Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2022/00880

 

 

 

Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б  аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, Ж овогт Б,

Нэхэмжлэгч: Б  аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, Т овогт С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б  аймгийн Барилга захиалагчийн алба /дарга Ж/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б-ийг Б  аймгийн Барилга захиалагчийн албаны жолоочийн ажилд, С-ыг  Барилга захиалагчийн албаны барилгын  инженерийн ажилд тус тус эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С, Б, өмгөөлөгч Т,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж, түүний өмгөөлөгч Н,

Гэрч Ж, А, Б, М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С, Б нар нь хариуцагч Б  аймгийн Барилга захиалагчийн албанд холбогдуулан Б-ийг Б  аймгийн Барилга захиалагчийн албаны жолоочийн ажилд, С-ыг  Барилга захиалагчийн албаны барилгын  инженерийн ажилд тус тус эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 С, Б бид хоёр тус байгууллага анх байгуулагдсан үеэс буюу 201 оны 05 дугаар сараас эхлэн Б жолоочоор, С барилгын хяналтын инженерээр тус тус ажиллаж ирсэн.

1.2 Энэ хугацаанд бид хоёр зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Б намайг сайн ажиллаж байсныг аймгийн зохих шатны удирдлагууд өндрөөр үнэлж “Онц тээвэрчин” цол тэмдгээр, “Аймгийн тэргүүний ажилтан”, “Ө сумын хүндэт өргөмжлөл”, “Барилга захиалагчийн хүндэт” өргөмжлөл, “Барилгачдын 90 жилийн ойн тэмдэг” зэргээр шагнуулсан. С намайг “Барилга захиалагчийн албаны аварга”, “Ө сумын Засаг даргын хүндэт өргөмжлөл” Барилга хот байгуулалтын сайдын “Тэргүүний барилгачин”, Б  аймгийн барилгачдын холбооны 60 жилийн ойн тэмдгээр тус тус шагнуулж байсан. Бид хоёр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд түргэн шуурхай чанартай биелүүлж ирснийг манай хамт олон мэднэ.

1.3 Шинээр даргаар томилогдож ирсэн Ж нь гэнэт ямар ч ор үндэслэлгүйгээр бид нарт мэдэгдэхгүйгээр С намайг 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр, Б намайг 2022 оны 07 дугаар сарын 18-ний өдөр ажилд оруулахгүйгээр, өнөөдрөөс эхлэн ажлаас халсан  гэж хэлсэн. Бид нарт тушаал гардуулж өгөөгүй. Улмаар бид нар ажлаас чөлөөлсөн тушаал асуухад тушаал авах гэж байгаа бол ажлаас чөлөөлж өг гэсэн өргөдөл өг гэж хэлсэн.

1.4 Б би байгууллагын тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр намайг ээлжийн амралттай байхад энэ машиныг актлах гэж байна, аймгийн захиргаанд хүлээлгэж өгөхөөр болсон, аймгийн Төрийн өмчийн газрын дарга Н авчир гэж шаардаж байна гэж хэлээд машиныг авсан. Би маргааш нь Н даргаас лавлаж асуухад тэрээр би танай байгууллагын тээврийн хэрэгслийг аваагүй, танай байгууллагын бүх эд хөрөнгийн жагсаалт нь манай байгууллагын жагсаалтад байхгүй, танай машиныг хурааж ир гэж хэлээгүй гэж хэлсэн. Үүнээс үзэхэд тэрээр надаас уг хоёр машиныг салгаж авах гэсэн санаа байсан гэдгийг сүүлд ойлгосон.

1.5 Бид хоёр аль аль нь ч гэсэн цалингаар амьдарч байгаа, цалингийн зээлтэй хүмүүс, илүү хөрөнгө, харилцах компани гэх мэт өөр орлогогүй хүмүүс. Иймд нэхэмжлэгч Б намайг Б  аймгийн Барилга захиалагчийн албаны жолоочийн ажилд, С намайг барилгын хяналтын инженерийн ажилд тус тус эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б  аймгийн Барилга захиалагчийн албаны дарга Ж хариу тайлбартаа: Тус Барилга захиалагчийн алба нь аймгийн Засаг даргын тамгын газартай захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгчийн хооронд гэрээ байгуулан гэрээгээр ажилладаг. Миний бие Ж тус байгууллагад 2020 оноос авто замын барилгын хяналтын инженерээр ажилд орж, улмаар 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн албаны даргаар томилогдон ажиллаж байгаа болно.

2.1

 


 Б  аймгийн Барилга захиалагчийн албанд барилгын хяналтын инженерээр ажиллаж байсан С, жолооч Б нар үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурджээ. С, Б нар тус Барилга захиалагчийн албанд 2012 оноос өдий хүртэл ажиллах хугацаанд байгууллагын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлс авч ажиллаж ирсэн байна.

 

2.2 Тэрээр төрийн албан хаагчийн захирагдах зарчмыг хүлээн зөвшөөрдөггүй, даргын тавьсан шаардлыг хүлээж авдаггүй, ажлын цаг баримталдаггүй, хариуцсан ажилдаа эзний ёсоор ханддаггүй, сахилга бат тааруу ажилчид юм. С-ийн хувьд тус байгууллагад ажилладгаас гадна 2015 оноос “О” ХХК-ийг байгуулж улмаар барилгын мэргэшсэн төсөвчний зэрэг авч төсөл арга хэмжээний жагсаалтад орсон барилгын ажлын өртөг өндөр барилга угсралт, засварын ажлуудад төрийн ажлыг хувийн болгож хавсарган, зураг төсөл зохиож өөрийн зохиосон зураг төсөл дээр өөрөө хяналт тавьж ирсэн байна. Барилга захиалагчийн дүрэм болон Барилгын тухай хуульд захиалагчийн чиг үүргийг гүйцэтгэж буй төрийн албан хаагч, хяналтын инженер барилгын болон зураг төслийн хувийн компанитай байж болохгүй гэж заасан байдаг. Үүний тод жишээ нь тус аймгийн Ц сумын соёлын төвийн дээврийн барилгын засварын ажлын зураг төслийг зохиож өөрийн компани болох “О” ХХК-ийн инженерээр ажиллаж засварын ажлын комиссын бүрэлдэхүүний гишүүн, дүгнэлт гаргаж, саналаа дэвшүүлж, актанд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн Ө сумын 2 дугаар бага сургуулийн засварын ажлын зураг төсвийг хийж, өөрийн зохиосон зураг төсөл дээр өөрөө давхар хяналт хийж сургуулийн барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж барилгын ажлыг чанаргүй хийлгүүлснийг аймгийн аудитын шалгалтаар зөрчил илэрсэн болно. Иймэрхүү байдлаас болж удаа дараа түүнд сануулга өгсөн боловч анхааралдаа аваагүй тул 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгууллагын нийт ажилчдын дунд хурал зарлаж С-дд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтаар сахилгын шийтгэл ногдуулсан болно.

2.3 С нь 2022 оны 7 дугаар сарын 08-ний өдөр өглөө ажилд 8:42 минутад ирсэн ба өдөр 10:00 цагийн үед ажлаас гарч яваад сахилгын шийтгэлтэй байх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтэн нэг сар хорин хоног дараалан ажил тасалсан болно. Хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан учир ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг гарт нь өгөх гэхээр гар утас нь холбогдохгүй байсан тул 2022 оны 08 дугаар сарын 08-ний өдөр шуудангаар хүргүүлсэн болно.  

2.4 Жолооч Б нь тус Барилга захиалагчийн албанд 2012 онд ТҮ-2-1 зэрэглэлээр жолоочийн орон тоонд орсон байна. Б нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтыг биеэр эдэлсэн бөгөөд мөн оны 06 дугаар сарын 28-ний өдөр эргэж ажилд орох байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2 хоног ажил тасалсан болно. Тус Барилга захиалагчийн алба 2012 оны 04 дүгээр сарын  05-ны өдөр УАЗ-31512 маркийн цагаан саарал өнгөтэй, 0072943 хөдөлгүүртэй, 0021227 арал, кузовтой, АЯ серийн 0135115 тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй тээврийн хэрэгслийг тухайн үед 7000000 сая төгрөгөөр худалдан авч байгууллагын дансанд бүртгэж авч, Б-д итгэл үзүүлэн зарцуулсан байдаг. Тус Барилга захиалагчийн албаны даргын дугаар А/01 дугаар тушаалаар байгууллагын үндсэн хөрөнгө эд материалын тооллого хийх комисс байгуулж, даргаар нь К-ийг томилсон юм. Улмаар Б-д хариуцуулсан УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг тооллогын комисст үзүүлж, байгууллагын хашаанд авчирч тавихыг удаа дараа шаардсан боловч шаардлагыг эс зөвшөөрсөн. Байгууллагын эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд ажлын хэсэг шалгалт хийх явцад Б нь гэрээсээ гарч ирэн энэ тээврийн хэрэгсэл Барилга захиалагчийн албаны эд хөрөнгө биш, тээврийн хэрэгсэлд байгаа бүх зүйл миний хувынх та нар авбал хоосон машины бүхээг авцгаа гэж ажилчдыг хэл амаар доромжилсон.

2.5 Мөн 2014 онд авч байгууллагын дансанд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг 2016 онд Оросын Холбооны Улсын Хош-агач районд Б согтуугаар жолоодож яваад онхолдуулсан байна. Тухайн тээврийн хэрэгслийг тэнд үлдээсэн бөгөөд адилхан УАЗ  маркийн тээврийн хэрэгслийг хямд үнээр буюу 300000 төгрөгөөр худалдан авч хуучин тээврийн хэрэгслийн бичиг баримтыг ашиглаж ирсэн байна. Б нь уг тээврийн хэрэгслийг өгөхгүй гэхээр нь аргагүй эрхэнд 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдөр аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу 06 дугаар сарын 16-ны өдөр байгууллагад авчирч өгсөн. Гэвч уг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж үзэхэд моторын радиатор болон 5 ш дугуйг бүрэн сольсон, машины бүхээгийн шалавчийг хүртэл авч үлдсэн байсан.  Түүнийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалыг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шуудангаар хүргүүлсэн. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч нараас иргэний хэрэгт нотлох баримтаар Б  аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн 3/379 дугаартай тодорхойлолт, Ө сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт, тус аймгийн Ө сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 4/75 дугаартай тодорхойлолт, Бий 0331286 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, С-ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Бий 28214 дугаартай “Онц тээвэрчин” тэмдгийн үнэмлэх, 2019/183 дугаартай Б  аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдгийн үнэмлэх, Барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ийн үнэмлэх, Б  аймгийн 80 жилийн Ойн медаль, Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойн “Хүндэт тэмдэг”, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хүндэт өргөмжлөл, 7148 дугаартай “Тэргүүний барилгачин” хүндэт тэмдгийн үнэмлэх, 086 дугаартай “Хүндэт тэмдэг”-ийн үнэмлэх, С-ы бакалаврын дипломын хуулбар, Бий иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар, С-ы иргэний үнэмлэхийн хуулбар, Б  аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2013 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай, 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай тушаал, өмгөөллийн гэрээ, “Од дизайн” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б  аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2013 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаар, 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тушаал,  2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б  аймгийн Шуудан үйлчилгээний газрын лавлагааны хариу, “Т” хоршооны 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичиг, тээврийн хэрэгсэл бүртгэх карт, 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, Б  аймгийн Барилга захиалагчийн ХХК-ийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 06/12 дугаартай албан бичиг, Авто тээврийн газрын тээврийн хэрэгслийн бүртгэх маягт, Б  аймгийн барилгын захиалагчийн хяналтын хэсгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 95 дугаартай захиргааны хэрэг үүсгэх болон захиргааны хэрэг мөрдөн шалгах тухай тодорхойлолт, Зам тээврийн осолд оролцсон тухай тодорхойлолт, Бий 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б  аймгийн Захиалагчийн албаны даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04/22 дугаар тушаал, Новосибирск хотын улсын архитектур-барилгын их сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн захиалагч болон захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгчийн хооронд байгуулсан гэрээ, Б  аймгийн Барилга захиалагчийн албаны байгууллагын дотоод журам, тус Барилга захиалагчийн албаны даргын С-ыг 2012 оны 12 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн барилгын инженерээр томилсон тушаал /он сар өдөр дугааргүй/, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, тус Барилгын захиалагчийн албаны даргын 2022 оны 06 дугаар 06-ны өдрийн Б/04 дугаартай тушаал, Н сумын ард иргэд болон багийн Засаг дарга Б-аас 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ж-д гаргасан өргөдөл, фото зургууд, тус Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаартай тушаал, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн цагийн бүртгэл, 2022 оны 08 дугаар сарын 08, 16-ны өдрүүдийн мөнгө тушаасан баримт, Ө сумын 2 дугаар бага сургуулийн засварын ажлын төсөв, Б  аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/920 дугаартай захирамж, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Ө сумын 2 дугаар бага сургуулийн засварын ажлын гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Ө сумын 2 дугаар бага сургуулийн засварын ажлын хурлын тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл, 2021 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 62/21 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, БӨАНОӨГ/201912019 дугаартай Н сумын Бахлаг багийн төвийн байр барих ажлын гэрээ, Б  аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/903 дугаартай захирамж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 45/2019 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б  аймгийн Н сумын Бахлаг багийн төвийн барилгын ажлыг ашиглалтад авах комиссын хурлын тэмдэглэл,  ашиглалтад авах комиссын саналын хуудас, Б  аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн засварын ажлын зураг, 2021 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн Б  аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын ажил гүйцэтгэх  гэрээний хугацаа сунгах нэмэлт гэрээ, Б  аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/49 дугаартай захирамж, 2022 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 22/01 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Алтай сумын сургуулийн их засварын ажлын хурлын тэмдэглэл, “Их каркас констракшн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22/03 дугаартай албан бичиг, Б  аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/10 дугаартай тушаал, Б  аймгийн Ц сумын Соёлын төвийн барилгын дээврийн ажлын зураг, 2021 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн БЗА-12/2021 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, Б  аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар тушаал, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай тушаал,  2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл, Б  аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 28/3078, 28/3079  дугаартай албан бичиг, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Б-ээс гаргасан өргөдөл, Бий 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн цагийн бүртгэл, эд хөрөнгийн бүртгэлийн карт,01894525 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орлогын баримт, 201 оны 01 дүгээр улирлын орлого зарлагын бүртгэл, тээврийн хэрэгслийн фото зураг, аймгийн 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, Б  аймагт 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих засварын ажлын жагсаалт, Б  аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12, 13 дугаар, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар  тушаал, К, Н, Б, А, М нараас аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, видео бичлэг, “Л” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22/10 дугаар албан бичиг, Б  аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 000000,  0000001, 000000002 дугаар дүгнэлтүүд, У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн их сургуулийн засварын ажлын төсөв, У сумын Ерөнхий боловсролын сургуулийн зураг төсвийн тухай дүгнэлт, Нэгдсэн эмнэлгийн коридорын засварын ажлын төсөв, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн БЗА-07/2021 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, хурлын тэмдэглэл, Б  аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/21 дүгээр тушаал, зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч нарын хүсэлтээр С, А, Н, М нарын гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл,

Хариуцагч талын хүсэлтээр Ж.Кабихан, С.Бекет, М.Маратбек, Т.Айыххан нарын гэрчийн мэдүүлэг, Б  аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1423 дугаар албан бичиг, Ж.Кабихан, Б нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг шүүх бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч С, Б нарын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч Б, С нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б  аймгийн Барилга захиалагчийн алба анх байгуулагдсан 2012 оноос эхлэн Б би  жолоочоор, С би  барилгын хяналтын инженерээр ажиллаж ирсэн. Энэ хугацаанд бид зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Шинээр даргаар томилогдсон Ж нь ямар ч үндэслэлгүйгээр бид нарт мэдэгдэж байгаагүйгээр С намайг 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр, Б намайг 2022 оны 07 дугаар сарын 18-ний өдөр ажилд оруулахгүй та нар өнөөдрөөс эхлэн ажиллахгүй болсон гэж хэлсэн. Ажлаас халах тушаал гаргаж өгөөгүй бөгөөд тушаал гаргаж өгөх талаар хэд хэдэн удаа биеэр очиж асуухад тушаал авна гэвэл ажлаас чөлөөлж өг гэсэн өргөдөл гаргаж өг гэж хэлсэн. Биднийг ажлаас үндэслэлгүй халсан тул Б намайг Б  аймгийн Барилга захиалагчийн албаны жолоочийн ажилд, С намайг Барилга захиалагчийн албаны барилгын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Б, С нар нь төрийн албан хаагчийн захирагдах зарчмыг хүлээн зөвшөөрдөггүй, даргын тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй, ажлын цаг баримтлахгүй, хариуцсан ажилдаа эзний ёсоор ханддаггүй, сахилга бат тааруу ажилчид юм. С-ийн хувьд тус байгууллагад ажилладгаас гадна “О” ХХК-ийг байгуулж улмаар барилгын мэргэшсэн төсөвчний зэрэг авч зураг төсөл зохиож өөрийн зохиосон зураг төсөл дээр өөрөө хяналт тавьж ирсэн. Энэ нь Барилга захиалагчийн дүрмийг зөрчиж байгаа. С-д 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан ба С нь 2022 оны 7 дугаар сарын 08-ний өдрөөс эхлэн 1 сар 20 хоногийн хугацаанд дараалан ажил тасалсан тул ажлаас чөлөөлсөн. Жолооч Б-ийн хувьд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтыг биеэр эдэлсэн бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр эргэж ажилд орох байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан, байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан тул ажлаас чөлөөлсөн гэжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1 Б аймгийн барилга захиалагчийн албаны даргын 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар Бийг тус байгууллагын жолоочоор, мөн даргын 2012 оны 04 дугаартай тушаалаар С-ыг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн инженерээр тус тус томилон ажиллуулсан байна. 

7.2 Б  аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3.8, 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.10 дах заалтуудыг тусгаж “жолооч Өнерхан овогтой Бергенд хариуцуулсан байгууллагын эд хөрөнгө болох УАЗ 315120 маркийн 3445 дугаартай тээврийн хэрэгслийн арал, кузов, явах эд ангиудыг зөвшөөрөлгүй сольж, өөртөө давуу байдал бий болгож, байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлжээ.

7.3 Б  аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтууд, Байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3.8, 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.10 дах заалтуудыг баримтлан барилгын инженер Сабидолда овогтой Ержан нь хариуцсан ажилдаа хайнга хандаж, зүй ёсоор гүйцэтгээгүй бөгөөд шалтгаангүй ажил тасалж сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан тул 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байна.  

8.Нэхэмжлэгч Б, С нар нь ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй гэж маргасан, хариуцагчаас нэхэмжлэгч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан,  хариуцсан ажилдаа хайнга хандаж, зүй ёсоор гүйцэтгээгүй тул ажлаас халсан нь хуульд нийцсэн гэж маргажээ.  

9.Ажилтны ажлаас халсан тушаал эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчилд буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хульд нийцэх юм. Ажил олгогч Б  аймгийн Барилга захиалагчийн албаны дарга нь Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтад зааснаар буюу ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр жолоочийн ажлаас, нэхэмжлэгч С-ыг мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад зааснаар буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр барилгын инженерийн ажлаас тус тус чөлөөлсөн байна.  

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтад “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж заажээ. Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн, ажил, үүрэгтэй холбоотой журам, дүрэм зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдхүй байна. Ажил олгогч болох Б  аймгийн Барилга захиалагчийн алба нь тус албаны жолооч Б, барилгын инженер С нартай  хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулж ирсэн нь талуудын тайлбараар тогтоогджээ. Мөн талуудаас нэхэмжлэгч нарын ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгөөгүй байх тул ажилтан С, Б нар нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч С, Б нарыг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3.8 дахь заалтад зааснаар буюу “Ажилтан өөр ажилд шилжих, эсвэл өөрөө хүсэлтээ гаргах, тэтгэвэрт гарах зэрэг сахилгын зөрчил гаргавал Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх буюу хална”, 5.1.4 дэх заалтад зааснаар буюу  “Хөдөлмөрийн дотоод журам болон байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон дэг журмыг хатуу чанд сахиж, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, үйл ажиллагааны төлөвлөгөө, үүргийг биелүүлж ажиллах”,  5.1.10 дахь заалтад зааснаар буюу  “ажилдаа ирэх, завсарлах болон цайны цаг дуусахад цаг бүртгүүлж байх” гэсэн заалтуудыг үндэслэсэн байгаа боловч ажилтан С, Б нарын хувьд өөр ажилд шилжсэн эсвэл өөрөө хүсэлтээ гаргасан, тэтгэвэрт гарсан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа мөн энэхүү үндэслэл сахилгын зөрчилд хамаарах нөхцөл байдал биш бөгөөд хөдөлмөрийн дотоод журам болон байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон дэг журмыг хатуу чанд сахиж, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, үйл ажиллагааны төлөвлөгөө, үүргийг биелүүлж ажиллах, ажилдаа ирэх, завсарлах болон цайны цаг дуусахад цаг бүртгүүлж байх гэж зохицуулсан нь  хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох үндэслэлд хамаарахгүй байна. Хэрэгт барилгын инженер С-ийн ажил байдлын тодорхойлолт байхгүй бөгөөд  хариуцсан ажилдаа хайнга хандаж, зүй ёсоор гүйцэтгээгүй талаар шууд нотлох баримтгүй, зөрчил бүрийг тодорхой нотолж чадаагүй байна. Өөр компанид давхар ажил гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа боловч давхар ажил гүйцэтгэхийг хориглосон зүйл байхгүй болно.  

11.Жолооч Бийг  ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр халсан боловч ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдхүй гаргасан нь хууль, хяналт, санхүүгийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдоогүй байна. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгох бөгөөд жолооч Бийг мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт хамааруулах үндэслэлгүй байна. Хариуцагчаас Б нь хоёр хоног ажил тасалсан гэж тайлбарласан байх бөгөөд Б  аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай тушаалаар мөн даргын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай тушаалд өөрчлөлт оруулж Б-д хариуцуулсан эд хөрөнгө болох УАЗ-315120 маркийн 3445 улсын дугаартай тээврийн хэрэгслийг ээлжийн амралттай буюу чөлөөтэй байх хугацаанд ашиглалт, хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгахгүйгээр гэртээ авч явж, хувийн хэрэгцээнд ашигласан ба байгууллагын үйл ажиллагаанд ашиглахад саад учруулсан, эд хөрөнгийн тооллого хийхэд саад учруулсан, шалтгаангүй хоёр хоног ажил тасалсан гэсэн үндэслэлүүдийг дурджээ.

Ажил олгогч Б  аймгийн Барилга захиалагчийн албаны дарга нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үндэслэлээ дурдаж шийдвэрээ гаргасан мөртлөө нэмэлт үндэслэлүүдийг дурдаж шийдвэр гаргасан үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна. Ажил олгогчийн шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байх бөгөөд дээрх зөрчлүүдийг илрүүлснээс хойш сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байхад нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал гаргах байдлаар сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй болно.

 

12.Нэхэмжлэгч С нь нэхэмжлэлийн үндэслэлээ  ажил олгогч нь ажлаас халсан шийдвэрийг гаргаж өгөөгүй атлаа ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа гэж тайлбарласан байна. Ажил олгогчоос нотлох баримтаар Б  аймгийн Барилга захиалагчийн албаны 2022 оны цагийн бүртгэлийг гаргаж өгсөн байх ба уг бүртгэл 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлсэн байна. Уг бүртгэлийн дэвтрээс үзэхэд нэхэмжлэгч С нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажил тасалснаар бүртгэгджээ. Б  аймгийн Барилга захиалагчийн албаны Цагийн бүртгэл С-ийн ажил тасалсан өдөр гэх 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн бүртгэл хийгдэж эхэлсэн, ажил олгогч нь С-ыг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байхад С-ыг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажил тасалснаар бүртгэл хийгдсэн нь тухайн бүртгэлийг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байна. Ажил олгогч нь ажилтан С-ыг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажил тасалсан гэж тайлбарласан ба энэхүү зөрчил нь гаргасан гэх хугацаанаас хойш 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу 1 сар 14 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн байна. Ажил тасалсан гэх зөрчил нь илэрхий зөрчил бөгөөд хуульд заасан хугацааны дотор сахилгын шийтгэл хүлээлгээгүй байна. Нэхэмжлэгч Сы ажил үүргийг гүйцэтгүүлээгүй гэх үндэслэлийг ажил олгогчийн зүгээс няцаасан нотлох баримт гаргаж өгөөгүй. Тухайлбал, ажил олгогчийн зүгээс С-ийн ажилд ирээгүй шалтгаан, нөхцөлийг тодруулаагүй, ажил үүргээ гүйцэтгэхийг шаардсан талаар нотлох баримтгүй байна.

Дээрх байдлуудыг үндэслэн Б-ийг Б  аймгийн Барилга захиалагчийн албаны жолоочийн ажилд, С-ыг  Б  аймгийн Барилга захиалагчийн албаны барилгын инженерийн ажилд тус тус эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б  аймгийн Барилга захиалагчийн албанаас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан Б-ийг Б  аймгийн Барилга захиалагчийн албаны жолоочийн ажилд, С-ыг Б  аймгийн Барилга захиалагчийн албаны барилгын  инженерийн ажилд тус тус эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б  аймгийн Барилга захиалагчийн албанаас 70200 /далан мянга хоёр зуун/  төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК