хуулбарыг хавсаргасан ба яагаад хуулбарыг хавсаргаж байгаа талаар Улсын бүртгэгчид тайлбарлан хэлсэн юм. Өөрөөр хэлбэл төвийн даргаар ажиллаж байсан М.А нь нөхөрлөлийн гэрчилгээ болон тэмдгийг хүлээлгэж өгөхөөс татгалзаж, төвийн даргаар чөлөөлөгдсөний дараа Улаанбаатар хотод явчихсан байсан тул бидэнд нөхөрлөлийн гэрчилгээ болон тэмдгийг хүлээлгэж өгөөгүй байсан. Энэхүү асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.20, Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлд зааснаар Улсын бүртгэлийн хэлтэст хандаж, улсын бүртгэлийн хяналтын байцаагчаар хуулийн этгээдийн гэрчилгээ, тэмдгийг хэрэглэх, хадгалах журам зөрчигдсөн талаарх болон нөхөрлөлийн үйл ажиллагаанд саад учруулж, үүнээс болж хуулийн этгээдийн бүртгэлээ хийж чадахгүй байгаа талаарх гомдлоо гаргасан. Улсын бүртгэлийн газраас бидний гаргасан гомдлыг шалгахаас татгалзсан тул тухайн гомдлоо аймгийн Цагдаагийн газарт гаргасан. Харин Улсын бүртгэлийн газар нь хуульд заасан харьяаллын дагуу гомдлыг хүлээн авч шалгахгүй байгаа талаарх гомдлоо Хүний эрхийн үндэсний комисст тус тус гаргасан. Нэгэнт Улсын бүртгэлийн хэлтэс нь өөрөө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэмдэг, гэрчилгээний хэрэглээнд хяналт тавих үүрэг хүлээдэг бөгөөд энэ талаар нөхөрлөлийн гишүүдээс гомдол гаргасан учраас энэхүү нөхцөл байдлаа тайлбарлан хэлж, хуулийн дагуу Улсын бүртгэлийн хэлтэс гэрчилгээг өөрөө хууль бусаар эзэмшиж байгаа этгээдээс гаргуулах авч бүртгэл хийх боломжтой талаар дурдаж, өргөдөлд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргасан билээ. Улсын бүртгэлийн хэлтэс нь хуульд заасан үүргээ өөрсдөө биелүүлэхгүй байж бидэнд улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь авчрахыг шаардсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 “Удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно” 31 дүгээр зүйлийн 1-т “Нөхөрлөлийн эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 2-т “Бүх гишүүдийн хуралд нөхөрлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонх нь оролцсоноор тухайн хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалын хавсралтаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.2-т “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд байна”, 3.3.3-т “Хурлын шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд гишүүдийн олонх нь дэмжиж гаргасан, бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулж, шийдвэртэй холбоотой хариуцлагыг хамтран хариуцна”, 3.3.5-д “Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг томилж, чөлөөлнө” гэж тус тус зааснаар Эрүүл мэндийн төв, нөхөрлөлийн удирдлага нь бүх гишүүдийн хурал байх бөгөөд гаргасан шийдвэрээ гарын үсэг зурж баталгаажуулдаг байхаар заасан. Хуульд нийцсэн хуулийн этгээдийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж байгаагаас болж манай нөхөрлөл цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүрч байна. Учир нь нөхөрлөлийн даргыг бодит байдал дээр сольж, шинээр дарга томилсон боловч хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэхгүй байсан тул Улсын бүртгэгчийг шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан. Тухайн захиргааны хэргийг удаашруулахын тул М.А албаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах” талаар заасан. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хуралдаанд М.А өөрөө оролцсон бөгөөд түүнийг даргын үүргээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч гарын үсэг зурахаас татгалзсан юм. Хэрэв бүх гишүүдийн хурлын шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор холбогдох хуулийн байгууллагад гомдлоо гаргах ёстой атлаа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа буюу 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэж байна.

2.2. М.А үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш манай нөхөрлөлийн тэмдгийг хууль бусаар ашиглаж 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн төвийн даргын тушаалаар үүсгэн байгуулагч Х.Г, Т.К нарыг нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлсөн гэх тушаалыг шуудангаар явуулсан байсан. Мөн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 2022 оны 05 дугаар сард С.Н-т үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тушаалуудыг тус тус хууль бусаар нөхөрлөлийн тамга тэмдгийг хууль бусаар ашиглаж нөхөрлөлийн гишүүд болон ажилчдад дарамт шахалт үзүүлж байгаа юм.

2.3. Иймд М.А-ын Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс А аймгийн Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай тогтоолын хувь, А аймгийн Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолын хуулбар, өмгөөлөгч Я.С-тэй байгуулсан өмгөөллийн гэрээ, А аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Баримт №14 /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/,  А аймгийн Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т.К-гийн 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Ат хандсан хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А аймгийн Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Г-гийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.А-т хандсан хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.А-ын гадаад паспортын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагч Р өрхийн эмнэлгийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааныг даргалагч Х.Г-гаас С.Н-т олгосон итгэмжлэл, А аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШЗ2022/0090 дугаартай захирамж /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хамтран хариуцагч С.Н-ээс Р өрхийн эмнэлгийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын зарлал /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, урилга /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, фото зураг, Төрийн мэдээллийн сангаас 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр олгосон Р өрхийн эмнэлгийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Р өрхийн эмнэлгийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тогтоол, тэмдэглэл /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, Р өрхийн эмнэлгийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, А аймгийн Ө сум дахь Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн хурлын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2 дугаартай хуралдааны тогтоолын хуулбар, А аймгийн Ө сум дахь Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай хуралдааны тогтоол /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, хамтран хариуцагч Т.К, Т.С, Х.С, Ж.Б нарын С.Н-т олгосон итгэмжлэл, А аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаартай албан тоот /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/,  2022 оны 01 дүгээр 25-ны өдрийн 58 дугаартай албан тоот /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, 2022 оны 05 дугаар 25-ны өдрийн 308 дугаартай албан тоот /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, өмгөөлөгч С.Н-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, А аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 153 дугаартай зэрэг хариу мэдэгдэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хамтран хариуцагч Х.С-аас Р Өрхийн эрүүл мэндийн төвийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн нийт ажилчдын хурлын протокол /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ гаргаж өгсөн.

Хамтран хариуцагч Т.К-гаас Р Өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандсан албан бичиг /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ гаргаж өгсөн.

Хамтран хариуцагч Т.С-гаас А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч С.А-ны тайлбар /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ -ыг гаргаж өгсөн.

Хамтран хариуцагч Ж.Б-аас А аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай тушаал 5 хавсралтын хамт /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гуравдагч этгээд М.А-ын гаргасан тайлбар /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 110/ШЗ2022/0115 дугаартай шүүгчийн захирамж /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр М.А-ын гаргасан хүсэлт /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хамтран хариуцагч К.Е-ээс Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01, 02 дугаартай тогтоол /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга сонгох хурлын протокол /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай хурлын тогтоол /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, Гадаадын иргэн, харьяатын газрын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаартай албан тоот болон мөнгө шилжүүлгийн баримт /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2018 оны 01 дугаар сарын 29-ний өдрийн 04 дугаартай гишүүн элсүүлэх хурлын протокол /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, 2018 оны 02 дугаар сарын 05-ны, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрүүдийн Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн бүх ажилчдын хурлаар батлагдсан Р өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод журам /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

2. Нэхэмжлэгч М.А нь Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01  дугаартай” Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага тодруулж Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай шаардлага гаргасан болно.

 

3.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М.А би А аймгийн Ө сумын Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай бүх гишүүдийн хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор Р эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон юм. Тус төвд эмч ажилтай С.Н нь миний албан тушаалыг авахын тулд хуйвалдаан зохион байгуулж намайг хууль бусаар Р эрүүл мэндийн төвийн үүрэгт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Миний бие намайг ажлаас чөлөөлсөн А аймгийн Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг тухайн үед мэдээгүй, надад уг тогтоолыг гардуулаагүй, танилцуулаагүй байсан. Иймд Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

4.Хариуцагч А аймгийн Ө сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааныг даргалагч Х.Г, хамтран хариуцагч Т.С, Ж.Б, К.Е, Х.С, С.Н, Т.К нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Р" бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хуралдаанаар "Р" өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.А-ыг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзээд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, их эмч С.Нийг "Р" өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилсон юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах” талаар заасан. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хуралдаанд М.А өөрөө оролцсон бөгөөд түүнийг даргын үүргээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч гарын үсэг зурахаас татгалзсан юм. Иймд М.А-ын А аймгийн Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч М.А нь А аймгийн “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай  тогтоолоор М.А-ыг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, их эмч С.Нийг “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилсон эрхийн акт гаргасан байх ба энэхүү тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

5.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэж, мөн хуулийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хооронд тус тус хандах эрхтэй гэж хуульчилжээ.

5.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасан байхад нэхэмжлэгч М.А нь гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй буюу ажил олгогчийн шийдвэрийг /тогтоолыг/ С.Н-ийн нэхэмжлэлтэй А аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан захирамжийг гардан авсан өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. 

Дээрх тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгч М.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан хугацааны дотор ажилтан гомдлоо шүүхэд гаргасан эсэх, гаргаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхэд шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх зүйтэй байна.   

5.3.Нэхэмжлэгч М.А нь С.Н-ийн нэхэмжлэлтэй А аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүгчийн захирамжаар татсан, захиргааны хэрэгтэй танилцах үед намайг ажлаас чөлөөлсөн А аймгийн “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 01 дугаартай  тогтоол гарсныг мэдлээ, уг тогтоолыг хуралдаан даргалагч надад албан ёсоор гардуулаагүй, танилцуулаагүй, уг тогтоолын агуулгатай танилцаж үзэхэд намайг ажлаас зохих ёсоор биелүүлээгүй тул Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлж, тус төвийн даргаар С.Н-ийг томилсон тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа учир энэхүү А аймгийн “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 01 дугаартай  тогтоолыг хүчингүй болгуулахыг хүсэж байна гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.  

5.4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан А аймаг “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гэж хаягласан нэхэмжлэгч М.А-ын өөрийн бичсэн, гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан албан бичигт ... Ст овогтой Н-ийг сонгосон хурлын маргаантай шийдвэрийг зөвшөөрөхгүй эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул улсын бүртгэлд ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байхыг хүсэж байна гэх албан бичиг, /ХХ-ийн 59 талд/

5.5. Нэхэмжлэгч М.А-ын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр А аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан М.А ... С.Н нарын 7 хүний нэхэмжлэлтэй аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчид  холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагын улмаас тус өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.А миний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх тул уг хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулж өгөхийг хүсэж байна гэсэн хүсэлт, /ХХ-ийн 74 талд/

5.6. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А аймгийн Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны тэмдэглэлд хуралдаанд оролцогчид нэрсийн жагсаалтын 4-т М.А, ирц 100%-тай, гэж тэмдэглэлд бичигдсэн ба уг хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, хуралдаанд М.А санал бодлоо хэлснийг тэмдэглэл тусгасан байх ба Өрхийн эрүүл мэндийн төвийн шинээр даргад нэр дэвших хүмүүст М.А /эмч/ нэрээ дэвшүүлж, нэг санал авсан гэж, мөн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагт Р өрхийн эрүүл мэндийн төвийн сургалтын өрөөнд болох бүх гишүүдийн хуралдаанд урьж байна гэсэн урилга хүлээн авч оролцсон болох нь тус тус нотлогдож байна.  

5.7. Нэхэмжлэгч  М.А нь  уг тогтоолыг хуралдаан даргалагч надад албан ёсоор гардуулаагүй, танилцуулаагүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь тухайн өдрийн хуралдааны урилгыг хүлээн авч гарын үсэг зурсан, тухайн өдрийн хуралдаанд биечлэн оролцож саналаа илэрхийлж, нэрээ дэвшүүлж байсан нь  хурлын тэмдэглэл болон хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

5.8. Нэхэмжлэгч М.А нь захиргааны хэрэгт намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан захирамжийг хүлээж аваад гомдлоо иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандсан гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар тооцоход Улсын бүртгэлд гэх хаягласан албан бичгийн он, сар өдрөөр /2022 оны 02 сарын 17-ны өдөр/ тооцоход 2 сар 25 хоногийн, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр захиргааны шүүхэд хэрэгт татаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан он, сар өдрөөр тооцоход 1 сар 08 хоног тус тус хугацаагаар хэтрүүлэн шүүхэд гомдлоо гаргасан байх ба гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. 

5.9. Иймд нэхэмжлэгч М.А нь энэхүү тогтоолоор эрх нь зөрчигдсөн гэж гомдлоо захиргааны шүүхийн шүүгчийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр  татсан захирамжийг гардан авсны дараа шүүхэд гомдлоо гаргасан гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзлээ.

5.10. Нэхэмжлэгч М.А нь тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн буюу эрх зөрчигдсөнийг мэдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар  нотлогдож байна гэж үзлээ.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэснээр нэхэмжлэгч М.А нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.А-ын А аймгийн Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг  дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.Б