Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2023/00007

 

 

          

        

 

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2022/00836 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***оршин суух Б.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** оршин суух Х.Н-ад холбогдох,

“Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 11,500,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очирбат /цахим сүлжээгээр/, хариуцагч Х.Н-, хариуцагчийн өмгөөлөгч К.Ержан, С.Алтай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Нэхэмжлэгч Б.Б- миний бие хариуцагч Х.Н-аас Daewoo маркийн машиныг 40,000,000 төгрөгөөр авахаар ярилцаж тохиролцсон.

1.2. Хариуцагч Х.Н- 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгаас Ховд аймаг руу ачааны машин хөлсөлж ирж надаас Daewoo маркийн автомашины үнэ гэж 159 мал авч явсан. 159 тооны малын 100 тооны мал нь эм хонь байсан. Би нэг тооны эм хонийг 100,000 төгрөгөөр үнэлж өгсөн бөгөөд 100 тооны эм хонь нийт 10,000,000 төгрөг болсон. 28 тооны эр хонь өгсөн бөгөөд нэг тооны эр хонийг 130,000 төгрөгөөр өгсөн бөгөөд нийт 3,640,000 төгрөг болсон. 31 тооны төлөг өгсөн бөгөөд нэг тооны төлгийг 80,000 төгрөгөөр үнэлж нийт төлөгний үнэ 2,480,000 төгрөг болсон. Нийт 159 тооны малын үнэлгээ 16,120,000 төгрөг болсон. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Х.Н-ад 2,000,000 төгрөгийг дансаар өгсөн.

1.3. 159 тооны мал өгч явуулсны дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймаг руу машин авахаар би өөрийнхөө машинтай орсон бөгөөд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний 8 сая төгрөг машин авахад хүрэлцэхгүй болохоор нь би худалдаж авахаа больсон. Хариуцагч Х.Н- миний машин авахаа больсныг хүлээн зөвшөөрсөн.

1.4. Бид хоёр бичгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Одоо малаа буцааж авъя гэтэл компанид малыг чинь зээлээр өгөөд нядлуулсан, долоо хоногийн дараа компаниас мөнгө орж ирэхээр малын мөнгийг нь араас чинь дансаар хийе гэж хэлсэн. Хэд хоногийн дараа би Х.Н-ын утас руу залгахад миний зээл хэтэрсэн байж байгаад таны мөнгө орж ирэхээр зээл рүү татагдсан байна, дараа долоо хоногоос мөнгийг чинь гаргаад өгье гэж хэлсэн.

1.5. Удалгүй 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөгийг Х.Н- надад буцааж өгсөн. Дараа нь 500,000 төгрөгийг Х.Н-аас нэхэж байж дансаар авсан. Өөрөөр хэлбэл нийт 4,500,000 төгрөгийг Х.Н-аас буцааж авсан. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгаас мал авахаар ачааны автомашин хөлсөлж ирсэн зардлыг төлнө. 1,500,000 төгрөгөөр тухайн машиныг хөлсөлж ирсэн байсан.

1.6. Би 159 тооны малын мөнгө 16,120,000 төгрөг, дансаар өгсөн 2,000,000 төгрөг, нийт 18,120,000 төгрөг болсон. Үүнээс надад 4,500,000 төгрөгийг, мал ачиж явсан машины хөлс 1,500,000 төгрөгийг худалдаж тооцвол 18,120,000-6,000,000=12,120,000 төгрөг болж байна. Бусад зардалд нь мөн 620,000 төгрөгийг хасаж тооцвол 11,500,000 төгрөг болж байна. Иймд хариуцагч Х.Н-аас 11,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие 2014 онд Монгол Улсад орж ирсэн Daewoo маркийн тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр авсан. Дараа нь 2019 онд тухайн тээврийн хэрэгслээ зарахаар болж зар тавьсан маань үнэн. Гэхдээ тухайн үед миний бие банканд 10,000,000 төгрөгийн зээлтэй байсан. Зарын дагуу Б.Б- гэх хүн холбогдож миний тээврийн хэрэгслийг үзэж авахаар болж тохиролцсон. Гэхдээ нэхэмжлэгч Daewoo тээврийн хэрэгслийг худалдаж авна гэж 1 сар явсан. Нэг сарын дараа Б.Б- холбогдож чамд би мал өгье мөн нэмж бэлнээр 10,000,000 төгрөг, нэмж өөрийнхөө тээврийн хэрэгслийг өгье гэсэн.

2.2. Б.Б- надад миний худалдах гэж байгаа Daewoo маркийн тээврийн хэрэгслээр ирж малыг ачиж явах уу гэсэн санал тавьсан. Гэхдээ миний худалдах гэж байгаа тээврийн хэрэгсэлд олон тооны мал багтахгүй талаар хэлсэн. Дараа нь Б.Б- өөрөө 159 тооны малыг хүргэж өгөхөөр болж тохиролцсон боловч Ховд аймгаас тээврийн хэрэгсэл олдохгүй байгаа, Баян-Өлгий аймагт тээврийн хэрэгсэл олон байгаа гэсэн, чи зар тавьж өгөөрэй гэсний дагуу миний бие зар тавьж өгсөн. Тэгээд чиргүүлтэй benz гэх тээврийн хэрэгсэл Ховд аймгийн Мөст суманд явахаар болж 2,000,000 төгрөгөөр тохиролцсон. Тухайн үед Б.Б- машины хөлс гэж 2,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлж би бэлнээр гаргаж өгсөн байгаа.

2.3. Миний бие өмнө нь мал зарж байгаагүй тул 2 хүнийг авч нэг хүнд 300,000 төгрөг өгөхөөр болж тохиролцож хамт явсан. Өөрийн суудлын тэрэгт 300,000 төгрөгөөр шатахуун хийж нийт 700,000 төгрөгийн зардал гаргасан. Дараа нь Ховд аймгийн Мөст суманд очсон. Тухайн үед хашаанд 300-400 тооны мал байсан. Гэхдээ Б.Б- бидэнд мал сонгож авах боломж олгоогүй. Миний дагуулж явсан хоёр хүн бас Б.Б-гийн сонгож өгсөн малыг авах шаардлагагүй гэж хэлсэн боловч нэхэмжлэгч өөрөө хүчээр малыг сонгож өгсөн. Чи миний сонгож өгсөн малыг зарж чадна гэсэн. Ховд аймгийн Мөст сумаас гарч 2 км явсны дараа 2 хонь үхсэн байсан. Би Ховд аймгаас хэдэн мал худалдаж авдаг хүнтэй ярилцсан боловч нэг ч хонь худалдаж аваагүй.

2.4. Дараа нь Баян-Өлгий аймагт ирсэн. Миний ачиж ирсэн хонь хоёр өдөр хашаанд байсан. Дараа нь Баян-Өлгий аймгийн захад гарсан боловч хар толгойтой хонийг хэн ч авахгүй гэдгийг мэдсэн. Маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Б- ирсний дараа 159 тооны малыг нядалгаанд өгсөн. Б.Б- надад 159 тооны малыг 16,120,000 төгрөгөөр тооцож өгсөн боловч 159 тооны малыг нядалгаанд өгөх үед 10,000,000 төгрөг гарсан. Энэ бүх болсон асуудлыг би Б.Б-д тайлбарлаж хэлсэн. Би Б.Б-д 159 тооны малыг 16,120,000 төгрөгөөр тооцож авъя одоо чи надад 10,000,000 төгрөг өгөөд Daewoo маркийн тээврийн хэрэгслийг авч болно гэсэн. Гэхдээ нэхэмжлэгч мөнгө цаг тухайд нь шилжүүлж чадаагүй. Орой холбогдож надад би 10,000,000 төгрөг өгч чадахгүй юм байна. Чи надад Daewoo маркийн тээврийн хэрэгслээ өгөөд явуулчих би мөнгийг чинь дараа шилжүүлж өгье гэж өөрийн саналаа тавьсан.

2.5. Гэхдээ тухайн үед би банканд 10,000,000 төгрөгийн зээлтэй байсан тул Б.Б-тэй тохиролцож чадаагүй. Том машин тул гагнуур хийх шаардлагатай байсан бол би өөрөө хийж өгөх байсан. Тухайн үед нэг малын дундаж нь 16 кг гарсан. Би нэг кг махыг 4200 төгрөгөөр худалдсан. Нядалгаанд өгсөн малын тал мөнгө нь миний дансанд орж ирсэн боловч банканд зээлтэй байсан тул шууд зээлийг өрөнд авсан байгаа. Би бэлнээр авсан мөнгийг Б.Б-д шилжүүлсэн. Миний бие нэхэмжлэгч Б.Б-д 3,917,000 төгрөгийг өгнө гэж бодож байгаа. Үлдсэн мөнгийг нэхэмжлэгчид өгнө гэж бодож явсан боловч Б.Б- надаас 11,500,000 төгрөг нэхэмжилсэн тул би үлдсэн мөнгийг өгөөгүй. Б.Б-гийн дансанд 4,700,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2022/00836 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Н-аас 11500000 /арван нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198950 /нэг зуун ерэн найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлоо болгож, хариуцагч Х.Н-аас 198950 /нэг зуун ерэн найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх нь худалдах-худалдан авах тухай гэрээ хийгдсэн бөгөөд мөн гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагаврыг хариуцагч үүрэх ёстой мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хуулийн 243.1, 205.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.2. Бодит байдал дээр худалдах-худалдан авах гэрээ огт хийгдээгүй бөгөөд Б.Б- нь малаа худалдаад надад 10,000,000 төгрөг дансанд хийж мөнгөө бэлэн өгсөн тохиолдолд авто машин, техникийг худалдах худалдан авах гэрээ хийгдэхээр тохиролцсон. Харилцан бие биедээ эд зүйл /машин/ худалдан авах, өгөх байдалд туслахаар нөхөр ёсоор тусалж байхаар амлаад тэр дагуу би түүний малыг худалдах, борлуулахад тусалж байсан хэрэгт авагдсан нотолгоо болон тайлбар тэгж харагдаж байгааг шүүх анхаарна уу.

4.3. Би Б.Б-гийн малыг түүний хүссэнээр ачилцаж авч ирсэн ба малыг нь худалдахад тусалцсан. Тэгээд Б.Б- мал худалдсан малын үнийг надад орхиж явсан ба 10,000,000 төгрөг нэмж явуулахаа хэлсэн боловч банканд тушаагаагүй. Тэгээд машин худалдан авах, өгөхөөр тохирч байсан явдал түүгээр зогсож би Б.Б-гийн малыг нядалгааны “Ж” гэдэг компанид өгсөн малын үнэлгээ болох 10,617,600 төгрөгийг л Б.Б-д төлөх ёстой болж өртэй үлдсэн. Энэ мөнгөнөөс би Б.Б-д өр ширийг өгч байсан ба одоо үлдсэн 3,917,600 төгрөгийг өгч дуусна гэж өөрт нь утсаар хэлсэн.

4.4. Тэгэхлээр Б.Б- бид хоёрын дунд машин худалдах, худалдан авах ямар нэгэн гэрээ хэлэлцээ хийгдээгүй ба өгч авалцаагүй, харин урьдчилсан байдлаар мөнгө эд хөрөнгөө бэлдэх явцад би Б.Б-гийн хонийг нядалгаанд өгсөн мөнгийг авч өрөнд орсон байдлыг шүүх буруугаар тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож огно үү.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан. Б-, Н- нар Daewoo маркийн ачааны машиныг 40 сая төгрөгөөр өгөлцөж, авалцахаар тохиролцсон. Б-, Н-ад Баян-Өлгий аймаг руу аваачиж мал заруулахаар өгөөгүй бөгөөд 40 сая төгрөгийн машины үнэлгээнд зориулж 159  тооны малыг өгч явуулсан. Малыг тухайн үед нэгэнт машины мөнгөнд тооцож өгсөн учир  Ховд аймагт малын үнэ ханшийг тохиролцсон. Үл хөдлөх эд хөрөнгө биш учир худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулсан. Нэхэмжлэлд дурдагдсан малын үнэ ханшийн дагуу өгсөн бөгөөд нийт 159 тооны малын үнэлгээ нь 16.120.000 төгрөгөөр үнэлж өгсөн.Үүнээс Н-ын хоёр залуу хөлсөлж, машин авчирсан зардлыг хасаж, 11.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэрээ цуцлагдсан шалтгаан нь мал өгч, машин оролцуулаад үлдэгдэл мөнгийг Б-гийн хувьд өгч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн учир гэрээ цуцлагдсан. Үүнийг Н- хүлээн зөвшөөрч сарын дараа мөнгийг чинь шилжүүлнэ гэж хэлсэн боловч шилжүүлээгүй асуудлаас болж нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс Б- өөрөө тухайн үед Баян-Өлгий аймагт очсон гэж тайлбарлаж байна. Тухайн үед Б- Баян-Өлгий аймагт машинаа авах гэж очсон. Анхан шатны шүүхэд Н- машиныг 40 сая төгрөгт тооцож малыг авсан гэж тайлбарлаж байсан боловч  давж заалдах шатны шүүхэд өөр байдлаар тайлбарлаж байна. Хариуцагч Н- 159 тооны малыг мал нядалгааны газарт өгсөн тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-т зааснаар малыг биет байдлаар нь төлөх боломжгүй учир мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.    

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.Б-гийн хариуцагч Х.Н-ад холбогдуулан гаргасан 11.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэж бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг ойлгоно.  

 

8. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэж хэргийн үйл баримт, талуудын хооронд үүссэн маргааны агуулгыг сэргээн тогтоохдоо шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг үнэлээгүй орхигдуулсан буюу нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй, мөн хэрэглэвэл зохих хуулийн зүйл, хэсгийг зөв хэрэглээгүй байх тул шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэх боломжгүй байна.   

 

9. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Х.Н-ын DAEWOO маркийн ачааны машиныг 40.000.000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож байсан боловч худалдан авагч Б.Б- нь худалдах-худалдан авах гэрээний үнийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас талууд харилцан зөвшөөрч худалдах-худалдан авах гэрээнээс харилцан татгалзсан байна. Энэ хугацаанд худалдан авагчаас худалдагчийн өмчлөлд худалдах-худалдан авах гэрээний үнэд зориулж тодорхой мөнгөн хөрөнгийг (1) мал худалдан борлуулсан орлогыг бэлнээр болон бэлэн бусаар, (2) түүнчлэн дансаар тус тус шилжүүлж байсан нь тогтоогдсон байна.

 

10. Гэрээний талууд гэрээнээс татгалзах талаар Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд нарийвчилж журамласан боловч зохигч талууд гэрээнээс татгалзах асуудал дээр харилцан тохиролцсон, энэ талаар ямар нэгэн маргаангүй байх тул тэдгээрийн гэрээнээс татгалзсан үйлдлийг хууль ёсны гэж үзэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх болон талуудын зарчимд нийцнэ гэж дүгнэв.

 

11. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж, 205.6 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн, үнийг нь төлсөн, эсхүл энэ хуулийн 205.4.1, 205.4.2-т заасны дагуу гэрээний зүйлийг буцааж өгөх буюу хохирол нөхөн төлөх шаардлага үүсээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Бусад зардлыг үүрэг гүйцэтгэгч гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид оруулсан ашгийн хэмжээгээр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан бөгөөд талууд нэгэнт харилцан тохиролцож гэрээнээс татгалзсан тохиолдолд (1) гэрээтэй холбоотой өгсөн, авсан зүйлээ буцаахаас гадна (2) талуудаас гарсан зайлшгүй зардлыг харилцан төлөх үүрэг хүлээнэ.  

 

12. Хариуцагч Х.Н- нь 2019 оны 10 дугаар сард Х.Х, Х.А нарын хамт нэхэмжлэгч Б.Б-гийн хүсэлтээр Баян-Өлгий аймгаас машин хөлслөн Ховд аймгийн Мөст сумын Баянзүрхийн нутаг Шармууны ам гэх газарт очиж, нэхэмжлэгч Б.Б-гийн 100 эм хонь, 30 төлөг, 29 эр хонь нийт 159 тооны малыг /Б.Б-гийн хамт/ Баян-Өлгий аймагт авч ирж, улмаар 10,617,600 төгрөгөөр зарж борлуулсан нь зохигчийн тайлбар, гэрч Х.Х, Х.А, Б.У нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар 160 толгой хонийг 16,000,000 төгрөгт тооцож авахаар харилцан тохиролцож байсан, Ховд, Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс ирүүлсэн малын зах зээлийн дундаж үнэ ханшаар Ховд аймагт 2019 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар нас гүйцсэн хонь /эр/ 137100 төгрөг, нас гүйцсэн хонь /эм/ 103800 төгрөгийн үнэтэй байсан, Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 120 дугаартай албан бичгээр ирүүлсэн Баян-Өлгий аймгийн 2019 оны 10 дугаар сарын малын зах зээлийн дундаж үнэ ханшаар эр хонь 143500 төгрөг, эм хонь 111667 төгрөг, эр төлөг 91182 төгрөг, эм төлөг 81636 төгрөгийн дундаж үнэтэй байсан” гэж дүгнэн тус аймгийн Статистикийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 04-нийн өдрийн 120 дугаартай албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна.

 

13. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Х.Н-тай түүний DAEWOO маркийн ачааны машиныг 40.000.000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, өөрийн өмчлөлийн 159 тооны малыг Х.Н-тай хамт Ховд аймгийн Мөст сумаас Баян-Өлгий аймгийн Өлгий суманд тээвэрлэн авч ирж борлуулан 10,617,600 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дансаар 2,000,000 төгрөгийг, нийт 12,617,600 төгрөгийг худалдагч буюу хариуцагч Х.Н-ад гэрээний үнэд төлсөн байх ба хожим худалдан авагч Б.Б- нь машины үнийг бүрэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас талууд харилцан тохиролцож тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзжээ.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж төлөх үүрэгтэйгээс гадна мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт зааснаар гэрээний зүйлийг буцааж өгсөн, үнийг нь төлсөн бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй гарсан зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

14. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж Б.Б-гийн малыг Ховд аймгаас Баян-Өлгий аймагт тээвэрлэхэд гарсан зардал 1,500,000 төгрөг, хариуцагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж Х.Н-аас мал тээвэрлэхэд зориулж хөлсөөр ажиллуулсан Х.Х, Х.А нарт төлсөн 600,000 төгрөг, нийт 2.100.000 төгрөгийг худалдан авагчаас худалдагчид төлөх зайлшгүй зардалд тооцож, гэрээний нийт гүйцэтгэл 12.617.600 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 4.500.000 төгрөг, мөн хариуцагчаас зайлшгүй гарах зардалд төлсөн 2.100.000 төгрөгийг тус тус хасаж, хариуцагч Х.Н-аас 6.017.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 5.482.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

15. Шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн үндэслэлтэй гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,980 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2022/00836 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Х.Н-аас 6.017.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.482.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,  2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х.Н-аас 111.231 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусдад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Х.Н-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198.980 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагч Х.Н-ад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК