Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2023/00002

 

 

 

 

М.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Булдирген даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2022/00859 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух М.А-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Баян-Өлгий аймгийн *** багт үйл ажиллагаа явуулах “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн (бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, цаашид “БГБХН” гэх” бүх гишүүдийн хуралдаанд буюу хуралдааныг даргалагч, нөхөрлөлийн гишүүн Х.Г-, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн ****оршин суух, нөхөрлөлийн гишүүн Т.С-, ***оршин суух Ж.Б-, К.Е-, ***** оршин суух  Х.С-, *** оршин суух С.Н-, **** оршин суух Т.К- нарт холбогдох,  

“Р” өрхийн эрүүл мэндийн төв буюу бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, томилох тухай тогтоолыг хүчингүй болгох тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек /цахим сүлжээгээр/, хариуцагч болон хамтран хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-, түүний өмгөөлөгч С.Нургайып, А.Кадирбек /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай бүх гишүүдийн хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор “Р” эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон. Би өнгөрсөн хугацаанд эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ирсэн.

1.2. Гэтэл тус төвд эмч ажилтай С.Н- нь миний албан тушаалыг авахын тулд хуйвалдаан зохион байгуулж намайг хууль бусаар “Р” эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна.

1.3. Ингээд С.Н- нь өөрийгөө тус төвийн дарга болгосон бүртгэлийн асуудалд маргаан гаргасан учраас аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар тодорхойлж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. С.Н-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шүүгчийн захирамжаар татсан. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр С.Н-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгтэй танилцах үед М.А- намайг ажлаас чөлөөлсөн Баян-Өлгий аймгийн “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоол гаргасныг мэдлээ.

1.4. Харин уг тогтоолыг тухайн үед хуралдаан даргалагч Х.Г- надад албан ёсоор гардуулаагүй, танилцуулаагүй байсан. Уг тогтоолын агуулгатай танилцаж үзэхэд намайг ажлаа зохих ёсоор биелүүлээгүй байсан тул “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлж, тус төвийн даргаар С.Н-ийг томилсон. Би уг тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.5. Иймд “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, томилох тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах, “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааныг даргалагч Х.Г-, хамтран хариуцагч Т.С-, Ж.Б-, К.Е-, Х.С-, С.Н-, Т.К- нар хариу тайлбар, татгалзал:

2.1. “Р" бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хуралдаанаар "Р" өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.А-ыг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзээд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, их эмч С.Н-ийг "Р" өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилсон.

2.2. Холбогдох шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох бүрдүүлбэрийг хавсаргаж батлагдсан маягтын дагуу өргөдлөө 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан. Гэтэл улсын бүртгэгчээс мөн өдөрт нь улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, тэмдэг дутуу гэсэн үндэслэлээр бүртгэл хийхээс татгалзсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан бүрдүүлэх материал доторх Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь байхгүй учраас хуулбарыг хавсаргасан ба яагаад хуулбарыг хавсаргаж байгаа талаар Улсын бүртгэгчид тайлбарлан хэлсэн. Өөрөөр хэлбэл төвийн даргаар ажиллаж байсан М.А- нь нөхөрлөлийн гэрчилгээ болон тэмдгийг хүлээлгэж өгөхөөс татгалзаж, төвийн даргаар чөлөөлөгдсөний дараа Улаанбаатар хот явчихсан байсан тул бидэнд нөхөрлөлийн гэрчилгээ болон тэмдгийг хүлээлгэж өгөөгүй байсан. Энэхүү асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.20, Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлд зааснаар Улсын бүртгэлийн хэлтэст хандаж, улсын бүртгэлийн хяналтын байцаагчаар хуулийн этгээдийн гэрчилгээ, тэмдгийг хэрэглэх, хадгалах журам зөрчигдсөн талаарх болон нөхөрлөлийн үйл ажиллагаанд саад учруулж, үүнээс болж хуулийн этгээдийн бүртгэлээ хийж чадахгүй байгаа талаарх гомдлоо гаргасан. Улсын бүртгэлийн газраас бидний гаргасан гомдлыг шалгахаас татгалзсан тул тухайн гомдлоо аймгийн Цагдаагийн газарт гаргасан. Харин Улсын бүртгэлийн газар нь хуульд заасан харьяаллын дагуу гомдлыг хүлээн авч шалгахгүй байгаа талаарх гомдлоо Хүний эрхийн үндэсний комисст тус тус гаргасан. Нэгэнт Улсын бүртгэлийн хэлтэс нь өөрөө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэмдэг, гэрчилгээний хэрэглээнд хяналт тавих үүрэг хүлээдэг бөгөөд энэ талаар нөхөрлөлийн гишүүдээс гомдол гаргасан учраас энэхүү нөхцөл байдлаа тайлбарлан хэлж, хуулийн дагуу Улсын бүртгэлийн хэлтэс гэрчилгээг өөрөө хууль бусаар эзэмшиж байгаа этгээдээс гаргуулан авч бүртгэл хийх боломжтой талаар дурдаж, өргөдөлд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргасан. Улсын бүртгэлийн хэлтэс нь хуульд заасан үүргээ өөрсдөө биелүүлэхгүй байж бидэнд улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь авчрахыг шаардсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “Удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно”, 31 дүгээр зүйлийн 1-т “Нөхөрлөлийн эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 2-т “Бүх гишүүдийн хуралд нөхөрлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонх нь оролцсоноор тухайн хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалын хавсралтаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.2-т “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд байна”, 3.3.3-т “Хурлын шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд гишүүдийн олонх нь дэмжиж гаргасан, бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулж, шийдвэртэй холбоотой хариуцлагыг хамтран хариуцна”, 3.3.5-д “Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг томилж, чөлөөлнө” гэж тус тус зааснаар Эрүүл мэндийн төв, нөхөрлөлийн удирдлага нь бүх гишүүдийн хурал байх бөгөөд гаргасан шийдвэрээ гарын үсэг зурж баталгаажуулдаг байхаар заасан. Хуульд нийцсэн хуулийн этгээдийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж байгаагаас болж манай нөхөрлөл цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүрч байна. Учир нь нөхөрлөлийн даргыг бодит байдал дээр сольж, шинээр дарга томилсон боловч хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэхгүй байсан тул Улсын бүртгэгчийг шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан. Тухайн захиргааны хэргийг удаашруулахын тулд М.А- албаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана” гэж заасан. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хуралдаанд М.А- өөрөө оролцсон бөгөөд түүнийг даргын үүргээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч гарын үсэг зурахаас татгалзсан. Хэрэв бүх гишүүдийн хурлын шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор холбогдох хуулийн байгууллагад гомдлоо гаргах ёстой атлаа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа буюу 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэж байна.

2.4. М.А- үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш манай нөхөрлөлийн тэмдгийг хууль бусаар ашиглаж, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн төвийн даргын тушаалаар үүсгэн байгуулагч Х.Г-, Т.К- нарыг нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлсөн гэх тушаалыг шуудангаар явуулсан байсан. Мөн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 2022 оны 5 дугаар сард С.Н-т үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тушаалуудыг тус тус хууль бусаар нөхөрлөлийн тамга тэмдгийг ашиглаж нөхөрлөлийн гишүүд болон ажилчдад дарамт шахалт үзүүлж байгаа.

2.5. Иймд М.А-ын “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2022/00859 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.А-ын Баян-Өлгий аймгийн “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1-т заасан заалтыг буруу тайлбарлан хэрэглэн, нэхэмжлэгч М.А- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

4.2. Хөөн хэлэлцэх хугацааны талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэж ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах” тухай хуульчилсан.

Гэтэл бодит байдалд хариуцагч нараас “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоолыг нэхэмжлэгч М.А-т албан ёсоор гардуулсан буюу хүргүүлсэн байдлыг шүүхийн өмнө нотолж чадаагүй. Харин хариуцагчаас уг тогтоолыг тус аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлэн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт хийлгэхийг хүссэн боловч улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй гаргасан тул бүртгэлд өөрчлөлт хийхээс татгалзсан хариу өгсөн нь тогтоогдсон. Хариуцагч талаас улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч хянан үзээд уг маргаанд 2022 оны 3 дугаар сарын 14-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн уг шүүхээс 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 110/Ш32022/0115 “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” шүүгчийн захирамжаар “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргаар ажиллаж буй М.А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй байх тул шүүхэд гаргасан хүсэлтийнх нь дагуу түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс М.А-т бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан шүүгчийн захирамжийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор гардуулснаар М.А- нь тус төвийн даргын албан тушаалыг хашиж байсан боловч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитой хөндөгдөж болзошгүй гэж үзээд 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.2-т заасантай нийцэж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.А- нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан захирамжийг гардан авах үед тус төвийн даргын албан тушаалыг хашиж байсан ба хариуцагчдаас аймгийн улсын бүртгэлийн хэлтсийг захиргааны шүүхэд өгснөөр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бодитой хөндөгдөж эхэлсэн учраас тэрээр маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгуулахаар иргэний хэргийн шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь шүүхэд мэдүүлэх хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэж үзэхгүй байна.

4.3. Анхан шатны шүүх М.А-ыг Улсын бүртгэлийн хэлтэс болон захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахдаа мэдсэн  гэж буруутгаж байгаа боловч ажил олгогчоос уг тогтоолыг албан ёсоор танилцуулаагүй, ажил хүлээлцээгүй байсан. Ажил олгогч шийдвэрээ танилцуулах үүрэгтэй, уг үүргээ биелүүлснээ нотлоогүй.

4.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил  хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно” гэж заасны дагуу ажил олгогчоос ажлаас чөлөөлж байгаа бол шийдвэрээ бичгээр гаргаж, хүлээлгэн өгөх үүрэгтэй.

4.5. Анхан шатны шүүх М.А-ын шүүхэд мэдүүлэх эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

4.6. Нөхөрлөлийн тухай хуулийг хэрэглээгүй тухай: “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022.02.16-ны өдрийн 01 тоот тогтоол нь Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь заалт, Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.2, 3.3.3, 3.3.5 дахь заалтыг тус тус үндэслэсэн байдаг. Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Гэрээнд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг нэг буюу хэд хэдэн гишүүнд олгохоор зааж болно.”, 6-д “Удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно” гэж тус тус заасан. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.5-д “Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг томилж, чөлөөлнө” гэж заасан байх ба Нөхөрлөлийн тухай хууль болон үлгэрчилсэн дүрмийн зохицуулалтууд нь адилхан байна. “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022.02.16-ны өдрийн 01 тоот тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж гараагүй ба зөвхөн нөхөрлөлийн удирдах, төлөөлөх эрхтэй гишүүн М.А-ыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр юм.

Нөхөрлөлийн удирдах, төлөөлөх эрхтэй гишүүнийг чөлөөлөх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар, мөн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлээгүй тохиолдолд зөвхөн Нөхөрлөлийн тухай хуулийг хэрэглэж, уг хэргийг шийдвэрлэх ёстой.

Нөхөрлөлийн тухай хуулийн дагуу гарсан “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022.02.16-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэхэд Хөдөлмөрийн  тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т заасныг хэрэглэхгүй, Нөхөрлөлийн тухай хуулийн дагуу гарсан тогтоолд гомдол гаргахад хуульд тусгайлан хугацаа тогтоогоогүй. Анхан шатны шүүх Нөхөрлөлийн тухай хуулийг хэрэглээгүй, энэ талаар ямар ч хуульд зүйн дүгнэлт хийгээгүй байна.

4.7. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2022/00859 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.А-ын нэхэмжлэлтэй шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Хариуцагч болон хамтран хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр  бүх гишүүдэд урилга өгч, М.А-аар гарын үсэг зуруулан баталгаажуулж, тухайн хуралдааныг 16-ны өдөр 100 хувийн ирцтэй зохион байгуулсан. Тухайн хуралдааныг ямар учраас зохион байгуулсан, даргыг хэрхэн өөрчилж байгаа  талаар хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгасан.

5.2. М.А-ыг чөлөөлсөн үндэслэл нь манлайлан удирдах чадваргүй, ажилчдад ялгавартай ханддаг, ёс зүйгүй, ахмад хүмүүстэй хүндэтгэлгүй харьцдаг бөгөөд олонхын саналыг дагадаггүй. Манай байгууллага сүүлийн 3 жил дараалан 70-аас доош үнэлгээ авсан. Үүнээс болж татан буугдах нөхцөл бүрдсэн.

5.3. Тиймээс “Р” ӨЭМТ-ийн менежерүүдийг өөрчлөх шаардлага гарсан. Түүнээс гадна ӨЭМТ-ийн даргыг 4 жилд нэг удаа шинээр томилох дотоод журамтай байсан. М.А-ыг 4 жил даргаар ажиллуулсан тул тус хурлыг зохион байгуулсан. Тус хуралдаанаар эхлээд М.А-ыг олонхын саналаар чөлөөлсөн бөгөөд даргын албан тушаалд М.А- дахин нэр дэвшиж К.Е-, би гурвуулаа нэр дэвшсэн. Миний бие олонхыг саналыг авч сонгогдсон. Бүх юм хуулийн дагуу, 100 хувийн ирцтэй зохион байгуулагдсан. Иймд М.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

 

            6. Хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

            6.1.  Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг Нөхөрлөлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т тодорхой зохицуулсан. Өөрөөр хэлбэл нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмч, хөрөнгийн хэмжээгээр хамтран хариуцдаг нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэж үзэхээр байгаа.  М.А-ын хувьд удирдах, төлөөлөх эрх бүхий албан тушаалтнаар сонгогдож эхэлсний дараа Нөхөрлөлийн тухай хуулийг үгүйсгэсэн байдлаар ажиллаж эхэлсэн гэдгийг гишүүд нь хөндлөнгийн хяналтаар ажиглаад өөрчлөх асуудалд санал нийлсэн. М.А- гэх хүн тухайн байгууллагыг өөрийн хувийн өмч хөрөнгө шиг үздэг бөгөөд ашгаа хуваахгүй, хамтын шийдвэр гаргахгүй, бусад нөхөрлөлийн гишүүдийг хүндлэхгүй, үйл ажиллагаа доголдсоноос болж 3 жил дараалан хангалтгүй үнэлгээ авсан гэж байгаа. Энэ асуудлаас болж нөхөрлөлийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг солих хуралдаан хийгдсэн байна.

6.2. Нөхөрлөлийн удирдлагатай холбоотой асуудал Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд тодорхой зохицуулагдсан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн   21.1-т “гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй” гэж заасан. Гэтэл гишүүн бүрийн удирдах, төлөөлөх эрхийг нь тухайн нөхөрлөлийн хувьд хангасан байх ёстой байтал бусад гишүүдийг дарамталдаг асуудал байгаа гэж байна. Тухайлбал, К.Е- гэх хүн дарамтад орсноосоо болж ажилдаа ирэхгүй, хүсэлт бичиж өгсөн гэж тайлбарлаж байгаа. Мөн миний эсрэг санал өгсөн гээд гишүүдийг нөхөрлөлөөс хасах тухай шийдвэрийг хуралдааны дараа М.А- ганцаараа гаргачихсан. Зарим нь ажлаас халагдсан. Заримд нь удаа дараагийн сахилгын шийтгэл авсан. Энэ маргааны цаана маш олон хүний амь амьдрал хүлээгдэж байгаа.

6.3. Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т “удирдах эрх бүхий гишүүд олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна” гэж заасан. Нөхөрлөл байгуулж, 10-аад хүн гэрээ байгуулчхаад байхад нэг л хүн удирдах, төлөөлөх эрхийг хэрэгжүүлээ гээд хүссэн юмаа хийгээд яваад байгаа. Цаана нь Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн газраар эд хөрөнгөтэй холбоотой  хэрэг үүсгээд шалгагдаж байгаа. Гэхдээ хариуцлагыг 10-аад хүн хамтдаа үүрэх болчхоод байгаа. Энэ асуудлаас гадна Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д “Удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүдийн болон нөхөрлөлийн үйл ажиллагаанд бусад гишүүд хяналт тавина” гэж байгаа. Тэгэхээр М.А-ын үйл ажиллагаанд нь бусад гишүүд нь хяналт тавих эрхтэй.  Хуралдаанаар хэлэлцэгдсэн зүйлс бүгд үнэн. 4 жилийн хугацаанд нэг ч удаа эд хөрөнгийн тооллого хийгдээгүй, нэг ч удаа ашгаа хуваарилаагүй, бүх гишүүдийн хурал хийж, бусад гишүүдийг үйл ажиллагаандаа татан оролцуулаагүй. Тэдгээрийн хяналт тавих эрхийг нь олгохгүй, дарамталдаг асуудал байсан. Тиймээс Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 6-д “Удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно” гэж заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

6.4. М.А-ын хувьд чөлөөлөгдсөн гэдгээ хүлээн зөвшөөрч удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг сонгоход дахин нэр дэвшсэн. Олонхын санал авч чадаагүй тул хууль бус хуралдаан хийсэн хэмээн маргаан үүсгэсэн. Гэхдээ хуралдаан хийгдэж, С.Н- олонхын саналаар сонгогдсон. Шийдвэр гаргасны дараа улсын бүртгэл дээр бүртгэл хийлгэх үед тухайн асуудлаар шүүхэд хандсан тул бүртгэл хийлгэхгүй байх тухай албан бичиг хүргүүлж саад учруулсан. Шүүхэд хандсан байх гэж хүлээсэн боловч хандаагүй байсан. Бүртгэл хийгдэхгүй байсан тул бүртгэхгүй байгаа албан тушаалтныг  хариуцагчаар тодорхойлж, захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэрэг нь шийдвэрлэх шатанд нь ирсэн байхад хэдэн сарын дараа гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтээ гаргасан. Нэгэнт маргах гэж байгаа бол хуульд заасан хугацааны дотор маргах ёстой байсан. Нөхөрлөлийн тухай хуульд хэрэв гишүүнээс хассан бол 30 хоногийн дотор шүүхэд хандахаар заасан. Гэтэл М.А-ыг гишүүнээс хасаагүй.  Нөхөрлөлийн гишүүд хэнээр удирдуулах эсэхээ өөрсдөө шийддэг. Иймд анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

            7. Хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбекийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

7.1. С.Нургайып өмгөөлөгчтэй нэг байр суурьтай байгаа тул давхцуулахгүйгээр өөрийнхөө дүгнэлтээ гаргая.  Нэхэмжлэгч талын гаргаж байгаа гомдлын агуулгаас үзэхэд  хэрэв М.А-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн  80.1-т заасан  үндэслэлээр чөлөөлсөн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтыг хэрэглэхээр байгаа. Тушаалыг Нөхөрлөлийн тухай хууль болон нөхөрлөлийн дотоод журмыг үндэслэж гаргасан тул Нөхөрлөлийн тухай хуулийг хэрэглэх ёстой байсан. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж тайлбарлаж байна. Миний хувьд анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд зөв дүгнэлт хийсэн. Учир нь, анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтыг хэрэглэсэн. Уг заалт нь өөрөө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах буюу дуусгавар болгохтой холбогдсон харилцааг зохицуулдаг. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “нөхөрлөл, хоршоо нь гишүүдийнхээ хөдөлмөрийн харилцааны талаар дүрэмдээ тусгайлан заагаагүй, эсхүл тусгайлан журам тогтоогоогүй бол энэ хуулийг мөрдөнө” гэж заасныг баримталсан.

7.2. “Р” ӨЭМТ нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл тул хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг өөрийнхөө дотоод журам эсхүл хөдөлмөрийн харилцааны талаарх маргааныг тусгайлан шийдвэрлэх дүрэм батлаагүй бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шийдвэрлэнэ гэж хууль тогтоогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар зохицуулсан байна. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д заасныг харж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасныг хэрэглэж байгаа үндэслэл нь хавтаст хэргийн 91 дүгээр талд “Р” ӨЭМТ-ийн дотоод журам авагдсан байгаа. Уг дотоод журамд “Р” ӨЭМТ-ийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хэм хэмжээгээр шийдвэрлүүлнэ гэж тодорхой зааж өгсөн. Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу уг маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

7.3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасныг хэрэглэж маргааныг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгох” гэж байгаа. Уг нэхэмжлэлээс үзэхэд 3 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа. Тухайн 30 хоногийг хэтрүүлсэн асуудлыг нэхэмжлэгч тайлбарлахдаа хариуцагчийн зүгээс Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад, тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцсоноороо өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг мэдсэн гэж тайлбарладаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох хэргийн 47-48 дугаар талд авагдсан хуралдааны тэмдэглэл, 56 дугаар талд авагдсан М.А-ын Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү хүргүүлж байсан албан бичиг, 112-116 талд авагдсан аймгийн Эрүүл мэндийн газрын өрхийн эрүүл мэндийн үйл ажиллагааг дүгнэсэн албан бичиг зэрэг нотлох баримтаас үзэхэд М.А- нь өөрийгөө 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг мэдсэн. Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасныг хэрэглэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэж байна.

7.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга нь Нөхөрлөлийн тухай хуулийг хэрэглээгүй гэж байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хэрэг хэлэлцэгдэж байхад хариуцагчийн зүгээс ийм байр сууринаас хандаж байсан. Өөрөөр хэлбэл Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь заалтад “Удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно”  гэж заасан. Энэ хуулийн зохицуулалт нь нөхөрлөлийн гишүүдэд бүрэн эрхийг нь олгосон асуудал. Нөхөрлөл нь ашгийн төлөө байгууллага. Тиймээс хэнээр удирдуулах эсэхээ нөхөрлөлийн гишүүд өөрсдөө шийдвэрлэх ёстой. Түүнээс биш шүүх хөндлөнгөөс тухайн нөхөрлөлийг хэн нь удирдаад явах ёстойг тогтоочихвол тухайн хүн удирдах үүргээ хангалттай биелүүлж чадаагүйгээс үүсэх үр дагаврыг хэн хүлээх юм. Тиймээс энэ нь иргэний хэргийн шүүхийн хяналтын объект мөн үү гэдэг байдлаар анхан шатны шүүхэд байр сууриа илэрхийлж байсан. Нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах ёстой байсан. Нэгэнт нөхөрлөл бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах эрхийг нь хуулиар олгосон учир шүүх хөндлөнгийн хяналт тавих боломжгүй гэх тайлбарыг гаргаж байсан.  Хэрэв Нөхөрлөлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх ёстой байсан бол тухайн хуулийн аль зохицуулалтыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх ёстой байсан гэдгийг тодорхой дурдах ёстой.

7.5. М.А-ыг ажлаас чөлөөлөх үндэслэлийн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон  түүний өмгөөлөгчөөс тодорхой дурдсан. Албаны чиг үүргээ хангалттай биелүүлж чадаагүй гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн байгаа.  Хэргийн 112-116 дугаар талд 2017-2021 оны хооронд “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн үйл ажиллагаа, үр дүнг дүгнэсэн хөндлөнгийн байгууллагын дүгнэлт нь авагдсан. Тухайн дүгнэлтээс үзэхэд 70-аас доош үнэлгээ авч байсан нь харагдаж байгаа. Энэ нь нөхөрлөлийг татан буулгах хэмжээнд хүргэсэн учир гишүүд нь бүрэн эрхийнхээ хүрээнд удирдлагыг сольсон асуудал байгаа.

7.6. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгч талын зүгээс нэгэнт Нөхөрлөлийн тухай хуульд хугацаа  заагаагүй тул хэдийд ч шүүхэд гомдол гаргах эрхтэй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Иргэний хуулийн үндсэн зарчим нь хууль тогтоомжийг төсөөтэй хэрэглэж болдог. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа тайлбараас үзэхэд М.А- нь хэдэн жилийн дараа ч шүүхэд нэхэмжлэл гаргаж болохоор юм шиг тайлбарлаж байна. Гаргаж байгаа гомдлын хууль зүйн үндэслэлийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбекийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

8.1. Анхан шатны шүүх маргааны эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хэрэглэх ёсгүй  хууль болох Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Учир нь, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн  бүх гишүүдийн хуралдааны тогтоолыг  Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэж гаргасан байгаа. Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, цуцлахтай холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр М.А-ыг ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй. Нөхөрлөлийн тухай хууль нь өөрөө онцлог зохицуулалттай бөгөөд гишүүдээс бүрддэг.Тухайн гишүүд дотроосоо удирдах, төлөөлөх эрхтэй гишүүнийг сонгодог. Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Гэрээнд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг нэг буюу хэд хэдэн гишүүнд олгохоор зааж болно”, мөн зүйлийн 4-т “Нөхөрлөлийг удирдах эрх бүхий гишүүд нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, энгийн бүртгэл хөтөлнө” гэж тус тус заасан. Гишүүд дотроосоо хэнээр удирдуулах эсэхээ сонгодог байгаа. Удирдах, төлөөлөх эрхтэй гишүүнийг сонгож байгаа тохиолдолд Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 6-д зааснаар зохицуулагдах ёстой. Энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг гэхээсээ илүү удирдах, төлөөлөх эрхтэй холбоотой маргаан гарсан. Үүнээс үүдэлтэй даргыг сонгох хурлыг зарлаж, чөлөөлөх тухай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нөхөрлөлийн гишүүнийг чөлөөлөх, нөхөрлөлийн үйл ажиллагааг явуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах хууль нь Нөхөрлөлийн тухай хууль учир Нөхөрлөлийн тухай хуулиар зохицуулагдах ёстой. Хариуцагч нарын гаргаж байгаа шийдвэр нь Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 6-д заасан үндэслэлээр гарч байгаа тохиолдолд уг тогтоолын хүрээнд маргааныг шийдвэрлэх ёстой.

8.2. Тэгэхээр хариуцагч нар нөхөрлөлийн удирдах гишүүн болох М.А- нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй. Гэтэл удирдах үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй гэдгийг нотлох баримт байхгүй. Анхан шатны шүүх хариуцагчийн удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлд нь дүгнэлт хийгээгүй.

8.3. Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь  М.А- тогтоолыг мэдсэн байна гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр мэдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд бүх гишүүдийн хуралдааныг зохион байгуулж байгаа хурал даргалагчийн зүгээс тогтоолыг албан ёсоор гаргаж, М.А-т хүлээлгэн өгч, ажил хүлээлцэх ажиллагаа хийгээгүй. Хэрэв Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэнэ гэж анхан шатны шүүх үзэж байгаа тохиолдолд хоёр зохицуулалт үйлчлэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө” гэж заасан. Мэдэгдэнэ гэх зохицуулалт байхгүй. Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйгээр зохицуулсан. Мэдсэнээс хойш гомдол гаргах, хүлээж авснаас хойш гомдол гаргах  гэдэг нь хууль зүйн хувьд бие даасан ойлголт. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааныг хэрэглэсэн. Энэ тохиолдолд хариуцагч ажилтан энэ шийдвэрийг хүлээж авсан буюу хүлээлгэж өгсөн тухай баримт байх ёстой бөгөөд хариуцагч үүнийг нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагчийн зүгээс тогтоолыг албан ёсоор хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Ажил хүлээлцсэн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үздэг. М.А-ын хувьд өнөөдрийг хүртэл даргын албан тушаалаа хэвийн үргэлжлүүлж байгаа бөгөөд, цалин хөлсөө авч, байгууллагын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг эдэлж байгаа. Анхан шатны шүүхийн Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа үндэслэл нь үгүйсгэгдэж байгаа.

8.4. Нөхөрлөлийн тухай хуульд нөхөрлөлийн удирдах гишүүнээс чөлөөлж байгаа шийдвэрт хэд хоногийн дотор гомдол гаргах журмыг нарийвчлан зохицуулаагүй. Тэгэхээр Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх зөрчигдсөн гэж үзэж, тогтоолтой холбоотой маргах эрхтэй. Нөхөрлөлийн тухай хуулиар нөхөрлөлийн үйл ажиллагаа, нөхөрлөлийн гишүүнийг хэрхэн сонгох, удирдах, төлөөлөх эрхтэй гишүүнийг сонгохтой холбоотой зохицуулсан. Энэ маргааны хувьд  Нөхөрлөлийн тухай хуулийг хэрэглэх ёстой. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ажил олгогч тогтоолдоо чөлөөлж байгаа үндэслэлүүдийг тодорхой зааж, албан ёсоор танилцуулж, ажлаа хүлээлцэж, ажлаас чөлөөлөх үйл ажиллагаа явагдах ёстой. Гэтэл ийм ажиллагаа явагдаагүй. Захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдээр татагдах үед  тогтоолтой тухайн хэргийн материалаас авч танилцсан байгаа.  Урьд нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр удирдах, төлөөлөх албан тушаалаас нь чөлөөлөхтэй холбоотой хурал болж байгааг мэдсэн боловч тухайн өдөр тогтоолыг бичгээр гаргаж, албан ёсоор танилцуулсан зүйл байхгүй.  Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй гэж үзэж байна.

8.5. Удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх асуудлын тухайд гэрээгээр болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүй гэдгийг нотолсон зүйл байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүмүүстэй хүндэтгэлгүй харьцдаг, манай байгууллага 70 хувиас доош үнэлгээ авсан гэх тайлбарыг гаргаж байна. Тэгэхээр байгууллага бүхэлдээ муу үнэлгээ авч байгаа бол тэнд ажиллаж байгаа ажилчин, албан хаагчдын нийт үнэлгээгээр тогтоогдож байгаа. 70 хувиас доош үнэлгээ авсныг удирдах үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй. Удирдах үүргээ биелүүлээгүй гэдгийг ямар шалгуураар үнэлээд, яаж хэлэлцээд, хэрхэн тогтоосон гэдгийг нотолсон нэг ч үндэслэл байхгүй. Миний ойлгож байгаагаар буюу М.А-ын тайлбарласнаар С.Н- гэх хүн М.А-тай хувийн таарамжгүй харилцаатай тул хамт олноо уриалан дуудаж, М.А-ыг чөлөөлөх тухай хурлыг зохион байгуулсан гэж байгаа. Эхлээд даргын ажлыг дүгнэх хурлаа хийсний дараа чөлөөлөх эсэх асуудлаа хэлэлцэх ёстой. Үүнээс үзэхэд тодорхой хүмүүсийн ашиг сонирхол явж байгаа үзэж байна. Иймд М.А-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна.

ХЯНАВАЛ:

 

9. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.А-ын “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн хуралдаанд буюу хуралдааныг даргалагч Х.Г-, хамтран хариуцагч Т.С-, Ж.Б-, К.Е-, Х.С-, С.Н-, Т.К- нарт холбогдуулан гаргасан ““Р” өрхийн эрүүл мэндийн төв” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, томилох тухай тогтоолыг хүчингүй болгох тухай” гомдлоор авч хэлэлцэх хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

- “Р” БГБХН нь 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдсан, хүн эмнэлгийн бусад үйл ажиллагаа явуулах үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй, гишүүдийн тоо анх 4 байсан боловч үүсгэн байгуулах гэрээ бүхий шинэчилсэн бүртгэлээр Х.Г-, Ш.С, Т.С-, Б.А, М.А-, Ж.Б-, К.Е-, Х.С-, С.Н-, Т.К- нарын 10 гишүүнтэй болох нь төрийн мэдээлэл солилцооны системээс  2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр авсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдөр олгосон ***** дугаартай  улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримтуудаар тогтоогджээ;

- “Р” өрхийн эрүүл мэндийн төв буюу БГБХН-ийн бүх гишүүдийн хуралдааныг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр зарлаж, мөн сарын 16-ны өдөр тус төвийн сургалтын танхимд хуралдуулахаар товлосныг тус нөхөрлөлийн гишүүдэд бичгээр мэдэгдсэн бөгөөд /хэргийн 43-45 дахь тал/ тус нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал товлосон өдрөө хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ;

- Нөхөрлөлийн бүх гишүүдийн дээрх хуралдаанаас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоол гаргаж, эрүүл мэндийн төвийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзээд М.А-ыг тус төвийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, их эмч С.Н-ийг төвийн даргаар томилжээ. /хэргийн 47 дахь тал/ Уг тогтоолд нөхөрлөлийн нийт 10 гишүүний 7 буюу олонх нь гарын үсэг зурж баталгаажуулснаар тогтоол хүчин төгөлдөр болжээ;

- “Р” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл, хуралдаан мөн өдрийн 17:30 цагт бүх гишүүдийн 100 хувийн ирцтэйгээр эхэлсэн ба хуралдаан даргалагчийг сонгох, хэлэлцэх асуудлыг тогтоох, эрүүл мэндийн төвийн удирдах эрх бүхий гишүүн буюу төвийн даргыг чөлөөлөх, шинээр сонгох асуудлаар гишүүд саналаа хэлэх, улмаар нөхөрлөлийн удирдах эрх бүхий гишүүн М.А-ыг тус төвийн даргын албан тушаалаас олонхын саналаар чөлөөлж, “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар тус нөхөрлөлийн гишүүдээс  М.А-, К.Е-, С.Н- нар шинээр нэрээ дэвшүүлж, бүх гишүүдийн хуралдаанд оролцогчид нууц санал хураалтаар төвийн даргад нэрээ дэвшүүлсэн гишүүдэд санал хураалт явуулсан байна. Санал хураалтын дүнгээр нөхөрлөлийн гишүүн К.Е- 1 санал, С.Н- 6 санал, М.А- 1 санал, тэмдэглэгээ хийгдээгүй 1 санал тоологдсон ба нөхөрлөлийн нийт гишүүдийн олонхын санал авсан С.Н-ийг “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар сонгогдсонд тооцож хуралдаанд оролцсон нийт 10 гишүүний 7 нь хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

- “Р” БГБХН-ийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хаягласан албан бичгээр “...Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 3.3.6 дахь заалтыг зөрчин С овогтой Н-ийг сонгосон хурлын маргаантай шийдвэрийг зөвшөөрөхгүй, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул улсын бүртгэлд ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байхыг хүсэж байна” гэж төвийн дарга М.А- гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:” гэж, 154.2.1 дэх заалтад “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;” гэж, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт “Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ:” 158.2.2 дахь заалтад “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж тус тус хуульчилжээ.

 

13. Хуулийн дээрх зохицуулалтуудаас дүгнэвэл, хөдөлмөрийн эрхийн маргааны маргалдагч тал буюу ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага бол сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандахаар ба хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл дээрх хугацаанд шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэхээр байна. Тухайн тохиолдолд “Р” өрхийн эрүүл мэндийн төв нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй, тухайн үед аймгийн болон Өлгий сумын хэмжээнд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй илэрхий үйл баримт тогтоогдсон учраас нэхэмжлэгч М.А- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байна.

 

14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч М.А- нь түүнийг “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлсөн б үх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанд биечлэн оролцсон, хуралдаанд саналаа илэрхийлж үг хэлсэн, өөрөө төвийн даргын албан тушаалд нэрээ шинээр дэвшүүлж санал хураалтад оролцсон, улмаар хуралдаанаас гарсан шийдвэрийг мэдсэн, түүнчлэн “Р” БГБХН-ийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хаягласан албан бичгээр С.Н-ийг тус төвийн даргаар сонгосон бүх гишүүдийн хуралдааны үйл ажиллагааг эс зөвшөөрч байгаа тухайгаа илэрхийлж, улсын бүртгэлд ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байхыг хүсэж байсан зэрэг үйл баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбар зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч М.А- нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нөхөрлөлийн буюу өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн талаар мэдсэн боловч анхан шатны шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтад заасан 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбарт үндэслэгдсэн бөгөөд нэхэмжлэгч тал “М.А- нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, гагцхүү нөхөрлөлийн үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргасан, тухайн маргаан нь хөдөлмөрлөх эрхийн маргаан бус” гэсэн агуулгатай тайлбар гаргах боловч нэхэмжлэлийн шаардлагад хүчингүй болгуулахаар тусгагдсан “Р” БГБХН-ийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тус нөхөрлөлийн удирдах эрх бүхий ажилтан буюу “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан М.А-ын  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, нөхөрлөлийн өөр гишүүнийг төвийн даргын албан тушаалд сонгосноос өөр асуудлыг шийдвэрлээгүй буюу М.А-ын нэхэмжлэл бүхий уг иргэний хэрэг нь хөдөлмөрийн эрхийн маргааны шинжийг бүрэн хангаж байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

15. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага юм. “Р” өрхийн эрүүл мэндийн төв нь эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагааг хамтран эрхлэхээр бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл хэлбэрээр байгуулагдсан.

Нөхөрлөлийн тухай хуулийн нөхөрлөлийн удирдлага, хяналт гэх 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй” гэж, 2 дахь хэсэгт “Гэрээнд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг нэг буюу хэд хэдэн гишүүнд олгохоор зааж болно” гэж, 3 дахь хэсэгт “Удирдах эрх бүхий гишүүд олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна” гэж, 6 дахь хэсэгт “Удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно” гэж тус тус хуульчилжээ. Үүнээс дүгнэвэл, “Р” БГБХН-ийн 10 гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх буюу төвийн даргаар сонгогдох тэгш эрхтэйгээс гадна нөхөрлөлийн бүх гишүүд олонхын саналаар шийдвэр гаргаж удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг буюу өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг тодорхой үндэслэлээр чөлөөлөх, нөхөрлөлийн өөр гишүүнийг өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд шинээр сонгох бүрэн эрхтэй байна.

 

16. “Р” БГБХН-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хуралдааны тэмдэглэл, тогтоол болон нөхөрлөлийн гишүүдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэвэл, тус нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдаанаас 2018 оноос хойш тус нөхөрлөлийн удирдах, төлөөлөх бүрэн эрхтэй гишүүн буюу эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд сонгогдон ажилласан М.А-ыг нөхөрлөлийн гишүүдийн олонх нь удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж, түүнийг нөхөрлөлийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүн буюу өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлж, улмаар нөхөрлөлийн гишүүдийн тэгш, чөлөөт оролцоог бүрэн хангаж, гишүүдийн нууц санал хураалтаар нөхөрлөлийн гишүүн С.Н-ийг тус нөхөрлөлийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүн буюу “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд сонгосон үйл ажиллагааг Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчсөн, хууль бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            17. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад үндэслэн маргааны үйл баримтад холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

 

            18. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хамтран хариуцагч К.Е-ээс “... хамтран хариуцагч К.Е- би нэхэмжлэгч М.А-ын гаргасан ““Р” өрхийн эрүүл мэндийн төв” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, томилох тухай тогтоолыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. М.А-ыг үндэслэлгүйгээр хууль зөрчиж хурал зохион байгуулж чөлөөлсөн болно. Иймд уг хүсэлтийг журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж хүсэлт гаргасныг хүлээн авч, хэргийг хариуцагчийн зөвшөөрлөөр хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

М.А- нь “Р” БГБХН-ийн бүх гишүүдийн хуралдаанд холбогдуулан, уг хуралдааны тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан бөгөөд Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бүх гишүүдийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг нөхөрлөлийн гишүүн К.Е- дангаараа хариуцах, төлөөлөх эрхгүй, харин бүх гишүүдийн хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбоотой хариуцлагыг нөхөрлөлийн бүх гишүүд хамтран хариуцна. Тиймээс нөхөрлөлийн гишүүн К.Е-ийн дээрх “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай” хүсэлтийг нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны байр суурийг бүрэн төлөөлнө гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул түүний уг зөвшөөрлийг үндэслэж хэргийг хариуцагчийн зөвшөөрлөөр хянан шийдвэрлэх, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль ёсны зарчимд нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:
 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2022/00859 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.КӨБЕШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК