Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2022/00836

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 3 дугаар баг Баянхайрхан хаягт оршин суух, Т овогт Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, И овогт Н-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: 11500000  төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б  /цахимаар/, түүний өмгөөлөгч О /цахимаар/,

Хариуцагч Н , түүний өмгөөлөгч А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Н-д холбогдуулан 11500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1) Нэхэмжлэгч Б  миний бие хариуцагч Н аас Daewoo маркийн машиныг 40000000 төгрөгөөр авахаар ярилцаж тохиролцсон.

2) Хариуцагч Н  2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б аймгаас Х аймаг руу ачааны машин хөлсөлж ирж надаас Daewoo маркийн автомашины үнэ гэж 159 мал авч явсан. 159 тооны малын 100 тооны мал нь эм хонь байсан. Би нэг тооны эм хонийг 100000 төгрөгөөр үнэлж өгсөн бөгөөд 100 тооны эм хонь нийт 10000000 төгрөг болсон.

3) 28 тооны эр хонь өгсөн бөгөөд нэг тооны эр хонийг 130000 төгрөгөөр өгсөн бөгөөд нийт 3640000 төгрөг болсон.

4) 31 тооны төлөг өгсөн бөгөөд нэг тооны төлгийг 80000 төгрөгөөр үнэлж нийт төлөгний үнэ 2480000 төгрөг болсон. Нийт 159 тооны малын үнэлгээ 16120000 төгрөг болсон. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Н ад 2000000 төгрөгийг дансаар өгсөн.

5) 159 тооны мал өгч явуулсны дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б аймаг руу машин авахаар би өөрийнхөө машинтай орсон бөгөөд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний 8 сая төгрөг машин авахад хүрэлцэхгүй болохоор нь би худалдаж авахаа больсон. Хариуцагч Н  миний машин авахаа больсныг хүлээн зөвшөөрсөн. 

6) Бид хоёр бичгээр худалдах, худалдан авах  гэрээ байгуулаагүй. Одоо малаа буцааж авъя гэтэл компанид малыг  чинь зээлээр өгөөд нядлуулсан, долоо хоногийн  дараа компаниас мөнгө орж ирэхээр малын мөнгийг нь араас чинь  дансаар хийе гэж хэлсэн.  Хэд хоногийн дараа би Н-ын утас руу залгахад миний зээл хэтэрсэн байж байгаад таны мөнгө орж ирэхээр зээл рүү татагдсан байна, дараа долоо хоногоос мөнгийг чинь  гаргаад өгье гэж хэлсэн.

7) Удалгүй 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 4000000 төгрөгийг Н  надад буцааж өгсөн. Дараа нь 500000 төгрөгийг Н аас нэхэж байж дансаар авсан. Өөрөөр хэлбэл нийт 4500000 төгрөгийг Н аас буцааж авсан.

8) 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б аймгаас мал авахаар ачааны автомашин хөлсөлж ирсэн зардлыг төлнө. 1500000 төгрөгөөр тухайн машиныг хөлсөлж ирсэн байсан.

9) Би 159 тооны малын мөнгө 16120000 төгрөг, дансаар өгсөн 2000000 төгрөг, нийт 18120000 төгрөг болсон. Үүнээс надад 4500000 төгрөгийг, мал ачиж явсан  машины хөлс 1500000 төгрөгийг худалдаж тооцвол буюу 18120000-6000000=12120000 төгрөг болж байна. Бусад зардалд нь мөн 620000 төгрөгийг хасаж тооцвол 11500000 төгрөг болж байна.

10) Иймд хариуцагч Н-аас 11500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Н  хариу тайлбартаа: 1) Миний бие 2014 онд Монгол Улсад орж ирсэн Daewoo маркийн тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр авсан юм. Дараа нь 2019 онд тухайн тээврийн хэрэгслээ зарахаар болж зар тавьсан маань үнэн. Гэхдээ тухайн үед миний бие банканд 10,000,000 төгрөгийн зээлтэй байсан. Зарын дагуу Б  гэх хүн холбогдож миний тээврийн хэрэгслийг үзэж авахаар болж тохиролцсон. Гэхдээ нэхэмжлэгч Daewoo тээврийн хэрэгслийг худалдаж авна гэж 1 сар явсан. Нэг сарын дараа Б  холбогдож чамд би мал өгье мөн нэмж бэлнээр 10,000,000 төгрөг, нэмж өөрийнхөө тээврийн хэрэгслийг өгье гэсэн юм.

2) Б  надад миний худалдах гэж байгаа Daewoo  маркийн тээврийн хэрэгслээр ирж малыг ачиж явах уу гэсэн санал тавьсан. Гэхдээ миний худалдах гэж байгаа тээврийн хэрэгсэлд олон тооны мал багтахгүй талаар хэлсэн юм. Дараа нь Б  өөрөө 159 тооны малыг хүргэж өгөхөөр болж тохиролцсон боловч Х аймгаас тээврийн хэрэгсэл олдохгүй байгаа, Б аймагт тээврийн хэрэгсэл олон байгаа гэсэн чи зар тавьж өгөөрэй гэсний дагуу миний бие зар тавьж өгсөн. Тэгээд чиргүүлтэй benz гэх тээврийн хэрэгсэл Х аймгийн Мөст суманд явахаар болж 2,000,000 төгрөгөөр тохиролцсон юм. Тухайн үед Б  машины хөлс гэж 2,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлж би бэлнээр гаргаж өгсөн байгаа.

3) Миний бие өмнө нь мал зарж байгаагүй тул 2 хүнийг авч нэг хүнд 300,000 төгрөг өгөхөөр болж тохиролцож хамт явсан байгаа. Өөрийн суудлын тэрэгт 300000 төгрөгөөр шатахуун хийж нийт 700000 төгрөгийн зардал гаргасан. Дараа нь Х аймгийн Мөст суманд очсон. Тухайн үед хашаанд 300-400 тооны мал байсан. Гэхдээ Б  бидэнд мал сонгож авах боломж олгоогүй. Миний дагуулж явсан хоёр хүн бас Б гийн сонгож өгсөн малыг авах шаардлагагүй гэж хэлсэн боловч нэхэмжлэгч өөрөө хүчээр малыг сонгож өгсөн. Чи миний сонгож өгсөн малыг зарж чадна гэсэн юм. Х аймгийн Мөст сумаас гарч 2 км явсны дараа 2 хонь үхсэн байсан. Би Х аймгаас хэдэн мал худалдаж авдаг хүнтэй ярилцсан боловч нэг ч хонь худалдаж аваагүй.

4) Дараа нь Б аймагт ирсэн. Миний ачиж ирсэн хонь хоёр өдөр хашаанд байсан. Дараа нь Б аймгийн захад гарсан боловч хар толгойтой хонийг хэн ч авахгүй гэдгийг мэдсэн. Маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б  ирсний дараа 159 тооны малыг нядалгаанд өгсөн юм. Б  надад 159 тооны малыг 16,120,000 төгрөгөөр тооцож өгсөн боловч 159 тооны малыг нядалгаанд өгөх үед 10,000,000 төгрөг гарсан. Энэ бүх болсон асуудлыг би Б д тайлбарлаж хэлсэн байгаа. Би Б д 159 тооны малыг 16,120,000 төгрөгөөр тооцож авъя одоо чи надад 10,000,000 төгрөг өгөөд Daewoo маркийн тээврийн хэрэгслийг авч болно гэсэн. Гэхдээ нэхэмжлэгч мөнгө цаг тухайд нь шилжүүлж чадаагүй. Орой холбогдож надад би 10,000,000 төгрөг өгч чадахгүй юм байна. Чи надад Daewoo маркийн тээврийн хэрэгслээ өгөөд явуулчих би мөнгийг чинь дараа шилжүүлж өгье гэж өөрийн саналаа тавьсан юм.

5) Гэхдээ тухайн үед би банканд 10,000,000 төгрөгийн зээлтэй байсан тул Б-тэй тохиролцож чадаагүй. Том машин тул гагнуур хийх шаардлагатай байсан бол би өөрөө хийж өгөх байсан. Тухайн үед нэг малын дундаж нь 16 кг гарсан. Би нэг кг махыг 4200 төгрөгөөр худалдсан. Нядалгаанд өгсөн малын тал мөнгө нь миний дансанд орж ирсэн боловч банканд зээлтэй байсан тул шууд зээлийг өрөнд авсан байгаа. Би бэлнээр авсан мөнгийг Б д шилжүүлсэн юм. Миний бие нэхэмжлэгч Б д 3,917,000 төгрөгийг өгнө гэж бодож байгаа. Үлдсэн мөнгийг нэхэмжлэгчид өгнө гэж бодож явсан боловч Б  надаас 11,500,000 төгрөг нэхэмжилсэн тул би үлдсэн мөнгийг өгөөгүй байгаа. Б гийн дансанд 4,700,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар итгэмжлэл, Б гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Х аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 52 дугаартай албан бичиг, Х аймгийн Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнэ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гарын баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр Д, Б, А нарын гэрчийн мэдүүлэг, хариуцагч талын хүсэлтээр Ө, У, Х, А нарын гэрчийн мэдүүлэг, Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн  хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 120 дугаартай албан бичиг, Б аймгийн 2019 оны 10 дугаар сарын малын зах зээлийн дундаж үнэ, ханш зэргийг шүүх бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б гийн хариуцагч Н аас 11500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Н аас Daewoo маркийн ачааны автомашиныг 40000000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон ба Н ад 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б аймгаас ачааны машин хөлсөлж ирж машины үнэ гэж надаас 100 тооны эм хонь, 28 тооны эр хонь, 31 тооны төлөг өгсөн бөгөөд эм хонийг 100000 төгрөгөөр, эр хонийг 130000 төгрөгөөр, төлгийг 80000 төгрөгөөр тооцож, нийт 159 тооны хонины үнийг 16120000 төгрөгт тооцож өгсөн. Тухайн өдөр 2000000 төгрөгийг дансаар өгсөн. Дараа нь миний мөнгө машин худалдаж авахад хүрэлцэхгүй болсон, машиныг худалдаж авахаа больсон ба түүнийг Н  зөвшөөрсөн. Би 159 тооны малын мөнгө 16120000 төгрөг, дансаар 2000000 төгрөг, нийт 18500000 төгрөг өгсөн бөгөөд үүнээс надад өгсөн 4500000 төгрөгийг, мал ачиж явсан машины хөлс 1500000 төгрөг, бусад зардалд төлсөн 620000 төгрөгийг хасаж 11500000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

3.Хариуцагч Н  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Б  нь 2019 оны намар надаас Солонгос улсад үйлдвэрлэсэн DAEWOO маркийн ачааны машиныг 40000000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон ба эхний ээлжид 10000000 төгрөгийг бэлнээр, 14000000 төгрөгт суудлын жижиг тэрэг, 16000000 төгрөгт хонь малыг тус тус өгөхөөр тооцсон. Бэлэн хийх 10000000 төгрөгийг өгөөгүй. Тохиролцсон ёсоор мөнгийг өгөөгүй тул наймаа буцсан. Б д 159 тооны хонийг Х аймгийн төвд зарж мөнгийг өг гэсэн боловч өгөөгүй. Бидний тооцоогоор хонь бүр 100000 төгрөгөөр үнэлэгдсэн байх ёстой бөгөөд тэгсэн тохиолдолд 16000000 төгрөг болж тооцоо дуусах байлаа. Гэвч Б гийн ачсан хонь нь маш туранхай чанаргүй хонь байсан ба Баян-Өгий аймагт  ирээд борлогдоогүй тул 158 хонийг нядалгаанд өгсөн бөгөөд кг-аар тооцоход 10617600 төгрөг болсон. Би Б д өгвөл 3917600 төгрөг өгөх болно гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.  Үүнд:

Хариуцагч Н  нь нэхэмжлэгч Б-ээс машины үнэд оролцуулахаар мал хүлээж авсан болох нь гэрч Д-ийн “2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр  манайх Н ад 100 эм хонь, 30 төлөг, 29 эр хонь нийтдээ 159 тооны тарган хонь өгсөн, яаг үнийн задаргааг сайн мэдэхгүй байна, тухайн малыг машины үнэд тооцож өгсөн. Б рүү явлаа гээд явсан ба манай нөхөр хоёр хоногийн дараа араас нь Б явсан” гэх мэдүүлэг, гэрч Б-ын  “2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б  хажуудаа нэг казах залуу дагуулж ирээд том Бенз маркийн машинаар 159 тооны хонь ачаад явсан, ямар ч байсан тэр залуутай хоорондоо наймаа хийгээд мал ачиж өгөөд явуулсан. Б  нь нийт 159 тооны мал өгсөн ба үүнээс 100 эм хонь, 30 эр хонь, үлдсэн нь төлөг байсан. Хэдэн төгрөгт тооцож өгснийг мэдэхгүй, тухайн хонинуудыг Х аймгийн Мөст сумын Баянзүрхийн нутаг Шармууны ам гэх газраас ачсан. Б гийн Н ад өгсөн хонь тарган хонь байсан. Угаасаа тэр жил манай хонинууд тарган байсан” гэх мэдүүлэг, гэрч А-ийн “2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б аймгаас казах хүмүүс ирээд Б гээс мал авч байсан. Тухайн мал өгөлцөж, авалцаж байх үед би хажууд нь байсан бөгөөд тухайн малыг ачилцаж, тоололцож өгсөн. Тухайн малыг Б  тэр хүмүүсээс машин авах гэж байгаа машины үнэд өгч байна гэж хэлж байсан. Б  нийт 159 тооны хонь өгсөн, үүнээс 100 эм хонь, үлдсэн нь төлөг, эр хонь байсан. Яг хэдэн төгрөгт тооцож өгснийг мэдэхгүй. Болдхүүгийн Н ад өгсөн хонинууд онцгой тарган хонинууд байсан” гэх мэдүүлэг, гэрч Х-ийн “2019 оны 10 дугаар сарын үеэр Н ын суудлын машинаар Х аймгийн Мөст сумын нутагт 160 тооны мал ачиж авах гэж очсон, тэрнээс 2 мал ачиж байхад үхсэн. Тэр айлаас ачиж авсан малууд туранхай мал байсан, янз бүрийн насны мал ачсан. Н  надад 300000 төгрөгийн хөлс өгнө очоод мал шилж өгөөрэй гэж намайг авч явсан. Малыг Б аймагт малын захад авчирч буулгасан боловч хэн ч аваагүй. Дараагийн өдөр нь Н  нь нядалгааны газарт тушаасан гэж байсныг сонссон, би тэр үед хамт байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч А-ын “2019 оны 10 дугаар сарын үеэр миний бие Н-ын суудлын машинаар мал ачиж өгөхөөр Х аймагт очсон. Бид 500-600 толгой малтай айлд очсон ба бид нарт 160 толгой хонь барьж өгсөн. Малууд нь туранхай байсан. Ямар ч байсан янз бүрийн насны мал байсан. Би малыг хаана буулгасныг мэдэхгүй би ачиж өгөх үед байсан. Н  хэлэхдээ захад очоод зарагдахгүй байгаа тул нядалгаанд өгнө гэж байсан. Малыг хэдэн төгрөгөөр үнэлж авсныг мэдэхгүй. Надад 300000 төгрөгийн хөлс өгнө гэсэн” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Мөн Х аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 52 тоот албан бичгээр ирүүлсэн Х аймгийн мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнэ гэх баримтаар 2019 оны 9 дүгээр сарын байдлаар нас гүйцсэн хонь /эр хонь/ 135900 төгрөг, нас гүйцсэн хонь /эм хонь/ 105000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар нас гүйцсэн хонь /эр хонь/ 137100 төгрөг, нас гүйцсэн хонь /эм хонь/ 103800 төгрөг төгрөгийн үнэтэй байсан талаар тусгасан, Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 120 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн 2019 оны 10 дугаар сарын малын зах зээлийн дундаж үнэ ханшаар эр хонь 143500 төгрөг, эм хонь 111667 төгрөг, эр төлөг 91182 төгрөг, эм төлөг 81636 төгрөгийн дундаж үнэтэй байсан гэж бичигджээ.

 

5.Нэхэмжлэгчээс Н ад 16000000 төгрөгийн үнэтэй мал өгсөн гэж маргасан ба хариуцагчаас уг малыг нядалгаанд өгч борлуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

6.Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Нэхэмжлэгч хариуцагч нар DAEWOO маркийн ачааны машиныг 40000000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон боловч хариуцагч Б  нь үнийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүсгэсний улмаас талууд харилцан зөвшөөрч гэрээнээс татгалзсан байна. Иргэний хулийн 205 дугаар зүйлийн  205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байна. Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ Б гээс авсан хонинууд нь туранхай, чанаргүй байсан тул нядалгаанд өгч 10617600 төгрөг болсон тул 16000000 төгрөгөөр тооцох үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч тухайн хонинуудыг нядалгаанд өгч борлуулсан үнээр тооцохыг нэхэмжлэгч  Б гийн зүгээс зөвшөөрснийг нотлох баримтгүй, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар 160 толгой хонийг 16000000 төгрөгт тооцож авахаар харилцан тохиролцож байсан, Ховд, Б аймгийн Статистикийн хэлтсээс ирүүлсэн малын зах зээлийн дундаж үнэ ханшаар Х аймагт  2019 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар нас гүйцсэн хонь /эр хонь/ 137100 төгрөг, нас гүйцсэн хонь /эм хонь/ 103800 төгрөгийн үнэтэй байсан, Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 120 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн 2019 оны 10 дугаар сарын малын зах зээлийн дундаж үнэ ханшаар эр хонь 143500 төгрөг, эм хонь 111667 төгрөг, эр төлөг 91182 төгрөг, эм төлөг 81636 төгрөгийн дундаж үнэтэй байсан байх тул хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Н-аас 11500000 төгрөгийг гаргуулан Б д олгох нь зүйтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н-аас 198950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Н-аас 11500000 /арван нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198950 /нэг зуун ерэн найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлоо болгож, хариуцагч Н-аас 198950 /нэг зуун ерэн найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х