Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2022/00884

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, Х овогт С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэг /эрхлэгч Г/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 5433553 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-д шүүх хуралдааны товыг шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар бичгээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С нь хариуцагч Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 5433553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Би Б аймгийн Ө сумын 17 угаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд томилогдож, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан боловч ажил олгогч түүнийг хууль бусаар чөлөөлснийг гурван шатны шүүх тогтоосон.

1.2 Би тус цэцэрлэгийн эрхлэгчийн  2022 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/09 дугаартай тушаалаар цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажилд томилогдон одоо ажлаа хийж байна.

1.3 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг дуустал 7 сар 13 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг ажил олгогчоос  нэхэмжилж байна. Энэ нь 2021 оны 9, 10, 11 дүгээр сарын цалин хөлсөнд нийт 1903128 төгрөг ба нэг сарын үндсэн цалин хөлсний нөхөн олговорт 634376 төгрөг гарч байна. Нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 5433553 төгрөг байна. Иймд ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 5433553 төгрөгийг хариуцагч Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн санхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.  

2.Хариуцагч Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Гүлжайна хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Сийг шүүхийн шийдвэрийн дагуу тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд авсан нь үнэн. Гэтэл нэхэмжлэгч тал  нотлох баримтад тулгуурлахгүйгээр хийсвэрээр бодит бус тооцооллоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагчийн зүгээс хууль журмын дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрын тооцооллыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч С нь Ө сумын хүүхдийн 17 дугаар цэцэрлэгт 2021 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл ажиллаж байхдаа сард 587385 төгрөгийн цалин хөлс авч байсан нь нотлогдож байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын суутгалд 110128 төгрөгийг хасахаар сард гартаа 477257 төгрөгийн цалин авч байсан байна. Энэ тооцооллыг тус цэцэрлэгийн нягтлан бодогч гаргаж өгсөн. Бидний тооцооллоор С-т олговол зохих нийт цалин хөлсний олговор 5062699 төгрөг байгаагаас 4118310 төгрөгийг гарт олгох цалин юм байна. Иймд шүүхээс энэхүү тооцооллын дагуу шийдвэр гаргаж, шийдвэртээ олговол зохих цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгахыг дурдаж өгөхийг хүсэж байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн Б/09 дугаар тушаал, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 212/МА2022/00037 дугаартай магадлал, итгэмжлэл зэргийг,

Хариуцагчаас итгэмжлэл, туслах багш С-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх цалингийн тооцоо, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугаартай хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 5433553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.  

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Намайг ажил олгогч Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхэгч хууль бусаар ажлаас чөлөөлснийг тогтоож, ажилд эгүүлэн тогтоогдсон тул 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг дуустал 7 сар 13 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч С нь нотлох баримтад тулгуурлахгүйгээр бодит бус тооцооллоор ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн байна. Хариуцагчийн тооцооллоор С нь ажиллаж байхдаа сард 587385 төгрөгийн цалин хөлс авч байсан, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын суутгалд 110128 төгрөгийг хасахаар сард гартаа 477257 төгрөгийн цалин авч байсан тул энэ тооцоогоор нийт 5062699 төгрөг байгаагаас 4118310 төгрөг олгогдох ёстой гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд. Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 212/МА2022/00037 дугаартай С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай магадлалаар Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” Б/09 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Сийг урьд эрхэлж байсан Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна. Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/09 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 212/МА2022/00037 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00706 дугаартай тогтоолыг тус тус үндэслэн Сийг  2022 оны 08 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн туслах багшаар эгүүлэн томилсон байна. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор даатгуулагч С нь ажлаас халагдахаас өмнө 2021 оны 9, 10, 11 дүгээр саруудын цалин сар бүр  634376 төгрөгөөр тооцож даатгуулагчаас төлөх шимтгэлийг тооцож байсан байна. Б аймгийн Ө сумын хүүхдийн 17 дугар цэцэрлэгийн нягтлан бодогчоос Сийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх тооцоогоор олговол зохих цалинг 5062699 төгрөгөөр тооцож үүнээс суутгалуудыг хасаж гарт олгох цалинг 4118310 төгрөг гэж гаргажээ.  

5.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээ дэмжиж тайлбарласан ба хариуцагч талаас тус цэцэрлэгийн нягтлан бодогчоос гаргасан тооцоог үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж маргажээ.

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн  127.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. Нэхэмжлэгч Сийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан байсныг шүүхээс тогтоож, ажил олгогч шүүхийн шийдвэрийг үндэслэн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч нь урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй байна.  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно”, 2.3.5-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн дундаж цалин сүүлийн гурван сарын хугацаанд сар бүр  634376 төгрөг байсан тул энэхүү хэмжээгээр тооцож ажилгүй байсан 8 сарын цалин 5075008 /8 сар х 634376 төгрөг = 5075008 /ажлын 13 өдрийн цалин 358553 /634376 төгрөг : ажлын 23 хоног /2022 оны 8 дугаар сард ажлын 23 өдөр байсан/=27581 х 13 хоног=358553 төгрөг/ төгрөг, нийт 5433561 төгрөгийг Б аймгийн Өсумын 17 дугаар хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс гаргуулах нь зүйтэй байна.

7.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ажил олгогч болон даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч С-ийн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор 5433561 төгрөгөөс даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102047 төгрөгийг улсын болгож, хариуцагч Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 101887 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.5-д заасныг баримтлан Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 5433561 /таван сая дөрвөн зуун гучин гурван мянга таван зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С-т олгосугай.

2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар нэхэмжлэгч С-ийн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор 5433561 төгрөгөөс даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102047 төгрөгийг улсын болгож, хариуцагч Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 101887 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С-т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х