Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2023/00004

 

 

 

 

                               

 

 

 

   А.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00884 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч *** оршин суух А.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** оршин суух, Я.Сьездийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгт холбогдох,

“Ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 5,433,553 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1. Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  ** цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд томилогдож, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан боловч ажил олгогч түүнийг хууль бусаар чөлөөлснийг гурван шатны шүүх тогтоосон.

1.2. Би тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/09 дугаартай тушаалаар цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажилд томилогдон одоо ажлаа хийж байна.

1.3. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг дуустал 7 сар 13 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг ажил олгогчоос нэхэмжилж байна. Энэ нь 2021 оны 9, 10, 11 дүгээр сарын цалин хөлсөнд нийт 1.903.128 төгрөг ба нэг сарын үндсэн цалин хөлсний нөхөн олговорт 634,376 төгрөг гарч байна. Нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 5,433,553 төгрөг байна. Иймд ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 5,433,553 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн санхүүгээс гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч А.С-ийг шүүхийн шийдвэрийн дагуу тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд авсан нь үнэн. Гэтэл нэхэмжлэгч тал нотлох баримтад тулгуурлахгүйгээр хийсвэрээр бодит бус тооцооллоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагчийн зүгээс хууль журмын дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрын тооцооллыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч А.С- нь Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгт 2021 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл ажиллаж байхдаа сард 587,385 төгрөгийн цалин хөлс авч байсан нь нотлогдож байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын суутгалд 110128 төгрөгийг хасахаар сард гартаа 477,257 төгрөгийн цалин авч байсан байна. Энэ тооцооллыг тус цэцэрлэгийн нягтлан бодогч гаргаж өгсөн. Бидний тооцооллоор А.С-т олговол зохих нийт цалин хөлсний олговор 5,062,699 төгрөг байгаагаас 4,118,310 төгрөгийг гарт олгох цалин юм байна. Иймд шүүхээс энэхүү тооцооллын дагуу шийдвэр гаргаж, шийдвэртээ олговол зохих цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгахыг дурдаж өгөхийг хүсэж байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00884 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.5-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн санхүүгээс 5433561 /таван сая дөрвөн зуун гучин гурван мянга таван зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.С-т олгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн ** зүйлийн 17.1, ** зүйлийн 17.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.С-ийн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор 5433561 төгрөгөөс даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. ...Монгол Улсын Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүргийг ёсчлон биелүүлэх ёстой. Шүүх тус маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.1, 7 дугаар зүйлийн 7 1, 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг хэрэглээгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00884 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Анх шүүхэд ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 5,433,553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. А.С- шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон. Хариуцагчийн 5433553 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, ашиг орлогын татварыг суутгах ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэж өгөхийг хүсэж байна. 

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

 

7. Нэхэмжлэгч А.С- нь хариуцагч тус аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 5,433,553 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

8. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалбал дараах үйл баримт тогтоогдлоо:   Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 212/МА2022/00037 дугаартай магадлалаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” Б/09 дугаартай тушаалыг хүчингүй болгож, А.С-ийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/09 дугаартай “Ажилд томилох тухай тушаалаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 212/МА2022/00037 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00706 дугаартай тогтоолыг тус тус үндэслэн А.С-ийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн туслах багшаар эгүүлэн томилжээ.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж хуульчилсан бөгөөд ажил олгогч Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгч дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн А.С-ийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн туслах багшаар эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх хууль зүйн үндэслэлтэй. 

 

10. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор олгохоор заасан тул ажлаас чөлөөлсөн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд томилсон 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаа болох 8 сар 13 хоногийн нөхөн олговрыг хариуцагч ажилтанд нөхөн төлөх үүрэгтэй.

 

11. Дээрх журмын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалинг 634,376 төгрөгөөр тогтоож, ажилгүй байсан нийт хугацааны нөхөн олговорт 5.433.561 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хууль хэрэглээний болон тооцооллын алдаа гаргаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

12. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. Давж заалдах гомдолд дурдсанчлан шүүх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэж ажил олгогчид албан татвар суутган тооцож, төсөвт төлөх үүргийг хүлээлгэх шаардлагагүй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу суутган төлөгч нь албан татвар ногдуулах, суутган тооцох, төсөвт төлөх журмыг баримтлах хуульчилсан үүрэгтэй тул ажилгүй байсан хугацааны олговор гаргуулсан шүүхийн уг шийдвэр нь ажил олгогчийн дээрх үүргээ хуульд заасан журмаар хэрэгжүүлэхэд нь саад болохгүй.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00884 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Өлгий сумын ** хүүхдийн цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК